Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00195

 

Ц.Туяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дүгээр шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаар магадлалтай,

         Ц.Туяагийн нэхэмжлэлтэй,

         Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох     

         Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч Ц.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорчимэг, Б.Баясгалан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Тус хэргийг хянан шийдвэрлэх явцад албадан дуудлага худалдаа болсон бөгөөд барьцааны зүйл болох миний өмчлөлийн орон сууц худалдан борлуулагдаагүй. Тиймээс анх шүүхэд гаргасан дуудлага худалдааг түр хойшлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих үндэслэлгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ийнхүү ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч А.Билгүүнтэй уулзаж төлбөр төлүүлэх арга хэмжээ авалгүй шууд миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн хууль бусаар албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний бие мэдсэн. Хуулийн дагуу дуудлага худалдаанд орж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь дуудлага худалдаанд орох эрхтэй. Мөн дуудлага худалдаа явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох эрхийг хуулиар олгосон байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл өмчлөгч Ц.Туяа миний үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа үнийн саналыг аваагүй нь өмчлөгч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа болсон. Хэт бага үнээр төлбөр авагч талд тооцон шилжүүлэх гэж байгаа хууль бус ажиллагаанууд нь надад болоод миний гэр бүл, үр хүүхдүүдэд маш их хохиролтой, эрхийг минь ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар хийсэн үйлдлийг тогтоож, барьцааны зүйлийг дахин дуудлага худалдаанд оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэгийн гаргасан хариу тайлбарт: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжаар А.Билгүүнээс 81 525 665 төгрөг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж А.Билгүүний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40а дугаар байр, 03 тоот 93 м.кв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Туяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байрны 34 тоот 42,5 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч А.Билгүүн зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 140 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээний “Мөнх Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 125 000 000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Ц.Туяа 34 тоот орон сууцаа 84 000 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч А.Билгүүн, өмчлөгч Ц.Туяа нарт мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40а байрны 3 тоот 93 м.кв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 125 000 000 төгрөгийн 70 хувь буюу 88 130 000 төгрөгөөр, Ц.Туяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байр, 34 тоот 42,5 м.кв талбайтай орон сууцыг харилцан тохиролцсон үнэ 84 000 000 төгрөгийн 70 хувь буюу 58 800 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн худалдан борлогдоогүй тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанаар төлбөр авагч “Ориент-Инвест ББСБ” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

     Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрийнтуяа, Б.Баясгалан нарын гаргасан тайлбарт: “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд зах зээлийн ханшийн дагуу үнэлэгдсэн. Хэт бага үнэлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Туяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Туяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч Ц.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгчид мэдэгдээгүй. Гэтэл шүүхээс зөвхөн шийдвэр гүйцэтгэгчийн бүрдүүлсэн баримтыг үнэлсэн нь хуулийн дагуу нотлох баримтыг үнэлээгүй гэх үндэслэлийг бий болгож байна. Монгол Улсын иргэний 100.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэгүйдүүлэн 40.000.000 төгрөг хүрэхгүй үнийн дүнгээр төлбөр авагч талд шилжүүлэхээр ажиллаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй үйлдэл болж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

        Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй талаас нь үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг биелүүлсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь зөв байна.  

      Нэхэмжлэгч Ц.Туяа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

       Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжаар хариуцагч А.Билгүүнээс зээлийн гэрээний үүрэгт 81 525 665 төгрөг гаргуулж “Ориент-Инвест ББСБ” ХХК-д олгох, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40а байрны зоорийн давхрын 3 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23/1 дүгээр байрны 34 тоот, 42.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээн байна.

        Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ц.Туяагийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15/226, А.Билгүүний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15/281 тоот тогтоолоор тус тус битүүмжилж /хх-38/, 1 өрөө орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15/283, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15/284 тоот тогтоолоор тус тус хураан авсан /хх-40/ ажиллагаанд гомдол гаргаагүй, уг ажиллагаа хүчинтэй байна.

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг явуулахад нэхэмжлэгч нь 1 өрөө орон сууцаа 84 000 000 төгрөгөөр үнэлсэн ба уг саналыг төлбөр авагч зөвшөөрснийг үндэслэн уг орон сууцны албадан дуудлага худалдааны доод үнийг 84 000 00 төгрөгийн 70 хувь буюу 58 800 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

         Хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулах тухай 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 3/23546 тоот мэдэгдэл, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын хамт Ц.Туяа /хх-43/-д тус тус шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

         Ц.Туяагийн өмчлөлийн 1 өрөө орон сууц болон А.Билгүүний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулсан /хх-43/ боловч үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт заасан 2 дахь дуудлага худалдааг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр товлож явуулахад мөн худалдан борлогдоогүй /хх-47/ болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 46, 49-50/.

         Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу явагдсан байна.

       Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  алба нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн тухай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

       Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн хуульд заасан гүйцэтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй, тухайн байгууллагын буруутай ажиллагаа тогтоогдоогүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад нийцжээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН