Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/82

 

 

 

 

 

 

 

 

     2024         12            17                                                          2024/ДШМ/82

 

 

Ц.Г, Б.Р нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Ү, 

Шүүгдэгч Ц.Г

Шүүгдэгч Б.Р, түүний өмгөөлөгч П.Б,

Хохирогч Ө.Ш,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/334 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч П.Б........ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Г, Б.Р нарт холбогдох эрүүгийн 2334000970104 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Г ....... аймгийн Т.................. суманд 1........... оны ............ дугаар сарын ........-ны өдөр төрсөн, ............ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Т.............. аймгийн З.......... сум, Т............. ............. дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Т................ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............оны ........... дүгээр сарын ............-ны өдрийн ............ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, С.................. овогт Б....................-ын Р.............., /РД:........................../

2.Монгол Улсын иргэн, Г ................ аймгийн Т.............. суманд ............. оны .........дугаар сарын ...........-ны өдөр төрсөн, ............... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Т........... аймгийн З.............. сум, Т.............. 2 дугаар багт оршин суух хаягтай, хувиараа мах аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, О................ овогт Ц.............. Г............, /РД:..................../

3. Шүүгдэгч Ц.Г, Б.Р нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Өвөр наймган” гэх газраас иргэн Р.Аын өмчлөлийн 2 тооны адууг бэлчээрээс хулгайлж, бусдад 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.Р нь ганцаараа Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлийн давааны ар” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ө.Шы өмчлөлийн 1 тооны адууг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар, Б.Рид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.................. овгийн Б............Р............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О.............. овгийн Ц.................. Г..............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч С............... овгийн Б................ын Р..................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч О.......... овгийн Ц..............ын Г.............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Рид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, шүүгдэгч  Ц.Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн 2334000970104 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Рийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл хойшлуулшгүйгээр баривчлагдсан 2 /хоёр/ хоног, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоног, нийт 141 /нэг зуун дөчин нэг/ хоногийг,

шүүгдэгч Ц.Гын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 139 /нэг зуун гучин ес/ хоногийг тус бүр тэдний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Роос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох хүрэн халзан зүсмийн азарганы үнэ 1.260.000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг, “Тоёота Прадо-120” маркийн 72-95 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 47,532,700 /дөчин долоон сая таван зуун гучин хоёр мянга долоон зуу/ төгрөгийг, шүүгдэгч Ц.Гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох хээр зүсмийн адууны үнэ 901,700 /есөн зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г, Б.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

4.Шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч П.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бүлэглэн машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Үын жолоодож явсан Тоёота Прадо 120 маркийн 72-95 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 47,532,700 төгрөгийг Б.Роос гаргуулж улсын орлогод оруулсугай гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Б.Р нь бага наснаасаа хагас өнчин ээжийнхээ асрамжид өсөн хүмүүжиж, өрх толгойлон хөдөө мал аж ахуй эрхлэн ажиллаж, ерөнхий боловсролын сургуульд суралцан боловсрол эзэмшээгүй, бичиг үсэг мэддэггүй, өөрийн үзэл бодлоо бусдад бүрэн илэрхийлэх чадваргүй нутгийн зон олонд тусархуу, эвсэг нэгэн бөгөөд мөрдөн байцаалтад би Р.Аын хүүгийн үсний найраар даага бэлэглэхээр болж нэгэнт өгч байгаа юм чинь үр төл өсөх байдас гүү өгөхөөр Р.Атой ярьж тохиролцон даагаа буцаан авахаар болсныг болон хохирогч гэх Ө.Шд хүрэн халзан азаргыг идэшний бор байдсан гүүгээр арилжин солихоор, мөн иргэн Д.Үт өөрийн хүрэн халзан азаргыг идэшний адуугаар сольж, тэр азаргыг Ө.Шд шилжүүлэн авч түүнээс орны адууг нь авч өгөхөөр тохирч Өлийн даваа гэх газраас Ө.Штай утсаар ярьж, адуу байгаа газрыг нь заалган 2 тооны адууг хээрээс барьж авах гээд баригдахгүй болохоор нь Д.Үын жолоодож явсан Прадо маркийн авто машинаар тууж Заамар сумын Хайлааст баг буюу Совд оруулж айлын хашаанд барьж авсан талаараа ч тодорхой мэдүүлээгүйн улмаас Б.Р нь машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлан авсан гэм буруутайд тооцогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар нотолбол зохих нөхцөл байдлуудыг тогтоолгохын тулд хохирогч гэх Ө.Ш, Р.А болон Ланд крузер прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Ү нараас мэдүүлэг авхуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хулгай хийсэн гэх бор байдсыг аваагүй. Д.Ү нь азарганыхаа оронд авсан. Би машин жолоодож яваагүй. Д.Ү машин жолоодож явсан.” гэв. 

Шүүгдэгч Ц.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Р нь Д.Үын хамт ирээд азарганыхаа орыг авах гэж явсан. Ө.Штай утсаар яриад адуу авахаар болсон. Нэгийг нь Б.Р өөрөө аваад,  нэгийг нь Д.Ү авсан. Хулгай хийсэн зүйл огт байхгүй.” гэв. 

Хохирогч Ө.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надаас авсан адууг хулгай гэж бодохгүй байна. Рэнцэндоржийг 2 адуу авахыг зөвшөөрсөн, цагдаад гаргасан өргөдлийг би өөрөө бичээгүй. Намайг цагдаа дээр очиход бичсэн байсан. Би тэрийг нь дуурайж бичсэн.” гэв.

Прокурор М.Ү давж заалдах  шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчоор тогтоогдсон Р.А болон Ө.Ш нар нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг анх цагдаагийн байгууллагад өгсний дагуу Ц.Г, Б.Р нар нь бүлэглэн Р.Аын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлсан, мөн Б.Р нь Ө.Шы 1 тооны адууг хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явуулсан. Ө.Ш нь цагдаа гомдол мэдээлэл өгсөн, би түүнийг хуулж бичсэн гэх агуулгатай зүйл ярьж байна. Ө.Шы өөрийнх нь өгсөн мэдүүлэг болон гаргасан гомдол мэдээлэл болон мэдүүлэгт адуугаа алдсан, олон хоног хайж явсан талаараа мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Р.А нь надад адуу бэлэглэсэн байсан, дараа нь асуухад авчихсан гэж хэлсэн. Р.Аын эзэмшилд оччихсон байсан адууг Б.Р нь хэлэхгүйгээр, нууцаар авсан хулгай гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Ц.Гын хувьд өнөөдрийн шүүх хуралдаан дээр хулгай хийгээгүй гэж ярьж байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн учраас анхан шатны шүүх ял шийтгэлийг оногдуулахдаа ялгамжтай оногдуулсан. Ц.Г, Б.Р нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Р, Ц.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч П.Баттулгын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж үзсэний үндсэн дээр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх юм.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл шүүгдэгч Б.Р, Ц.Г нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Өвөр наймган” гэх газраас иргэн Р.Аын өмчлөлийн 2 тооны адууг бэлчээрээс хулгайлсан,

шүүгдэгч Б.Р нь ганцаараа Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлийн давааны ар” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ө.Шы өмчлөлийн 1 тооны адууг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийн талаарх үйл баримт тогтоогдож байна.

3.1. Дээрх гэмт хэргийн үйл баримт нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-2, 51/,

хохирогч Ө.Шы “...2021 оны 11 сарын 20-ны өдрийн хавьцаа Б.Р над руу залгаж хүрэн азарганы орыг авч Үүрээд өгөх гэсэн юм, энд Үүрээ ирсэн байна гэхээр нь Өлийн давааны ард манай 4 тооны адуу байгаа, бор үрээг нь бариад аваарай, бусад гурвыг нь сарниулчхав гэж хэлэхэд за гэсэн. Тэгээд би 2 хоногийн дараа адуугаа бүртгэж үзэхэд Өлийн давааны хойно байсан 4 тооны адуунаас бор үрээ, бор байдас 2 байхгүй байсан... би Хайлааст 3 дугаар баг орж Үүрээтэй уулзахад би мэдэхгүй, Б.Р  нь Хайлааст багт машинаар тууж очоод бугуйлдаж бариад Сайхнаа гэх залууд идшинд зарсан гэж хэлсэн. Сайхнаа гэх залуутай уулзаж асуухад би Б.Роос мөнгө авах байсан, түүнийхээ оронд өгсөн, би зөрүү болгож 500,000 төгрөг түүнд өгсөн гэж хэлэхээр нь Б.Ртой утсаар ярьж “чи яахаараа хүний адуу дураараа тууж авч явж зардаг юм бэ, наад байдас чинь удам сайтай хурдан азарганы төл байсан юм”  гэтэл Б.Р би төлж өгнө гэж хэлсэн. 2021 оны 12 сард уулзахад унагатай гүү өгнө гээд өгөөгүй, 2022 оны 11 сард  өөрийнхөө хүрэн халзан азаргыг  өгөхөөр нь 1,000,000 төгрөгөөр ченжид  өгсөн.  Би өөрийн бор байдсыг авч болно гэж хэлсэн зүйл огт байхгүй, зөвшөөрөлгүй аваад хүнд зарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7-8/,

Хохирогч Р.Аын “...манайх 10 гаруй тооны адуутай ба 2021 оны 11 дүгээр сард Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг Өвөр наймган гэх газраас хонгор халзан зүсмийн нас бие гүйцсэн морь, хул зүсмийн даага хулгайд алдаад Цагдаагийн байгууллагад хандаж байна. Би алдсан адуунуудаа Заамар сумын Хайлааст багийн нутаг Галт, Жаргалант, Ханан, Ихтийн ам, Төмстэй 2 дугаар багийн нутаг Ар, өвөр наймган, Бор булан гэх газруудаар явж хайсан, мөн хууль бус гар аргаар алт олборлогч этгээдүүдийн ухсан нүх рүү унаад үхчихсэн байж магадгүй гэж бодоод нүх сүвнүүдээр хүртэл хайсан огт сураг гаргаагүй. Нутгийн залуу Рэнцэнээс худгийн мухар гэх газарт байсан талаар нэг сураг сонсоод олоогүй. Хонгор халзан зүсмийн нас бие гүйцсэн морь зөв талын гуя дээрээ "ХЗ" үсгэн тамгатай, хул зүсмийн охин даага зөв талын гуя дээрээ ширээтэй дөл тамгатай байсан. ...алдагдсан 2 тооны адуу миний эзэмшлийнх байгаа юм. Хонгор зүсмийн морийг Төв аймгийн Өндөрширээт сумын Ган-Эрдэнэ гэдэг залуугаас 2020 худалдан авч байсан, хул зүсмийн охин даагыг нутгийн залуу Б.Р 2020 оны өвөл манай хүүхдэд бэлэглээд 2021 оны 4 дүгээр сард хавар аваад би адуундаа байлгаж байгаад алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57/,

Гэрч Д.Үын “ ...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн үед Б.Р нь над руу утсаар ярьж, азарганыхаа оронд идэшний адуугаа ав гэж хэлсэн, маргааш нь би өөрийн машинтай ганцаараа Өвөр наймганд байх гэрт нь очиход Б.Р нь би морь байхгүй адуундаа яваагүй, таны машинаар адуундаа хамт явъя гэсэн...тэгээд замаараа нэг айлд очоод Ганбаяр гэх залууг хамт морь барилцаад өгөөч гээд гуйхад нь Ц.Г нь зөвшөөрөөд бид гурав адууг нь хайсан боловч олдохгүй байсаар Өлийн давааг давсан, гэтэл Б.Р нь за адуу олдохгүй юм байна, энэ хавьцаа Ө.Шы 4 тооны адуу байх ёстой түүнээс халзан азарганыхаа зарсан орыг нь авч танд өгье гээд 4 тооны адуу дээр машинтай очсон. ...машинаар 4 тооны адууг тууж байтал 2 тооны дааган шүдлэн нь зугтаагаад явсан, тэгээд бор байдсан гүү, бор үрээг нь салгаад малын тарилгын хашаанд хаших гэтэл хашаанд орохгүй байхаар нь Хайлааст 3 дугаар багийн төвийн урд хөөж авч ирээд машинаар хөөж байгаад Ц.Гаар явганаар бугуйлдуулан бор үрээг барьсан дараа нь Р.................. нь өөрөө бор байдсан гүүг бугуйлдаж барьсан, намайг та азарганыхаа оронд бор үрээг ав гэхээр нь бор үрээ нь их туранхай байсан тул би туранхай үрээ авахгүй наймаагаа буцаана гэж хэлтэл тэгвэл та энэ бор байдсан гүү ав гэж хэлсэн бор байдсан гүү арай тарган байхаар нь зөвшөөрсөн, Рэнцэндорж нь гаргаж өгсөн ...бор үрээг Б.Р нь нугасалж гаргаад Хайлааст 3 дугаар багийн Сайханаа гэх залууд зарж байгаа харагдсан. Хэдэн төгрөг юугаар зарсан талаар би мэдээгүй...Ланд крузейр маркийн 72-95 УБУ дугаартай машин нь миний эзэмшлийнх боловч манай эхнэр Батчимэгийн нэр дээр байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/

хохирогч Ө.Ш, Р.А нарын 2021 оны мал тооллогын бүртгэлийн хуулбар /1-р хх-ийн 23-30/,

хохирогч Ө.Ш, Р.А нарын хулгайд алдагдсан 3 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон Дамно ХХК-ний дүгнэлт /1-р хх-ийн 32, 78-81/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т “олон тооны малыг, бүлэглэж, эсхүл машин механизм ашиглан хулгайлсан“  байхаар хуульчлагдсан бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод түүнээс дээш тооны малыг, “бүлэглэж” гэж хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн байхыг, “машин механизм ашигласан” гэж өөрийн болон бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг тухайн гэмт хэргийн замаар олж авсан зүйлийг хурдан шуурхай авч явах, учрах саадыг арилгах, хөнгөвчлөх гэх мэт үйлдэлд ашигласан байхыг ойлгох юм.

Түүнчлэн энэ гэмт хэргийн үр дагавар нь гэмт этгээд хууль бусаар, шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр өмчлөх эрхээ шударгаар хэрэгжүүлж байгаа хүний эзэмших, захиран зарцуулах эрхэд халдаж, материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдагт оршино.

Иймд Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Рийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

шүүгдэгч Ц.Гын үйлдлийг мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус, тус зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

5.Харин прокуророос шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг зүйлчлэхдээ шүүгдэгч  Б.Рийн гэмт хэрэгт оролцсон оролцоог тодорхойлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн атлаа шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэгт хэрхэн оролцсон талаар тодорхойлоогүй нь буруу байх ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Рийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,

шүүгдэгч Ц.Гын үйлдэл холбогдлыг мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн холбогдох зүйлүүдэд зааснаар гэмт буруутайд тооцсоныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх ийнхүү хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан үндэслэл, зарчмуудыг эрх зүйн удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг дүгнэж, оногдуулж болох төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учиртай.

Анхан шүүх шүүгдэгч Б.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан төрөл хэмжээний хүрээнд 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулан, хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын  зорилгыг хангасан, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

7.Шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч П.Б нь “шүүгдэгч Б.Р нь...ерөнхий боловсролын сургуульд суралцан боловсрол эзэмшээгүй, бичиг үсэг мэддэггүй, өөрийн үзэл бодлоо бусдад бүрэн илэрхийлэх чадваргүй байдлаасаа болж мөрдөн байцаалтад бодит байдлыг мэдүүлээгүйн улмаас машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлан авсан гэм буруутайд тооцогдсон нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар нотолбол зохих нөхцөл байдлуудыг тогтоолгохын тулд хохирогч гэх Ө.Ш, Р.А болон Ланд крузер прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Ү нараас мэдүүлэг авхуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан.

7.1. Шүүгдэгч Б.Р, Ц.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хохирогч Ө.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Б.Рийг 2 адуу авахыг зөвшөөрсөн, цагдаад гаргасан өргөдлийг би өөрөө бичээгүй. Намайг цагдаа дээр очиход бичсэн байсан. Би тэрийг нь дуурайж бичсэн” гэх тайлбарыг гаргах боловч тэрээр анх цагдаагийн байгууллагад “ Миний бие нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны хооронд Заамар сумын иргэн Б.Рид 1 тооны бор азарган үрээг зарсан байсан боловч уг азарган бор үрээтэй манай адуунаас надад хэлэлгүй хамт байсан бор байдсан гүүг авч хүнд зарж, борлуулсан тул хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан /1хх-ийн 2/, мөн тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “ ...би 2 хоногийн дараа адуугаа бүртгэж үзэхэд Өлийн давааны хойно байсан 4 тооны адуунаас бор үрээ, бор байдас 2 байхгүй байсан... би Хайлааст 3 дугаар баг орж Үүрээтэй уулзахад би мэдэхгүй, Б.Р  нь Хайлааст багт машинаар тууж очоод бугуйлдаж бариад Сайхнаа гэх залууд идшинд зарсан гэж хэлсэн. ... Б.Ртой утсаар ярьж “чи яахаараа хүний адуу дураараа тууж авч явж зардаг юм бэ, наад байдас чинь удам сайтай хурдан азарганы төл байсан юм”  гэтэл Б.Р би төлж өгнө гэж хэлсэн... Би өөрийн бор байдсыг авч болно гэж хэлсэн зүйл огт байхгүй, зөвшөөрөлгүй аваад хүнд зарсан байсан” гэж мэдүүлсэн /1 хх-ийн 6-8/ байгаа нь түүний тайлбарыг үгүйсгэж байхаас гадна анхан шатны шүүхийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

8. Иймд давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч П.Баттулгын гаргасан “хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах, эсхүл хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн,...тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Р, Ц.Г нарт шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 63 хоногийг тус, тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 334 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч П.Б...............гын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р, Ц.Г нарт шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 63 хоногийг тус, тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

 

 

                                  ШҮҮГЧИД                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                       А.ЦЭРЭНХАНД