Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 0822

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч П.Даваасүрэн, шүүгдэгч Ө.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  А овогт Ө Ш холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806036831013  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Ө Ш, 1995  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй,   бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 3, эцэг эх нарын хамт Сүхбаатар  дүүргийн 11 дүгээр хорооны Геологийн 48-1-9 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй

Холбогдсон хэргийн талаар:

          Ө.Ш нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр  Скай бааранд Б.Бадралыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Ө.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж тайлбарлах зүйл байхгүй гэв.  

     Шүүгдэгч Ө.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Скай бааранд найз О, Ж нарын хамт орсон. Тэнд ороод нэг шил архи авч хувааж уусан. Манай хоёр найз 00 орохоор яваад удаад байхаар нь би араас нь очтол танихгүй 2 залуу байсан. Уг 2 залуугийн нэгэнтэй нь би 00-д орохоосоо өмнө маргалдсан байсан юм. Намайг 00-д ортол нөгөө залуу дуудсан. Тухайн үед би нэрийг нь мэдэхгүй байсан. Одоо бол Б гэдгээр нь мэдэх болсон. Тэрээр халзан бацаанууд гөлөгнүүд гээд байхаар нь би нэг удаа алгадсан. Тэрээр зөрүүлээд миний толгойд 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би түүний нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон чинь нөгөө залуугийн хамарнаас цус гарсан. Уг залуу шууд цагдаа дуудсан гэжээ. /хх-ийн 16/

     Хохирогч  Б.Б мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай бааранд найз Б, Э, А, Э нарын хамт орсон. Тэгээд архи, пиво уусан. Бүжиглээд байж байтал нэг залуу Э цээж рүү цохисон. Би очоод салгаад ямар нэгэн зодоон болоогүй. Тэгээд 20 орчим минут бүжиглэсэн байх бүгдээрээ гарах гээд Э хамт баарны ариун цэврийн өрөөнд ортол Э анх маргалдсан залуу тэнд байж байсан. Намайг бие засаад зогсож байтал нөгөө махлагдуу залуу ирээд Э чи сая манай ахыг бөгсдөх гээд байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй ш дээ эвтэйхэн л бүжиглэсэн биз дээ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад байхаар нь би дундуур нь орж салгасан. Гэтэл нөгөө залуу миний нүүрэн тус газар эхлээд 1 цохиход нь би зөрүүлээд мөрөн тус газар нь нэг удаа цохисон. Тэгснээ нөгөө залуу миний гадуур хүрэмнээс татаж цааш нь чирээд доош дарж байгаад зүүн мөрөнд нэг удаа өшиглөсөн. Мөн миний нүүрэн тус газар өшиглөж нэг удаа цохисон. Тэгээд хүмүүс ирж бид хоёрыг салгасан. Гомдолтой байна гэжээ. / хх-н 4-13/    

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 17/

    Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 5438 тоот    ДҮГНЭЛТ:

           1.Б.Б биед хамрын ясны баруун, зүүн хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, дух хамарт зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн чамархайн хуйханд зулгаралт, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 18/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-20/

           Ө.Ш эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-39/

    Ө.Ш иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 22/,  оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 34/ хохирогч Б.Б эмчилгээний зардалд 400.000 төгрөг төлсөн баримт /хх-н 42/ зэрэг болно.  

          Ө.Ш нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах Скай бааранд Б.Б зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:  

          О.Ш Б.Б  нүүрэн тус газар нь цохисоноос  Б.Б биед хамрын ясны баруун, зүүн хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, дух хамарт зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн чамархайн хуйханд зулгаралт, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 5438  тоот дүгнэлт /хх-н 18/

     Хохирогч  Б.Б  мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн … Намайг бие засаад зогсож байтал нөгөө махлагдуу залуу ирээд Э чи сая манай ахыг бөгсдөх гээд байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй ш дээ эвтэйхэн л бүжиглэсэн биз дээ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад байхаар нь би дундуур нь орж салгасан. Гэтэл нөгөө залуу миний нүүрэн тус газар эхлээд 1 цохиход нь би зөрүүлээд мөрөн тус газар нь нэг удаа цохисон. Тэгснээ нөгөө залуу миний гадуур хүрэмнээс татаж цааш нь чирээд доош дарж байгаад зүүн мөрөнд нэг удаа өшиглөсөн. Мөн миний нүүрэн тус газар өшиглөж нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг  / хх-н 11/   

     Шүүгдэгч Ө.Ш  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Манай хоёр найз 00 орохоор яваад удаад байхаар нь би араас нь очтол  танихгүй 2 залуу байсан. Уг 2 залуугийн нэгэнтэй нь би 00-д орохоосоо өмнө маргалдсан байсан юм. Намайг 00-д ортол нөгөө залуу дуудсан. Тухайн үед би нэрийг нь мэдэхгүй байсан. Одоо бол Б гэдгээр нь мэдэх болсон. Тэрээр халзан бацаанууд гөлөгнүүд гээд байхаар нь би нэг удаа алгадсан. Тэрээр зөрүүлээд миний толгойд 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би түүний нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон чинь нөгөө залуугийн хамарнаас цус гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/  зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Ө.Ш нь Э маргалдаж байхад салгах гэж очсон Б.Б нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Ө.Ш үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

        Ө.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Хохирогч Б.Б эмчилгээний зардалд 400.000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг гэм хорыг арилгасан бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

         Ө.Ш энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А овогт Ө Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар           Ө.Ш 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460.000 төгрөгөөр торгох ялаар   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар           Ө.Шнь торгох ялыг нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар           Ө.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол эдлээгүй үлдсэн ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Ө.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.                              

6 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ө.Ш нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ө.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН