| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2406000001906 |
| Дугаар | 2024/ДШМ/1262 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/1262
***д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор Ө.Эрдэнэмөнх,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1053 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ө.Эрдэнэмөнхийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар эсэргүүцэлд үндэслэн ***д холбогдох эрүүгийн 2406000001906 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овгийн ***гийн ***, 1994 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байр, *** тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, /РД:***/,
Шүүгдэгч *** нь 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байранд үйл ажиллагаа явуулах “***” нэртэй үсчин гоо сайхны газарт ***тай үл ялих зүйлээс болж маргалдаж, төмөр сандал өшиглөн ***ын хөлийн шилбэ хэсэгт онож, улмаар ***ын эрүүл мэндэд баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: ***ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж ***д яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, ***ийг цагаатгаж, ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ***д холбогдох эрүүгийн 2406 00000 1906 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар *** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ө.Эрдэнэмөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо ажил дээрээ буюу “***” үсчин гоо сайхны дотор ажлаа хийж байхад өмнө нь уулздаг байсан *** гэх залуу орж ирсэн. Удалгүй би хуучин нөхөр ***тай утсаар ярьж /бид хоёрын дундаас гарсан 1 хүү байдаг юм, хүү маань аавтайгаа хамт байдаг/ би хүүгийнхээ талаар ямархуу байгааг асуучхаад утсаа тасалтал *** хажуу талаас ёжлох маягтай ажлаа “тараад чи нөхөр лүүгээ явах гэж байна уу” гэж асуухаар нь би хариуд нь “тиймээ би хүүдээ эм тариа аваачиж өгнө, бие нь өвдсөн байгаа” гэж хэлэхэд *** уурлаад урд байсан үйлчлүүлэгч сууж үйлчлүүлдэг төмөр сандлыг өшиглөхөд миний хөлийг оноод миний хөл бэртсэн би айгаад ажлаасаа зугтаж гараад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй үсчинд ***ын хамт ажилладаг юм. Тухайн үед цохиж зодсон зүйл болоогүй. *** тухайн үед намайг хэл амаар өдөж хатгаад байхаар нь би уураа барьж дийлэхгүй урд байсан маникюрын сандлыг өшиглөсөн чинь ***ын хөлийн шилбийг оночихсон юм...” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдсан. Би үсчний сандал дээр сууж байгаад маникюрын сандлыг хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн тухай сандал ***ын хөлийг оносон. Би маргалдах явцдаа хөл рүү нь сандал өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар “шүүгдэгч *** нь ***тай маргалдах явцдаа төмөр сандал өшиглөсний улмаас уг сандал нь ойж, ***ын хөлийн шилбэ хэсэгт онож, болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учирсан байна” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүх нь ямар нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч ***ий өшиглөсөн сандал нь ойсон гэж дүгнэсэн тодорхойгүй, түүнчлэн шүүгдэгч сандлыг хохирогчийн хөл рүү өшиглөсөн гэж мэдүүлсээр байхад санамсаргүйгээр сандал ойж, хохирогчийн хөлийг оносон мэтээр хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн байх тул “шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг гэм буруугийн санаатай болон болгоомжгүй 2 хэлбэртэй байхаар хуульчилсан байна. Гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд ба шууд бус санаа, харин болгоомжгүй хэлбэр нь хөнгөмсгөөр найдах, хайхрамжгүй хандах гэсэн хэлбэртэй байхаар заасан. Гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгч этгээд өөрийн үйлдэл, эс үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн үйлдэл байна. Шүүгдэгч *** нь хохирогч ***тай үл ялих зүйлээс болж маргалдаж, уурласандаа тухайн төмөр сандлыг санаатай *** руу өшиглөсөн, тус сандал хохирогчийн шилбэ хэсэгт нь онож хүндэвтэр гэмтэл учруулсан, *** нь тус сандлыг өшиглөснөөр хохирогч ***д гэмтэл учирна гэдгийг мэдэж байсан, тухайн хор уршгийг хүсээгүй байлаач өөрийн үйлдлээрээ зориуд хүргэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог бөгөөд ***ий тус үйлдэл гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрт хамаарч байхад тус үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж дүгнэн илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос ***ийг 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байранд үйл ажиллагаа явуулах “***” нэртэй үсчин гоо сайхны газарт ***тай үл ялих зүйлээс болж маргалдаж, төмөр сандал өшиглөн ***ын хөлийн шилбэ хэсэгт онож, улмаар ***ын эрүүл мэндэд баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх ***д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, ***ий үйлдэлд санаатай хүсэж үйлдсэн шинж тогтоогдохгүй байна гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, цагаатгах талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.
Учир нь, хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...*** хажуу талаас ёжлох маягтай ажлаа тараад чи нөхөр лүүгээ явах гэж байна уу гэж асуухаар нь би хариуд нь тиймээ би хүүдээ эм тариа аваачиж өгнө, бие нь өвдсөн байгаа гэж хэлэхэд *** уурлаад урд байсан үйлчлүүлэгч сууж үйлчлүүлдэг төмөр хөлтэй сандлыг өшиглөхөд миний хөлийг оноод миний хөл бэртсэн. ...” /хх 6 тал/ гэж, анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Маргалдаж байх үедээ *** нь миний хөл рүү сандал өшиглөсөн. Үүнээс болж миний буруу талын шилбэний савхан яс цуурсан...” /хх 87 тал/ гэж,
цагаатгагдсан этгээд *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...*** тухайн үед намайг хэл амаар өдөж хатгаад байхаар нь би уураа барьж дийлэхгүй урд байсан маникюрын сандлыг өшиглөсөн чинь ***ын хөлний шилбийг оночихсон юм...” /хх 56-57 тал/ гэж, анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэгтээ “...Тухайн өдөр бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдсан. Би үсчний сандал дээр сууж байгаад маникюрын сандлыг өшиглөсөн. Тэгсэн тухайн сандал ойгоод ***ын хөлийг оносон. Би маргалдах явцдаа хөл рүү нь сандал өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /хх 87 тал/ гэж тус тус мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл, хохирогч, цагаатгагдсан этгээд нар хэргийн үйл баримтын талаар харилцан зөрүүтэй өөр өөр мэдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн мэдүүлгийн аль хэсгийг үнэн зөв гэж үнэлж дүгнэсэн, тэр нь хэргийн бусад нотлох баримтуудтай хэрхэн нийцэж байгаа, тухайн нотлох баримтуудаар ямар хэргийн үйл баримт сэргээн тогтоогдож буй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Иймд, шүүгдэгч *** нь хувийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас хохирогч *** руу чиглэсэн идэвхтэй үйлдэл хийж төмөр сандал өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэх, эсхүл эд хөрөнгө рүү чиглэсэн идэвхтэй үйлдэл хийн төмөр сандал өшиглөсний улмаас уг сандал нь ойж, ***ын хөлийн шилбэ хэсгийг онож, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан эсэхийг хэргийн нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Мөн анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд шийтгэх тогтоол гэж бичсэн зөрчил гаргажээ.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүгдэгчийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгана гэж заасныг зөрчсөн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1053 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1053 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА