| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0849/Э |
| Дугаар | 974 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 974
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Иргэдийн төлөөлөгч Б.Эрхэмбаяр,
Шүүгдэгч Б.Л , түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Л д холбогдох 1706 03844 0612 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 26-8 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Нийслэлийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 84 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 жилийг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
Хархорин дахь Сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, өмнө таслан шийдвэрлэх тогтоолуудаар оногдуулсна ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар, 12 хоногийг нэмж, нийт 2 жил 1 cap 12 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн,
Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,
регистрийн дугаар ЧВ77112319, хэрэг хариуцах чадвартай Б Л .
/Холбогдсон хэргийн талаар /
Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 12 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хөдөө аж ахуйн яам”-ны хажууд гудамжинд иргэн Э.Ариунбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруун тус газар нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2018 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын ойролцоо иргэн Э.Одхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцосны гадна үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хийсэн 386 дугаартай дүгнэлт /хх-24-27/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцосны гадна үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн 1290 дугаартай дүгнэлт /хх-77/, гэрч Ц.Энхбатын өгсөн мэдүүлэг /хх-71/, хохирогч Э.Ариунбаярын өгсөн мэдүүлэг /хх-64/, шүүгдэгч Б.Л урьд ял шийтгэгсэн эсэхийг шалгах хуудас /хх-194/, шүүгдэгч Б.Л иргэний үнэмлэхний лавлагаа /хх-193/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
а/ Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 12 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хөдөө аж ахуйн яам”-ны хажууд гудамжинд иргэн Э.Ариунбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруун тус газар нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Ариунбаярын өгсөн: “...Хөдөө аж ахуй яамны хойд талын автобусны буудал дээр Ууганаагийн машинаас буугаад шөлөндөө орох гэтэл 30 гаруй насны эрэгтэй хүн гэнэт намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохих гэтэл би согтуу байсан учраас цохиж чадаагүй. Тэгтэл тэр залуу намайг ална гээд хойноос хөөгөөд байсан. Тэгээд би зугтаагаад явж байтал гэнэт миний цээж хөндүүрлээд байсан. Тэгтэл цагдаа нар надтай маргалдсан залууг бариад авчихсан байсан. Тэгтэл миний нуруунд хутгалсан байсан...”/хх-10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч У.Ууганбаярын өгсөн: “...Хөдөө аж ахуй дээр байж байхад Ариунбаяр машинаас минь буусан. Түүний найз охин Хандаа намайг дуудаад Ариунбаяр зодоон хийгээд байна гэхээр нь би машинаасаа буухад Ариунбаяр үл таних 40 орчим насны эрэгтэй хүнтэй зууралдаад маргалдаад байсан. Тэгэхээр би салгах гээд дундуур нь ороход үл таних залуу бариул нь цэнхэр иштэй хутга энгэрээсээ гаргаж ирэхээр нь би холдсон. Э.Ариунбаярыг тухайн залуу араас нь хөөж гүйж байгаад араас нь хутгалсан” /хх-29-30/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн цогцост хийсэн 366 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Э.Ариунбаярын биед баруун далны доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн, цээжний хөндийг нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-24-27/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Л гийн яллагдагчаар өгсөн: “…2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 22 цагийн үед Бөхийн өргөөний баруун хойд талд байрлах кебабны газар хоол идээд гарч ирсэн чинь урд нь зүс таних Э.Ариунбаяр нэг машинаас бууж ирээд надтай хэрүүл өдөөд маргалдаад байхаар нь би тухайн үед “би чамтай муудалцмааргүй байна” гээд бид хоёр салаад цаашаа 2-3 алхаж байсан чинь Э.Ариунбаяр ардаас ирээд өшиглөөд цаашаа явахаар нь би хөөж очоод куртикны халаасан байсан хутгаар Э.Ариунбаярын нуруун тус газар нь 1 удаа хутгалсан. Хутгалсан хутгаа тэнд хаясан санагдаж байна. Э.Ариунбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би ч жаахан архи уусан байсан.” /хх-38-39, 61-63/ гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн бусад бичмэл нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
б/ Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын ойролцоо иргэн Э.Одхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Одхүүгийн өгсөн: “…2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө үүрээр 4 цагийн үед Хөдөө аж ахуйн шөлөндөө цайны газрын үүдэнд тамхи татаад зогсож байхад нэг танихгүй залуу ирээд манай найзтай юм яриад байхаар нь болиоч гэж хэлсэн. Тэгтэл намайг гараараа эрүүнд цохьсон. Би унаад босоод ирсэн. Эрүү хугарсан байсан гэдгийг тэр үедээ мэдээгүй явсан. Юм идэж чадахгүй болохоор нь гэртээ очоод гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эрүү чинь хугарсан байна гэж хэлсэн...хүмүүсээс асуухад Махан толгой хочтой Лхагва гэдэг хүн цохисон гэж хэлж байсан.” /хх-74-75/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Энхбатын өгсөн: “…2017 оны 12 дугаар сарын 31-нд гэртээ очиход хүү Э.Одхүү нь зүүн хацар нь хавдсна шүлс нь гоожсон, маш өндөр халуунтай хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад юм ярьж чадахгүй байсан. Амаа нээж чадахгүй шүлс нь гоожоод байхаар нь гэмтэл рүү авч явсан. Зураг авахуулахад эрүү нь хугарсан, хойд арааг нь дайрч хугарсан байна яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж байсан. Тэгээд цэргийн төв эмнэлэгт ирээд одоо 6 давхарт эрүү нүүрний мэс заслын тасагт хэвтэж байгаа. /хх-70-71/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч З.Отгонбилэгийн өгсөн: “…Он сарыг нь тодорхой санахгүй байна. Э.Одхүү нар намайг дуудахаар нь гарч ирээд хамт архи уусан. Бид нар ганц хоёр юм уугаад гэр гэр рүүгээ явдаг юм. Тэр өдөр буудалд хамт хонохоор болсон. Хөдөө аж ахуй дээр уусан. Харанхуй болсон байхад Хөдөө аж ахуй дээр би тэд нарын хамт очсон. Хаана юу болсон талаар санахгүй байна. Би тасраад сэрэхэд буудалд хэвтэж байсан. Маргааш өглөө нь Э.Одхүү зүүн эрүү нь хавдсан байдалтай, намайг цохисон гэж хэлж байсан. Махан толгой гэх хүн цохисон гэж хэлж байсан.” /хх-80-81/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Оюунгэрэлийн өгсөн: “…2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Шөлөндөө цайны газарт Одхүү, Наранбулаг, Отгонбилэг нарын хамт хоолонд орсон. Гараад шөлөндөө цайны газрын гадна зогсож байхад махан толгой Лхагва ирээд юу байна гээд мөрлөөд байсан. Нэг мэдэхэд Одхүүтэй очоод маргалдаад байсан. Юунаас болж маргалдсан гэдгийг нь мэдэхгүй бага зэрэг зайтай зогсож байсан...Махан толгой Лхагва Одхүүгийн нүүрэнд гараараа цохьсон. Одхүү доош суугаад хэсэг байж байгаад босож ирсэн. Амнаас нь цус гарч байсан.” /хх-83/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Л гийн яллагдагчаар өгсөн: “…Би прокуророос сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Э.Одхүүг сайн танихгүй зүс мэднэ. Би Э.Одхүүг нэг шанаадсан. Би тэр үед Э.Одхүүгийн эрүүг нь хугалсанаа мэдээгүй. /хх-123-124/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн цогцост хийсэн 1290 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Э.Одхүүгийн биед эрүүний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-77/ гэх дүгнэлт,
-Өвчний түүх /хх-15-23/,
-Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-126-127/,
-Шүүгдэгч Б.Л урьд ял шийтгэгсэн эсэхийг шалгах хуудас /хх-194/,
Шүүгдэгч Б.Л иргэний үнэмлэхний лавлагаа /хх-193/ зэргээр тогтоогдсон болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Л нь 2017 оны 12 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хөдөө аж ахуйн яам”-ны хажууд гудамжинд иргэн Э.Ариунбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруун тус газар нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2018 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын ойролцоо иргэн Э.Одхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандалын гаргасан “Би түрүүн дурьдсан миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдлийн хувьд хохирол нөхөн төлсөн хохирол нэхэмжлээгүй учир хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн туд хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Хувийн байдлын тухайд нийт 5-6 удаагийн ял шийтгэл нь 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа учир өнөөдрийн шүүх хуралдаанд анхны удаа гэмт хэрэг үйлдэж байна гэж орох ёстой. 2015 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн хэрэг, өмнө ял эдэлж байсан бүх зүйлийг ялтай байдлыг зохицуулж өгсөн. Өнөөдөр энэ хүн алдаж эндсэн байж болно. 2015 оны 11 дүгээр сараас хойш уг хэргийг үйлдэх хүртэлх хугацаанд ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй, өөрийн хүч хөдөлмөрөөр барилгын ажил ч гэсэн хийгээд амьдарч байсаныг харгалзан үзэх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан зохицуулалт байгаа учир түүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэж үзэж байна.” гэж тайлбар дүгнэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлага нь тухайн хүнийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Л г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ял,
мөн энэ хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Л г ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Л г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгуулийн ял шийтгэлийг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс Б.Л д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хохирогч Э.Одхүү нь 3.126.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан 1.736.350 төгрөгийг шүүгдэгч Б.Л гээс гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт хохирогч Э.Ариунбаяр нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Л г түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч Э.Ариунбаяр, Э.Одхүү нар нь цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Шүүгдэгч Б.Л гийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх оруулан тооцохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Л д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дүйцүүлэн 1 сарын хугацаагаар тогтоож, нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.Л д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Л гийн цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар 1.736.350 төгрөгийг шүүгдэгч Б.Л гээс гаргуулж хохирогч Э.Одхүүд олгосугай.
8. Хохирогч Э.Ариунбаяр, Э.Одхүү нар нь цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Л д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Л д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН
Н.БААСАНБАТ