| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2408001140505 |
| Дугаар | 2024/ДШМ/1319 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1319
***өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Сувданчимэг,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /цахимаар/,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/1139 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2408001140505 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овгийн ***ын ***, 1973 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:***/,
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас ***тай маргалдан улмаар түүнийг сандал дээр сууж байх үед нь түлхэж унаган сандлаар толгойн тус газарт нь цохих, хөлөөрөө дэвсэх зэрэг байдлаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: ***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг 3 (гурав) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***өөс 3,002,000 (гурван сая хоёр мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг хүлээн авах боломжгүй байгаа дараах үндэслэлийг гаргаж байна. 1. Надад холбогдох хэргийг анхан шатны шүүх анхны хуралдаанаараа авч хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа хэд хэдэн үндэслэлийг гаргаж, үүний дотор “хоёр хүн нэг хүнийг зодоод байна гэж анхны дуудлага өгсөн байхад нэг хүн буюу *** ***ийг зодсон гэж ирүүлж байгаа нь ойлгомжгүй байна” гэсэн нь миний хувьд ихээхэн ач холбогдолтой заалт боллоо гэж бодож байв. Гэтэл шүүхийн заалтыг хангаж шалгахын оронд ганцхан намайг хэрэгт холбогдуулахын тулд бүхий л ажиллагааг хийж, намайг гэмт хэрэг үйлдсэн гэж ял төлөвлөсөнд гомдолтой байгаа юм.
2. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, ***ийн талынхан, эхнэр, хүүхэд, ах дүүсээрээ нийлж, үгсэн хуйвалдаж мэдүүлэг өгч намайг л хэрэгт холбогдуулж шийтгүүлэхийн төлөө ажиллаж байна шүү дээ. Хамгийн анх “хажуугийн айлд хоёр хүн нэг хүнийг зодоод байна” дуудлагыг хэн өгснийг огтын шалгасангүй, мөн *** хэрэг асуудал болсны дараа салсан гэх авгай руугаа яаравчлан очиж, “чиний явалддаг хоёр хүн намайг зодчихлоо” гэж хэлсэн зэрэг нь ***ийг ямар ч байсан хоёр хүн зодсоныг хэлээд байгаа биш үү.
3. Мөн хэргийн газрын үзлэгт анх ирсэн Сонгинохайрхан дүүргийн хоёр цагдааг огт асуулгүй орхиж, үүний оронд ***ийн салсан авгайн оршин амьдардаг хорооллын цагдаагаар хэргийн газрын үзлэг хийлгэж, түүнийг гэрчээр асууж байгааг гайхаж байна. Хэргийн харьяаллыг бодсон ч, анх хэргийн газарт ирсэн Сонгинохайрханы хоёр цагдааг заавал асууж байцаах ёстой гэж үзэж байна. Нөгөө талаар анх дуудлага өгсөн хүнийг олж байцаах, яагаад хоёр хүн нэг хүнийг зодоод байна” гэж дуудлага өгсөн бэ гэдгийг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Мөн дуудлага хүлээж авсан цагдаагийн газрын тэмдэглэлд хэн гэдэг хүн, чухам юу юу гэж хэлж дуудлага өгснийг тодруулах бүрэн боломж байгааг анхаарч ажиллагаа хийхийг хүсэж байна.
4. Хорооллын цагдааг очиход хэргийн газарт байсан цус гэсэн зүйлээ арччихсан байсан нь ихээхэн сэжигтэй байна. Яагаад хэргийн газрын нотлох баримтыг арилгаж байгаа юм гэж цагдаа нар хэлж байсан гэх ба намайг зодсон гэж байгаа бол аль болохоор тэр цусаа хэвээр нь байлгаж хуулийнханд үзүүлэх ёстой биз дээ?. Би үүнийг өөрсдөө зодолдчихоод хэргийн ул мөрөө яарч сандран, санаатай арилгасан үйлдэл гэж үзэж байгааг лавшруулан шалгахыг хүсэж байна.
5. Цус гээд байгаа зүйл үнэхээр цус мөн эсэх талаар шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт гараагүй нь ихээхэн учир дутагдалтай байна. Тэр цус гэсэн зүйлд шинжилгээ хийж, чухам хэний цус болохыг тогтоох боломж байсаар байтал юу ч хийгдсэнгүй.
6. *** мэдүүлэхдээ, *** намайг түлхэж унагаад сандлаар олон удаа цохиж, толгой дээр гутлаараа дэвсэж байсан гэсэн нь үнэмшил байхгүй, худал гүтгэлэг гэж үзэж байна. Тэр айлын сандал бол барагтай хүн даахааргүй, 5-ын банз шиг зузаан банзаар хийгдсэн юм билээ. Мөн миний гутал бол цэргийнхний өмсдөг зузаан ултай гутал, хүний толгой дээр дэвссэн юм бол юун хөнгөн гэмтэл, хэгз хэгз татчихмаар, аюултай гэмтэл учруулмаар гутал шүүдээ. Тэгээд ч *** бол толгойдоо операци хийлгэсэн байсан хүн, надаар дэвсүүлэх юм бол юу үлдэх билээ?. Би 51-тэй. *** надаас хоёр дүү хүн, надаар зодуулаад хэвтэж байх уу?. Намайг зодсон гэж ганцхан *** л хэлж байгаа болохоос биш, намайг зодож байгааг харсан хүн байхгүй шүү дээ. ***ийн ах *** хүртэл “Би юу ч хараагүй, мэдэхгүй” гэж байгааг анхаарах ёстой.
7. *** намайг хамт архи уугаад зодсон гэж ярьсан нь үндэсгүй. Би ***тай архи огт уугаагүй, харин ***ийг ирэхээс өмнө ***ийн ах ***, *** гурвуулаа нэг шил архи уусан байсан бөгөөд *** ирсний дараа түүнтэй архинд явж нэг шил архи авч ирэхэд түүнээс уугаагүй, гэр лүүгээ гарч явсан юм. Үүнийг шүүх хурал дээр хэлсэн ч анхаарсангүй.
8. *** гаднаас орж ирэхдээ согтуу байсан бөгөөд толгойноос юм гараад байна гээд гараараа тэврээд, бөхийгөөд суугаад байсан нь ямар учиртай юм?, хэн нэгэнд зодуулчхаад толгойноос нь цус гарсныг намайг зодсон болгоод байна уу гэж ч хүртэл сэжиг төрж байна.
9. Шүүх хуулийн байгууллага нэг зүйлийг онцгой анхаармаар байна. Энэ нь *** орж ирсний дараа түүний ах *** “Би ***т атаман явлаа” гэсэн маягтай юм яриад байхад *** чиний атаман гэж юу байсан юм гээд муудах маягтай болоход би за ах дүү нар боль боль гээд салгаж байсан. Магадгүй намайг явсны дараа тэр хоёрын хооронд энэ хэрүүл үргэлжилж зодолдсон биш байгаа гэж бодогддогоо хэлье. Ямар ч байсан шалгах асуудлын нэг мөн.
10. Энэ бүгдийг эцэслэн шалгалгүй, зөвхөн намайг буруутан болгож байгааг яаж ч бодсон, ах дүү нар хоорондоо муудаж зодолдоод, сүүлдээ хуйвалдаж над руу хэрэг чихэж, өөрсдөө хэргээс мултрах, нийгмийн даатгалын төлбөрөө надаар төлүүлэх хуйвалдаан зохион байгуулж байгаа, үүний тулд огт өөр газрын харьяаллын цагдааг хэргийн газар очуулсан нь тодорхой л байна шүү дээ.
11. Эцэст нь тэмдэглэж хэлэхэд, үйлдээгүй хэргийн төлөө ингэж хилс хэрэгт холбогдож ял хариуцлага хүлээхэд үнэхээр гомдолтой байна. Дээр нь, улсад учруулсан хохирол гэж ***ийн нийгмийн даатгалын мөнгө 3 сая төгрөгийг төлнө гэдэг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж группэд байдаг, ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, зөвхөн группийнхээ хэдхэн төгрөгөөр амьдарлаа залгуулж байдаг надад дааж давшгүй ачаалал болж байгааг шүүх, хуулийн байгууллага онцгойлон анхаарч, надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч ***гийн гэрт *** 2 хүнд зодуулсан гээд ирсэн, тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж мэдүүлсэн. Сүүлд энэ хүнийг чадах гээд мэдүүлэг өгсөн гэх асуудал яригдсан. Гэрч *** Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** тоотод 2 залуу зодоод тархийг нь хагалчихсан ГССҮТ-ийн хүлээн авахад ирсэн байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн талаар мэдүүлдэг. Энэ утгаараа тухайн үед хохирогч болон гэрч үнэн зөв мэдүүлэг өгсөн. Сүүлд мэдүүлэг өөрчлөгдсөн нөхцөл байдал байгаа. Эдгээр мэдүүлэг нь ***ийн өгсөн мэдүүлэгтээ нөхцөлдөж байгаа учраас гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрч, хохирогчийн мэдүүлэг тодорхой, ойлгомжтой байсан. Гэм буруугийн асуудал дээр эргэлзээ төрж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч *** нь хохирогч ***ийн эрүүл мэндэд идэвхтэй хууль бус санаатай үйлдлээр халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нотлогдон тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***аас хууль сануулж 4 удаа мэдүүлэг авсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч *** нь биечлэн оролцож болсон үйл баримтын талаар нөхцөл байдлыг тодруулах байдлаар мэдүүлэг өгсөн. Хавтаст хэрэгт бусад гэрчүүд буюу хэрэг үйлдэгдэхэд байсан ах нь гэх н.***, түүний хүү ***, хохирогч ***ийн салсан эхнэр болох ***, цагдаагийн албан хаагч *** анх дуудлага, мэдээлэл хүлээж аваад очиж шалгахад ямар нөхцөл байдалтай байсан, хэн ямар өгүүлэмж хэлж байсан, юу өгүүлж байсан талаарх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт тодруулсан байгаа. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцэст шүүгдэгч *** нь ***ийн биед сандлаар цохих, дээрээс нь хөлөөрөө дэвсэх байдлаар халдаж зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан нөхцөл байдал бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон учраас анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн. Цагдаагийн байгууллагад 2 хүн зодуулсан гэдэг байдлаар дуудлага, мэдээлэл өгсөн гэж гомдолд дурдсан асуудлыг мөн тодруулах байдлаар гэрчүүдийг асуусан. Гэрч *** нь анх ***ийн хэлсний дагуу дуудлага, мэдээллээ 2 хүнд зодуулсан хүн ГССҮТ-д хүрэлцэн ирлээ гэдэг байдлаар мэдүүлсэн байх боловч өөрөө хэргийн газар байгаагүй. Яагаад ийм байдлаар дуудлага, мэдээлэл өгсөн бэ гэхэд хохирогч *** анх түүнд хэлэхдээ ийм байдлаар хэлж байсан. Гэхдээ яагаад ийм байдалтай хэлж байсан шалтгааныг нь хохирогч, гэрч нараас аль алинаас нь тодруулсан. Мөн цагдаагийн албан хаагчаас дуудлага, мэдээлэл анх яагаад тэгж өгөгдөх болсон бэ гэдэг шалтгаан нөхцөлийг тогтоох байдлаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн үзэж байгаа. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 7-17 тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас ***тай маргалдан улмаар түүнийг сандал дээр сууж байх үед нь түлхэж унаган сандлаар толгойн тус газарт нь цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч ***ийн “...2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны *** тоотод төрсөн ах *** ахтайгаа уулзах гээд гэрт нь очсон чинь үл таних ***, *** гэх хүмүүс байсан. Тэгээд би та нар яагаад энд архи дарс ууж байгаа юм энд та нарын архи уудаг газар биш гэсэн чинь үл таних *** гэх залуу надтай хэрүүл маргаан хийсэн. Тэгээд намайг сандал дээр сууж байхад түлхэж унагаагаад жижиг сандлаар миний толгой хэсэг рүү 8-10 удаа цохисон, бас хөлөөрөө баруун талын чих шанаа хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би одоо болилдоо гээд орилсон чинь тэр *** гараад яваад өгсөн. Тэгээд би ах *** орон дээр унтаж байхад нь хажуугаар нь ороод унтсан. Би 21 цагийн үед босоод эхнэр дээрээ очсон чинь цагдаа болон түргэн тусламж рүү залгаж дуудлага өгсөн. 0.5 литрийн хэмжээтэй Хараа гэсэн нэртэй архи авч ирээд ***тэй болон *** ахтай хамт гурвуулаа хувааж уусан. Бид нарыг архи ууж байхад *** ахын хүү *** гаднаас гэрт орж ирээд “Одоо та нар архи уухаа боль” гэж хэлж байсан бөгөөд хүнтэй уулзана гээд буцаад гараад явчихсан. Тэгээд бид нар архиа үргэлжлүүлээд ууж байгаад би ***тэй маргалдсан. Бид хоёр маргалдаад *** нь гэнэт босож ирээд намайг жижиг цэнхэр өнгийн модон сандал дээр сууж байхад намайг түлхэж унагаагаад миний сууж байсан жижиг сандлаар толгой руу олон удаа цохиж эхэлсэн. Би тэр үед урьд өмнө толгойдоо гэмтэл авч байсан газраа хамгаалаад доошоо хэвтсэн бөгөөд *** нь үргэлжлүүлээд намайг зодоод болихгүй байсан. Тэгээд хэвтэж байхад дээрээс хөлөөрөө дэвсэж байгаад намайг үлдээгээд гараад явчихсан. Би явсных нь дараа тэр хавиар болсон өөрийнхөө цусыг цэвэрлээд *** ахын хажуугаар ороод унтаж байхад гаднаас *** орж ирээд “Таныг хэн зодсон юм” гэж асууж байсан. Би тэр үед нь *** намайг зодсон гэж хэлсэн. ...” /хх 16, 18, 21-22, 107/,
гэрч Г.***гийн “...2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэртээ хэрэглэнэ гээд өглөө 09 цагийн орчимд аав ***т мах аваарай гээд 300,000 төгрөг өгсөн бөгөөд аав *** нь урд гудамжинд амьдардаг *** болон *** ах нартай хамт нийлээд зах явж мах аваад ирсэн байсан. Тэр хэд мах аваад ирэхэд би гэртээ унтаад байж байсан бөгөөд гаднаас *** ах орж ирээд “Та нар гэр эзгүйчлээд, архи уулаа” гэж уурлаад чанга яриад байхаар нь гараад явчихсан. Тэгээд явж байгаад орой ирэхэд аав *** болон ах *** нар нь байсан бөгөөд *** надад хандаж ***д зодуулсан гэж хэлж байсан. Тэр үед аав сэрүүн байсан бөгөөд *** ах чинь *** ахыг чинь зодчихлоо гэж хэлж байсан бөгөөд гэрийн шалаар зөндөө цус болчихсон *** ахын нүүр хавдаад цус болчихсон байсан. Тэгээд би буцаад гараад явчихсан. ...Манай гэрт ирэхдээ эрүүл архи уугаагүй бусдад ямар нэгэн байдлаар зодуулаагүй байсан. ...” /хх 26/,
гэрч Б.***ийн “...би ганцаараа 0.33 литрийн хэмжээтэй Хараа гэсэн бичиглэлтэй архи уусан бөгөөд *** хүүхэд сургуулиас нь очиж авна согтуу жолоо барихгүй гээд уугаагүй. Би архи ууж дуусаад унтчихсан. Намайг унтсаны дараа *** мах чанаад байж байхад дүү *** болон манай урд гудамжинд амьдардаг *** /***/ нар орж ирсэн байсан. Дүү *** болон *** хоёр архи авахаар дэлгүүр гарсан бөгөөд *** ач хүүгээ авах гээд сургууль руу явсан бөгөөд тэр гурав цуг манай гэрээс гарсан. Би унтаж байхад цагдаа нар ирээд намайг сэрээсэн. Би сэрээд харахад гэрийн шалан дээгүүр энд тэндгүй цус гоожсон байсан. Би ямар зодоон болсон талаар сайн мэдэхгүй байна. ...” /хх 24/,
гэрч ***гийн “...гэртээ байж байтал 12 дугаар сарын 11-ний шөнө 01 цаг өнгөрч байхад салсан нөхөр *** зодуулсан байдалтай, нүүр нь хавдчихсан, хувцас нь цус болчихсон байдалтай орж ирсэн ба тэгэхээр нь би яасан юу болсон талаар асуухад чиний явалддаг 2 залуу чинь сая манай байрны хойд талын хогийн цэгийн хажуу талд зодчихоод яваад өглөө гэж ярьсан. Гэхдээ надад ямар нэгэн явалддаг хүн байхгүй. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад би дуудлага, мэдээлэл өгөхдөө 2 хүнд зодуулсан гэх байдалтай ирсэн гэж дуудлага өгсөн ба мөн түргэн тусламжид хандсан. Тэгэхдээ хүү ***ын *** гэсэн дугаараас дуудлага өгсөн. Удалгүй Баянголын цагдаагийн албан хаагч нар ирээд ***аас яасан юу болсон талаар асуухад мөн адил дээрх болсон явдлыг хэлсэн ба түргэн тусламж ирж үзээд эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд ***ийн хамт эмнэлэг рүү явсан. Тэгээд салсан нөхөр ***аас цагдаагийн албан хаагч нар юу болсон талаар дахин асуухад би харвалт өгөөд хагалгаанд орж байсан, буруу зөрүү санаад байх шиг байна, ***д ахынхаа гэрт архи ууж байхдаа хамт архи ууж байсан ахын найзад зодуулсан гэж хэлж байсан. ...Тухайн үед салсан нөхөр *** хэлэхдээ ахын найз, урд талын гудамжинд байдаг залуу л зодсон гэсэн. ...Тухайн үед манайд ирэхдээ таксигаар ирсэн гэж хэлсэн. Ер нь нэлээн согтолттой байсан. Нүүр нь хавдсан, толгойноос нь цус гараад хувцас нь цус болчихсон байдалтай манай гэрт орж ирсэн. ...” /хх 113-114/,
гэрч ***ийн “...Би 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 08:30 минутаас Ачит-112 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч ***гийн хамт үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа шөнө 02 цаг 22 минутын үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** дугаар гудамж *** тоотод /50 настай эрэгтэй хүнийг 2 залуу зодоод тархийг хагалчихсан байна одоо ГССҮТ-ийн хүлээн авах дээр ирсэн байна/ гэх дуудлага, мэдээллийн дагуу тухайн хаяг дээр очиж шалгахад тухайн хаягийн эзэн *** гэх хүн ганцаараа байсан ба нөхцөл байдлыг тодруулж асуухад тухайн хүн мах авч ирээд тэрийгээ эвдэж, янзалж байсан гэсэн ба зодоон болсон эсэх талаар асуухад би сайн мэдэхгүй байна, архи уугаад тасраад унтаад өгсөн. Манай гэрээр дүү ***, урд гудамжинд амьдардаг *** гэх хүмүүс орж ирж архи уусан талаар ярьж байсан. Мөн дуудлага, мэдээлэл өгсөн хүнтэй ярихад эмэгтэй хүн байсан ба манай нөхөр зодуулсан байдалтай бид хоёр Гэмтэл дээр ирсэн байна. Эхнэрээс нь юу болсон талаар асууж дуудлага, өгсөн хаяг дээрээ юм уу гэхэд тийм гэх шиг болсон. Тэгээд ямар хүнд зодуулсан талаар асуухад тухайн зодуулсан газрын урд талд байдаг, одоо нэрийг нь санахгүй байна, тухайн үед нэрийг нь хэлж өгч байсан. Урд талын гудамжинд байдаг айлын хүнд л зодуулсан гэж ярьж байсан. Тэгээд жижүүрт бүрэлдэхүүнд дуудуулаад үзлэг хийлгүүлсэн. ...” /хх 117-118/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...***ийн биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, дагзны хуйх, зүүн мөр, баруун тохой, шуунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт /хх 31-32/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч *** ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар хохирогч ***ийг сандлаар цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч ***ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг 3 /гурав/ сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** “...анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй, хохирогч, гэрч нар худал мэдүүлэг өгсөн, хэргийн газрын үзлэг хийсэн цагдаа нараас мэдүүлэг аваагүй, хилс хэрэгт холбогдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гомдолтой байгаа тул надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч ***ийн “...бид нар архиа үргэлжлүүлээд ууж байгаад би ***тэй маргалдсан. Бид хоёр маргалдаад *** нь гэнэт босож ирээд намайг жижиг цэнхэр өнгийн модон сандал дээр сууж байхад намайг түлхэж унагаад миний сууж байсан жижиг сандлаар толгой руу олон удаа цохиж эхэлсэн. ...*** нь үргэлжлүүлээд намайг зодоод болихгүй байсан. Тэгээд хэвтэж байхад дээрээс хөлөөрөө дэвсэж байгаад намайг үлдээгээд гараад явчихсан. …” гэх мэдүүлэг нь гэрч Г.***гийн “...орой ирэхэд аав *** болон ах *** нар нь байсан бөгөөд *** надад хандаж ***д зодуулсан гэж хэлж байсан. Тэр үед аав сэрүүн байсан бөгөөд *** ах чинь *** ахыг чинь зодчихлоо гэж хэлж байсан бөгөөд гэрийн шалаар зөндөө цус болчихсон *** ахын нүүр хавдаад цус болчихсон байсан. Тэгээд би буцаад гараад явчихсан. ...Манай гэрт ирэхдээ эрүүл архи уугаагүй бусдад ямар нэгэн байдлаар зодуулаагүй байсан. ...”, гэрч Б.***ийн “...Би сэрээд харахад гэрийн шалан дээгүүр энд тэндгүй цус гоожсон байсан. ...” гэрч ***гийн “...***д ахын найзад зодуулсан гэж хэлж байсан. ...”, гэрч ***ийн “...ямар хүнд зодуулсан талаар асуухад тухайн зодуулсан газрын урд талд байдаг, одоо нэрийг нь санахгүй байна, тухайн үед нэрийг нь хэлж өгч байсан юм, урд талын гудамжинд байдаг айлын хүнд л зодуулсан гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлгүүд, “...***ийн биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, дагзны хуйх, зүүн мөр, баруун тохой, шуунд цус хуралт хамрын нуруунд зулгаралт, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудтай тохирсон ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Тодруулбал, “...Хохирогч *** нь Б.***ийг согтоод унтсан, н.*** хүүхдээ авах гээд явсан хойгуур шүүгдэгч ***тэй үлдсэн энэ үед маргалдаж шүүгдэгч *** нь түүнийг цэнхэр өнгийн сандлаар цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодсон гэж мэдүүлсэн нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болон цохисон гэх эд зүйлийн шинжтэй таарсан. Улмаар гэрч Г.***гийн мэдүүлэгт хохирогч *** нь тэдний гэрт ирэхдээ ил харагдах гэмтэл шархгүй байсан, харин өөрийг нь гэрээсээ гарч явчхаад буцаж ирэхэд гэрийн шалаар зөндөө цус болчихсон, ***ийн нүүр хавдаад цус болчихсон байдалтай “***д зодуулсан” гэж хэлсэн талаар гэрчилж мэдүүлсэн бол гэрч Б.*** нь “н.*** хүүхдээ авах гээд явсан, архинд ***, *** нар явсан, би согтоод унтчихаад босож ирэхэд гэрийн шалан дээгүүр цус гоожсон байсан” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл, тэдгээр нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд юу болоод өнгөрснийг хараагүй ч тэдний гэрт гэмт хэргийн ул мөр илэрсэн төдийгүй хохирогчид гэмтэл учирсан, гэрт нь *** болон *** хоёр л үлдсэн байсныг мэдүүлсэн байн. Эндээс үзвэл, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** тоот хашаанд байрлах иргэн Б.***ийн байшинд шүүгдэгч *** нь хохирогчийг гэмтээсэн гэж дүгнэхээр байна. ...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл хэргийн баримтуудаар тогтоогдоогүй болно.
Түүнчлэн, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд хохирогч *** нь гэрч *******д 2 хүнд зодуулсан гэж хэлэхдээ түүнийг айлгах, чадах зорилгоор хэлсэн, харин цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ болон гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ болсон бодит нөхцөл байдлын талаар мэдүүлсэн үйл баримт байх тул гэрч, хохирогч нарыг худал мэдүүлсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаар шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлж, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд, шүүгдэгч ***ийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/1139 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА