| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 127/2025/0011/3 |
| Дугаар | 127/ШШ2026/0021 |
| Огноо | 2026-06-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 127/ШШ2026/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2025/0011/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд, шүүгч О.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Л.Ц, С.А,
Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: С.Б, Б.Б,нарын хоорондын
“Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, Л.Ц, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, гуравдагч этгээд Б.Б-, гуравдагч этгээд С.Б,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох хэсгийг /Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот/хүчингүй болгуулах,
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1. Хэнтий аймгийн Засаг дарга 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр А/164 дугаартай захирамж гаргасан байна[1]. Уг захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрөнд Б овгийн Б.Б-д, 1 дүгээр баг Хийдийн 26-13 тоот хаягт байршилтай газрыг өмчлүүлэх шийдвэр гаргажээ[2].
2.2 Улмаар иргэн Б.Б-н нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийд 26-13 тоот хаягт байршилтай, 221606053 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 мкв газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1817002385 дугаарт бүртгэж, гэрчилгээг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр олгосон[3] байна.
2.3 Иргэн Б.Б,нь 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, уг газраа иргэн С.Б-д худалдаж, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг[4] байгуулж, тухайн газрыг өмчлөх эрх иргэн С.Б,д шилжиж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гарсан[5] байна.
2.4 Нэхэмжлэгч С.А,гаас 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргад хандаж, “... аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 тоот “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг[6] гаргажээ.
2.5 Улмаар Хэнтий аймгийн Засаг даргаас 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9/1615 тоот албан бичгээр “... газар өмчлөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуулийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй”[7] гэсэн хариуг өгсөн байна.
2.6 Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлээ 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасныг хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 127/ШЗ2025/0088 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн[8].
2.7 Улмаар тус шүүх нь уг хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж, 127/ШШ2025/0016 дугаартай шүүхийн шийдвэр гаргаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн[9].
2.8 Дээрх шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд С.Б, эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан[10] бөгөөд давж заалдах шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2026/0120 дугаартай магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан[11].
3. Нэхэмжлэгч С.А, Л.Ц, нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[12]: “...Бид нар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн гудамжинд хамгийн арын эгнээ буюу зам дагуу 34-04, 34-03 тоотод амьдардаг хөршүүд бөгөөд 25-30 жил амьдарч байгаа. Гэтэл 2024 оны намраас эхлэн манай 2 айлын хашааны ард залгуулж, дээврийн төмрөөр хашаа босгосон. Хашаа барьж байсан хүнээс учрыг нь асуутал, эзэн нь өмчилсөн газартаа хашаа барьж байна гэсэн. Хашаа барьж байсан Б.Б-д "...энэ газар чинь доогуураа холбооны шугамтай болохоор айлд өмчлүүлдэггүй газар юмаа. Өмнө нь бид нар удаа дараа энэ газрыг өмчилж авъя гэж хүсэлтээ өгөхөд газрын албанаас өмчид шилжүүлэх боломжгүй гээд хүсэлтийг минь хүлээн авдаггүй байсан" гэж хэлсэн. Мөн аймгийн Холбооны газрын дарга О.О-д тухайн газар доор холбооны шугам байгаа эсэхийг тодруулахаар хандахад: 2024.09.26 оны өдрийн 28/67 тоот албан бичгээр "...Танай хашааны арын зам дагуу манай холбооны бүхэл бүтэн худаг сувагчлал, байгууламж байгаа тул хашаа барих, айл буух боломжгүй" гэсэн хариу өгсөн. Ийм учиртай гэдгийг хэлээд хашаагаа буулгаж ав гэж Б.Б-д хэлээд байхад үл тоон хашаагаа татаж авахгүй одоог хүрсэн. Арга буюу 2025.07.04-нд аймгийн Засаг даргад өргөдөл гаргахад, 2025.08.01-ний өдөр 9/1615 тоот албан бичгээр “...шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэсэн хариу өгсөн. Мөн энэ маргаан бүхий газрын зүүн талын Хийдийн 26-12 тоот газрыг худалдаж авсан гэх иргэн Б- нь 2022 оноос хойш тус газар дээр маш их хэмжээний хогтой шороо асгаж, чулуу, тоосго, төмөр зэрэг барилгын материал буулгаж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж, баруун тийш нь хашаагаа сунгаж байшин барилга барьж, бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг алдагдуулж байна. Тэр газарт холбооны худаг, сувагчлал байгаа бөгөөд манай хоёр хашааны хаалгыг дарж хашаа хатгасан, шөнийн цагаар ирж их хэмжээний дуу чимээ гаргаж, хогтой шороо буулгасан.
...Бид нар өөрсдийн хашааныхаа ар талын газрыг удаа дараа өмчилж авъя гэж хүсэлт гаргаж байсан. Тэгэхэд газрын алба хүсэлтийг хүлээж авахгүй, тухайн газар холбооны шугам байгаа юм. Тиймээс иргэдэд өмчлүүлэх боломжгүй гэсэн хариуг үе үеийн газрын албаны даамал болон Хэрлэн сумын Засаг дарга нар өгдөг байсан. Бидний тухайн газрыг өмчилж авъя гэсэн хүсэлтийг хүлээж авахгүй байсан атлаа өөр иргэнд, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар, бусдад өмчлүүлж давуу байдал бий болгож, ялгавартай хандсанд гомдолтой байна. Б.Б,нь хууль бусаар авсан энэ газраа бусдад дамжуулан худалдсан байна. Мөн нийтийн эзэмшлийн газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчиж, хууль бусаар өөр иргэнд газар өмчлүүлсэн байх тул Хэнтий аймгийн Засаг даргын 2011.05.24-ны өдрийн А/164 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөр буюу Биндэряагийн Баттулгад холбогдох хэсэг /Хийд 26-13 тоот/-ийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
4. Нэхэмжлэгч С.А, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой гэсэн Үндсэн хуулийн зарчмын дагуу нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан. Манайх Хэрлэн сумын 1-р баг Хийдийн 34-04 тоотод оршин суугаад 25 жил болж байна. Хашааныхаа хойд талын элс шороо, байгалийн гамшигтай тэмцэж ирсэн. Ингээд хашааныхаа хойд талыг өмчилж авъя гэхэд үе үеийн газрын даамлууд холбооны шилэн кабельтай гээд өгдөггүй атлаа газрын зохион байгуулалтад ороогүй, газар төлөвлөлтөд ороогүй, холбооны шилэн кабель явж байгаа газрыг өмчлүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.
... 2010, 2011 оны үед хашааны хойд талд хар зураас татаж байхад нь гарч харахад тухайн үед газрын даамал байсан З болон Б.Б,хоёр зурвас татаж байсан. Би энэ талаар аавдаа хэлэхэд манай аав гарч ирээд энэ газар шилэн кабельтай гээд бид нарт өгдөггүй байсан, яагаад айл бууж байдаг юм бэ гэж асуухад З “өө уучлаарай, ийм асуудал дахиж гаргахгүй” гэж хэлээд гарын үсгээ зурж үлдээсэн байдаг.
... Би энэ газрын гэрчилгээг харж байгаагүй. Би гэрчилгээ авсан байсныг нь ч мэдээгүй...” гэв.
5. Нэхэмжлэгч Л.Ц, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Би 1995 онд тухайн үед сумын даамал н.М-д хандсанаар бид нарт тухайн газрыг зааж өгч анх гэр бүлийн хамт буусан. Бид нарыг буухад хойд талаараа хоосон, замаас хойш ямар ч айлгүй, зэлүүд газар байсан. Биднийг амьдарч байх хугацаанд байгалийн гамшигтай, хаалга дарсан цас, элстэй, хашаагаар дүүрэн хамхуул нисэж ирдэг байсан. Бид үүнтэй байнгын тэмцэж байдаг болохоор газрын даамал н.М- гэдэг хүнд маргаан бүхий газрыг өмчилж авах хүсэлт тавихад боломжгүй, холбооны шугам нисэх чиглэл рүү явдаг учраас айлд өмчлүүлэх боломжгүй гэж удаа дараа хэлж байсан. Нийтийн эрх ашигтай холбоотой зүйл хэлж байхад иргэн надад маргах ёс зүй ч байгаагүй, мөн энэ талаар маргаж яваагүй. М- гэх хүнийг ажиллахаа больсны дараа З гэдэг хүн газрын даамал болсон. Мөн Хэрлэн сумын Тамгын газарт нэг цэгийн үйлчилгээ гэж байдаг байсан. Би тухайн газар байнгын очиж уулзаж, хэцүү байгаагаа хэлж, маргаан бүхий газрыг эзэмшүүлэх боломж байгаа эсэхийг асуухад хэзээ ч хүнд өгөхгүй гэдэг зүйлийг хэлж байсан. 2011 онд буюу намрын дунд сарын 17-ны өдөр Их засаг сургуулийг хуулийн магистраар сурах гээд бүртгүүлсэн өдөр Зтай уулзахад тэр газрыг хүнд өгөөгүй хэвээр байгаа шүү гэж хэлснийг нь тодхон санаж байна. Цас, зуд байгалийн гамшгийг бид дийлэхгүй, сүүлдээ хүүхдүүд маань оюутан болоод явахын цагт хүн хүч хүрэхгүй болж багийн захиргаа, мөн Онцгой байдлын газраас хүмүүс ирж хамхуулыг шатааж байсан. 2024 онд манай хөрш ард хашаа барьчихлаа гэж хэлсэн. Гэхдээ би Б.Б,гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж, тааралдаж байгаагүй. 2025 онд намайг баруун аймаг руу аяллаар яваад ирэхэд хөрш маань өргөдөл өгье гэсний дагуу аймгийн Засаг даргад өргөдлөө өгч, үүний дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хийдийн 26-11 тоотод нэг айл бууж байшин бариад байсан. Сүүлд харахад байшингаа зарсан байсан юм байна лээ. Одоо 26-13 тоотод маш их хэмжээний барилгын материал, чулуу, тоосго, шороо асгаж хүн аюулгүй орчинд амьдрахын аргагүй болгосон. Энэ талаар миний бие болон манай хөрш Байгаль орчны газарт мэдэгдэж арга хэмжээ авхуулж байсан. Иймд Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/164 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.
...Холбооны шугамыг байшин барилга баривал янзалж болно гэж хэлж байна. Тэгвэл тэр эрх бид нарт мөн адил олгогдох ёстой байсан. Гэтэл сүүлд нь давуу байдал олгож, төр захиргааны байгууллагын буруутай үйлдлээс болж эрх тэгш байх зарчим зөрчигдөж байна. Хэрэв шугамыг янзалж болдог бол би ч янзлах боломж байсан...“ гэв.
6. Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа[13]: “...2011 оны Хэнтий аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хэрлэн сумын хэмжээнд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил нь 6, 7 дугаар багт төлөвлөгдөж, бусад багт шинээр газар өмчлүүлэх талаар тухайн төлөвлөгөөнд тусгагдаагүй. Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 тоот захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь зүйлтэй нийцээгүй тул уг газрыг хүчингүй болгох үндэслэл бий болж байна” гэжээ.
7. Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2011 онд гарсан Засаг даргын шийдвэр нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлах үүрэгтэй. Иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй. 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд холбогдох хэсгүүд тусгагдаагүй гэдэг нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна“ гэв.
8. Гуравдагч этгээд С.Б, шүүхэд гаргасан хариу тайлбартаа[14]: “...Хэнтий аймгийн Зарын сайт дээр 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот газрыг зарна гэсэн зар тавьсныг анх харсан. Тус газрыг иргэн Б.Б-ас 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр худалдан авсан. Худалдан авахад газрын гэрчилгээ, кадастрын зураг хууль ёсны дагуу байсан. Тиймээс худалдан авч өөрийн нэр дээр газрын гэрчилгээ, кадастрыг шилжүүлэн авсан. Нэхэмжлэл гаргагч тухай газарт холбооны шугам сүлжээ байгааг тусгасан байна. Миний авсан газраас зүүн тийшээ эгнээ айлууд байсан тул авсан нь үнэн. Бид барилга байгууламж барихаар болбол аймгийн Холбооны газраас зохих журмын дагуу зөвшөөрөл авахаа үүгээр мэдэгдэж байна. Иймээс нэхэмжлэгч нарын газрын гэрчилгээ цуцлахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
9. Гуравдагч этгээд С.Б,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Би анх газар зарна гэдгийг зар дээрээс хараад энэ хүнтэй яриад С.Б, гэж төрсөн дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, бичиг баримтыг нь авсан. Би Улаанбаатар хотод байдаг учраас С.Б,, Б.Б,хоёр хууль журмынх нь дагуу нотариат орж бүх бичиг баримтаа бүрдүүлсэн. Би мөнгө төгрөгийг нь шилжүүлж, худалдаж авсан. Энэ газрын жинхэнэ эзэн нь би юм. Гэхдээ өөрийнхөө нэр дээр биш төрсөн дүүгийнхээ нэр дээр худалдаж авсан.
...Холбооны шилэн кабелийг зөөдөг болсон, зөөх боломжтой, энэ талаар холбогдох байгууллагад нь хандаж болно” гэв.
10. Гуравдагч этгээд С.Б,гийн өмгөөлөгч Б.А- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гуравдагч этгээд С.Б,д маргаан бүхий газрыг өмчлүүлснээр нэхэмжлэгч С.А,, Л.Ц, нарын эрх хэрхэн зөрчигдсөн эсэх, нэхэмжлэгч нар нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх талаар тайлбар хэлье.
... Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг С.Б,д өмчлүүлснээр, мөн түүний хөрш залгаа газар болох Хийдийн 26-12 тоот хаягт байрлах газрыг бусдад өмчлүүлснээр өөрсдийн өмчлөлийн газрын хашааны хаалгыг хааж, орох гарах хөдөлгөөнд саад учруулсан, мөн Б- гэх хүн хашааны ард их хэмжээний шороо болон барилгын материал буулгасан нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэдэг байдлаар ярьж байна. Маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч нарын өмчлөлийн газар байрлалын хувьд хойд талаараа маргаан бүхий газартай залгаа, хашаа нь хойд талдаа явган хүний жижиг хаалгатай, урд талдаа хаалга гаргах боломжтой гудамтай байх тул нэхэмжлэгч нарын орох гаргах хөдөлгөөнийг хязгаарласан зүйл байхгүй, мөн Б- гэдэг хүн нь манай үйлчлүүлэгчийн нутгийн хүн боловч түүний буулгаад байгаа шороо, барилгын материалтай ямар ч холбоогүй. Мөн байгалийн гамшигт үзэгдэл нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Хийдийн 26-13 тоот хаягт байрлах нэгж талбарын 2311040185 дугаартай газрыг өмчлөхөөр удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй атлаа Б.Б-д давуу байдал олгож өмчлүүлсэн гэх тайлбарыг хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч нарын өөрсдийн тайлбаруудаас харахад албан ёсоор хүсэлт гаргасан зүйл байхгүй, Хэрлэн сумын Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/445 дугаартай албан бичгээс харахад албан ёсоор зохих байгууллагад хандаж байгаагүй болох нь харагдаж байна. Хэрэв захиргааны байгууллага иргэн Б.Б-д давуу байдал олгож тухайн газрыг өмчлүүлсэн гэж үзэж байгаа бол зөвхөн нэхэмжлэгч С.А, Л.Ц, нарын газар өмчлөх эрх зөрчигдөхгүй...
... Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талаар тайлбар хэлье.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын тайлбарууд болон нэхэмжлэгч С.А,гийн Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд гаргасан хүсэлт, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Хэнтий аймгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны 28/67 албан бичиг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/584 албан бичгүүдээс харахад Хэнтий аймгийн Засаг даргын А/164 тоот захирамж гарч Б.Б-д газар өмчлүүлсэн талаар нэхэмжлэгч нар нь 2024 онд мэдсэн байх боломжтой байна.
Гуравдагч этгээд Б.Б,нь шүүхэд гаргасан тайлбартаа 2012 оноос хойш маргаан үүсээд, манайхыг буулгахгүй байсан, мөн 2024 онд манай газар дээр хашаа хатгасан байсан гэж тайлбарлаж байна...
Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй талаар тайлбар хэлье.
... Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй атлаа шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна...
Тухайн газар 2011 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан эсэх талаар тайлбарлавал: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 05 дугаартай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07 дугаартай тогтоол авагдсан. Үүнд сумын нэр Хэрлэн, байршил Хийд, газрын хэмжээ 3.41 га, нэгж талбарын тоо 48 гэж заасан. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2/248 тоот албан бичгийн 3 дахь хэсэгт 2016 оноос өмнөх онуудад газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нэгж талбар тус бүрээр бус нэгж талбарын тоо, зориулалтаар төлөвлөгдөж байсан талаар дурдсан. Хавтаст хэрэгт авагдсан 2 тогтоолд нэг нэгж талбарыг хаяг тус бүрээр заагаагүй, харин нэгж талбарын тоо 48 гэж нийтэд нь заасан, үүний дотор маргаан бүхий газар орсон эсэх нь эргэлзээтэй байна.
С.Б, нь хуулийн хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Б.Б-ас маргаан бүхий газрыг худалдан авсан талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэж тус тус заасан. С.Б, нь Б.Б-г урьд өмнө таньдаггүй байсан, газар зарна гэсэн зарын дагуу уулзаж 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 25,000,000 төгрөгөөр тухайн газрыг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, гэрч Д.Нямцэцэгийн мэдүүлэг, газрын кадастрын зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдах үед Б.Б-г тухайн газрын өмчлөгч болохыг нотлох баримтууд болох газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын баталгааны дүгнэлт зэрэг баримтууд байсан.
... Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн албан бичиг, Хэнтий аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичгүүд, маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад холбооны шилэн кабелийн шугам байгаа нь тодорхой харагддаг.
Манай үйлчлүүлэгч С.Б, нь хашаандаа барилга байгууламж барихаар бол холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч, газраа өмчлөх боломжтой гэсэн өөрийн байр суурийг илэрхийлсэн.
... Иймд С.Б,д маргаан бүхий газрыг өмчлүүлснээр иргэн С.А, Л.Ц, нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах болон чөлөөтэй зорчих эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Б.Б-г өмнө хууль бусаар өмчилж байсан гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй учраас нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
11. Гуравдагч этгээд Б.Б,шүүхэд гаргасан хариу тайлбартаа[15]: “...Миний бие хуульд заасны дагуу газар өмчлөх хүсэлтээ бичгээр гарган 2011 он 05 дугаар сарын 24-ний өдрийн 164 дугаартай газар өмчлүүлэх тухай захирамжийн дагуу Хэрлэн сумын 1-р дүгээр багийн Хийдийн 26-13 тоотод байрлах 700 мкв газрыг өмчилж авсан.
Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэж заасан байдаг. Би хууль журмын дагуу тухайн газрыг өмчилж авсан. Уг газар нийтийн эзэмшлийн газар биш юм.
Мөн хууль ёсны дагуу иргэн С.Б,тэй худалдах худалдан авах гэрээ байгуулж 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нотариатын 06336 дугаартай гэрээгээр уг газраа худалдсан юм. Гэтэл эдгээр нэр бүхий нэхэмжлэгч нар нь өөрсдөө өмчилж чадаагүй гэдгээр хүний хууль ёсны дагуу өмчилж авсан газрыг хүчингүй болгуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй эсрэг байр суурьтай байна. Эдгээр нэхэмжлэгч нар нь хажуу хөршүүд нь амьдрах газар орчноо сайжруулах хашаа хороо барих, байшин барих зэрэг үйлдэл хийнгүүт байнга хэрүүл хэл ам хийж байдаг бөгөөд тухайн орчин газарт өөрсдөөс нь өөр хүн амьдрах боломжгүй мэтээр дураараа аашилдаг юм.
Иргэн би хуульд заасны дагуу өмчлөх эрхтэйгээр авсан тул тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
12. Гуравдагч этгээд Б.Б,шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2011 онд тухайн газрыг өмчилж авахад хуулийн дагуу Газрын албанаас бүх бичиг баримтыг гаргаж өгөөд миний нэр дээр өмчлөх эрхийг өгсөн. Би тухайн үед авахдаа ямар ч хээл хахууль өгч аваагүй, харин хуулийн дагуу бүх зүйлээ шийдүүлж авсан. Ингээд 2011 оны 9 сард өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. 2012 онд тухайн газар дээрээ буухаар очиход С.А, эгч бид хоёрын дунд маргаан үүссэн. С.А, эгч миний авах гэж байсан газрыг чи авчихлаа гэж маргаан үүсгэсэн. Би хашаагаа татаад, шонгоо зоогоод өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа гэдгээ харуулсан. Гэтэл чи хээл, хахууль өгч авсан байна гэж над руу дайрч давшилсан. Тухайн үед манайх нялх хүүхэдтэй байсан учраас хэл амны дараа гээд тус газарт буугаагүй. Хэрэв чи буух юм бол танай гэдсэнд дэх хүүхэд чинь үхэж, та нар цусаар уйлах болно шүү гэж эдний аав намайг заналхийлж байсан. Ингээд нүүхгүй явж байтал 2023 он билүү 2024 онд шон хатгачихсан байсан. Би С.А, эгчээс та манай газар дээр яагаад шон хатгаж байгаа юм бэ, өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэдгийг мэдэж байгаа биз дээ гэхэд яахаараа танай газар байдаг юм гээд дахиад маргаан үүсгэсэн. Тухайн үед маргалдаагүй орхисон.
Хэрэв та мөнгөө өгвөл би танд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгч болно шүү гэж хэлэхэд би өөрөө авах гэж байсан газрыг яахаараа чамаас мөнгөөр авдаг юм гэж хэлсэн. Би тэгэхэд нь юм хэлээгүй. Хуулиараа Монгол Улсын иргэн бүр Монгол Улсын газар нутаг дээр хаана ч амьдрах, оршин суух эрхтэй гээд хуульчилсан байдаг юм байна лээ. Мөн тухайн газар дээр яагаад энэ айл байгаа мөртлөө хаяанд нь манайх байж болохгүй гэж, бид хоёр ч гэсэн хөрш болоод амьдарч болно шүү дээ. Гэтэл намайг байж болохгүй гээд үндэслэлгүйгээр хөөж байна. Хэрэв С.А, эгч 5 жилийн дотор маргаан үүсгэсэн бол хуулиараа цуцлах эрх байдаг юм байна лээ. Гэхдээ 5 жил биш 14 жилийн дараа маргаан үүсгэсэн учраас ямар ч цуцлах эрх байхгүй гэсэн үг. Иймээс би газраа иргэн С.Б,д 25,000,000 төгрөгөөр зарж, шилжүүлж өгсөн. Ингэхдээ хууль журмын дагуу газрын албаар ороход таны газар ямар ч маргаан байхгүй учраас зарж болно, шилжүүлж болно гэж хэлсэн учраас орох ёстой бүх байгууллагаар орж өмчлөх эрхийн гэрчилгээг С.Б, гэдэг хүний нэр дээр гаргаж өгсөн. Гэтэл үүний дараа С.А, эгч надтай маргаан үүсгэж шүүхэд өгсөн байсан. Би Монгол Улсын иргэн хүн учраас аль ч нутаг дэвсгэр дээр өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газраа амьдрах эрхтэй гэж бодож байна.
...Тухайн үед яах гэж газрыг өмчлөх эрхийн гэрчилгээтэй гаргасан юм. Хэрэв тэгж өгөөгүй байсан бол өнөөдөр энэ маргаан үүсэхгүй байсан. Гэтэл 14 жилийн дараа маргаан үүсгээд ирэхээр арьсаа хамгаалах гэж одоо цуцална гэдэг байдлаар хандаж болохгүй шүү дээ. Тэгэхээр иргэн бид нар хохирох гэж байна.
... Айл болгон хажуу талдаа хөрштэй байдаг шүү дээ. Гэтэл яагаад ад үзээд байгааг ойлгохгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэж, С.А,, Л.Ц, нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч С.А, Л.Ц, нараас Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан: “Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1. Нэхэмжлэгч нар нь “...тус газар дээр маш их хэмжээний хогтой шороо асгаж, манай хоёр хашааны хаалгыг дарж хашаа хатгасан, шөнийн цагаар их хэмжээний дуу чимээ гаргаж, нийтийн эзэмшлийн газарт барилга барьж аж ахуйн үйл ажиллагаа явуулж бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихөөс гадна газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлүүлэхээр тусгагдаагүй газар байсан. Уг газарт холбооны худаг, сувагчлал байдаг ба бид өөрсдийн хашааныхаа ар талын газрыг өмчилж авъя гэж удаа дараа Хэрлэн сумын газрын даамалд хандаж байсан ч холбооны шугамтай гээд хүлээж авахгүй байсан атлаа өөр иргэнд өмчлүүлж давуу байдал бий болгож, ялгавартай хандсанд гомдолтой..” гэж, Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2011 оны Хэнтий аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хэрлэн сумын хэмжээнд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил нь 6 дугаар баг, 7 дугаар багт төлөвлөгдөж, бусад багт шинээр газар өмчлүүлэх талаар тухайн төлөвлөгөөнд тусгагдаагүй. Иймд уг захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуультай нийцээгүй....” тус тус маргадаг.
Гуравдагч этгээд Б.Б,нь “… уг газрыг хуульд заасан журмын дагуу өмчилж авсан”, С.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- “уг газрыг хуульд заасны дагуу Б.Б-ас худалдаж авсан” гэж тайлбарладаг.
2.2. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “4.1.Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ: 4.1.1.гэр бүлийн хэрэгцээний;”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн “5.1.Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална: 5.1.2.иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн “12.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй: 12.1.3.аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;” гэж тус тус заасан.
2.3. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №05[16] дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар “Иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулсан шинээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ”-г тус сумын 6,7 дугаар багийн нутагт өмчлүүлэхээр, 4 дүгээр хавсралтаар “Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил хэмжээг “Хэрлэн багийн Хийд хаягт 48 өрхийн 3.41 га” гэж өмчлүүлэхээр баталсан байна.
2.4. Мөн Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, 2011 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, 07 дугаар тогтоол[17] гаргасан байна. Уг тогтоолын хоёрдугаар хавсралтаар Иргэнд ахуйн зориулалтаар шинээр үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээг баталжээ. Хэрлэн сумын хэмжээнд, тухайн тогтоолын хавсралтад, Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээ-г зөвхөн 6, 7 дугаар баг буюу Өлзийт тосгон, Малчдын хорооллын урд талд гэж тусгасан байна.
2.5. Иймээс Хэрлэн сумын 2011 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хэрлэн сумын 1 дүгээр баг “Хийдийн” гэсэн хаяг байршилд шинээр газар өмчлүүлэхээр тогтоогоогүй байна.
2.6. Гуравдагч этгээд Б.Б-н газрын хувийн хэргийг шүүхэд нотлох баримтаар[18] ирүүлэхэд өмнө нь уг газрыг эзэмшиж байсан үйл баримт байхгүй байх ба шүүх хуралдаанд шүүгчийн “уг газраа өмнө нь эзэмшиж байсан уу” гэсэн асуултал Б.Б,“шинээр энэ газрыг өмчилж авсан”[19] гэж хариулснаас үзэхэд маргаан бүхий газрын анхны өмчлөгч Гуравдагч этгээд Б.Б,нь өмнө нь эзэмшиж байгаагүй, шинээр өмчилж авсан нь тогтоогдож байна.
2.7. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн “6.1.Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ: 6.1.1.хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт;”, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн “28.1.Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ. Хамгаалалтын зурвас газар нь дараахь хэмжээтэй байна: 28.1.2. кабелийн шугамаас тал бүртээ 5 метр;” мөн хуулийн 29 дүгээр зүйлийн “29.3. Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 29.3.1. барилга, гэр, хашаа барих, мод тарих;” гэж заасан.
2.8. Маргаан бүхий газрын доогуур холбооны сувагчлал бүхий шилэн кабель байгаа нь “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-ийн Хэнтий аймаг дахь Салбарын 2026 оны 06 сарын 15 өдрийн 28/38 тоот албан бичиг[20], тус Салбарын дарга О.О-ийн гэрчийн “…Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот хаягт байгаа газарт мэдээлэл холбооны инженерийн байгууламж болох худаг сувагчлал кабелийн хамт газар доогуур 60-80см орчимд булагдсан байгаа. Энэ сувагчлал нь 2 яндантай нисэх чиглэлийн шилэн болон физик кабель байдаг” гэх мэдүүлэг[21], Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №01/422 дугаартай албан бичгүүдээр[22] уг маргаан бүхий газарт хойд хэсгээрээ урт нь 30.37м, зүүн талаараа 1.86м, баруун талаараа 2.77м давхцалтай гэх баримтуудаар тогтоогдож байна.
2.9. Иймээс иргэнд газар өмчлүүлэхийг хуулиар хориглосон, харилцаа холбооны зориулалттай хамгаалалтын зурвас газарт Гуравдагч этгээд Б.Б-д газар өмчлүүлсэн нь тогтоогдож байна.
2.10. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасан.
2.11. Маргаан бүхий захиргааны актыг үндэслэн Б.Б-д Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот хаягт байршилтай, 221606053 /хуучин/ нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м2 /0.07га/ газрын хууль ёсны өмчлөгчөөр 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-1817002385 дугаарт бүртгэж, гэрчилгээг олгосон байна.[23]
2.12. Б.Б,тухайн 2311040185 /шинэ/ нэгж талбарын дугаартай газраа 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Б-д худалдаж, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан, тухайн газрын өмчлөх эрх С.Б,д шилжсэн. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр С.Б, нь хуульд заасны дагуу өөрийн нэр дээр бүртгүүлж авсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.[24]
Нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:
2.13. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“.. хашааны хойно их хэмжээний хогтой шороо асгасан, хашааны хойд хаалгыг дарж хашаалсан байсан, чөлөөтэй зорчихыг хязгаарласан, шөнийн цагаар их хэмжээний дуу чимээ гаргах … барилга барьж аж ахуйн үйл ажиллагаа явуулж бидний Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна…” гэж маргадаг.
2.13.1. Шүүхээс маргаан бүхий газарт 2026 оны 6 дугаар сарын 09-ний өдөр үзлэг[25] хийхэд “Нэхэмжлэгч Л.Ц,гийн газар нь Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 34-03 тоот, нэхэмжлэгч С.А,гийн газар нь Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 34-04 тоот хаягт тус тус хөрш байрлалтай байх ба нэхэмжлэгч нарын хашаа нь байрлалын хувьд ертөнцийн зүгээр хойд талаараа уг маргаан бүхий газартай залгаа байх бөгөөд хойшоо харсан явган хүний хаалгануудтай, хаалгыг хаасан хог шорооны овоолго байхгүй, харин нэхэмжлэгч нарын амьдардаг хашаа газар нь урд талаараа чөлөөтэй зорчих боломжтой байдлаар хаалганы орц, гарцтай тэдгээр нь хаагдсан зүйлгүй, эгнээ бүхий гудамтай” байсан.
2.13.2. Нэхэмжлэгч С.А, шүүх хуралдаанд “…Хашааны ард талын жижиг хаалгыг дараад маш их хэмжээний баастай шороо хаясан. Бид Байгаль орчинд хэлж шаардлага тавиулж байж 6 сонсмоол шороо ачуулсан. … Мөн айл буувал маш их дуу чимээтэй болно …” гэх тайлбар[26], гуравдагч этгээд С.Б,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан шүүхийн хэлэлцүүлэгт “шүүхийн маргаантай байгаа учраас одоогоор хашаа байшин барьж уг газартаа амьдраагүй … аж ахуйн үйл ажиллагаа явуулаагүй, дуу чимээ гаргаагүй, хөрш Б- гэх хүнийг танихгүй, шороо овоолсон, дуу чимээ гаргасан эсэхийг би мэдэхгүй” гэж мэдүүлдэг.[27]
2.13.3. Түүнчлэн нэхэмжлэгч нарын зүгээс ”…их хэмжээний дуу чимээ гарна ... аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг” талаар шүүх хуралдаанд болон нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргаж байгаагүй тул нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан энэ талаарх тайлбар ямар нэгэн нотлох баримтаар тогтоогдоогүй.
2.14. Мөн нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... бид өөрсдийн хашааныхаа ар талын газрыг өмчилж авъя гэж удаа дараа Хэрлэн сумын газрын даамалд хандаж байсан ч холбооны шугамтай гээд хүлээж авахгүй байсан хирнээ өөр иргэнд өмчлүүлж давуу байдал бий болгож, ялгавартай хандсан, иргэн бүрд тэгш эрхтэй байхыг зөрчсөн…” гэж маргадаг.
2.14.1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1/445 тоот албан бичигт “нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг эзэмших өмчлөх хүсэлт гаргаж байгаагүй” гэж дурджээ.[28]
2.14.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нар нь “...өмчилж авмаар байна гээд Хэрлэн сумын газрын даамал, нэг цэг дээр очихоор шугам сүлжээтэй газар олгохгүй гэдэг байсан учраас бичгээр хүсэлт гаргаж байгаагүй, энэ талаар шүүхэд аливаа маргаан гаргаагүй” гэж тайлбарлаж байна.[29]
2.14.3. Мөн нэхэмжлэгч Л.Ц, нь тухайн маргаан бүхий газрын хөрш газар болох Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 34-03 тоот хаягтай 2311023504 нэгж талбарын дугаартай газрыг өмчилж эзэмшдэггүй ч уг хашаанд амьдардаг нь иргэний үнэмлэхийн хаяг, хаягийн лавлагаа, өөрийнх нь “…уг хашаанд 1995 оноос хойш амьдарч байгаа, нөхрийн нэр дээр газар өмчлөл бүртгэлтэй”[30] гэх тайлбар зэргээр тогтоогдож байгаа тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн болно.
2.15. Иймд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “106.3. Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1. захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж заасан.
2.17. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл нь “хуульд нийцээгүй байх” төдийгүй “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх” явдал юм. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох боломжтой, харин аль нэг нөхцөл нь хангагдаагүй тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгохгүй.
2.18. Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 07 дугаар тогтоол, Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны 05 дугаар тогтоолоор тухайн аймаг, сумын 2010 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа маргаан бүхий газрын хаяг байршилд хамаарах газрыг иргэнд шинээр өмчлүүлэхээр төлөвлөөгүй байхад Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 6 дугаар зүйлийн 6.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг зөрчин, мөн Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.1-т заасан иргэнд газар өмчлүүлэхийг хуулиар хориглосон, харилцаа холбооны зориулалттай хамгаалалтын зурвас газарт маргаан бүхий захиргааны актаар Б.Б-д газар өмчлүүлсэн нь хууль бус хэдий ч нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
2.19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилтоос дүгнэхэд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны алдааг хянах, засах зорилгогүй, харин нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул дээрх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэгч нараас гаргасан Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.20. Иргэдийн төлөөлөгч Б.Болдсайхан “Эзэнгүй газар дээр гэрчилгээ гаргаад өгсөн болохоор тэр хүний өмч болж байгаа. Гэрчилгээ гэдэг чинь энэ хүний эзэмшил гээд гаргасан. Тэр газар дээрээ юугаа барина уу тэр хүний асуудал гэж бодож байна” гэж дүгнэлт гаргасныг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.А, Л.Ц, нараас Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч С.А, Л.Ц, нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
5. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРМАА
ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧ О.МӨНХЗУЛ
[1] 1-р хавтаст хэргийн 123 дугаар хуудас,
[2] 1-р хавтаст хэргийн 124 дүгээр хуудас,
[3] 1-р хавтаст хэргийн 95 дугаар хуудас,
[4] 1-р хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас,
[5] 1-о хавтаст хэргийн 40 дүгээр хуудас,
[6] 1-о хавтаст хэргийн 5 дугаар хуудас,
[7] 1-р хавтаст хэргийн 3 дугаар хуудас,
[8] 1-р хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас,
[9] 1-р хавтаст хэргийн 152-166 дугаар хуудас,
[10] 1-р хавтаст хэргийн 170-172 дугаар хуудас,
[11] 1-р хавтаст хэргийн 185-190 дугаар хуудас,
[12] 1-р хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас,
[13] 1-р хавтаст хэргийн 21 дүгээр хуудас,
[14] 1-р хавтаст хэргийн 39 дүгээр хуудас,
[15] 1-р хавтаст хэргийн 231 дүгээр хуудас,
[16] 1-р хавтаст хэргийн 61-71 дүгээр хуудас,
[17] 1-р хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас,
[18] 1-р хавтаст хэргийн 88-98 дугаар хуудас,
[19] 2-р хавтаст хэргийн 116 дугаар хуудас,
[20] 2-р хавтаст хэргийн 31 дүгээр хуудас,
[21] 2-р хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас,
[22] 2-р хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас,
[23] 1-р хавтаст хэргийн 95 дугаар хуудас,
[24] 1-р хавтаст хэргийн 40 дугаар хуудас,
[25] 2-р хавтаст хэргийн 2-7 дугаар хуудас,
[26] 2-р хавтаст хэргийн 123 дугаар хуудас,
[27] 2-р хавтаст хэргийн 119 дүгээр хуудас,
[28] 2-р хавтаст хэргийн 96 дугаар хуудас,
[29] 2-р хавтаст хэргийн 121 дүгээр хуудас,
[30] 2-р хавтаст хэргийн 113 дугаар хуудас,