| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00703/И |
| Дугаар | 137/ШШ2025/00633 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 137/ШШ2025/00633
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ү-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 11,449,342.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүрэг, ..-р хороо, .. байрлах, П ББСБ ХХК /ХХД: .., РД:.., утас:../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Ү нь манай компанитай 2024 оны 05 сарын 27-ны өдөр L100018966 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 7818028942 зээлийн дансны дугаартай, 1,218,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721587810 банкны тоот дансанд;
2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 7100583584 зээлийн дансны дугаартай, 6,670,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721587810 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 09 сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2024 оны 08 дугаар сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 1,096,199.39 төгрөг, шимтгэл: 21,930.00 төгрөг, үндсэн хүү 582,217.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,705.94 төгрөг, нийт 1,807,052.34 төгрөг.
2. 2024 оны 08 дугаар сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 6,669,999.03 төгрөг, шимтгэл: 0.00, үндсэн хүү 2,826,128.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 138,662.21 төгрөг, нийт: 9,634,789.96 төгрөг болоод байна. Иймд зээлдэгч Н.Үүрийнцолмонгоос үндсэн зээлийн төлбөрт 7,766,198.42 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,408,345.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 245,368.15 төгрөг, шимтгэл 21,930.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00 төгрөг, нийт 11,449,342.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, П овогт Н-ын Ү /РД: .., утас: ../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н-ын Ү миний бие П ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Анх 2 болон 6 сая төгрөгийн зээл авч байсан нь үнэн. П ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 11,449,342.3 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Н.Ү-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,449,342.3 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ү нь зээлийн гэрээний үүрэгт 11,449,342.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ү-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 11,449,342.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Ү нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,139 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 99,069.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 99,069.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Н.Ү нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б