Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/01153

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М*** сумын *** дугаар багт байрлах, Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн У** х***з*** ОНӨААТҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: Бараа материалын үнэ 22,310,125 (хорин хоёр сая гурван зуун арван мянга нэг зуун хорин тав) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*** (цахимаар)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б***

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөвсгөл аймгийн У*** х*** з***ОНӨААТҮГ-т холбогдуулан бараа материалын үнэ 22,310,125 (хорин хоёр сая гурван зуун арван мянга нэг зуун хорин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Манай Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барилгын материалын дэлгүүрээс Хөвсгөл аймгийн У*** х*** з**** ОНӨААТҮГ 2023 оны 7 дугаар сараас эхлэн засварын ажилдаа барилгын материал цувуулж удаа дараа зээлээр авсан. Тооцоог удахгүй хийнэ гэсэн боловч өдийг хүртэл ямар нэг тооцоо хийгээгүй байна. Манай барилгын материалын дэлгүүрээс зарлагын падаан бичүүлж авсан материалын үнэ нийт 22,310,125 төгрөг болсон. Удахгүй төлнө, төлбөрийг барагдуулна гэж авсаар одоог хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. У*** х*** з***-н захирал М.С*** нь ажлаа өгсөн одоо зуслангийн захирлаар Д.Б*** гэх хүн ажиллаж байгаа тул зайлшгүй шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. М.С*** нь зээл авахдаа У*** х***-н з***-н нэрээр авсан. ....

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд 2025 онд ажил хүлээж авсан бөгөөд бидэнд санхүүгийн гэх ямар ч баримтын архив ажил хүлээлгэж өгсөн удирдлага өгөөгүйн дээр 2024 оны санхүүгийн болон бусад баримт бичгүүдийг шинээр ажил хүлээж авсан ажилтнууд өөрсдөө үдэж цэгцэлж авсан бөгөөд үүнээс өмнөх цаг хугацааны санхүүгийн нэг ч баримт бичиг архивын баримтыг хүлээж аваагүй болно. Нягтлан бодогч Г.Н*** нь 2024 оны санхүүгийн тайланг гаргаж хүлээлгэж өгөхдөө нийт 50,4 сая төгрөгийн өглөгийг санхүүгийн тайланд тусгаж аудитад өгч түүврийн аудитаар орж, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас удирдлага захидал хүргүүлсэн байдаг. Нийт 50,4 сая төгрөгийн өглөгийн 5,4 сая төгрөг нь татварын өглөг, 13,5 сая төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 2,8 сая төгрөг нь ажиллагсдын цалин өглөг, 28,7 сая төгрөг нь дотоодын байгууллагуудад төлөх өглөг байсан байна. Дотоодын байгууллагад төлөх 28,7 сая төгрөгийн өглөг дотор Э*** ХХК-д өгөх 4,1 сая төгрөгийн өглөгийг төлөх үүргийг хүлээнэ. 2024 онд У*** з***-д шинээр байшин бариагүй бөгөөд санхүүгийн баримт оны эцсийн өглөгөөс харахад 2024 онд өмнө баригдсан манаачийн байрыг ашиглалтад оруулсан учир тус байрын дотор заслыг хийхэд хаанаас барилгын материал авсныг хөөн үзэхэд дотор заслыг хийхдээ 4,1 сая төгрөгийг С*** ХХК руу шилжүүлж ажлыг гүйцэтгэсэн, мөн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд хийдэг урсгал засваруудын ажлыг хийхэд Ш***а ХХК, Э*** ХХК, Б***ХХК зэрэг барилгын дэлгүүрээс материал авсан нь төлбөрийн баримтаар нотлогдож байна. 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ш*** ХХК-д барилгын материалын үнэ 5,0 сая төгрөг шилжүүлж, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Э*** ХХК руу 110,0 мянган төгрөг шилжүүлсэн, 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Ш**** барилга ХХК-д 6,9 сая төгрөг, Б*** ХХК-д 2,1 сая төгрөг, Э*** ХХК-д 4,1 сая төгрөг нийт 13,1 сая төгрөгийн барилгын материалын өглөг тусгаж тайлагнасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчит компани нь харилцагч байгууллагаас хангамжийн болон бусад бараа материал худалдан авахдаа дараах анхан шатны баримтуудыг үйлдсэн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан байх ёстой. Үүнд:

1. Холбогдох албан тушаалтан засвар үйлчилгээний ажлын төсвийг гаргаж байгууллагын нягтлан бодогчоор хянуулж, гүйцэтгэх захирлаар батлуулсан байх.

2.Батлуулсан төсөвт ажлын хүрээнд шаардагдах бараа материалыг шаардах хуудсаар хүсэлт гаргаж, Гүйцэтгэх захирал, нягтлан бодогчоор гарын үсгээр баталгаажуулж зөвшөөрсний үндсэн дээр нярав харилцагч байгууллагаас авах,

3.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл (14.4 Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ: 14.4.1 аж ахуйн бүх ажил гүйлгээ 14.4.2 бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага: 14.4.3 бүх өр төлбөр: 14.4.4 аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр: 14.4.5 бүх орлого: 14.4.6 бүх зардал) эдгээр заалтуудыг огт хангаагүй, Э*** ХХК-тай холбоотой 18.2 сая төгрөгийн бараа материалыг дээрх заалтын дагуу данс бүртгэлд бүртгээгүй, орлогод хүлээн зөвшөөрч аваагүй, анхан шатны баримт бүрдлийг хангаагүй,

4.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн тухай хуулийн 20 дугаар зүйл, (20.2. Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ:)

Үүнд: НББ-ийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах: энэ хуулийн дагуу ТНА-р баталгаажуулаагүй)

5.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл (13.6. Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна. Мөн хуулийн 13.7. Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно) гэж заасан тул харилцагч байгууллагаас зарлагын падааныг тухай бүр он сар өдөр, хүлээлгэн өгсөн хүн, хүлээн авсан ажилтны гарын үсгээр баталгаажсан баримтыг 2 хувийг үйлдэж 2 тал авч санхүүгийн анхан шатны баримт болох ёстой байтал Э*** ХХК-ийн зарлагын падаанууд нь он сар өдөргүй хүлээн авсан ажилтан өөр байгууллагын ажилтан, зарим нь гарын үсэггүй, нягтлан бодогч хянаж баталгаажуулаагүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн Х*** У*** з*** нь Э*** ХХК-ийн Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан 22,3 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 4,1 сая төгрөгийг төлөх үүргийг хүлээж, үлдэх 18,2 сая төгрөгийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрөхгүй.

2023-2024 онд тус байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н***, захирал С***, түр орлон гүйцэтгэгч байсан С.Ш*** нар нь У*** ОНӨААТҮГазрын нэрийг барьж худалдан авалт хийж хувьдаа ашиглаж байсан гэдэг нь тодорхой байна. Иймд нэхэмжлэгч хууль бусаар худалдан авалт хийж хувьдаа ашиглаж байсан С*** Ш***, нягтлан Н*** нараас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2,143,000 төгрөгийн үнийн дүн бүхий 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн, 2,092,525 төгрөгийн үнийн дүн бүхий 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн, 5,318,600 төгрөгийн үнийн дүн бүхий 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн, 4,139,000 төгрөгийн үнийн дүн бүхий (он, сар, өдөр бичигдээгүй), 8,422,000 төгрөгийн үнийн дүн бүхий 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн, 195,000 төгрөгийн үнийн дүн бүхий 2023 оны 7 дугаар сарын зарлагын баримт, түүний хуулбарууд, Э*** ХХК гэх тамга дарагдсан 22,310,125 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэх түүний хуулбар, Э.Б***-с Д.О***-т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариу тайлбар, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт зэргийг (хавстат хэргийн 5-40 дүгээр хуудас)

Хариуцагч талаас хариу тайлбар, нараас 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр П.Б****-с Д.О***-т олгосон 0734 дугаартай итгэмжлэл, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Ж.Б***-с Д.О***-т олгосон 0604 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар (хавстат хэргийн 53-55 дугаар хуудас) зэргийг тус тус гаргаж өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь барилгын материалын жижиглэн болон бөөний худалдаа эрхэлдэг. Иргэн аж ахуйн нэгж байгууллагад бараа материал худалдан борлуулахдаа гэрээ, нэхэмжлэх, ...зэрэг баримтыг үндэслэн зарлагын баримтыг дэлгүүрийн худалдагч нар хөтөлж хүлээн авсан хүний гарын үсгийг зуруулж авах байдлаар бараа, материалын үнийг дараа төлөх нөхцөлөөр худалдан борлуулдаг.

Хөвсгөл аймгийн У**** х***-н з***ОНӨААТҮГ-ын удирдлагаас манай Э**** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барилгын материалын дэлгүүрээс хүүхдийн зусланд засвар хийж байгаа тул зээлээр бараа материал авъя гэх хүсэлт тавьсныг хүлээн авч зарлагын баримтыг хөтөлж бараа, материал зээлээр өгсөн. 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарын 11 хүртэл хугацаанд нийт 6 удаагийн худалдан авалтаар 22,310,125 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материалыг зээлээр худалдан авсны төлбөрийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагчийн төлөөлөгч Хөвсгөл аймгийн У*** х***-н з***ОНӨААТҮГ-ын захирал Д.Б**** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тус байгууллага нь 13 байгууллагад нийт 50,4 сая төгрөгийн өглөгтэй гарснаас нэхэмжлэгч байгууллагад 4,1 сая төгрөгийн өр төлбөр тайланд тусгагдсан байсан. Уг санхүүгийн тайланд тусгагдсан өр төлбөрийг төлнө. Үлдэх өр төлбөр нь санхүүгийн тайланд тусгагдаагүй, дээрх барилгын бараа материалаар манай байгууллагад бүтээн байгуулалт хийгдээгүй. 2023-2024 онд тус байгууллагын захирал, нягтлан бодогчоор ажиллаж байсан хүмүүсээс нэхэмжлэх нь зүйтэй гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь барилгын материал, техник, сантехник, халаалт, ус түгээх төхөөрөмж болон тэдгээрийн туслах төхөөрөмжийн бөөний худалдаа зэрэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй болох нь 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар,(хавтаст хэргийн 2 дугаар хуудас)

Хариуцагч Хөвсгөл аймгийн У*** х***-н з***ОНӨААТҮГ нь 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарын хугацаанд нийт 5 удаа нэхэмжлэгч Э**** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барилгын материалын дэлгүүрээс 22,310,125 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материалыг үнийг нь дараа төлөх нөхцөлөөр худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2,143,000 төгрөгийн үнийн дүн бүхий 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн, 2,092,525 төгрөгийн үнийн дүн бүхий 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн, 5,318,600 төгрөгийн үнийн дүн бүхий 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн, 4,139,000 төгрөгийн үнийн дүн бүхий (он, сар, өдөр бичигдээгүй), 8,422,000 төгрөгийн үнийн дүн бүхий 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн, 195,000 төгрөгийн үнийн дүн бүхий 2023 оны 7 дугаар сарын зарлагын баримт, 22,310,125 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэх, гэрч М.С***, Н***, Л.Н***, Д.Т***, Г.Ю***, Б.Б*** нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн тухайн цаг хугацаанд авсан бараа, материалын нэг бүрийн үнэ, хэмжээ, чанар бусад байдлын талаар болон нэхэмжлэгч байгууллагаас нийт 22,310,125 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материалыг үнийг дараа төлөх нөхцөлөөр худалдан авсан үйл баримтад маргаагүй.

Харин дээрх зарлагын баримтаар гарсан барилгын бараа материал нь У*** х***-н з***-н байранд хэрэглэгдээгүй, уг зээлээр авсан бараа материалын зарим хэсгийг санхүүгийн баримтад тусгаагүй учир нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ... У*** хүүхдийн зуслан ОНӨААТҮГ нь 22,310,125 төгрөгийн барааг үнийг нь дараа төлөх нөхцөлөөр авсан бөгөөд бид өгсөн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэхэмжилж байгаа гэх тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн ...Манай байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Н*** нь бараа бүтээгдэхүүн зээлээр авсан баримтуудыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд холбогдох баримтууд өөрт нь байгаа гэдгийг гэрчийн мэдүүлэгтээ тодорхой дурдсан. У*** х***-н з*** ОНӨААТҮГ-ын нэрийг барьж бараа материалыг авч өөр зүйлд зарцуулсан байх. ...гэх тайлбар зэргээс талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч гэрээний зүйл болох барилгын бараа материалыг зарлагын баримт үйлдэж хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь санхүүгийн тайланд тусгагдсан зарим бараа материалын үнэ 4,113,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ талууд байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд нэхэмжлэгч нь Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь зээлээр худалдан авсан барилгын бараа материалын үнийг хариуцагч Хөвсгөл аймгийн У*** х***-н з*** ОНӨААТҮГ нь төлөөгүй тул худалдсан бараа, материалынхаа үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2,143,000 төгрөг, мөн өдрийн 195,000 төгрөгийн үнийн дүн бүхий, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 4,139,000 төгрөгийн үнийн дүн бүхий, 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2,092,525 төгрөг, мөн өдрийн 8,422,000 төгрөгийн үнийн дүн бүхий, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5,318,600 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материалыг хариуцагч байгууллагад үнийг нь дараа төлөх нөхцөлөөр худалдсан болох нь Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тэмдэг дарж баталгаажуулсан зарлагын баримтууд,

гэрч Г.Н***-н ...Би 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр анх У*** х***-н з*** ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчоор томилогдон ажиллаж 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр санагдаж байна ажлаасаа чөлөөлөгдсөн. ...Тухайн үед засварын ажил хийгдэж байсан барилгын материалаа Э*** ХХК-иас худалдан авч байсан. ...Нийт 6 удаа зээлээр худалдан авалт хийсэн. Үүнээс 2,143,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалтыг мэдэхгүй байна. Энэ нь 2023 онд хийгдсэн худалдан авалт харагдаж байна. Энэ таван худалдан авалтын тухайд 2024 оны 8 дугаар сард 195,000 төгрөгийн үнийн дүнтэй, 2024.08.25-ны өдөр 4,139,000 төгрөгийн үнийн дүнтэй 2024.09.08-ны өдөр 2,092,525 төгрөгийн үнийн дүнтэй, 2024.09.11-ний өдөр 5,318,600 төгрөгийн үнийн дүнтэйгээр тус тус худалдан авалт хийсэн. ... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Т***-ы ...Би Э*** ХХК-ийн барилгын материалын дэлгүүрт 2023, 2024 онуудад худалдагчаар ажиллаж байсан. 2023 оноос хойш Хөвсгөл аймгийн У*** х***-н з*** ОНӨҮГ нь бараа материал зээлээр падаан бичүүлээд авч байсан. ...Эхлээд манайд бараагаа бичүүлчихээд ажлаа эхлэхээр авна гэсэн баримтууд байгаа. Баримтанд бичүүлсэн бараагаа бүгдийг нь надаас аваад явдаг байсан. Гарын үсэг зурагдаагүй ганц нэг баримт байсан байх тэр үед ажлын ачааллаас болж алдаа гаргасан зүйл байгаа. ... гэх мэдүүлэг,

Гэрч Г.Ю***-н ...Э*** ХХК-ийн барилгын материалын дэлгүүрт 2023, 2024 онуудад худалдагчаар ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн У**** ОНӨҮГ нь 2023 оноос хойш бараа материал зээлээр худалдаж авч байсан. Падаан бичиж нээж орхичхоод хэрэгцээтэй үедээ ирж бараа материалаа авдаг байсан. ...Д.О*** захирлын зөвшөөрлөөр У****гийн захирал М.С*** гэдэг хүнд өг гэснийх нь дагуу тус байгууллагын нягтлан бодогч Н***-д хүлээлгэж өгдөг байсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б****-н ...намайг ажиллаж байх хугацаанд ...Би Э*** ХХК-ийн барилгын материалын дэлгүүрт 2023, 2024 онуудад худалдагчаар ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн У****д 2024 оны зун цонхны бэлдэц материалыг би өөрийн биеэр агуулахаасаа гаргаж өгч байсан. 2023 онд би бас урд дэлгүүр дээрээс барилгын материал өгч байсан. Тоо нэг бүрчлэн хэлж мэдэхгүй байна. ...Би ээжийнхээ зөвшөөрлөөр У*** з***-н цонхны засвар хийж байсан Д*** ахад хүлээлгэн өгч байсан. Нягтлантай нь ихэвчлэн утсаар ярьж тооцоог нь өгдөг байсан. ... гэх мэдүүлэг болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Иймээс хариуцагч Хөвсгөл аймгийн У**** ОНӨААТҮГ-аас 22,310,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх үнийн дүн бүхий барилгын материалыг манай байгууллага данс бүртгэлд орлогоор бүртгэж зарлагаар тайлагнаж, өглөгийн дансанд бүртгээгүй гэж, тухайн барилгын бараа материалаар У****гийн байранд бүтээн байгуулалт хийгдээгүй, ашиглагдаагүй, 2023-2024 онд тус байгууллагын захирал, нягтлан бодогчоор ажиллаж байсан хүмүүсээс нэхэмжлэх хэрэгтэй гэж маргасан нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн худалдан авсан бараа, материалынхаа үнийг төлөх үүргээс чөлөөлөхгүй.

Учир нь нягтлан бодох бүртгэл дутуу хөтлөгдсөн, Урандөш хүүхдийн зуслангийн бүтээн байгуулалтад тухайн худалдан авсан барилгын бараа, материалыг ашиглагдаагүй гэсэн нь нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй хамааралгүй, хариуцагч байгууллагын дотоод үйл ажиллагааны санхүүгийн зөрчил, түүнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой байгаа нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэлийг бий болгохгүй юм.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023-2024 онд тус байгууллын захирал, нягтлангаар ажиллаж байсан захирал, нягтлан бодогч нараас дээрх худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох бараа материалын үнийг нэхэмжлэх нь зүйтэй гэж мэтгэлцсэн ба нэгэнт гэрээгээр худалдан авагч тал буюу У*** х***-н з***ОНӨААТҮГ-т нэхэмжлэгч бараа, материалыг олгосон тул тухайн хариуцагч байгууллагаас бараа материалын үнийг шаардах нь зүй ёсны болно.

Харин хариуцагч нь дээрх бараа материалыг ашиглаагүй, өөр бусад байдлаар зарцуулагдсан гэж үзвэл энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдав.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд зааснаар татгалзлаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн У**** ОНӨААТҮГ-аас 269,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгохоор тогтов.

Хавтаст хэргийн 3-8 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүйг, мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөвсгөл аймгийн У**** ОНӨААТҮГ-ын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн баримт 1 хавтас ... хуудас баримтыг шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн У**** ОНӨААТҮГ-аас 22,310,125 (хорин хоёр сая гурван зуун арван мянга нэг зуун хорин тав) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,500 (хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн У**** ОНӨААТҮГ-аас 269,500 (хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөвсгөл аймгийн У**** ОНӨААТҮГ-ын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн баримт 1 хавтас ... хуудас баримтыг шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН