| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2206021923224 |
| Дугаар | 2024/ДШМ/1320 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Очир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1320
***, *** нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Мөнх-Оргил,
шүүгдэгч, хохирогч ***, түүний өмгөөлөгч Н.Жамъян,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/1021 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Н.Жамъянгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ***, *** нарт холбогдох эрүүгийн 2206021923224 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. *** овгийн ***ийн ***, 1996 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** өргөн чөлөө гудамж, ***-р байр *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:***/,
2. *** овгийн ***ийн ***, 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, *** эмч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар хэсэг, *** дугаар байр, *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:***/,
Шүүгдэгч *** нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр Цэцэрлэгт хүрээлэнгийн зам дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаад “машин шахаж орсон” гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж, хохирогч ***ийн биед халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн чамархайн, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, хоёр гуянд цус хуралт, хамар цээж, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч *** нь бусадтай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр Цэцэрлэгт хүрээлэнгийн зам дагуу замын хөдөлгөөнд оролцож, байгаад машин шахаж орсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж хохирогч ***ын биед зүүн зулайн хуйхны цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэн учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***, *** нарт тус тус сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч ***ээс 1,531,850 төгрөг, шүүгдэгч ***аас 96,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Н.Жамъян давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын талаар: 2022 оны 04 сарын 22-ны өдөр хохирогч *** анх удаа өгсөн мэдүүлэгт ...Тэр эгч намайг үсдээд байж байхдаа гуя руу өшиглөсөн ба би гуя руугаа өшиглүүлээд унахдаа өвдгөөрөө унасан... хажуугаар явж байсан таксины жолооч салгасан чинь нөхөр нь над руу гүйж ирээд миний үснээс зулгаагаад доош дарсан. Асуултад: Шүүх эмнэлгийн шинжээч эмч ***гийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 5889 дугаартай гэмтлийн зэргийн гэмтлийн зэргийн дүгнэлтэд таны биед зүүн зулайн хуйхны цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Тухайн гэмтлүүдийг таны биед хэн учруулсан бэ? гэхэд Хариултад: Тухайн хоёр хүний эмэгтэй нь намайг үстэж байхдаа миний баруун гуя руу өшиглөсөн бөгөөд өвдгөөрөө газарт хүчтэй унах үед өвдөгний цус хуралт гэмтэл учирсан. Харин хуйханд учирсан цус хуралт, үс халцралт зэрэг гэмтлүүдийг *** болон *** гэх хүмүүс учруулсан... гэх (1-р хавтасны 15-р хуудасны арын нүүр), 2023 оны 11 сарын 25-ны өдөр яллагдагч ***ын өмгөөлөгч Б.Мэргэний хамт өгсөн мэдүүлгийн асуултад: Танд учруулсан гэмтлийг хэн учруулсан юм бэ? гэхэд, хариултад: *** *** нар учруулсан юм. Намайг *** түлхэж өвдгөөр газар унагаасан. Тухайн үед ***ийн нөхөр *** нь хүрч ирээд маш хүчтэйгээр миний үснээс зулгаасан. Энэ үед би маш их айсан... гэх (1-р хавтаст хэргийн 148-р хуудас), 2022 оны 04 сарын 22-ны өдөр гэрч ***ын өгсөн мэдүүлгийн асуултад: Шүүх эмнэлгийн шинжээч эмч ***гийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 5889 дугаартай гэмтлийн зэргийн дүгнэлтэд таны биед зүүн зулайн хуйхны цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Тухайн гэмтлүүдийг ***ын биед хэн учруулсан бэ? гэхэд хариултад: Би жолооч залуутай муудалцаж байгаад эхнэрээ салгахаар эхнэр дээрээ очиход нөгөө эмэгтэй нь манай эхнэр ***ыг газарт унагасан байсан учир өвдөгт учирсан гэмтлийг тэр эмэгтэй учруулсан. Харин толгойн цус хуралт, үсний халцралт зэргийг ланд круйзэр 200 загварын тээврийн хэрэгслийн жолооч болон эхнэр нь хамт учруулсан… гэх (1-р хавтасны 22-р хуудас), 2024 оны 04 сарын 27-ны өдөр гэрч Б.***н өгсөн мэдүүлгийн асуултад: Шүүх эмнэлгийн шинжээч эмч ***гийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 5889 дугаартай гэмтлийн зэргийн дүгнэлтэд таны биед зүүн зулайн хуйхны цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Тухайн гэмтлүүдийг ***ын биед хэн учруулсан бэ? гэхэд хариултад: Би боолгуулж байгаад боолтноос гараад харахад тухайн эмэгтэй нь манай эхнэр ***ийн үснээс зулгаагаад байж байсан ба надтай муудалцаж байсан залуу манай эхнэрийн үснээс зулгааж хажуу тийшээ болгоход *** гээд байгаа эмэгтэй газар унаж байсан тул тэр үед өвдөг нь гэмтсэн байж магадгүй. Үс хуйханд учирсан гэмтлийг бол би мэдэхгүй байна. Тэр эмэгтэйг бол манай эхнэр үсдэж зодоогүй гэдэгт итгэлтэй байна… гэх мэдүүлэг (1-р хавтасны 25-р хуудас), 2022 оны 04 сарын 17-ны өдрийн гэрч ***ийн өгсөн мэдүүлэгт “…хүүг охинтой машинд үлдээчхээд машинаас бууж очоод нөхөр нөгөө залуу хоёрын голоор ороод салгах гэсэн боловч салгаж чадахгүй байхад нөгөө залуутай хамт явсан эмэгтэй миний нуруу хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь эргэж харахад намайг үсдэж дарахад ойролцоо явж байсан танихгүй хүмүүс салгахад …нөгөө хоёр хүрч ирээд дахин маргаан үүсгэх үед үсний боолтоо хайхаар буухад нөгөө залуутай хамт явсан эмэгтэй над дээр ирээд элдэв бусын зүйл хэлсэн ба өөрийн үсийг илж үзэхэд үс унахаар нь харуулаад чи яаж байгаа юм гэж хэлсэн… (1-р хавтасны 27-р хуудас), 2024 оны 03 сарын 12-ны өдөр хохирогч ***ийн өгсөн мэдүүлэгт …Тэр үед миний үс маш ихээр унаж байсан учраас би машинаас буугаад нөгөө үл таних эмэгтэйд хандан миний үсийг ийм их зулгаасан байна гэж хэлсэн чинь тэр эмэгтэй над руу улаан галзуу дайраад байхаар нь цээж хэсэг рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Гэтэл нөгөө эмэгтэй дахиад миний үснээс зулгаагаад дээрээс дарсан. Тэр үед би тусламж гуйж энийг аваач ээ намайг аллаа гэж хашхирсан. Мөн миний толгой руу гараа атгаж байгаад олон удаа цохисон… Намайг *** аваад машинд суулгаад өөрөө бас машинд суусан. Машинд суусны дараа ***гийн бөгжтэй гаранд бор өнгийн урт үс бөгжинд нь орооцолдсон байсан. *** надад энэ юун үс вэ гээд асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн… (2-р хавтас), Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот дүгнэлтэд “***ын биед зүүн зулайн хуйханд цус хуралт, үсний халцрал, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тогтоогдсон зүүн зулайн хуйханд цус хуралт, үсний халцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хоёр өвдөгний цус хуралт нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэсэн дүгнэлт, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ахлах шинжээч Ц.Бадралын өгсөн мэдүүлгийн асуултад: Яллагдагч ***ын биед зүүн зулайн хуйханд цус хуралт, үсний халцрал гэмтлийг хэд хэдэн хүн үүсгэх боломжтой эсэх? гэхэд хариултад: ***ын биед зүүн зулайн хуйханд цус хуралт, үсний халцрал гэмтэл тогтоогдсон байна. Энэ гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үснээс зулгаах чангаах зэрэг үйлдлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ…” гэх дүгнэлт зэрэг авагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр ***ын биед *** гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. “***ын биед учруулсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж мэдүүлсэн. ...Гэтэл прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ***ийг нөхөр н.***тай бүлэглэж ***ын биед гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн үйлчлэлээр бүлэглэж ***ын биед үс халзралт, хуйханд гэмтэл учруулах боломжгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн зэргийг тогтоохдоо ***ын зүүн зулайн хуйхны цус хуралт, үс халзралт, хоёр өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Энэ нөхцөл байдлаас харахад *** нь ***ын биед гэмтэл учруулсан гэх асуудал эргэлзээтэй байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар ***т ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзээд түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн зорилго хүнийг заавал цээрлүүлэх биш нийгэмшүүлэхэд оршдог. ***ийн хувийн байдлын тухайд төрийн тусгай статустай байгууллагад ажилладаг бөгөөд түүний эрх зүйн байдал дордох нөхцөл байдал байгаа. Хохирогч *** ***ийн нарын хэн аль нь санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэж, миний үйлчлүүлэгчид ашигтайг байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. ... Тухайн үед би 2 нөхрөө салгах гэж байхад намайг араас татахад нь түлхсэн. Над руу дайраад байсан. Би асуудлыг шийдвэрлэх гээд машинаасаа буусан. Би 3 хүүхэдтэйгээ явж байсан. Тухайн өдөр манай бага хүүхдийн төрсөн өдөр байсан учраас би асуудал үүсгэе гэж бодоогүй. ...” гэв.
Прокурор Э.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн. ***ийн хувьд би гэмт хэрэг үйлдээгүй, н.***г гэмт хэрэг үйлдсэн гэж ярьдаг. Тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд *** болон түүний нөхөр н.*** нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Энэ хэрэгт н.***г яллагдагчаар татаагүй. Учир нь н.*** нь гэмт хэрэг гарснаас хойш гадаад улс руу гарсан болох нь хэрэгт авагдсан хилийн лавлагаагаар тогтоогдсон. Тэгэхээр Монгол Улсын хилээр нэвтэрч гарсан хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал харагдсан. Иймд анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршигт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч /хохирогч/ ***ийн өмгөөлөгч Н.Жамъянгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *** нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр Цэцэрлэгт хүрээлэнгийн зам дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаад “машин шахаж орсон” гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж, хохирогч ***ийн биед халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн чамархайн, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, хоёр гуянд цус хуралт, хамар цээж, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч *** нь бусадтай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр Цэцэрлэгт хүрээлэнгийн зам дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаад машин шахаж орсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж хохирогч ***ын биед зүүн зулайн хуйхны цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
***ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийн нөхөр ***ын хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үндэсний цэцэрлэгт хүрээлэн орох гээд явж байхад манай нөхөр бид хоёр уулзвар дээр хамгийн урд зогсож байгаад яг эргэх гэж байхад манай машины урдуур нэг ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл дараад ороод ирсэн. Тэгэхээр нь манай нөхөр хажууд нь очоод “...ахаа та чинь яаж яваад байгаа юм бэ хүүхдүүдээ суулгачхаад” гэхэд тэр хүн яаж ч явсан яадаг юм алцайсан гичийгээ аваад зайл гэхээр нь манай нөхөр тухайн тээврийн хэрэгслийн урдуур шахаж машиныг нь зогсоогоод машинаас буугаад жолооч гээд байсан эрэгтэй дээр очсон ба намайг гичий гэж дуудсан учир би уурандаа ууж байсан усаа тухайн тээврийн хэрэгсэл рүү цацсан. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэх эрэгтэй нь машинаасаа бууж ирээд манай нөхрийг заамдаад зогсож байсан бөгөөд тухайн эрэгтэйн эхнэр гэх эмэгтэй гарч ирээд манай нөхрийн гарыг нуруун дээр нь өчөөд байж басан. Тэгэхээр нь би гүйж очоод эмэгтэйн гарнаас нь бариад та нөхрөө болиулаач гээд татсан чинь эргэж хараад намайг үсдэхээр нь би зөрүүлж үстсэн бөгөөд үстэлцээд зогсож байхдаа би тэр эгчид би жирэмсэн эгчээ болилдоо гээд гуйсан чинь тэр эгч өөдөөс би ч гэсэн жирэмсэн чи офицер хүнийг зодно гэнээ чамайг зодно гээд байсан. Тэр эгч намайг үстээд байж байхдаа гуя руу өшиглөсөн ба би гуя руугаа өшиглүүлээд унахдаа өвдгөөрөө унасан. Яг тухайн үед манай нөхөр нөгөө эрэгтэйтэй зодолдож байсан юм шиг байсан. Тэр хоёрыг зодолдож байхад хажуугаар явж байсан таксины жолооч салгасан чинь нөхөр нь над руу гүйж ирээд үснээс зулгаагаад доошоо дарсан. Тэгэхэд манай нөхөр хүрч ирээд нөхөрт нь эхнэрээ салгаач ээ гэж хэлэхэд Хан-Уулын и март худалдааны төвийн тэнд зогсож байсан замын цагдаа ирээд бид нарыг салгасан. ...Тухайн хоёр хүний эмэгтэй нь намайг үстэж байхдаа миний баруун гуя руу өшиглөсөн бөгөөд өвдгөөрөө газарт хүчтэй унах үед өвдөгний цус хуралт гэмтэл учирсан. Харин хуйханд учирсан цус хуралт, үс халцралт зэрэгт гэмтлүүдийг *** болон *** гэх хүмүүс нь учруулсан. ...” /1хх 15-16/,
***ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “...би гүйж очоод эмэгтэйн гараас нь бариад та нөхрөө болиулаач ээ гээд татсан чинь эргэж хараад намайг үстэхээр нь би зөрүүлж үстсэн бөгөөд үстэлцээд зогсож байхдаа би тэр эгчид би жирэмсэн эгчээ болилдоо гээд гуйсан чинь тэр эгч өөдөөс би ч гэсэн жирэмсэн чи офицер хүнийг зодно гэнээ чамайг зодно гээд байсан. Яг тухайн үед манай нөхөр нөгөө эрэгтэйтэй зодолдож байсан юм шиг байсан. Тэр хоёрыг зодолдож байхад хажуугаар явж байсан таксины жолооч салгасан чинь нөхөр нь над руу гүйж ирээд миний үснээс зулгаагаад доошоо дарсан. Тэгэхэд манай нөхөрт нь эхнэрээ салгаач ээ гэж хэлэхэд Хан-Уул и март худалдааны төвийн тэнд зогсож байсан замын цагдаа ирээд бид нарыг салгасан. ...Миний зүүн гарын тохой, баруун гуя, баруун өвдөг зэрэгт хөндүүртэй байна. Тухайн хоёр хүний эмэгтэй нь намайг үстэж байхдаа миний баруун гуя руу өшиглөсөн бөгөөд өвдгөөрөө газарт хүчтэй унаж суусан ба цааш унах гээд байхаар өшиглөсөн бөгөөд өвдгөөрөө газарт хүчтэй унаж суусан ба цааш унах гээд байхаар нь би зүүн гарын тохойгоор тулж унасан. Мөн тухайн эрэгтэй эмэгтэй хоёр нийлээд миний үснээс зулгааж гэмтэл учруулсан. ...Би тэр эгчийн үснээс зулгаасан нь бол үнэн. Мөн тухайн эгч намайг үстээд зулгаагаад байхаар нь би тэр эгчийг нэг удаа хөлөөрөө жийсэн хаана оносон болохыг бол мэдэхгүй байна. ...” /1хх 18/,
***ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн “...машины цоноор нөхрөө харахад уг залуу хоолойг нь боочихсон угз татаж сэгсрээд байхаар нь хүүг охинтой үлдээчхээд машинаас бууж очоод нөхөр нөгөө залуу хоёрын голоор ороход салгах гэсэн боловч салгаж чадахгүй байхад нөгөө залуутай хамт явсан эмэгтэй миний нуруу хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь иргэж харахад намайг үстэж дарахад нь ойролцоо явж байсан танихгүй хүмүүс болиулж салгахад нь эргэж харахад нөгөө залуу нөхрийн хоолойг зүүн гараар боож баруун гараар толгойн тус газарт нь 6-7 удаа цохиод байхаар нь ойролцоо явж байсан эрэгтэй хүмүүсийг гуйж болиулаад ам хэлээрээ маргалдаж байгаад машиндаа сууж замыг чөлөөлж зогсоход нөгөө хоёр хүрч ирээд дахин маргаан үүсгэх үед үсний боолтыг хайхаар буухад нөгөө залуутай хамт явсан эмэгтэй над дээр ирээд элдэв бусын зүйл хэлсэн ба өөрийн үсийг элж үзэхэд үс унахаар нь уг эмэгтэйд өөрийн үсийг харуулаад чи яаж байгаа юм гэж хэлээд зүүн гараар баруун шанаа хэсэгт нь хальт алгадаж авахад үстэж авахаар нь зөрүүлж үстэлцэхэд нөхөр болон нөгөө залуу хоёр бид хоёрыг салгахад нь эмнэлэг болон цагдаагийн байгууллага дуудсан. ...” /1хх 26-27/,
***ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Приус машинаас үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн машинаасаа бууж ирээд жолооч талын буюу манай нөхрийн сууж явж байсан хаалгыг онгойлгоод эрэгтэй нь нөхөр ***г хувцаснаас заамдаад чирээд буулгасан чинь хамт явж байсан эмэгтэй нь ууж байсан усаа машины дотор хэсэг болон хүүхдүүд рүү маань, мөн над руу цацсан. Тэр үед Ковид-19 цар тахал өвчин гарсан байсан хэдий ч үл ойшоож ууж байсан усаа цацсан асуудал байгаа юм. Би машин дотор хүү ***ын цусыг нь арчаад байж байгаад цонхоор харсан чинь ***г нөгөө үл таних залуу нь заамдаад боочихсон, эмэгтэй нь хөл гараараа өшиглөөд цохиж байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад нөгөө үл таних залууд хандан “Чи хүн аллаа шүү дээ” гэж эвтэйгээр хэлээд манай нөхрийг боочихсон байсан гарыг нь салгах гэж байтал ардаас нөгөө үл таних эмэгтэй үснээс зулгаагаад би арагш савж унасан. Би тухайн эмэгтэйгээс салаад Цагдаагийн байгууллагад хандана та нар яахаараа зүгээр явж байгаа хүмүүсийг зогсоож зоддог юм гэж хэлээд машиндаа орж суугаад Цагдаагийн байгууллагын тусгай дугаар 102 руу залгаж дуудлага өгсөн. Тэр үед миний үс маш ихээр унаж байсан учраас би машинаас буугаад нөгөө үл таних эмэгтэйд хандан миний үсийг ийм их зулгаасан байна гэж хэлсэн чинь тэр эмэгтэй над руу улаан галзуу дайраад байхаар нь цээж хэсэг рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгтэл нөгөө эмэгтэй дахиад миний үснээс зулгаагаад дээрээс дарсан. Тэр үед би тусламж гуйж энийг аваачээ, намайг аллаа гэж хашхирсан. Мөн миний толгой руу гараа атгаж байгаад олон удаа цохисон, хөлөөрөө биеийн бөөр, хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгсэн чинь нөгөө үл таних эрэгтэй болон манай нөхөр ***, дахиад нэг таксинд явдаг гэх ах ирж салгасан. Намайг *** аваад машинд суулгаад өөрөө бас машинд суусан. Машинд суусны дараа *** аваад машинд суулгаад өөрөө бас машинд суусан. Машинд суусны дараа ***н бөгжтэй гаранд бор өнгийн урт үс бөгжинд нь орооцолдсон байсан. *** нь надад энэ юу үс вэ гээд асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. ...Миний биед тухайн үл таних эмэгтэй хүн гэмтэл учруулсан. ...” /2хх 15-17/,
гэрч ***ын “...Тухайн жолооч нь бууж ирээд намайг шууд заамдаад зогсож байсан чинь манай эхнэр өөрийг нь хараасанд уурлаад машинд байсан усны үлдэгдлийг авч гарч ирээд жолооч залуу руу цацсан. Тэгсэн чинь нөгөө жолооч залуугийн эхнэр гэх эмэгтэй бууж ирээд орилоод байсан ба жолооч залуутай заамдалцаад байж байхад эхнэр нь ирээд миний нэг гараас бариад доошоо дарсан. Тэр үед манай эхнэр *** нь бид нарыг салгах гэж дундуур орж ирсэн ба тэр үед ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслээс бууж ирсэн эмэгтэй манай эхнэртэй муудалцаад цаашаа явсан би юу болсныг хараагүй бөгөөд жолооч залууд нь хоёр эхнэр хоорондоо муудалцаад байна салгая гэхэд нөгөө залуу нь хариу үйлдэл байхгүй заамдсан чигээрээ байгаад байхаар нь би гараа тавиад эхнэрээ салгах гээд эхнэр дээрээ очиход нөгөө эмэгтэй нь манай эхнэрийг газарт унагаасан үстээд байж байсан. Гэтэл надтай муудалцаад заамдалцаад зогсож байсан залуу манай эхнэрийг газарт унасан байхад очоод шууд үснээс нь зулгаагаад цаашаа татаад явахаар нь би араас нь гүйж очоод салгах гэхэд тэр залуу намайг шууд цохих гэж оролдсон боловч оноогүй. Тэгээд тэр залуу намайг цохих гэсэн болохоор нь аргагүй хамгаалалт гээд өөдөөс нь цохих гэсэн боловч мөн оноогүй. ...Би жолооч залуутай муудалцаж байгаад эхнэрээ салгахаар эхнэр дээрээ очиход нөгөө эмэгтэй нь манай эхнэр ***ыг газарт унагаасан байсан учир өвдгөнд учирсан гэмтлийг тэр эмэгтэй учруулсан. Харин толгойн цус хуралт, үсний халцралт зэргийг ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн жолооч болон эхнэр нь хамтдаа зулгааж учруулсан. ...” /1хх 21-22/,
гэрч Б.***н “...Тухайн үед би тээврийн хэрэгслийг жолоодож байсан бөгөөд манай эхнэр *** нь хүү ***ыг өвөр дээрээ бариад явж байсан. Бид нар гэрлэн дохиотой уулзвар дээр байж байхад зүүн эргэх машин эргэхгүй байсан учир урдуур нь дохио өгч ороод зүүн эргэсэн. Гэтэл хойноос урсгал сөрж ирээд цагаан өнгийн приус загварын тээврийн хэрэгсэл миний урдуур шахаад огцом зогсоход манай эхнэр ***ийн өвөр дээр сууж байсан *** нь урагшаа машины салон мөргөж амнаас нь цус гарсан. Тэгсэн нөгөө приус загварын тээврийн хэрэгслийн жолооч нь яагаад урдуур шахаад байгаа юм урдуур том машинтай гэхээр ордог юм уу гэсэн. Тэгэхээр нь би урагшаа замаа чөлөөлж байгаад хоёулаа ярилцъя ганц машин урдуур чинь орсон биз ямар омголон юм бэ гээд уучлалт гуйхын завдалгүй намайг хэл амаар доромжлоод байхаар нь би цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар луу ороод замаа чөлөөлөөд зогссон чинь тэр залуу машинаасаа бууж ирээд намайг машины цонхоор боогоод татахаар нь би араагаа салгаж амжихгүй хаалгаа онгойлгоод машинаас гарсан. Тэгээд би машинаас буухад тухайн залуу нь намайг 2 минут орчим боосон бөгөөд намайг боож байхад тэр залуугийн эхнэр гэх эмэгтэй машинаасаа бууж ирээд ууж байсан усаа цацаад байсан. Тэгэхээр нь манай эхнэр *** нь бууж ирээд намайг боож байсан залуугийн гарыг нь тавиулах гэхэд нөгөө залуугийн эхнэр гэх эмэгтэй нь чи салгах гэлээ гээд манай эхнэрийг үстээд цаашаа авч яваад толгой руу нь цохисон. Тухайн үед приус загварын тээврийн хэрэгсэлтэй хүн машинаа зам хааж тавьсан байсан тул явган хүний замаар явж байсан хүмүүс болон түгжрэлд зогсож байсан хүмүүс тэр залууд чи болиоч ээ зүгээр явж байсан хүнийг яагаад машинаас буулгаж ирээд ингээд байгаа юм бэ гээд салгахад тэр залуу миний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Би тухайн залууд боолгуулаад шокноос гараагүй байхад надтай муудалцсан гэх залуу манай эхнэр болон өөрийнхөө эхнэр дээр очоод манай эхнэрийг үстүүлээд тонгойсон байхад нь цээж рүү нь өшиглөөд үснээс нь зулгаагаад байхаар нь би тэр залуу дээр очоод чи яаж байгаа юм гэхэд тэр залуу миний цээж болон толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залууд за одоо болъё оо хөгшөөн хоёулаа эхнэрүүдээ салгая гэхэд тэр залуу одоо чамайг алчихъя л даа гээд машины багажаа онгойлгоод эхнэрээсээ дорцоов хаана байгаа юм гээд асуугаад байсан. Тухайн үед үед би эхнэрээ салгасан чинь манай эхнэрийн толгойноос үс нь туг тугаараа салж унаад байсан. ...би ***тай бууж байгаад барилцаж, зууралдаж аваад хэрэлдэж байтал манай эхнэр *** рүү ***ын эхнэр *** нь ууж байсан усаа цацаад би ***тай зууралдаж байхад эхнэр *** машинаас бид хоёрыг салгах гэж бууж ирэхэд *** нь манай эхнэр ***ийг хувцаснаас нь зулгааж хойно ноцолдож байсан. Би ***д хандан хоёулаа болъё, эхнэрүүдээ салгая гэж хэлээд явж очсон. Тэгтэл *** нь машины баруун, миний очиж байгаа талд байсан, эхнэр *** маань цаад талд нь байсан. *** нь энийг аваач ээ, салгаач ээ гэж орилж байсан. Тэгэхээр нь би ***ыг салгахгүй болохоор нь ***ын үснээс татаад угзарсан. Угзрахад *** нь урагшаагаа өвдөглөж унасан. Тэгэхэд *** нь манай эхнэрийг зөрөөд цааш нь түлхсэн. Тэгээд л бид нар салсан. Намайг ***ын үснээс зулгаагаад угзрах үед ***ын үс миний гаранд бөгжтэй гаранд орооцолдож зулгарсан байсан. ...” /1хх 24-25, 141-142/,
***ын яллагдагчаар өгсөн “...*** болон түүний нөхөр *** нар учруулсан. Намайг *** түлхэж өвдгөөр газар унагаасан. Тухайн үед ***ийн нөхөр *** нь хүрч ирээд маш хүчтэйгээр үснээс зулгаасан. Энэ үед би маш их айсан. Би тэр үедээ өөрийгөө жирэмсэн гэдгээ хэлсэн, уучлалт гуйж эгчээ болиоч ээ гэж хэлж байсан. Тэр үед *** нь би ч гэсэн жирэмсэн гэж тавлаж инээж ирээд улам үснээс зулгааж толгой руу цохиж байсан. Тэгэхээр ***, *** хоёр хоёулаа бүлэглэж миний биед халдаж намайг зодсон. ...” /1хх 148/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 801 дугаартай “...***-н биед тархи доргилт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, хоёр гуянд цус хуралт, хамар, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 62-64/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5889 дугаартай “...***-н биед зүүн зулайн хуйхны цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1хх 69-70/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “...Урьд гаргасан 2022.04.20-ны өдрийн №5889, 2023.11.17-ны өдрийн №1081 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ***ын биед зүүн зулайн хуйханд цус хуралт, үсний халцрал, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тогтоогдсон зүүн зулайн хуйханд цус хуралт, үсний халцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хоёр өвдөгний цус хуралт нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. “Өөжин мед” эмнэлгийн *** нь 2022 оны 05 сарын 19-ний өдөр өсөлтгүй жирэмсний улмаас умайн хөндийг цэвэрлэх ажилбарт оржээ. Тухайн өсөлтгүй жирэмсэн нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй. ...” /1хх 187-189/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5883, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №801 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ***-н биед тархи доргилт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, хоёр гуянд цус хуралт, хамар, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул уг журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /1хх 195-198/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 8/, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /1хх 9/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж,
шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч ***ийг өөрийн нөхөр Б.***тай бүлэглэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч ***, *** нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч, хохирогч ***ийн өмгөөлөгч Н.Жамъян “...гэрч ***, Б.***, хохирогч *** нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс *** нь Б.***тай бүлэглэн хохирогч ***ын биед гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй, эргэлзээтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ***ийг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж,
16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ***, *** нарт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгахад, *** нь нөхөр Б.***тай бүлэглэн ***ыг үсдэж, татаж унагасан болох нь нотлогдон тогтоогдсон байх ба Б.***н хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байх тул анхан шатны шүүхээс прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч ***ийн өмгөөлөгч Н.Жамъянгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/1021 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Н.Жамъянгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА