| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0719/Э |
| Дугаар | 776 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч О.Багшбаяр,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.О холбогдох эрүүгийн 1806 0297 60843 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо оршин суух хаягтай, Түргэн хоолны газарт туслах тогтооч ажилтай, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ц О .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Вашингтон" нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн Б.Өвгөнхүүгийн виза картнаас 2.400.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Өвгөнхүүгийн мэдүүлэг /хх-10-18/, гэрч Баярсайханы мэдүүлэг /хх-19-20/, шүүдэгч Ц.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-32-34/, шүүгдэгч Ц.О жолоочийн лавлагаа /хх-35/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Вашингтон" нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн Б.Өвгөнхүүгийн виза картнаас 2.400.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Өвгөнхүүгийн өгсөн: “…Ингээд би уг баарны үүндэнд ганцаараа зогсож байгаад үл таних 29-30 орчим настай 173-175 см орчим өндөртэй, бор царайтай туранхай биетэй, баруун талын хацран дээрээ том сорвитой, мөр давсан тайрмал үстэй, бор куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн пүүз өмссөн эмэгтэйтэй танилцсан юм. Бид 2 танилцаад хамт буудалд орж пиво уухаар болоод миний сууж явсан таксинд суугаад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буудалд орсон юм. Тэр эмэгтэй бид 2 уг буудлын ресепшингээс 2 шил Сэнгүр пиво авч уугаад, юм ярьж байгаад би унтахаар хэвтсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй намайг унтсан хойгуур гараад явсан байсан. Гарч явахдаа миний гадаад поспарт, хаан банкны виза картыг аваад явсан байсан.”
“…би энэ хүнд алдсан 2.400.000 төгрөгөө авмаар байна. Миний виз гарчихсан байсан бөгөөд энэ явдаас болоод Англи руу явж чадахгүй 1 сар болчихлоо. Би өнөөдөр орой 23 цагаас ниснэ. Үүнээс өмнө мөнгөө авмаар байна.” /хх-10-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Баярсайханы өгсөн: “…би машинтайгаа Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр зогсож байхад үл таних 30 орчим насны эмэгтэй өөрөө ирээд зогсоол дээр байсан миний машинд суусан юм. Ингээд буцаж эргээд 13 дугаар хорооллын Хаан банкны экспрэсс банк ороод тэр хүүхэн мөнгө аваад гараад ирье хүлээж байгаарай гэхээр нь би банкны гадна хүлээж байсан.” /хх-19-20/,
Мөрдөн байцаалтад шүүдэгч Ц.О яллагдагчаар өгсөн: “…Өрөөнд ороод авсан пивоо уугаад юм яриад сууж байтал намайг татаж чангаагаад хамт хэвтье гээд байсан. Намайг унтая гэхээр нь би үгүй гэж хэлээд зөвшөөрөөгүй. Тэгээд ширээн дээр байсан виза картыг нь авч гараад явчихсан юм. Тэгээд 13 хорооллын Хаан банкны АТМ-ээс 800.000 төгрөгөөр 3 удаа нийт 2.400.000 төгрөгийг авсан. Тэгээд 10 дугааар хороололд буудалд хоносон.”/хх-32-34/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.О жолоочийн лавлагаа /хх-35/,
Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-36/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн виза картнаас 2.400.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авснаа өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчид дээр хохирол учирсанг бусад нотлох баримтуудаар тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Вашингтон" нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн Б.Өвгөнхүүгийн виза картнаас 2.400.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Ц.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ц.О хорих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц О г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ц.О хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хамт хадгалсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС