| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2303006540563 |
| Дугаар | 2024/ДШМ/1263 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/1263
***ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг /цахимаар/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын өмгөөлөгч Э.Шинэцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,
хохирогч ***, тэдгээрийн өмгөөлөгч Г.Тамир,
шүүгдэгч ***ын өмгөөлөгч Б.Батсүх,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/958 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ын өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлоор ***ад холбогдох 2303006540563 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овгийн ***ын ***, 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг гэх, *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:***/;
Шүүгдэгч *** нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 09 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “***” хотхоны хойд замд, “Toyota Prius 30” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-т заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Toyota Prius 20” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох ***, *** нарын амь насыг хохироож, иргэний нэхэмжлэгч ***, ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, тус тээврийн хэрэгслийг эвдэж, гэмтээн иргэний нэхэмжлэгч ***д 8.500.000 төгрөгийн хохирол, мөн “Toyota Prius 30” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан ***гийн амь насыг хохироож, хохирогч ***ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан буюу зам тээврийн ослын улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохироосон, 1 хүний биед хүнд хохирол, 3 хүний биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *** овогт ***ын ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, *** нарт 12,000,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч ***аас 316,584,337 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д 88,077,887 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д 99,432,798 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д 95,183,752 төгрөг, хохирогч ***т 16,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 8,889,900 төгрөг тус тус төлүүлж, цаашид насанд хүрээгүй хохирогч Г.***гийн хууль ёсны төлөөлөгч ***, хохирогч ***, иргэний нэхэмжлэгч ***, *** нар нь баримтаар хохирол нэхэмжлээгүй ч цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Р.Батцогт давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч *** нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нарын хохирол төлбөр дээр ч маргаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн ба өөрийн боломжит байдлаараа хохирогч нарын хохирлыг барагдуулсан. Шүүгдэгч нь одоо 21 настай, өөрийн хийсэн болгоомжгүй үйлдлийн улмаас хуулийн өмнө хариуцлагаа хүлээн гарч ирээд хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулах үүрэгтэй гэдгээ ч ухамсарлаж байгаа. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянахдаа шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгах, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд хуульд заасны дагуу үнэлж дүгнэсэн эсэхийг хянан үзээд шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. …” гэжээ.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Б.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч талаасаа хүлцэл өчье. Миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг болон тогтоосон хохирлын хэмжээг багасгаж өгнө үү. ...Хохирлоо барагдуулна гэж байгаа. Гэхдээ боломжит байдлаар багасгаж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзсэн учраас давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хэлэлцэж хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан үзэж ***ад тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж бидний зүгээс үзэж байгаа. Учирсан хохирлын тухайд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалсан бөгөөд амь хохирогч ***г оршуулахтай холбоотой зайлшгүй зардал буюу зөвхөн баримттай зардлаа бидний зүгээс нэхэмжлээд 15.577.887 төгрөгийг, мөн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохиролд 82.500.000 төгрөгийг ***аас гаргуулахаар шийдвэрлэсэн. ***ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Үлдэгдэл 88.077.887 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал байгаа. Иймд шүүгдэгч ***ад оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...***ын үйлдлээс болоод манай эцэг, дүү хоёр нас барсан. Бидний сайхан амьдарч байсан амьдралыг *** хэцүү байдалд оруулсан. Миний дүү гэмтлийн эмнэлэгт 14 хоног ухаангүй байж байгаад нас барсан. *** нэг ч удаа ирж уучлалт гуйх юм уу, ямар нэгэн байдлаар өөрийн хийсэн хэрэгт гэмшихгүй байгаа. Анхан шатны шүүхээс 5 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан бөгөөд бага ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. 2 хүний оршуулгын зардалд 12.000.000 төгрөг өгсөн. Бусад хохирол төлбөрөө авч чадаагүй байгаа...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би маш их гомдолтой байна. Бид энэ хугацаанд асар их хэцүү зүйлийг давж туулж байна. Гэрээс 2 хүнийг зэрэг алдсандаа маш их харамсаж байгаа. Тэгэхэд 1 хүний оршуулгын зардлыг бүтэн өгөөгүй байж өгсөн гэж ярьж байгаад гомдолтой байна. Мөн оногдуулсан ял нь багадсан. Бид ялын дээд хэмжээг оногдуулаасай гэж хүсэж байсан. Учир нь, залуу хүүхэд гээд харж үзэх юм байхгүй. Биднээс ядаж нэг удаа уучлалт гуйсан бол залуу хүүхэд юм даа, алдсан юм даа гэж бодох байсан. Гэтэл бид нараас өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй, нэг ч удаа уучлаарай гэдэг үг амнаас нь гараагүйд нь үнэхээр гомдолтой байгаа. Бидний зүгээс хохирол төлбөр болон оршуулгын зардлыг хурдан гаргуулж авмаар байна. Оршуулгын зардлыг өгөөгүй байж өгсөн гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь бидний уурыг маш их хүргэж байна ... 1 хүний оршуулгын зардал 18.000.000 төгрөг гарсан байхад 12.000.000 төгрөгийг хоёр хүний голд нь өглөө гэж хэлж байгаа юм. Энэ үг нь ч миний зэвүүцлийг хүргэж байна. ...Архи, тамхи авсан баримт нэг ширхэг ч байхгүй. Архи нь өргөл өргөхөд зориулагдсан. 14 хоног эмнэлэгт эгчийгээ сахиж байхдаа бид нар харж байсан хүнд хоол болон тамхийг авч өгсөн...” гэв.
Хохирогч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би амь хохирогч ***гийн ганц охин. Миний эх 47 настай. Би өдөр, хоногийг там шиг өнгөрөөж байна. 5 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан нь бага байна. Хоёрдугаарт, 316,584,337 төгрөг юу юм бэ, 1 ланд машины мөнгө биз дээ, 3 хүний амь хохирсон, 1 машины үнэтэй 3 хүний амь нас дүйцэж байгаа юм уу. Үүнийг өмгөөлөгчөөс нь асуумаар байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр би ***аас “чи энэ үйлдэлдээ яагаад уучлалт гуйхгүй байгаа юм бэ, би чамаас сонсмоор байна” гэж асуугаад шүүгч хариул гэхэд хариулахгүй, үгүй гээд сууж байгаа юм. Тэр хүн хүн мөн үү. Өнөөдөр шүүх дээр ирэхэд бидний сэтгэл зүй буцаад уй гашуу, аймар зүйлдээ эргэж очсон мэт байна. Би нойрны эмгүй нэг ч өдөр унтаагүй. 09 дүгээр сарын 18-ны өдөр энэ осол болсон. Гэтэл 09 дүгээр сарын 20-ны өдөр *** “цаснаар хоёулаа болзох уу” гэсэн стори хийсэн байгаа юм. Энэ хүн хэзээ ч гэмшээгүй. Тэгэхэд би эхийгээ алдчихаад 2 хүүхэдтэйгээ хэцүү өдрүүдийг өнгөрүүлж байна. 5 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан нь бага байна. Хүний амь нас үнэгүйдчихсэн юм уу. Яагаад хууль нь ийм юм бэ. Хүний сайхан эхийг алчхаад мөнгийг нь багасгаж өгөөч, ялыг нь багасгаж өгөөч гээд сууж байгаа хүмүүсийн өмнөөс би ичиж байна. Бид нарыг ямар сэтгэл зүйтэй, ямар хэцүү байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Ялыг нь нэмж болдог бол нэмж өгөөч гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна...” гэв.
Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч ***, ***, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогч *** нарын өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Р.Батцогт давж заалдах гомдлоо үндэслэл бүхий гаргаж чадаагүй, өмгөөлөгч Б.Батсүх ямар үндэслэлээр гомдол гаргасан, яаж хохирлын хэмжээг багасгах талаар тодорхой үндэслэл тайлбарлахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Манай үйлчлүүлэгч нарын зүгээс гэмт хэрэг гарснаас хойш жил гаруй хугацаанд ийм сэтгэл зүйтэй, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид 5 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хохирол төлбөрийн тухайд амь хохирогч ***гийн оршуулгын зардалд баримтаар 22.932.798 төгрөг гарсан. Сэтгэл санааны хохиролд түүний хууль ёсны төлөөлөгчид 82.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нийт 105.432.798 төгрөгөөс шүүгдэгч 12.000.000 төгрөг төлсөн буюу 2 хууль ёсны төлөөлөгчид 6.000.000, 6.000.000 төгрөг төлсөн байгаа. Амь хохирогч ***гийн оршуулгын зардалд баримтаар 18.683.752 төгрөг гарсан. Гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчийн дүгнэлтээр тогтоолгохгүй, шүүхээр тогтоолгоно гэсэн хүсэлтээ гаргасан. Тэгээд шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон байгаа...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг зэрэгт шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Мөн шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг зөв тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогт гомдлоо үндэслэл бүхий гаргаагүй. Шүүхээс тогтоосон 316,584,337 төгрөгийн хохирол төлбөрөөс тодорхой хэмжээнд төлөөд ял шийтгэлийг багасгаж өгөх талаар гомдол гаргах боломжтой байсан боловч хохирол төлбөр төлсөн баримт байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч *** нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 09 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “***” хотхоны хойд замд, “Toyota Prius 30” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-т заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Toyota Prius 20” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох ***, *** нарын амь насыг хохироож, иргэний нэхэмжлэгч ***, ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, тус тээврийн хэрэгслийг эвдэж, гэмтээн иргэний нэхэмжлэгч ***д 8.500.000 төгрөгийн хохирол, мөн “Toyota Prius 30” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан ***гийн амь насыг хохироож, хохирогч ***ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан буюу зам тээврийн ослын улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохироосон, 1 хүний биед хүнд хохирол, 3 хүний биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн “...өглөө ажил руугаа орохоор явж байхад миний төрсөн дүү *** над руу залгаад аав, *** эгч, *** нар явж байгаад осолд орчихсон байна. Нэлээн муу байна, хоёр нь ухаангүй байна гэж хэлсэн. ...эмнэлэг дээр ирэхэд дүү ***гийн нөхөр *** гэмтлийн эмнэлэг дээр байсан, удаагүй дүү *** онцгой байдлын автомашинтай ирсэн. Дүү маань ухаангүй нацилкан дээр ирсэн. Маш их гомдолтой байна. 2 хүнээ алдсан. Дүүгийн маань сууж явсан автомашинтай мөргөлдсөн нөгөө автомашины жолооч нь бид нартай нэг ч удаа холбоо бариагүй, утсаар ч яриагүй, төрсөн эгч нь гээд хүн бид нарыг ямар байдалтай байгааг харсан хэдий ч холбогдоогүй. Бид нар сэтгэлзүй болоод бусад байдлаар маш их хохирч байна. ...” /1хх 41/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын “...талийгаач дүү маань 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр найз залуу болох ***гийн хамт тэдний гэрт нь очиж ар гэрийнхэнтэй нь уулзахаар явсан. ...2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ирэх байсан бөгөөд над руу дүү маань чат бичээд дахиад 1 хонох болсон талаараа хэлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө гэртээ ирэх замдаа осолд орсон байсан. ...Би гомдолтой байна. Миний дүүгийн сууж явсан автомашины жолооч нь ***гийн 10 жилийн найз нь гэсэн бөгөөд тэр залуу ослын дараагаар бид нартай холбогдоогүй, ямар нэгэн гэмшсэн зүйл байхгүй, цахим хаяг дээрээ ямар нэгэн гэмшсэн шинжгүй мэдээлэл пост зэрэг оруулж байгаа нь их сонин байна, гомдолж байна. Талийгаач дүүгийн маань буяны ажил зардалтай холбоотой гарсан хохирол зардлыг, мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” /1хх/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ы “...Намайг ослын газарт ирэхэд эмнэлгийн машинд осолд орсон хүмүүсийг оруулж байсан. Нэг залуу би юу хийчихвээ гээд орилоод байсан. Мөн манай дүүгийн машинтай мөргөлдсөн автомашины хойд багаж хэсэгт нь эмэгтэй хүн хэвтэж байсан, дээр нь юм бүтээсэн байсан. ...Маш их гомдолтой байна. Сэтгэл зүйн хувьд ч тэр маш их хүнд байна. Аав маань ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Урт удаан наслах байсан...” /1хх 62/,
хохирогч ***ын “...2023 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө Хан-Уул дүүрэг Яармагаас би, талийгаач ээж ***, өвөө ***, дүү ***, дүүгийн найз ***, охин ***, дүүгийн найз *** нарын хамт, *** дүүрэгт байдаг *** дугаар хорих анги орохоор ээжийн нөхөр болох ***гийн эзэмшлийн автомашинтай явсан. Учир нь тухайн хорих ангид миний төрсөн дүү *** байгаа юм. Ингээд уулын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан бөгөөд өвөө *** урд зорчигчийн суудал дээр, автомашиныг дүүгийн найз *** жолоодоод, би хойд зорчигчийн суудал дээр жолоочийн харалдаа ард нь суугаад, дүү *** миний зүүн талд, миний баруун талд ***, хамгийн зүүн талд ээж *** сууж явсан. Тэгэхэд ***гийн хойд асфальтан замаар явж байхад түс гээд хүчтэй юм мөргөх шиг болоод би ухаан ороод сэрсэн. Би хөдөлж чадахгүй байсан. Миний охин *** шалавчин дээр унасан байсан. Би ээжийг татаад үзэхэд ээж ухаангүй байсан, өвөөг би гараараа татахад ямар ч хариу үйлдэлгүй урагшаа мөргөсөн, тэр үед би өвөөгөө нас барсан гэж мэдсэн. Машины зүүн урд хэсэг нь өвөөг шахаад тулсан байсан. ...тэр үед ард явж байсан гээд машины жолооч ах, эгч хоёр бид нарыг машинаас гаргаж өгсөн. Тэр хоёр хүн дуудлага өгсөн. Түргэний эмч ирээд урд сууж явсан зорчигч эрэгтэй нас барсан байна гэж хэлсэн. Ээжийн биеийн байдал маш хүнд байсан, ухаангүй би ээжийн хамт түргэний машинтай гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очиход ээжийн толгой хэсэгт их гэмтэлтэй байсан. ...” /1хх 57/,
иргэний нэхэмжлэгч ***ийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найз залуу ***ын эгч болох ***ын гэрт нь хоносон. Тэгээд маргааш өдөр нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө ***ын эгч түүний охин ***, найз залуу ***ын ээж нь ***, өвөө нь болох ***, манай найз ***, үеэл *** нарын хамт *** дүүрэг орохоор Яармагаас хөдөлсөн. Учир нь манай найз залуу *** *** дүүрэгт байх *** дугаар хорих ангид байгаа учраас эргэлтээр очих зорилготой явсан. Тухайн үед талийгаач *** эгчийн нөхөр *** ахын Т.Приус-20 маркийн ***улсын дугаартай автомашиныг үеэл *** жолоодоод урд зорчигчийн суудал дээр өвөө ***, хойд зорчигчийн суудал дээр хамгийн баруун талд нь найз ***, зүүн талд нь *** хүүхдийн хамт, тэгээд би, хамгийн зүүн талд талийгаач *** эгч сууж явсан. Уулын замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан. Би *** эгчийн хүүхэд ***г тэврээд явж байгаад хөлрөөд байхаар нь *** эгчид өгөөд урагш харахад эсрэг урсгалаас машин манай машины урдаас орж ирж байгаа нь нүдэнд харагдах шиг болоод л мөргөлдсөн. Тэр машин их хурдтай гэнэт л ороод ирсэн. Миний сууж явсан автомашин эгнээндээ явсан, ямар нэгэн байдлаар эгнээ өөрчлөх, эсрэг урсгалд орсон зүйл болоогүй. Автомашин хурдтай ч яваагүй байсан. Ослын дараа түргэний машин ирсэн байсан санагдаж байна, би хойд суудал дээр ухаан алдаад хэвтсэн байсан...” /1хх 83/,
иргэний нэхэмжлэгч ***ийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрч байхад би найз ***ын эгч болох ***ынд очсон. Учир нь манай найз *** *** дүүрэгт байдаг хорих ангид байгаа учир эргэлтээр очихоор эгчийнд нь очсон юм. ***ын ээж болох талийгаач ***, өвөө ***, эгч нь *** охины хамт, найз ***, ***ын найз охин *** нарын хамт Яармагаас хөдөлсөн бөгөөд тухайн үед талийгаач *** эгчийн нөхөр *** ахын Т.Приус-20 марийн ***улсын дугаартай автомашиныг найз *** жолоодоод урд зорчигчийн суудал дээр найз ***ын өвөө ***, хойд зорчигчийн суудал дээр хамгийн баруун талд нь би, миний зүүн талд *** хүүхдийн хамт, тэгээд ***, хамгийн зүүн талд талийгаач *** эгч сууж явсан. Уулын замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байхад манай автомашин эгнээндээ явж байсан бөгөөд би цонхоор юм хараад явж байтал машин хүчтэй мөргөлдөх шиг болсон. Би ухаан алдсан байсан. Сэрэхэд машины хойд хэсэг нь замын урд талын хайсан дээр гарсан, жолоочийн эсрэг тал буюу автомашины зүүн тал нь чихэгдэж сууж явсан *** гэх хүн хавчуулагдсан байсан. Би машины хойд талын хаалганы цонхоор машинаас буусан. Машинаас буугаад харахад эсрэг урсгалд Т.Приус-30 маркийн автомашин хөндөлдөөд зогссон байсан. ...” /1хх 87/,
гэрч ***ын “...манай ажил уулын замаар яваад Sky Resort-оос постоор гараад зүүн тийш яваад байдаг юм. Ингээд би уулын замаар сөрөг хөдөлгөөнтэй 2 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгээр 50 орчим км цагийн хурдтай явж байхад миний урд Т.Приус-20 маркийн автомашин нилээн хол зайтай явж байсан. Эсрэг урсгалд автомашин байгаагүй. Манай урсгалд урд явж байсан Т.Приус-20 маркийн автомашин өөр машин байгаагүй. Тэгэхэд эсрэг урсгалд цаанаас нэг автомашин эгнээндээ явж байснаа урд явж байсан автомашинтай ойртож ирээд гэнэт урсгал сөрөөд Т.Приус маркийн автомашинтай мөргөлдөөд өөрийн явж байсан урсгал руугаа хөндөлдөөд зогссон. Миний урд явж байсан Т.Приус-20 маркийн автомашин явж байсан эгнээндээ замын урд талын хашлага дээр баруун хойд хэсэг нь гараад зогссон. Тэр хоёр автомашин их хүчтэй мөргөлдсөн. Эсрэг урсгалаас ирж байсан автомашин хурдтай явж байсан. Би тэр явдлыг хараад машинаа зогсоогоод, машинаасаа буугаад яахаа мэдэхгүй хэсэг зогссон. Тэгэхэд Т.Приус-30 маркийн автомашины жолооч нь 20-25 орчим насны залуу эгчээ түргэн дуудаарай авраарай гээд орилсон. Т.Приус-20 маркийн машинаас хүүхэд орилоод байсан. ...Т.Приус-30 маркийн автомашин эгнээндээ явж байснаа гэнэт л урсгал сөрөөд ороод ирсэн. Тэр Т.Приус-20 маркийн автомашин зогсох ч боломжгүй их хурдан үйл явдал болсон...” /1хх 90/,
гэрч П.***ийн “...Намайг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн орчим гэртээ байж байх үед манай найз *** над руу залгаад *** явах гэсэн юмаа *** эгчийн гэрт ирээд машиныг нь бариад яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд гэрээсээ гараад *** эгчийн яармагт байдаг гэрт нь ирсэн. Гэрийнх нь гадаа ирэхэд Тоёота приус-20 маркийн машин хашааных нь гадаа байсан бөгөөд дотор машины жолоочийн хажуу талын суудал дээр *** өвөө, жолоочийн арын суудал дээр ***, зүүн гар талд нь *** охин ***г тэврээд, зүүн талд нь ***, ***ийн зүүн гар талд нь *** эгч нар суугаад би машиныг нь жолоодоод яармагаас хөдлөөд уулын замаар ороод явсан. *** хотхоны орчим баруунаас зүүн чиглэлтэй ойролцоогоор 50 орчим км цагийн хурдтай явж байхад эсрэг талын эгнээнд нэг приус маркийн машин өөдөөс дайвалзаад явж байгаад шууд манай урсгал руу орж ирсэн. Би тэр үед тоормосоо гишгэсэн. Гэтэл нөгөө машины миний барьж явсан машины зүүн урд дугуй хэсгээс чигээрээ хүчтэй мөргөсөн. Мөргөлдсөний дараа бага зэрэг ухаан самуураад нүдээ нээгээд харахад битүү утаа манан болсон машинд сууж явсан хүмүүс бүгд ухаангүй юм дугарахгүй байсан. ...” /1хх 105/,
иргэний нэхэмжлэгч ***гийн “...тухайн өдрийн өглөө нь манай хамтран амьдрагч *** над руу залгаад машинаараа *** яваад өгөөч гэж хэлсэн. Би ажилтай байсан болохоор амжихгүй гэдгээ хэлээд машины түлхүүр гэрт байгаа жолооч байвал аваад явчих гэж хэлсэн. Тэгээд талийгаач *** хүү ***ын найзыг нь гуйгаад миний машиныг жолоодуулаад *** явах замдаа осолд орсон байсан. Осол болчихлоо гээд *** гээд хүүхэд над руу залгаж хэлсэн. Миний автомашин засвар авах боломжгүй болсон байна лээ. Автомашинаа энэ оны 2 сард 5,300,000 төгрөгөөр авсан бөгөөд нотиратын үнийг нь бага хийлгэхээр үнийн дүнг нь багаар бичүүлсэн юм. Уг нь 7,500,000 төгрөгөөр худалдан авсан. Тийм болохоор автомашинаа нэхэмжилж байна...” /1хх 79/,
хохирогч ***ын “...***, ***, *** бид дөрөв ***ын машинтай явсан учраас ажил дээр нь машиныг нь аваачиж өгсөн. *** маргааш өглөө нь хичээлтэй гэсэн болохоор нь бид дөрөв машинд нь хоноод өглөө нь ***тай хамт Улаанбаатар хот орохоор болсон. ***ын саарал өнгийн Т.Приус-30 маркийн автомашинд жолоочийн суудал дээр ***, жолоочийн хажуу суудал дээр би, жолоочийн арын суудал дээр *** унтаж байхад сүүлд *** ирээд би болон *** бид арын суудал дээр суугаад хоноцгоосон. Тэр үед би машины зүүн хойд талд цонхны хажууд суугаад хоносон. Машин хөдөлсөн эсэхийг би мэдээгүй, нам унтсан байсан. Нэг мэдсэн чинь нэг эмэгтэй чи хүн алчихлаа ш дээ гээд гадаа нэг эмэгтэй орилоод байсан. Машины шил хагарчихсан байсан шиг санагдаж байна. Ухаан санаа орж гараад байсан. Машины арын багажинд талийгаач *** хэвтүүлчихсэн *** хайраа гээд байх шиг байсан. Намайг нэг мэдсэн эмнэлэг рүү аваад явж байх шиг байсан. Эмнэлэг дээр очиход миний цээжин хэсгээр аймар өвдөөд амьсгалж чадахгүй байсан. Тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтээд 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сээр нурууны хагалгаанд ороод 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гараад дүүргийн гэмтлийн эмнэлэгт эмчийн хяналтад гэртээ байж байна...” /1хх 71-72/,
гэрч ***ий “...Өглөө 09 өнгөрч байхад байхаа ***ын ажил нь тараад намайг сэрээгээд бүсээ зүгээрээ хот орно гэсэн. Тухайн өдөр би 12 цагаас бага тойруу Япон хэлний сургалттай байсан. *** 10 дугаар хороолол руу эгчийнх рүү явна гэж байсан. ***, *** хоёр ***г эгчийнд нь хүргэж өгөөд ***ын хичээл нь тарахаар нь буцаж ***тай хамт Налайх орно гэж ярилцсан. 09 цаг өнгөрч байхад *** өөрийн машинаа жолоодоод, би ***, голд нь ***, баруун миний ар хаалганы хажууд *** суугаад явсан. Налайхаас гараад би унтчихсан. Баянзүрхийн хуучин товчооны орчим би сэрсэн. Намайг сэрэхэд *** машинаа бариад арын суудал дээр сууж явсан ***, ***, *** нар унтаж байсан. Товчоо өнгөрөөд уулын зам руу ороод явсан. Гүүр өнгөрөөд жоохон явж байсан чинь баруунаас зүүн чиглэлтэй приус маркийн автомашин хурдтай гараад явж байсан. Манай машин руу дөхөд үед гэнэт цагаан шугам даваад зүүнээс баруун чиглэлд буюу манай урсгал руу ороод ирсэн. *** тэр үед сингалаа дараад нэг мэдсэн мөргөлдчихсөн. ...” /1хх 103-104/,
гэрч ***ийн “...*** овогтой *** гэх залуу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны 00 цагаас өглөөний 08 цаг хүртэл манай салбар дэлгүүрт цагийн ажилтнаар шөнийн ээлжинд ажилласан. Тухайн үед хамгаалагч *** гэх залуу хамт хонож хамгаалалтаар ажилласан. Хоногийн хугацаанд цагийн ажилтан бараа бүтээгдэхүүн борлуулах, бараа бүтээгдэхүүний дүүргэлт хийх, цэвэрлэгээ хийх, өглөөний 05 цагаас 06 цагийн хооронд хоолны үйлдвэрээс хоол ирдэг тул, тоо, ширхэг, үйлдвэрлэсэн хугацааны дагуу хүлээж авах ажил хийдэг. Хоногийн ээлжинд ажиллаж байгаа ажилтан унтаж болохгүй бөгөөд сууж амарч болно. ...” /1хх 93-94/ гэсэн мэдүүлгүүд,
шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Шинжилгээгээр талийгаач ***гийн цогцост цээжний баруун 1-10-р хавирга, зүүн 1-12-р хавирга, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний булчингийн хатгагдсан шарх, гол судасны ханын язралт, уушигны бяцрал, цус хуралт, цээжний хөндийн цусан хураа /350 мл/, элэгний эдийн няцрал, зүүн атгаал, дунд чөмөг, зүүн сүүжний дэлбэн сээрний 1,2-р нугламын их биеийн хугарал, хөмсөг, хоёр тохойнд шарх, хамар, хоёр хацар, эрүү, зүүн ташаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь амьрах боломжгүй хавсарсан олон тооны гэмтлүүдийн улмаас нас барсан байна. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдоогүй. 2023.09.18-ны 14:20 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 5-6 цаг болжээ. Талийгаач нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. ...” гэсэн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2470 дугаартай дүгнэлт /1хх 133/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Талийгаач ***гийн цогцост тархины хоёр чамархай, зулай сильвийн ховил, тенториум, шулуун синус, атираа ховил завсрын аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун дух, чамархайн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цус хуралт, хоёр талын духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн хажуугийн ховдлын цус харвалт, баруун 1, зүүн 1, 2, 3, 4 дүгээр хавирганы далд хугарал, хугарлын харалдаах баруун уушигны дээд дэлбэнгийн эдийн няцрал, баруун чамархай, дагз, зүүн дух, зулай, чамархайн хуйхны дотор гадаргуу дах цус хуралт, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн мөр, бугалга, шуу, зүүн гуя, тахим, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гавал тархины гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Гуравдугаар бүлгийн харьяаллын цустай байна. Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. ...” гэсэн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2598 дугаартай дүгнэлт /1хх 142-156/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Талийгаач ***гийн цогцост элэгний баруун дэлбэнгийн язарч, няцарсан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа /1000мл/, дотор эрхтнүүдийн доргилт, сээрний 6-р нугалмын хугарал, зүүн өсгийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед автомашины бүхээг дотор үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчтэй байна. Талийгаач нь элэгний язарч, няцарсан шарх гэмтлийн улмаас дотуур цочмог цус алдаж нас баржээ. Талийгаач нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 10 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 4-5 цаг болсон байна. Талийгаач нь дөрөвдүгээр бүлийн цустай байна. Химийн шинжилгээгээр спритийн зүйл цус, ходоодны шингэнд илрээгүй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. ...” гэсэн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2469 дугаартай дүгнэлт /1хх 109-117/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...***ын биед зүүн 5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, зүүн уушигны эдийн няцрал, цээжний зүүн хөндийд хий шингэн хуралдалт, өвчүү яс, сээрний 8,9,10-р нугалмын их биеийн хугарал, сээрний 5,6,8,9-р нугалмын зүүн хөдлөн сэтэн, бүсэлхийн 1-р нугалмын баруун хөндлөн сэртэн, сээрний 8,9-р нугалмын арын хөдлөн сэртэнгийн хугарал, зүүн ухархайн доод хана, зүүн хоншоорын урд болон арын ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний гадна булан, зүүн хацар шанаанд цус хуралт, зүүн шанаа, баруун мөрөнд зулгаралт, зүүн шагайнд цус хуралт зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12017 дугаартай дүгнэлт /1хх 172-175/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...П.***ийн биед баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...” гэсэн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11960 дугаартай дүгнэлт /1хх 179-180/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...***ын биед хэвлий, баруун гуянд зулгаралт, ахар сүүл, зүүн гуя, баруун шилбэ, шагай, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12270 дугаартай дүгнэлт /1хх 185-186/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...***ийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны салст, дээд зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12267 дугаартай дүгнэлт /1хх 192-193/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...***ийн биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн бугалга, хоёр гуя, хоёр өвдөг, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12268 дугаартай дүгнэлт /2хх 19-21/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Г.***гийн биед хэвлийд нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12269 дугаартай дүгнэлт /2хх 27-28/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4432, 4430 дугаартай дүгнэлтүүд /1хх 214-215, 226-227/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 7/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9, 10, 11-12, 13-18/, цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-22, 25-32/, Тоёота Приус-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24/, Тоёота Приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 23/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх 35-36/, Нэт капитал ББСБ-ын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/38/2023 дугаартай албан бичиг /3хх 26/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “...Тоёота приус маркийн ***, ...Тоёота приус маркийн *** улсын дугаартай ...тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул... дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн 800, 801 дугаартай албан бичгүүд, Хас Үнэлгээ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №15 дугаартай “Тоёота приус 20 маркийн *** улсын дугаартай автомашины зах зээлийн үнэлгээ” техникийн үнэлгээ /2хх 52-55/, иргэний нэхэмжлэгч ***гийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,659,900 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлж өгнө үү. ... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,230,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлж өгнө үү. ...” гэсэн мэдүүлгүүд /3хх 17-20, 24-25/, амь хохирогч ***, *** нарын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Тамираас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /2хх 109-218/, амь хохирогч ***гийн хууль ёсны төлөөлөгч ***ын өмгөөлөгч Э.Шинэцэцэгээс хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /2хх 69-108/, хохирогч ***ын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /3хх 17/, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1160 дугаартай “...Жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл байх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадлагаа /2хх 220-223/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч ***ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, гурван хүний амь нас хохирсон хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Р.Батцогт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд хуульд заасны дагуу үнэлж дүгнэсэн эсэхийг хянан үзээд шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарсан ба анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэх”-ээр заасан ялаас шүүгдэгч ***ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 5,1 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэж заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохирол болох оршуулгын зардлууд, амь хохирогч ***, хохирогч *** нарын эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагаас эмчилгээ үйлчилгээ авсан зардлууд, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн хохирлуудыг анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тооцож шийдвэрлэсэн, нас барсан хохирогч нарын гэм хорын хохирлуудыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар гаргуулан тооцсон байгааг буруутгах боломжгүй ба ингэж шийдвэрлэхдээ 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасанд нийцсэн байна.
Иймд, шүүгдэгч ***ын өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт найруулга, техникийн шинжтэй алдаа гарсан байх тул уг алдааг зөвтгөж зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд эдгээр нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч ***ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/958 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтын “Шүүгдэгч *** овогт ***ын ***ад...” гэснийг “Шүүгдэгч *** овгийн ***ын ***ыг...” гэж,
2 дахь заалтын “...шүүгдэгч ***ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар ял оногдуулж шийтгэсүгэй...” гэснийг “шүүгдэгч ***ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж,
10 дахь заалтын “...шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэснийг “...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ын өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 84 /наян дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА