| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 2415000000123 |
| Дугаар | 2024/ДШМ/34 |
| Огноо | 2024-12-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/34
Н.Б*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Шижиртуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б*******
Шүүгдэгч Н.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нарыг оролцуулан
Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэлийн даргалж хийсэн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/212 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.Б*******д холбогдох эрүүгийн 2415000000123 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Н*******ын Б*******.
Н.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 3 дугаар багийн нутагт байх Ш.Ч*******ын хашаанаас хохирогч Б.Д*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хүндрүүлэгч кропыг шунахайн сэдэлтээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Б******* аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Б******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Н*******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авсан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч Н.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Д******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Прокурор П.Шижиртуяа нь бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа би, яллагдагч Н.Б*******д холбогдох 2315000000123 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.
Шүүгдэгч Н.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны үед Б******* аймгийн Б******* сумын 3 дугаар багт байх иргэн Ш.Ч*******ын хашаанаас хохирогч Б.Д*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хүндрүүлэгч кропыг шунахай сэдэлтээр, бага насны хүүхдийг гэртээ бусдын хараа хяналтгүй, ганцаараа байгааг ашиглан хуурч мэхлэх аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад зарж борлуулан /зарим хэсгийг/ бага хэмжээнээс дээш буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, прокуророос шүүгдэгч Н.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авсан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч танилцахад, шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Үүнд:
Шүүгдэгч Н.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны үед Б******* аймгийн Б******* сумын 3 дугаар багт байх иргэн Ш.Ч*******ын хашаанаас хохирогч Б.Д*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хүндрүүлэгч кропыг шунахай сэдэлтээр, бага насны хүүхдүүдийг гэртээ бусдын хараа хяналтгүй, ганцаараа байгааг ашиглан хуурч мэхлэх аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад зарж борлуулсан /зарим хэсгийг/ үйл баримт нотлогджээ.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс нууц далд аргаар, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах үйлдлээр илрэхээр хуульчлагджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжид заасан үйлдлийн арга болох “нууц далд арга” нь субьектив ойлголт бөгөөд зарим тохиолдолд хүмүүсийг үл тоомсорлож, бага насны, өндөр настай, сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй, согтуурсан, мансуурсан, унтаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй, зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг нууцаар авсантай адилтган үзнэ.
Шүүгдэгч Н.Б******* нь бага насны хүүхдийг гэртээ бусдын хараа хяналтгүй, ганцаараа байхад нь “яндан хөөлсөн ах нь байна, эмээ нь ав гэсэн” гэж “хулгайлах” гэмт хэргээ төгс үйлдэх аргаа болгон ашиглаж бага насны, илчлэх чадваргүй байдлыг далимдуулж гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Учир нь “Залилах” гэмт хэрэг нь хохирогчийг төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, хохирогч нь гэмт хэрэг үйлдэж буй этгээдтэй тодорхой харилцаанд орж, итгэж үнэмшин өөрийн өмчлөлийн зүйлийг өөрийн хүсэл, зоригоор шилжүүлэн өгөх шинжтэй байдаг.
Тодруулбал, залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт хэрэгтэнтэй бодит байдлаар харилцаж байгаа, оюун ухамсар бүхий хувь хүн байх бөгөөд гэмт хэрэгтний зүгээс ашиглаж буй хууран мэхлэх арга хэрэгсэл, үйлдэлд өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл гаргаж байгаа хүн байдаг. Гагцхүү энэхүү бодит харилцаанд орох явцдаа төөрөлдөх нь залилах гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар, шүүгдэгч Н.Б******* нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Д*******тай ямар нэг харилцаа үүсгээгүй, гагцхүү гэрчээр мэдүүлэг өгсөн 10 настай Б.А*******д “урьд нь танайд яндан хөөлсөн ах нь байна. Эмээ нь гадаа байгаа төмрийг ав гэсэн" гэж түүнд хэлсэн нь “хулгайлах” гэмт үйлдлийн арга байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн байна.
Түүнчлэн шүүх “залилах” гэмт хэрэг гэж үзэж байгаа бол тэргүүн ээлжид хохирогч хэн болохыг зөв тогтоож, түүний эцэст хэргийг шийдвэрлэх атал энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, хэргийн үйл баримтыг “...10 настай Б.А*******г хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч...” гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэл тогтоогдож байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Шүүгдэгч Н.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний буруу. Би хорт хавдартай, миний эхнэр мөн хорт хавдартай” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэг.Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбартай нийцэхгүй байгаа талаар:
Прокурор эсэргүүцэлдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжид заасан үйлдлийн арга болох “нууц далд арга” нь субьектив ойлголт бөгөөд зарим тохиолдолд хүмүүсийг үл тоомсорлож бага насны, өндөр настай, сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй, согтуурсан, мансуурсан, унтаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг нууцаар авсантай адилтгаж үзнэ.
Шүүгдэгч Н.Б******* нь бага насны хүүхдийг гэртээ бусдын хараа хяналтгүй, ганцаараа байхад нь “яндан хөөлсөн ах нь байна, эмээ нь ав гэсэн” гэж хулгайлах гэмт хэргээ төгс үйлдэх арга болгон ашиглаж бага насны, илчлэх чадваргүй байдлыг далимдуулж гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэжээ.
Улсын дээд 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №28 тоот тогтоолын 1 дэх хэсгийн 1.3-т “Бага буюу өндөр настай, сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй, согтуурсан, мансуурсан буюу унтаж байсан, хөгжлийн бэршээлтэй/сохор, дүлий/ зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзвэл зохино” гэжээ.
Энэхүү тайлбарыг Н.Б*******д холбогдох хэргийн үйл баримттай холбож үзвэл шүүгдэгч нь 10 настай охин Б.А*******д хандан “эмээгийнх нь яндан хөөлсөн ах нь байна. Эмээ нь төмөр *******рай гэж хэлсэн юм” гэж хэлээд төмрийг авч явсан үйлдэл байх ба хэдийгээр Б.А******* нь насны хувьд бага насны хүүхдэд тооцогдох ч прокурорын эсэргүүцэлдээ дурдсан Б.А*******г бага насны, илчлэх чадваргүй байдлыг нь далимдуулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа юм.
Учир нь Б.А*******г энэ хэрэгт гэрчээр тогтоож мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг авсан, мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан Б.А*******гийн өгсөн мэдүүлэг нь болж өнгөрсөн хэргийн үйл баримт болон гэрч Ш.Ч*******, шүүгдэгч Н.Б******* нарын мэдүүлгүүдтэй тохирдог. Өөрөөр хэлбэл Б.А******* нь тухайн үед болж байгаа үйп явдлыг мэдэрсэн, ойлгож мэдсэн, илчлэх чадвартайн учир гэрчийн мэдүүлэг өгсөн тэр нь хэрэгт нотлох баримтаар тооцогдсон байна. Энэ нь дараах баримтуудаар нотлогдож байна.
Тухайлбал гэрч Ш.Ч*******ын “ кроп алга болчихсон байхаар нь гэрт үлдсэн өөрийн ач охиноос энд байсан төмөр хаачсан бэ гэхэд таныг *******рай гэж хэлсэн гээд нэг ах *******д явсан гэж хэлсэн. Тэгсэн нөгөө яндан хөөлдөг залуу *******д явсан юм билээ” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,
Гэрч Б.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ намайг 12 цагийн үед гэртээ байж байхад нэг ах орж ирээд эмээ чинь энд хэвтэж байгаа төмрийг ав гэж хэлсэн гээд манай хашааны ёроолд хэвтэж байсан төмрийг *******д гарсан. Тэр ах өөрийгөө танай яндан хөөлсөн хүн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,
Шүүгдэгч Н.Б*******ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: өдрийн 11-12 цагийн үед айлд очиход сургуулийн охин байсан. Би тэр охинд “яндан хөөлсөн ах нь ирээд кроп *******д явсан гэж эмээдээ хэлээрэй. Танай эмээ ав гэж хэлсэн юм” гэж хэлээд *******д явсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-******* хуудас/
Иймд прокурорын эсэргүүцэлдээ дурдсан шүүгдэгчийн үйлдлийг бага насны, илчлэх чадваргүй байдлыг далимдуулж үйлдсэн гэж “хулгайлах гэмт хэргээр зүйлчлэх тухай үндэслэл нь Улсын дээд шүүхийн дээрх тайлбарт нийцэхгүй байна.
Хоёр. Шүүгдэгчийн үйлдэл, субьектив санаа зорилго нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгаа талаар:
Прокурорын эсэргүүцэлд “анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэргийн үйл баримтад нийцэхгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэж зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн гэжээ.
Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №28 тоот, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №679 тоот тогтоолуудад “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт” бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан санаатай үйлдлийг ойлгоно” гэжээ.
Хулгайлах гэмт хэрэг үйлдэгч этгээд өөрийн нууц далд аргаар хүч хэрэглэхгүйгээр бусдын эд зүйлсийг хууль бусаар авч байгаа үйлдлээ, хэнд ч мэдэгдээгүй, хэн ч хараагүй байхад үйлдэж байна гэсэн субьектив дотоод итгэлээр үйлддэг.
Шүүгдэгч Н.Б*******д холбогдох хэргийн халдлагын зүйл болсон машины кроп гэх тэр төмөр тухайн хэрэг тохиол гарах өдөр гэрч Ш.Ч*******ын гэрт нь биш гадаа түүний хашаанд хөршийн нохой орж гарах хашааны нүхийг таглаж тавьсан байдалтай байсан.
Хэрвээ Н.Б******* нь тухайн өдөр уг кроп төмрийг хулгай хийх санаа зорилготой очсон бол хэнд ч мэдэгдэхгүйгээр хэнийг ч хараагүй байхад авъя гэж зорьж очсон бол яагаад гэгээн цагаан өдөр үд дунд очсон байх вэ? Мөн гэрт нь биш гадаа хашаанд байсан төмрийг авахын тулд заавал гэрт орж Б.А*******д “Хэдэн өдрийн өмнө эмээгийн чинь янданг хөөлж өгсөн ах нь байна. Эмээ нь энэ төмрийг *******д яв гэж хэлсэн” гэж өөрийнхөө хэд хоногийн өмнө эмээгийнх нь янданг нь хөөлж өгсөн үнэн бодит байдлаа хэлж буюу өөрийгөө илчлэн байж кроп төмрийг авч явах байсан уу? Хашаанд байгаа төмрийг шууд л машиндаа хийгээд *******д явах боломж байсаар байхад.
Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч Н.Б*******ы “Хэдэн өдрийн өмнө эмээгийн чинь янданг хөөлж өгсөн ах нь байна. Эмээ нь энэ төмрийг *******д яв гэж хэлсэн” гэж хэлээд хохирогч Б.Д*******гийн эзэмшлийн кроп төмрийг авч явж өөрийн болгож байгаа үйлдлийн арга, уг үйлдэлдээ хандаж байгаа субьектив санаа зорилгод нь дүгнэлт хийхэд түүний уг үйлдэлд “Хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний дээр дурдсан обьектив болон субьектив шинжүүд тогтоогдохгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн прокурорын эсэргүүцэлд “хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Б******* нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Д*******тай ямар нэгэн харилцаа үүсгээгүй байхад ...залилах гэмт хэрэг гэж үзэж байгаа бол тэргүүн ээлжид хохирогч хэн болохыг зөв тогтоож, түүний эцэст хэргийг шийдвэрлэх атал энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хэргийн үйл баримтыг “...10 настай Б.А*******г хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б*******ы гэрч Ш.Ч*******ын хашаанаас авсан кроп төмөр нь Ш.Ч*******ынх биш түүний хүргэн гэх Б.Д*******гийн эзэмшлийнх болох нь тогтоогдсон учир мөрдөн шалгах ажиллагааны үед түүнийг хохирогчоор тогтоосон байдаг. Үүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэн ч маргаагүй.
Улсын дээд шүүхийн 2020 оны №677 тоот тогтоолд дурдахдаа “зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарна” гэснээс дүгнэвэл
Прокурорын эсэргүүцэлд дурдсан “шүүгдэгч Н.Б******* нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Д*******тай ямар нэгэн харилцаа үүсгээгүй, хэргийн үйл баримтыг ...10 настай Б.А*******г хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна” гэх дүгнэлт үндэслэлгүй / байна.
Эдгээр нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №212 тоот шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Б*******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3.Шүүгдэгч Н.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 3 дугаар багийн нутагт байх Ш.Ч*******ын хашаанаас хохирогч Б.Д*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хүндрүүлэгч кропыг 10 настай Б.А*******д “эмээ нь *******рай гэсэн юм” гэж хэлж хуурч, авч явж 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б*******, насанд хүрээгүй гэрч Б.А*******, гэрч Ш.Ч******* нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан хохирогч Б.Д*******, гэрч Д.Бямбаа, Ш.Ч*******, насанд хүрээгүй гэрч Б.А******* нарын өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №ОРХ/98******* дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
4.Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5.Прокурор П.Шижиртуяа нь “анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн байна” гэх агуулгаар эсэргүүцэл бичсэн.
6.Шүүгдэгч Н.Б*******ы үйлдсэн гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ба хулгайлах болон залилах гэмт хэргийн аль аль нь энэ хэргийн бүлэгт хамаарах бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээрээ ялгаатай.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлдог.
Харин залилах гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа онцлог.
7.Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн 1.3-д “Бага буюу өндөр настай, сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй, согтуурсан, мансуурсан буюу унтаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй /сохор, дүлий/ зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзвэл зохино.” гэж тайлбарласан байдаг.
Шүүгдэгч Н.Б******* “...яндан хөөлж өгсөн ах нь байна..., ...эмээ нь *******рай...” гэж Б.А******* охинд хэлж байгаа нь хэнд ч мэдэгдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрч Б.А******* хэдийгээр бага насны хүүхэд боловч тэрээр болсон үйл явдлыг ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй гэж үзэх боломжгүй болох нь түүний шүүхэд өгсөн болон мөрдөн байцаалтын явцад өгсөн тогтвортой мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Б*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
8."Хуурч мэхлэх" гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг хэлнэ.
Залилах гэмт хэргийн обьектив тал нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг гэмт этгээд залилан мэхэлж өөрийн мэдэлд шилжүүлдгээс гадна тэдгээрийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авдаг.
Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Н.Б*******ы үйлдэл нь хулгайлах бус залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Мөн тухайн хэргийн хохирогчоор Б.Д*******г тогтоосон нь хуульд нийцэж байгаа ба Ш.Ч******* гэх хүний хашаанд Б.Д*******гийн кроп байсан тул кропны эзэмшигчийг хохирогчоор тогтоосон нь хууль зөрчөөгүй, зөвхөн хохирогчийг төөрөгдөлд оруулж, тодорхой харилцаанд орсон байх нь залилах гэмт хэргийн үндсэн шинж гэж хэт явцуу дүгнэж болохгүйг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талд заасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/212 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ