| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 127/2026/0007/3 |
| Дугаар | 127/ШШ2026/0020 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 127/ШШ2026/0020
Нэхэмжлэгч, хариуцагч нарын
эвлэрэл, нэхэмжлэлийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 127/2026/0007/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би нэхэмжлэгч Ш.Г-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох “...Аймгийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 240 дугаартай “Газар өмчлүүлэх тухай" захирамж 1 дүгээр хавсралтын 8 дугаар хуудасны дэс дугаар 113-т байгаа 5 дугаар баг, Шинэ Дулааны “Б”-12-01 тоотод иргэн П.Б- /.............../-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Би Монгол Улсын Газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээнд 0.07 га хүртэлх газрыг нэг удаа үнэгүй өмчлөхөөр Хэнтий аймгийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 20-ны 138 дугаар захирамжаар Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулаан Б-12-01 тоот газрыг өмчлөн авсан.
Гэтэл 4 сарын дараа буюу 2010 оны 9 дүгээр сарын 03-нд Хэнтий аймгийн Засаг дарга 240 дүгээр захирамжаараа дээрх байршилд иргэн П.Б-д захирамжийн 1 дүгээр хавсралтын 8 дугаар хуудас №113-д Хэрлэн сум 5 дугаар баг Шинэ Дулаан Б-12-01 тоот газрыг олгосон шийдвэр гаргажээ.
Гэр бүлийн хэрэгцээнд миний өмчилсөн газар өөр хүний өмчилсөн газартай давхцаж буйг шийдвэрлүүлэхээр аймгийн Газрын Харилцаа Хот Байгуулалтын Газарт өргөдөл гаргасан.
Өргөдлийн дагуу 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Хэнтий аймгийн Барилга хот Байгуулалтын газраас, газрын даамлын буруутай үйл ажиллагааны улмаас хаяг давхардсан болох нь тогтоогдож, шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн.
Энэхүү албан бичгийг хүлээн аваад аймгийн Засаг дарга болон өөр бусад байгууллагад гомдол гаргаж байгаагүй болно.
Ийнхүү шинэ суурьшлын бүс Хэрлэн 5 дугаар баг, Шинэ дулаан дахь миний өмчилсөн газар дээрээ хашаа байшин барих, амьдрах, ашиглах, захиран зарцуулах өмчлөх эрхүүд давхардуулан газар өмчлүүлсэн захиргааны шийдвэрийн улмаас зөрчигдөж байна.
... Захиргааны Ерөнхий хуулийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэснийг үндэслэн Хэнтий аймгийн Засаг даргын 2010.09.03-ны 240 дугаар захирамжаар иргэн П.Б-д хамаарах газар өмчлүүлэх шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Ш.Г- нь аймгийн Засаг даргын 2010 оны 138 тоот захирамжийн 1-р хавсралтын 3-р хуудасны 42 дэх хэсэгт 700 м2 талбай, 5-р баг, Шинэ дулаан "Б" 12-01 тоот хаягт 221605374 нэгж талбарын дугаартай өмчлөлийн газартай байна.
Иргэн П.Б нь аймгийн Засаг даргын 2010 оны 240 тоот захирамжийн 1-р хавсралтын 8 дугаар хуудасны 113 дахь хэсэгт 700 м2 талбай, 5-р баг Шинэ дулаан "Б" 12-01 тоот хаягт 221605643 нэгж талбарын дугаартай өмчлөлийн газартай байна.
"Газрын кадастрын мэдээллийн сан"-г солбицолын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд "Газрын кадастрын мэдээллийн сангийн өргөдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажлын хүрээнд 2016 онд "Лэнд менежер-ЛМ"-д шилжин, иргэдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газрын нэгж талбарын дугаарлалт системээс автоматаар олгогддог болж өөрчлөгдсөн.
Иргэдийн мэдээллийг газрын кадастрын системээс шалган үзэхэд Шаравжамцын Ганбат нь 2311029514 нэгж талбарын дугаартай 699 м2 талбай, 5-р баг, Өндөрхаан Шинэ дулаан "В" 12-01 тоот хаягт байршилд, Пүрэвдоржийн Бат-Эрдэнэ нь 2311021616 нэгж талбарын дугаарт 699 м2 талбай, 5-р баг Өндөрхаан, Шинэ дулаан "Б" 12-01 тоот хаягт байршилтай байна.
Үүнээс үзэхэд тухайн 2 иргэний газрыг давхардуулан олгоогүй, харин хаягийг тухайн үеийн захирамжид давхардуулан олгосон байна гэж дүгнэж байна.
"Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэнийг харахад 2 иргэн нь газар дээрээ хашаа барьж ашиглаагүй байгаа бөгөөд, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн хаягжилтаар Ш.Г-ын өмчлөлийн газрын хаягийг 5-р баг, Өндөрхаан, Шинэ дулаан "В" 12-01 тоот болгон аймгийн Засаг даргын 2010 оны 138 тоот захирамжийн 1-р хавсралтын 3-р хуудасны 42 дэх хэсэгт өөрчлөлт оруулан залруулах боломжтой юм.
Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 240 дүгээр захирамжийн 1-р хавсралтын 8-р хуудасны 113 дугаар хэсгийн П.Б- /............../-д хамаарах гэр бүлийн хэрэгцээнд олгосон шийдвэр нь хуулийн дагуу олгосон байна. Хэнтий аймгийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 138-р захирамжийн 1-р хавсралтын 3-р хуудасны 42 дэх хэсгийн Шаравжамц овогтой Ганбат /............../-д хамаарах гэр бүлийн хэрэгцээнд олгосон шийдвэр нь хаягийг давхардуулан олгосон тул өөрчлөлт оруулах боломжтой болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г-аас Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “...Аймгийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 240 дугаартай “Газар өмчлүүлэх тухай" захирамж 1 дүгээр хавсралтын 8 дугаар хуудасны дэс дугаар 113-т байгаа 5 дугаар баг, Шинэ Дулааны “Б”-12-01 тоотод иргэн П.Б- /.............../-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , гуравдагч этгээд П.Б нар нь хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулан, гарын үсгээ зурцгааж, харилцан буулт хийж эвлэрэн, хоорондын маргаанаа дуусгавар болгосон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “.... нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй" гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн “68.1.Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, “68.4.Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ш.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , гуравдагч этгээд П.Б нар нь харилцан ойлголцож, эвлэрлийн гэрээ байгуулсан ба энэ нь хэргийн оролцогч нарын болон бусад этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.
Хэргийн оролцогч нар нар 2026 оны 6 дугаар сарын 09-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээндээ:
“... Бид дараах байдлаар эвлэрэв.
- Нэхэмжлэгч Ганбат би өөрийн өмчлөх гэрчилгээнд байгаа Хэрлэн сумын Шинэ дулааны Б-12-01 тоот хаягийг, Хэрлэн сумын Шинэ дулааны В-12-01 тоот хаяг болгон өөрчлөлт оруулж, “Кадастрын мэдээллийн санд” оруулж, бүртгэл хийхийг хүлээн зөвшөөрч байна.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б би аймгийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийн хаягийг засаж, иргэн Ш.Г-ын захирамжийг гаргуулах, мөн 2010 онд гарсан 221605374 нэгж талбарын дугаар нь 2018 онд “ЛМ” нэгдсэн программд өөрчлөлт орж 2311029514 нэгж талбарын дугаар болж өөрчлөгдсөн тул аймгийн Засаг даргын захирамж шинэ нэгж талбарын дугаараар гарах ба Ганбатын газартай холбоотой асуудлаар хуульд нийцүүлэн нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрийг гаргуулна.
- Гуравдагч этгээд П.Б миний хувьд өмчлөлийн газрын байршил, газрын гэрчилгээ, хаягжилт, өөрчлөгдөхгүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч талын хоорондын эвлэрэл нь гуравдагч этгээд миний эрх ашгийг хөндөхгүй тул эвлэрлийг хүлээн зөвшөөрч байна.
... Бид эвлэрч, хоорондын маргаанаа дуусгавар болгож байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, шүүхээс гарах захирамжийн үр дагаврыг олгосон” гэсэн байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар эвлэрч, хоорондын маргааны дуусгавар болгосон эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан тул шүүхээс тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ш.Г-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох “...Аймгийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 240 дугаартай “Газар өмчлүүлэх тухай" захирамж 1 дүгээр хавсралтын 8 дугаар хуудасны дэс дугаар 113-т байгаа 5 дугаар баг, Шинэ Дулааны “Б”-12-01 тоотод иргэн П.Б- /.............../-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.
ШҮҮГЧ Б.БАЯРМАА