| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2325001900916 |
| Дугаар | 2024/ДШМ/1261 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/1261
***од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Батзаяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,
яллагдагч ***, түүний өмгөөлөгч Г.Батболд,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/2415 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Батзаяагийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай эсэргүүцэлд үндэслэн ***од холбогдох эрүүгийн 2325001900916 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
***, 1965 оны 08 дугаар сарын 09-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/,
Яллагдагч *** нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ийн байранд өөрийн найз ***ыг “Орос улсаас “***”-ийн ТӨҮГ-т ашигладаг марганц гэх бодис оруулж ирж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны *** дугаарын дансаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 53,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлэн авч ***т их хэмжээний хохирол буюу 60,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн албан тоотод тус хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 23050233 дугаартай хэрэгт яллагдагч ***од холбогдолтой талаар дурдсан байна. Иймд уг асуудлыг нэг мөр шалгаж шийдвэрлүүлэхээр прокурорт буцаах нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж ...дүгнэж, яллагдагч ***од холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч ***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор М.Батзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр дан ганц Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн албан тоотод үндэслэн түүний үйлдсэн өөр гэмт хэрэг байгаа эсэхийг шалгаж ирүүл гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 34.14 дүгээр зүйлүүдэд заасан анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд явагдах хуулийн заалтыг зөрчиж, хэрэг хянан хэлэлцэх хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж үзнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж хуульчилсан байна. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн албан бичигт дурдсан хэрэг бүртгэлтийн 23050233 дугаартай хэрэгт яллагдагч ***од холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн байцаалт явуулсан талаарх баримт байхгүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ. Мөрдөн байцаалт явуулж байгаа хэрэгт хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэн шалгах хууль зүйн үндэслэлгүй, бусад прокурорын газрын харьяаллын хэрэг бүртгэлтийн хэргийг тус адил шатны буюу тус дүүргийн прокурорын газраас татан авч нэгтгэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно. Түүнчлэн ***од холбогдох эрүүгийн 2325001900916 дугаартай хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж, шүүх хэргийг хүлээн авсны дараа Баянгол дүүргийн Цагдаагийн газраас шүүхэд хандаж мэдээлэл авахыг хүссэн албан бичгийг хүргүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаа үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой байдгийг үгүйсгэхгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж илэрч тогтоогдохгүй тохиолдолд мөрдөгч, прокурорын хувьд хязгаарлагдмал байдаг ба хэдийгээр яллагдагч, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй ч үйлдсэн бүх хэргээ хүлээж илчлэх байдлаар бүх хэрэгтээ яллагдагчаар татагдан нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжих байдлаар эрх зүйн байдлаа дээшлүүлэх хууль боломж нь зөвхөн яллагдагч, шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай байна. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч *** нь Баянгол дүүргийн прокурорын газар шалгагдаж байгаа хэрэгт яллагдагчаар татагдаагүй, харин Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн энэ хэрэгтээ гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт, тайлбар гаргасаар байхад шүүх хэргийн прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн гэж үзнэ. ...Бичгээр гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжид дурдсан хэрэг нь тус хэрэгтээ нэг агуулгатай. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яагаад Баянгол дүүргийн цагдаагийн газарт давхар гомдол гаргасныг тодруулахад яллагдагч ***ын хаяг Баянгол дүүрэгт байсан учраас хохирогч гомдлоо давхар гаргасан асуудал үүссэн талаар танилцуулсан. Мөн хохирогч нас барсан нөхцөл байдал байгаа. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 809 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжид дурдсан хэргийг хааж шийдвэрлэсэн. Уг шийдвэртэй холбогдуулан 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Миний нөхрийн нас барах шалтгаан нь ***. ...” гэв.
Яллагдагч *** тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Яллагдагч ***ын өмгөөлөгч Г.Батболд тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ***од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүх ***од холбогдох хэргийг “... Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн 23050233 дугаартай хэрэгт яллагдагч ***од холбогдолтой талаар дурдсан тул уг асуудлыг нэг мөр шалгаж шийдвэрлэж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 30ё1-2/4404 дугаартай “Тус хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 230502333 дугаартай хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх” саналтай хүргүүлсэн ***ийн ***од холбогдох мөрдөн байцаалтын 2325001900916 дугаартай хэргээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, хохирогчийн мэдүүлэг зэргийг гаргуулан авах шаардлагатай байх тул холбогдох материалыг хуулбарлан ирүүлж хамтран ажиллана уу” гэх албан тоотыг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Үүний дагуу анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж хэргийг “...хэрэг бүртгэлтийн 23050233 дугаартай хэрэгт яллагдагч *** холбогдолтой талаар дурдсан тул уг асуудлыг нэг мөр шалгаж, нэгтгэн шийдвэрлүүлэхээр” хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророос Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 809 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолыг гарган өгсөн, уг прокурорын тогтоолд “…нэг үйл баримтыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст тус тус гомдол, мэдээллээр хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс ***од холбогдуулан эрүүгийн 2325001900916 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 230502333 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “тухайн хэргийг урьд хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа” гэсэн үндэслэлээр хаасугай…” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд болох үед энэ талаарх баримт хэрэгт байхгүй байсан боловч 3 хоногийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 809 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн 230502333 дугаартай хэргийг хаасан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” -д оршдог.
Иймд, дээрх үндэслэлээр прокурор М.Батзаяагийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/2415 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч ***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/2415 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч ***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА