| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0502/Э |
| Дугаар | 578 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Б.Г, Э.Хнарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г, Э.Хнарыг тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806005730518 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хан-Уул дуүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 9-388 тоотод эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, ам бул 6, урьд 1991 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 cap, 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2, 124.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4, 121.2 дахь хэсэгт тус тус зааснаар 8 жил 7 cap 16 хоног, 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.2, 127.2 дахь хэсэгт тус тус зааснаар З жил 1 cap 26 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаартай, Сартуул овогт Э.Х,
Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 57-23 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, ам бүл 5 урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаартай,Бөх баядынхан овогт Б.Г,
Үйлдсэн хэргийн талаар:
Э.Х, Б.Г нар нь 2018 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Саруул" хорооллын 112 дугаар байрны орцонд хувийн асуудлаас болж маргалдан улмаар зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Б.Г, Э.Хнар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч, шүүгдэгч Э.Хын мөрдөн байцаалтанд өгсөн:
Тухайн өдөр дүү Отгонпүрэвийн дуудаснаар эхнэр Мөнхзулын хамт 22 цаг 30 минутын орчим гэрт нь очсон. Бид хоёрыг яваад очиход дүү 2 хүүхэдтэйгээ байсан. Эхнэр Энхчимэг нь байхгүй байсан. Намайг очсоны дараа дүү Гарьд Гантогтох намайг гараад ир барилдахуу зодолдохуу гээд дарамтлаад байна. Манай эхнэртэй холбоотой явдаг юм шиг байна гэж хэлсэн. Одоо хамт байх шиг байна гэж байсан. Над руу Гантогтох залгаад байна гэхээр нь би чи гарч очих хэрэггүй 2 хүүхдээ хараад гэртээ байна гэж хэл гэж би хэлсэн. Тэгтэл Отгонпүрэв рүү Гантогтох залгаад байсан. Би чамаас айхгүй гээд дүү хэлээд байсан. Түүнээс хойш удалгүй хаалга балбахад дүү бага хүүхдээ тэврээд хаалга нээтэл Энхчимэг хажууд нь нэг эрэгтэй хүн байсан. Тэгтэл тэр нүдний шилтэй залуу дүү Отгонпүрэвийг шууд заамдаад авахаар нь би тавуилаад тэрэнтэй өөрөө барилцаад авсан. Бид 2 заамдалцсан чигээрээ шат руу явсан. Би тэр Гантогтоход "чи ороод 2 хүүхдийг нь хар, ямар хүний амьдралаар оролдож байгаагаа хар гэхэд орохгүй цааш нь намайг шатны хэсэг рүү чирсэн. Заамдалцаад зогсч байсан чинь Гантогтох миний баруун гарын эрхий хурууг хойш нь нуга дарсан. Тэр үед нь би Гантогтохын нүүрэн тус газар нь мөргөхөд хамарнаас нь цус гарсан. Манай эхнэр Мөнхзул та хоёр эр хүмүүс байж ярилцаж болдоггүй юмуу гэхэд Гантогтох ярилцая гээд бид хоёр бие биенээ тавьсан. Би тэр үед шатны ирмэг дээр зогсч байхад намайг Гантогтох цээж рүү тийрээд би шатны уруу унахад миний хажуугаар гүйгээд гарах гэхээр нь би хөлнөөс хамаад зуураад авахад жийгээд хөлөө тавиулахад би дахиад шатны уруу бөмбөрсөн. Тэгээд Гантогтох зугатаад явчихсан. Гантогтохын биед учирсан гэмтлийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоорондоо уучлалт гуйж эвлэрсэн. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хх- ийн 67/
Хохирогч, шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтанд өгсөн:
Тухайн өдөр найзуудтайгаа Хан -Уул дүүрэгт найзуудтайгаа ресторанд орсон. Тэгээд сууж байтал хуучны танил Энхчимэг буюу Элла ирсэн. Нэлээн суугаад уугаад Энхчимэг согтоод ирсэн бүх хүмүүс яваад бид хоёр л үлдсэн. Орхиод явж чадаагүй гадна хүйтэн байсан учир юуч гэсэн нөхрийг нь дуудаад өгөөд явуулъя гэж бодоод түүний нөхрийн утсыг Энхчимэгээс асуугаад залгаад байгаа байдлыг нь хэлэхэд "хаана байгаа юм юу хийж байгаа юм гээд утсаа салгахаар нь би дахиад залгасан "юу гэнээ чи өөрөө хүрээд ир гээд илтэд уурласан тэгээд утсаа салгахаар нь дахиад 2 удаа залгахад аваад салгаад байсан би нөхрийг нь уучихсан юм боловуу гэж тухайн үед бодож байсан. Би уг нь нөхрийнх нь дугаарыг мэднэ тухайн үед цээжээр мэдэхгүй байсан. Урд нь нөхөртэй нь танилцаж байсан. Энхчимэгийн нөхөр гэдгийг сүүлд мэдсэн. Энхчимэгтэй 2011-2012 онд танилцаж байсан. Түүнээс хойш холбоо тасарчихсан байж байгаад 2-3 жилийн өмнө караокед тааралдаад түүнээс хойш хааяа утсаар ярьдаг байсан. Нөхөр хүүхэдтэй талаараа надад хэлж байгаагүй. Сүүлд нь 2 хүүхэд нөхөртэй гэдгийг нь мэдсэн.Дотно харьцаа байхгүй нөхөр нь үүн дээр андуурч хардаад байгаа хэрвээ дотно харьцаатай байсан бол хэзээч нөхөр рүү нь залгаж өгөхгүй хоёулаа согтуу хүмүүс өөр тийшээ явцгаах байсан. Ингээд нөхөр нь утсаа авахгүй байсан учир такси бариад Энхчимэгийн гэр рүү явсан. БЗД-ийн 26 дугаар хороо Саруул хороололд нэг байрны 9-10 давхарт Энхчимэгийг гаргаж өгсөн. Энхчимэг нэг хаалганы үүдэнд очоод хаалгаа цохьтол дотроос нь нээхээр нь ямар байсан эсэн мэнд хүлээлгэж өглөө гэж бодоод эргэтэл араас нэг эрэгтэй хүн дугараад заамдаж аваад мөргөчих шиг болсон. Би мөргөсөн байх гэж бодож байна нэлээн ухаан балартчихсан тэгтэл намайг шанаа болон бүх бие рүү цохиод байх шиг байсан. Би хаалганаас нь зодуулаад холдсоор байгаад давхрын шатруу очтол миний араас цамц, хоолойнд зүүсэн байсан сахиусаар боосон би 2 өвдөг дээрээ боолтонд ороод сууж байхдаа хуруугаа цамц уг сахиусан завсар руу хийгээд жаахан займчилаад эцсийн хүчээ шавхаад босоод ирэхэд намайг явуулахгүй гээд шатны урд миний өмнө гарчихасан. Би шууд шатаар гүйхэд ард унах шиг болсон. Би тэр хүний хажуугаар гараад гүйхэд миний араас өмсч явсан савхин нэхийнээс зуураад байсан. Миний өмсч байсан нэхий тухайн хүний зуурснаар урагдсан байсан. Миний зүүж байсан ороолтоор давхар боосон. Намайг зодож байхад Энхчимэгийн нөхөр гарч ирсэн надад гар хүрээгүй. Сүүлд намайг шатан дээр тэр эрэгтэй хүн боож байхад наадхыг чинь гүйцээчихье гээд гэр рүүгээ ороход нь би зугатаасан. гэх мэдүүлэг. /хх-ийн 73-74/
Гэрч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн:
Тухайн өдрийн орой нөхөр бид хоёр 22 цагийн орчим дүү Отгонпүрэвийн гэрт ирсэн. Бид хоёрыг ирснээс хойш 23 цаг өнгөрч байхад Энхчимэг хаалга нүдээд орж ирсэн. Отгонпүрэв хүүхдээ тэврээд хаалгаа нээтэл Энхчимэг зогсч байсан хажууд нь нүдний шилтэй эрэгтэй хүн зогсч байсан. Тэр хүн Отгонпүрэвийг хаалга нээтэл заамдаад авсан. Наанаас нь манай нөхөр Хүрэлбаатар Отгонпүрэвийг салгаад гэрт нь оруулаад тухайн хүнтэй заамдалцаад зууралцаад давхрын шатны наана очсон. Тэнд хэл амаараа хэрэлдээд байсан. Манай нөхөр "чи гэрт нь ороод хар. Чи ийм айлын амьдрал үймүүлээд гэхэд хажуунаас нь Энхчимэг танайх намайг гуйсан юмуу гээд согтуу орилж байсан. Нөхөр Гантогтохыг гэр рүү чирэхэд дийлдэхгүй байсан. Тэгтэл нөхөр хуруу нуга дарчихлаа гээд орилсноо Гантогтох гэх тэр залуугийн нүүр рүү мөргөчихсөн. Тэр Гантогтох гэх залуугийн хамарнаас цус гарсан. Хамарнаас нь цус гараад нэг гараараа хамраа дараад нөгөө гараараа нөхөртэй зууралдсан чигээрээ тэр хоёр шатруу явсан. Тэр хооронд Отгонпүрэв хүүхдээ тэврээд гарч ирээд та энэ хүүхэд авч бай би наадхыг чинь хатгачихая гэхээр нь би чи цаашаа наад хүүхдээ аваад ор гэж хэлээд Гантогтох Хүрэлбаатар хоёр руу очоод "та хоёр эр хүмүүс байж ярилцаж болдоггүй юмуу" гэхэд миний үгэнд орж чи тавь би тавь гэж байгаад хоёулаа тавьсан. Тэр хооронд Гантогтох хувцас хунараа янзалж байсан. Нөхөр Хүрэлбаатар шатны хэсэгт зогсч байтал нөхрийн гэдэс хэсэг рүү өшиглөхөд ахар сүүл буюу бөгсөн биеэрээ унаад хойшоо өнхөрсөн. Тэгтэл Гантогтох хажуугаар нь гүйхэд Гантогтохын хөлнөөс нөхөр бариад аваад дахиад шатруу бөмбөрсөн. Өөрөө бөмбөрч унана гэж байхгүй учраас Гантоггох мөн өшиглөөд унагаасан байж магадгүй. Тэгээд Энхчимэг Гантогтохын араас нь Ганаа хайраа гээд гүйгээд явсан. Тэр хооронд Хүрэлбаатарыг би болон гэрээс Отгонпүрэв гарч ирээд гэрт оруулсан. Бөгс хүзүү хоёр эвгүй болоод хөдлөхгүй байна гэж байсан мөн баруун гарын эрхий хуруу хөдөлж болохгүй байна гэхээр нь хартал хавдчихсан байсан. Би коридорт Гантогтохын хамарнаас гарсан цусыг цэвэрлэсэн. Энхчимэг бид 2 яг хажууд нь байсан. Энхчимэг энэ 2-ын дунд зууралдаад байж байсан. Энэ хоёр нэг нэгнээ зуурчихсан хоолой орчимоороо нэг нэгнээ боосон байдалтай л байгаад байсан. Энхчимэг тэр хооронд уйлаад миний буруу, та нар энэ хүнтэй ингэж байхаар намайг зод гээд хашигчаад байсан. Хүрэлбаатарын ахар сүүл бөгсөн хэсэг хөхөрсөн хүзүү нь хөшөөд баруун гарын эрхий хуруу нь хавдсан байсан. Тархи нь хөдөлсөн байсныг бариачаар бариулж гэрээр эм ууж эмчилсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн /
Гэрч С.Энхчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 01 сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим Гантогтохтой Хан-Уул дүүрэгт уулзаад архи ууцгаасан. Би нэлээн уусан шөнө 02 цагийн орчим намайг Гантогтох Саруул хороололд гэрт хүргэж өгсөн. Гэрийнхээ хаалгыг би тогшиход манай нөхрийн ах Хүрэлбаатар хаалга нээгээд намайг оруулахгүй өөдөөс гараад ирсэн. Хүрэлбаатар ах Гантогтох руу "чи хэн юм бэ яах гээд байгаа юм бэ" гэж хэлээд Гантогтохыг ороолтноос нь заамдаад авсан. Би чамайг бол алчихана. Алчихаад араа даана гээд орилсон. Гантогтох явах гээд шатны зүг алхахад буух явцад нь араас нь Хүрэлбаатар ах очоод барьж аваад шатны доошоо өнхөрөөд хоёулаа унасан. Гантогтох цаашаа босоод яваад өгсөн. Гантогтох босоод зугатаахад араас нь Хүрэлбаатар ах барьж аваад шатны уруу дахин унасан.Тэгээд Гантогтох цаашаа яваад өгсөн. Гантогтох, Отгонпүрэв нарын хооронд ямарч маргаан болоогүй. Отгонпүрэв Гантогтохыг цохиогүй. Хүрэлбаатар ах намайг харахад Гантогтохын нүүрэн тус газар баруун гараараа 2 удаа цохиод нүүрэн тус газар нь 4-5 удаа мөргөсөн. Тэр хоёрын дунд би салгах гэж байж байсан учир харсан. Хүрэлбаатар Гантогтохыг нүүрэн тус газар нь мөргөхөд зүүн нүд шанаа нь тэр дариудаа хавдаад хөхөрсөн. Мөн хамарнаас цус гарсан. Нэлээн их цус гарсан байсан. Үүний дараа Гантогтох шатруу гүйхэд араас нь Хүрэлбаатар ах барьж аваад дээр хэлсэнчлэн шатруу унасан. Гантогтохыг Хүрэлбаатар ах хоолойг нь боосон байсан учир гарыг нь тавиулах гээд 2 гарнаас нь бариад байсан. Түүнээс цохьсон зүйл байхгүй. Гантоггох Хүрэлбаатарыг хөлөөрөө өшиглөсөн зүйл болоогүй. Гантогтохын араас би гараад хамт Гэмтлийн эмнэлэгт очиж хамран дээрээ 2 оёдол тавиулсан. Гантогтох манайд намайг хүргэж ирж байсан. Нөхөр Гантогтохын талаар мэдэхгүй бид зүгээр танилууд. Манай нөхөр Гантогтох хоёр урд нь ажил хэргээр танилцаж байсан учир нэгнийхээ дугаарыг мэддэг юм байна лээ. Миний хажууд Гантогтох манай нөхөр рүү залгаад эхнэрээ ирж ав гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37 /
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 1583 дугаартай:
Э.Хын биед хүзүү, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, баруун өгзөг, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 3421 дугаартай:
Б.Гын биед хамрын хянга ясны зөрүүтэй далд хугарап, таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрап, хүзүүнд цус хуралт бухий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд уусэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдатанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46/
-гэмт хэрэг захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Э.Хын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6-10/, Хохирогч Э.Хын биед үүссэн гэмтлийн гэх гэрэл зураг /хх-ийн 50-52/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Хан-Уул дүүргийн 4-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55/, Сүхбаатар дүүргийн 18-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58/, Б.Гын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59-60/, Э.Хүрэлбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75/, Б.Г, Э.Хнарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-79/ хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, иргэний үнэмлэхний хуулбар, халамжийн дэвтрийн хуулбар /хх-ийн104-105/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Э.Хнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Х, Б.Г нар нь 2018 оны 01 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Саруул" хорооллын 112 дугаар байрны орцонд маргалдан, харилцан зодолдож Э.Хнь Б.Гын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, Б.Г нь Э.Хын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Э.Х, Б.Г нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг тэдний ажил эрхлэлтийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Х, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Сартуул овогт Э.Х, Бөх баядынхан овогт Б.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.Хнарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.Хнарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г, Э.Хнар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Э.Хнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ