Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 777

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

          Улсын яллагч М.Цэнд-Аюуш,

        Хохирогч Д.Бүрэнтөгс,

        Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д холбогдох эрүүгийн 1806 0240 50816 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Шүүгдэгч:Монгол улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хэвчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай,  Д Д.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 40-2025 тоотод иргэн Д.Бүрэнтөгсийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бүрэнтөгсийг өгсөн: “Би ахмад Энхсайханд энэ хүн болон түүний эхнэр, охин нь гэм буруугаа ойлгож надаас уучлал гуйх юм бол өргөдөл гаргах шаардлагагүй, мөнгө төгрөг нэхэхгүй гэж хэлж байсан. Энэ хүний мууг үзэх гээгүй, энэ хүн буруу зүйл хийсэн гэм буруугай ойлгоосой гэж бодож байна. Энэ хүнийг их хэмжээгээр торгоосой гэж бодохгүй байна. Хуульд заасан хамгийн багаар торгох ч юм уу нийтэд тустай ажил хийлгээсээ гэж бодож байна. Би энэ хүнд сайн сайхныг л хүснэ гэв.

 

 Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Бүрэнтөгсийн өгсөн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Б.Орхонжаргалын өгсөн мэдүүлэг /хх-20/, гэрч Д.Энхзулын өгсөн мэдүүлэг /хх-21/, шүүгдэгч Д.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-54-57/, Шүүхийн шинжээчийн 3660 дугаартай дүгнэлт /хх-29/, шүүгдэгч Д.Д иргэний үнэмлэхийн хуулбар /хх-43/, шүүгдэгчийн ял шийтгэлийг шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 40-2025 тоотод иргэн Д.Бүрэнтөгсийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бүрэнтөгсийн өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед охин Амьдрал танил Энхзулд зодуулсан гэж орж ирсэн. Эхнэр бид гурав уулзахаар гэрээс гараад явж байтал гаднаас Дашзэвэг хашааны хаалга чанга хааж орж ирээд танай хүүхэд манай хүүхдийг зодчихлоо гэж хэлээд урууланд гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон.

Тэгээд Дашзэвэг манай гэрт ороод янхан, гичий минь ална гэж зодох гэж дайрсан, би голоор нь орж салгасан. Энэ үед манай эхнэр голоор нь орж салгахад эхнэр рүү дайрсан.

Энэ үед охин Энхзул нь орилж чарлаад хэрүүл хийгээд байсан. ... Миний биед Дашзэвэгт цохиулснаас болж уруулснаас жоохон цус гарсан байсан ба асуудал болсоны дараа тайвшраад үүдэн 2 шүдээ үзэхэд цус гарсан хөдөлсөн байсан. Тэгээд цагдаад хандсан. Буруугаа хүлээхгүй бол гомдолтой байна. Дашзэвэг наймайг зодож цохиогүй гэсэн, энэ бол цэвэр гүтгэлэг, миний хэлсэн ярьсан үг, үсэг болгон үнэн гэдгийг батална.”/хх-9-10/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Орхонжаргалын өгсөн: “2018 оны 3 дугаар сарын эхээр охин Амьдралыг давсанд дэлгүүр явуулсан чинь орж ирэхдээ үс нь арзайсан уйлсан орж ирэхээр нь юу болсоныг асуухал урд айлын охин Мөнхзул намайг занаж зодсон гэж хэлсэн. Удаагүй Мөнхзул аавтайгаа гэрт орж ирээд хэл үгээр доромжилж, хэрүүл маргаан болсон. Тэгэхэд Бүрэнтөгс гэрээс гаргаад тэр хоёр зодолдоод Бүрэнтөгсийн ам руу цохисон, амнаас нь цус гарсан. Ингээд байж байтал хойд байшингаас Өсөхбаяр ирээд тэр хоёрыг салгахад холбогдогч Өсөхбаяр хоёр зууралдаж маргалдаж байгаад хашааны гадаа гарсан. Удаагүй цагдаа ирсэн.” /хх-20/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Энхзулын өгсөн: “Тухайн үед манай аав намайг Амьдралд зодуулчлаа гэсэн чинь өмөөрч гэрийнхэнтэй нь уулзана гэж Бүрэнтөгсийн гэрт бид хоёр орох гэсэн чинь өөдөөс гарч таараад ...Амьдралын аав Бүрэнтөгс эхнэрийнхээ хамт манай аавтай хэрэлдэж, энгэрнээс нь зууралдаж байгаад бид нарыг гэрээсээ гаргасан. Хашаан дотор Бүрэнтөгс аавын энгэрнээс зуураад байхаар нь эрүү хэсэгт гараараа хүчтэй түлхсэн.” /хх-21/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Д яллагдагчаар өгсөн: “….Тэгээд юу болсныг асуугаад жирэмсэн хүүхдийг өшиглөсөн байна гэж хэлсэн чинь ээж нь хэрүүл хийж, өшиглөж хувцаснаас зуурсан. Хажуунаас хохирогч хувцаснаас зуурахаар нь цээж рүү нь түлхэж холдуулсан. Тэгээд хэрэлдэж байгаад гэрээс гарахад хойд байшингаас дүү нь гэх залуу ирээд над руу дайрч хэрүүл хийх үед хохирогч хажуунаас ирээд хажуунаас ирээд хувцаснаас зуурсан тэгэхээр нь цамцны захнаас нь заамдаад эрүү орчимд тулгаж түлхсэн. Тэгэхэд гаранд нидрэдэж шүд нь хөдөлсөн байж магадгүй. Шүднээс нь жоохон цус гарсан байсан.” /хх-54-57/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжээчийн 3660 дугаартай дүгнэлт:

1. Д.Бүрэнтөгсийн биед баруун доод 1-2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөгүй. /хх-29/,

 

-Шүүгдэгч Д.Д иргэний үнэмлэхийн хуулбар /хх-43/,

-Шүүгдэгчийн ял шийтгэлийг шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.

         

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 40-2025 тоотод иргэн Д.Бүрэнтөгсийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч  Д Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Д нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС