Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0215

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В, хариуцагч Ш.Э, Х.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0070 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В, С.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Э, Х.Н нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0070 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1 гэж заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Э, Х.Н нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч Х.Н, Ш.Э нарын 2017 оны 06 дугаар арын 30-ны өдрийн 210020534 дугаартай актын 1.4, 1.6 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөрийн хэмжээг багасгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.6-д заасныг үндэслэн шийдвэрлүүлэх, тус актын 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт заасан хэсгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэн өршөөлд хамруулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В, С.Б нар давж заалдах гомдолдоо: “...Татварын улсын байцаагч Х.Н, Ш.Э нар нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210020534 актаар торгууль, алданги ногдуулсан дээрх актын Тогтоох хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсгийг бүхэлд нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь дээрх зөрчлүүд 2012-2015 оны хооронд гарсан зөрчлүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамрагдах зохицуулалттай байна.

“М” ХХК нь Монгол Улсын Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу орлогоо цаг тухайд нь сайн дураараа үнэн зөв тодорхойлж ирсэн. Харин санхүүгийн нөхцөл байдлаас хамаарч зарим нэг сард татварыг хугацаа хожимдуулан төлөх үеүд байсан. Энэ бидний буруу гэдгийг ч бас хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтрүүлсэн тухайд ямар нэгэн маргаангүй гэдгээ шүүхийн шатанд ойлголцож, зөвхөн 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулахыг даалгаж өгөхийг хүссэн. Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зөвхөн нэг талын тайлбар үндэслэлийг барьж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг баримтлан өршөөлд хамруулахгүй байхаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0070 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн.

Гэтэл уг шүүхийн шийдвэр нь Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1-д тунхагласан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрэлдэхүүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн тулгуур зарчмыг зөрчиж байна.

Учир нь Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11 өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь ...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль, тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.10-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль нь ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна” гэж тус тус заасан билээ.

2015 оны Өршөөлийн хуулийн зарим, зүйл заалтууд нь хоорондоо дотоод болон хууль хэрэглээний ноцтой зөрчилтэй, хийдэлтэй байгаа, Үндсэн хууль, эрх зүйт хууль засаглах эрх зүйн онолын үзэл баримтлал, ардчилал, эрх зүйт төр, шударга ёсны шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй байгааг хуулийн байгууллага, хуульч судлаачид илэрхийлж байгаа. Дурдсан Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхдээ эрх бүхий байгууллагууд Өршөөл үзүүлэх тухай 1991, 1996, 2000, 2006, 2009 оны хуулиудын үзэл баримтлал, суурь зарчим, боловсронгуй зохицуулалтуудыг баримтлах ёстой юм.

2. Өршөөлд хамруулах хугацааны тухайд, маргаж буй татварын акт нь 2012-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж тавигдсан байх тул 2015 оны Өршөөлийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэсэн ойлголтод багтаж байгаа буюу гаргасан зөрчил нь хуульд заасан он, сар, өдрөөс өмнөх хугацааг хамаарч байгаа билээ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэлийг ...шүүхийн шатанд... шалган тогтоосон байна” гэж заасны дагуу “М” ХХК нь шүүхийн шийдвэрээр өршөөлд хамрагдахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Хугацаа хэтрүүлсэн татварын өр, торгууль, алданги /ААНОАТ, НӨАТ/-ын тухайд “М” ХХК нь тооцооны ямар нэгэн маргаан байхгүй, хууль хэрэглээний талаар маргаж байгаа болохоо анхан шатны шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байгаа. Ийнхүү 2015 оны Өршөөлийн хуулийг анхан шатны шүүх хэрэглэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлал, төрөөс өршөөл үзүүлэх суурь зарчмууд, шударга ёсны шаардлага, тухайн өршөөлийн хуулийн зүйл заалтыг логик дараалал зэргийг баримтлах ёстой байсан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2012, 2013, 2014, 2015, 2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдсон төсөвт төлөх татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаа хэтрүүлсэн тухайд маргаангүй гэдгээ шүүхийн шатанд ойлголцсон байх бөгөөд 210020534 дүгээр актын 1.4, 1.6 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөрийн хэмжээг багасгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй. Харин давж заалдах гомдолдоо “...актын Тогтоох хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсгийг бүхэлд нь ...өршөөлд хамруулах” гэжээ.

Анхан шатны шүүх “...“М” ХХК-ийн захиргааны зөрчил нь эрх бүхий албан тушаалтны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн актаар тогтоосон байх тул өршөөн хэлтрүүлэх хүрээнд хамрагдахааргүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн “210020534 дүгээр актын 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт заасан хэсгийг өршөөлд хамруулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

Учир нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтыг уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл захиргааны зөрчил гаргасан этгээдэд ногдуулсан захиргааны хариуцлагыг өршөөхөд чиглэгдсэн байна.

Мөн уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “...2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө... захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл захиргааны зөрчлийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан бол уг захиргааны зөрчил нь захиргааны шийтгэлээс чөлөөлөгдөхөөр хуулийн үйлчлэлийн цаг хугацааг зохицуулсан байна.

Хэдийгээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 210020534 дүгээр акт нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарсан боловч уг актын Тогтоох хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсгээр “М” ХХК-д ногдуулсан нийт 22,587,148,20 төгрөгийн торгууль, алдангийн зөрчил нь “М” ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдалдаа 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан захиргааны зөрчил болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх 22,587,148.20 төгрөгийн торгууль, алданги нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасанд хамааруулан өршөөн хэлтрүүлэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0070 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Э, Х.Н нарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210020534 дүгээр актыг 1.4, 1.6 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөрийн хэмжээг багасгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Н, Ш.Э нарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210020534 дүгээр актын 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсэг буюу “М” ХХК-д ногдуулсан хүү, торгууль, алданги нийт 22,587,148,20 төгрөгийг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР