Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 0821

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир, улсын яллагч Э.Оюунтунгалаг, шүүгдэгч Ж.С  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  О  овогт Ж С холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн  1806014920931 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О  овогт Ж С,  32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик инженер  мэргэжилтэй, Бэст фэшн ХХК-д механикч ажилтай, ам бүл 4,  эхнэр, хүүхдүүдийн   хамт ,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,        

Холбогдсон хэргийн талаар:

Ж.С нь 2018 оны 2 дугаар сарын 10-ны орой  гэртээ хадам эцэг болох Б.Э хамт архи ууж байгаад маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Ж.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Нэмж тайлбарлах зүйл байхгүй гэв.  

     Шүүгдэгч  Ж.С мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хадам аавын Тоёотоа Пробокс маркийн машины лонжромыг янзлуулах гээд найз Энхсайхныг дуудсан. Тэгээд Э ирэхээр нь хадам ааваас машиных нь түлхүүрийг авч гараад машиныг нь үзүүлсэн. Э 20.000 төгрөг өгчих гэхээр нь хадам аав уг мөнгийг өгсөн. Э уг мөнгөөрөө нэг шил архи, мөн пиво худалдан авсан. Архийг нь хамад аав, Э бид 3 хувааж уусан. Тухайн өдөр хадам аав ууртай байсан бөгөөд хутга барьчихаад намайг загнаад байсан. Э хадам ааваас хутгыг нь аваад цааш нь тавьсан. Тэгээд Э яваад өгсөн. Би хадам аавд та намайг хутгалах гээд байгаа юм уу гэхэд хутгалсан ч яадгийн гээд ширээн дээр байсан хутгыг аваад миний баруун шанаанд үзүүрээр нь тулгаад байсан. Тэгэхээр нь би хутгатай гарнаас нь бариад хажуу тийш нь дарж унагаад дээр нь гарч хутгыг нь гарнаас нь тавиулаад нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр эвлэрээд унтахаар болоод хэвтэж байтал хадам аав гэнэт орилоод чи миний охины гэрээс зайл гээд хүрээд ирсэн. Би өөрийнхөө гэрт байна та харин зайл гээд маргалдсан. Бид хоёр мөн барьцалдаж аваад зодолдсон. Би тэр үед мөн нүүр лүү нь 3-4 удаа цохисон. Би хэрэлдээд байхаар нь ванны өрөө рүү оруулаад толгойг нь хүйтэн усаар угааж байтал мөн надтай ноцолдсон ба тэрээр ванн руу унасан. Яг тэр үед цагдаа ирсэн. Би ванны өрөө орохоосоо өмнө цагдаа дуудчихсан байсан юм гэжээ. /хх-ийн 12/ 

     Хохирогч Б.Э мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүргэн С гэрт байж байснаа интернет орчихоод ирий гээд гарсан. Тэрээр гэртээ эргэж ирэхдээ согтуу ирсэн. Ирэхдээ нэг залуутай хамт ирсэн. Тэгээд миний машиныг засуулахаар болсон. Уг залуу машин засчихаад явахаар болтол С манай найзад мөнгө хэрэгтэй байгаа юм та 20.000 төгрөг өгчих гэхээр нь би 20.000 төгрөг өгсөн. Тэр хоёр хамт гараад явсан нилээн удаж байснаа орж ирэхдээ нэг шил архи, пиво барьж орж ирсэн. Тэгэхээр нь би чи худлаа хэлж хүнээс мөнгө авсан байна архины мөнгө л авсан юм байна шүү дээ гэж хэлсэн. Би тухайн үед мах идэж байсан болохоор хутгатай гараараа түүн рүү заагаад загнасан юм. Тэгээд бид гурав нийлээд нөгөө авч ирсэн архийг нь уусан. С уйлаад та намайг хутгалах гэлээ алах нь байна шүү дээ шээд байхаар нь би түүнийг аргадаад бид гурав архиа уугаад дуусан. Тэр хоёр архи дууссан чинь ирсэн залуу яваад өгсөн. С гарах гэхээр нь би яах гэсийн  гэртээ бай гэж хэлсэн. Гэтэл дахиад уйлаад та намайг хатгах гэлээ гээд байхаар нь би аргадаад байж байтал та нар миний байрнаас яв, та нар надад юу өгсөн юм гээд байсан. Тэгэхээр нь би гарах гэтэл намайг гаргахгүй гээд бид хоёр муудалцаж зодолдсон. Тэрээр намайг ванны өрөө рүү оруулж усанд булхуулсан. Би тэгэхээр нь түүнтэй ноцолдсон чинь бид хоёр ванн руу унасан. Тэгээд би дунд бэр А цагдаа дууд гэхэд нөхөр лүүгээ ярьсан байсан. Тэгээд манай хүү цагдаад дуудлага өгсөн юм байлаа. Би хутга шөвөг ерөөсөө бариагүй. Одоо надад санал гомдол гэх юм алга. С эхнэр хүүхдээ л сайхан аваад явчихвал болоо гэжээ. / хх-н 4-10/    

    Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хадам аав Э, ээж А болон хадам эгчийн хүүхдүүдийн хамт 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймгаас  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо амьдрах хүргэн С ирсэн юм. 2 дугаар сарын 10-ны өдөр С нэг найз гээд хүн манайд ирсэн ба С гаднаас нэг шил архитай ирсэн. Уг архийг хадам аав, С, нөгөө залуу 3 хувааж уусан. Ингээд  унтаж байтал гэнэт зодолдох чимээ гарахаар нь би босоод очтол хадам аав, С хоёр заамдалцчихсан байж байсан. Би тэр хоёрыг салгахад хадам аав нөгөө өрөөнд ороод хувцас хунараа өмсөөд гарлаа гэхэд С аавыг гаргахгүй гээд байсан. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад ванны өрөө рүү орсон. Надад хотод таних хүнгүй болохоор би нөхөр лүүгээ ярьсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Гэтэл хадам аав хавирга эвгүй болчихлоо гээд байсан. Хадам аавын нүүр, ам халцарч зулгарсан байсан гэжээ.  /хх-н 14-16/

   Толгойн компьютер томографийн шинжилгээ,цээжний хөндийн  компьютер томографийн шинжилгээ / хх-н 17-20/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 22/

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2527 дүгнэлт.

1.Б.Э биед баруун 2,3 дугаар хавирганы бүрэн бус хугарал, баруун 1-р хуруу дух, баруун зүүн хацар, хамар, зүүн чих дэлбэнд цус хуралт, дух баруун шуу, сарвуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 47/

 Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн нэмэлт 447 шинжилгээний  дүгнэлт:

1.Хохирогч Б.Э биед учирсан баруун 2,3 дугаар хавирганы бүрэн бус хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

2.Баруун 1 дүгээр хуруу, дух, баруун зүүн хацар, хамар, зүүн чих дэлбэнд цус хуралт, дух, баруун шуу, сарвуу, зүүн сарвуу зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-н 48/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 24, 49-50/

            Ж.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 56-57/

           Ж.Ст эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 51-55/

          Ж.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 27 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 28-32/ зэрэг болно.  

          Ж.С нь 2018 оны 2 дугаар сарын 10-ны орой  Баянзүрх дүүргийн 16 дугаар  хорооны Монгол хотхоны 66е дугаар байрны 73 тоотод гэртээ хадам эцэг болох Б.Э хамт архи ууж байгаад түүнийг гэрээсээ хөөж гарах гэхэд нь гаргахгүй гэж маргалдан түүний баруун 1 дүгээр хуруу, дух, баруун зүүн хацар, хамар, зүүн чих дэлбэнд цус хуралт, дух, баруун шуу, сарвуу, зүүн сарвуу зулгаралт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн түүний 2,3 дугаар хавирганы бүрэн бус хугарал бүхий  хүндэвтэр гэмтэл эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэг  тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:       

       Хохирогч  Б.Э мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн … та нар миний байрнаас яв, та нар надад юу өгсөн юм гээд байсан. Тэгэхээр нь би гарах гэтэл намайг гаргахгүй гээд бид хоёр муудалцаж зодолдсон. Тэрээр намайг ванны өрөө рүү оруулж усанд булхуулсан. Би тэгэхээр нь түүнтэй ноцолдсон чинь бид хоёр ванн руу унасан. Би хутга шөвөг ерөөсөө бариагүй. Одоо надад санал гомдол гэх юм алга. С эхнэр хүүхдээ л сайхан аваад явчихвал болоо гэсэн мэдүүлэг  / хх-н 4-10/   

    Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … хадам аав нөгөө өрөөнд ороод хувцас хунараа өмсөөд гарлаа гэхэд С аавыг гаргахгүй гээд байсан. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад ванны өрөө рүү орсон. Надад хотод таних хүнгүй болохоор би нөхөр лүүгээ ярьсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Гэтэл хадам аав хавирга эвгүй болчихлоо гээд байсан. Хадам аавын нүүр, ам халцарч зулгарсан байсан гэсэн мэдүүлэг   / хх-н 14-16/

             Шүүгдэгч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …Би өөрийнхөө гэрт байна та харин зайл гээд маргалдсан. Бид хоёр мөн барьцалдаж аваад зодолдсон. Би тэр үед мөн нүүр лүү нь 3-4 удаа цохисон. Би хэрэлдээд байхаар нь ванны өрөө рүү оруулаад толгойг нь хүйтэн усаар угааж байтал мөн надтай ноцолдсон ба тэрээр ванн руу унасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

         Ж.С нь өөрийн хадам эцэгтэй хамт архи ууж байгаад гэрээсээ хөөж та нар надад юу өгсөн юм бэ гэж хэлэн маргаан үүсгэж хоорондоо маргалдаж улмаар Э нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол, ванны өрөө рүү чирж оруулан ванн руу унагасанаас түүний хавиргыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, Ж.С энэ үйлдлүүдийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байна.

        Иймд Ж.С Эрүүгийн хуулийн тугай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг   тус тус тогтоож хуульд заасан ял шийтгэлүүдийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Хохирогч Б.Э нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Ж.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялуудын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О  овогт Ж С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болохыг   тус тус тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж. С  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  Ж.Сг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-д зааснаар Ж.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан   450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар          Ж.С нь торгох ялыг гурван   сарын дотор  нэг сард 300.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн  5-д  зааснаар          Ж.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол эдлээгүй үлдсэн ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Ж.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.                              

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,   Ж.С нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ж.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН