| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2026/0581/З |
| Дугаар | 128/ШШ2026/0668 |
| Огноо | 2026-07-07 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2026/0668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК /РД:/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Гуравдагч этгээд: “О” ХХК,
Маргааны төрөл: нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан болон, гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын мэдэгдэл, гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчингүй болгож, дахин үнэлэхийг даалгуулахаар шаардлагаа тодорхойлсон захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /цахим/, хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г /цахим/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоо хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг/ БЗДХААА/******* дугаартай тендер шалгаруулалтад “Ж*******” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
1.2. Уг тендер шалгаруулалтад “О” ХХК-ийг шалгаруулж 790,069,251 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгосон Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
1.3. Тендер шалгаруулалтад “Ж*******” ХХК болон “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт санхүүгийн чадавхи, хүний нөөц, тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажлын туршлагыг ТШЗ 17.1, ТШЗ 17.4-т заасан шаардлагыг хангаж буй эсэхийг хууль болон тендерийн баримт бичигт нийцүүлэн дахин үнэлэхийг Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд даалгах,
1.4. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “О” ХХК-тай 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг/ БЗДХААА/******* дугаартай гэрээг хүчингүй болгуулах.
Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1. Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг) БЗДХААА/******* дугаартай тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “Ж*******” ХХК болон гуравдагч этгээд “О” ХХК оролцож,
2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг) БЗДХААА/******* дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар “Ж*******” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзаж, “О” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлсэн.
2.3. Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаар мэдэгдлээр “О” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосныг, 228 дугаар мэдэгдлээр “Ж*******” ХХК-ийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16-17 дугаар зүйл, тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.1-д заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр татгалзсан.
2.4. Нэхэмжлэгчээс захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/******* дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр тендер шалгаруулалтыг хууль, журамд заасны дагуу цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
2.5. “Ж*******” ХХК 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаартай мэдэгдлийг, “О” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар, БЗДХААА/******* дугаартай тендер шалгаруулалтад “Ж*******” ХХК болон “О” ХХК-ийн тендерийн баримт бичиг, санхүүгийн чадавх, хүний нөөц, тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажлын туршлага, ТШЗ 17.1 болон ТШЗ 17.4-д заасан шаардлагыг хууль болон тендерийн баримт бичигт нийцүүлэн дахин үнэлэхийг Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд даалгахаар нэхэмжлэл гаргаж,
2.6. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “О” ХХК-тай 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр БЗДХААА/******* дугаартай Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажлын гэрээ байгуулсныг хэрэгт ирүүлснээр уг гэрээг хүчингүй болгуулахаар 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “… Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас БЗДХААА/******* дугаартай “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг/”-ын тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь уг тендер шалгаруулалтад хууль болон тендерийн баримт бичигт заасан журмын дагуу оролцсон боловч захиалагч 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №228 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчийн тендерийг ТШЗ 17.1-д заасан санхүүгийн чадавх болон талбайн даамлын мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэж үзэн татгалзсан. Мөн захиалагч дээрх мэдэгдлээр “О” ХХК-д 790,069,251 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яам 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №03/******* дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэвч захиалагч болон Сангийн яам нь нэхэмжлэгчийн тендерийн баримтыг формаль байдлаар хэт явцуу үнэлсэн атлаа гэрээ байгуулах эрх авсан “О” ХХК-ийн ижил төстэй ажлын туршлага, тусгай зөвшөөрөл, ажлын төрөл, үнийн дүн, тухайн онд бодитоор гүйцэтгэсэн эсэхийг бүрэн шалгаагүй. Иймээс маргаан бүхий шийдвэрүүд нь хууль, тендерийн баримт бичгийн шаардлага, тэгш өрсөлдөөний зарчимд нийцээгүй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. “Ж*******” ХХК нь маргаан бүхий тендер шалгаруулалтын оролцогч бөгөөд тендерээс татгалзсан шийдвэр болон өөр оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн улмаас төрийн худалдан авах ажиллагаанд тэгш, шударгаар өрсөлдөх, тендерээ хуульд нийцүүлэн бодитой үнэлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд зөрчигдсөн. Нэхэмжлэгч нь худалдан авах ажиллагааны гомдол гаргах урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлж Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яам гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
“Ж*******” ХХК-ийн зээлийн мэдээллийн сангийн лавлагааг агуулгаар нь бус, хэлбэрээр нь үнэлсэн нь үндэслэлгүй. Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.1-д оролцогч нь тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй байхыг шаардсан. Уг шаардлагын гол зорилго нь оролцогчийн санхүүгийн чадавх, хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх бодит нөхцөл байдлыг тогтоох явдал юм. Нэхэмжлэгч 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг хүргүүлсэн. Гэтэл захиалагч уг тодорхойлолтыг “захирлын нэр дээрх лавлагаа” гэх үндэслэлээр шууд шаардлага хангаагүй гэж үзсэн боловч шаардлагын агуулга нь оролцогч хугацаа хэтэрсэн зээлтэй эсэхийг тогтоохоос бус, лавлагааны нэршил, техникийн хэлбэрээр шууд татгалзах нь анхнаасаа шалгаруулах үнэлэх зорилгогүй байсан илэрхий харагдаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасны дагуу хэлбэрийн алдааг тодруулж үнэлгээг үргэлжлүүлэх боломж байсаар байтал татгалзсан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Талбайн даамлын мэргэжлийн шаардлагыг бүрэн шалгалгүй, цахим системийн товч нэршилд үндэслэн татгалзсан. ТШЗ 17.1-д талбайн даамал нь дулааны инженер мэргэжилтэй байх шаардлага тавигдсан. Нэхэмжлэгч талбайн даамлаар Ш.Э*******ыг санал болгож, тухайн хүний мэргэжил, боловсрол, ажлын туршлагыг нотлох баримтыг тендерийн материалын хамт илгээсэн. Захиалагч “цахим системээс шалгахад сантехникийн инженер гэж харагдсан” гэх үндэслэлээр шаардлага хангаагүй гэж дүгнэсэн. Гэвч тухайн хүний дипломын үндсэн чиглэл, мэргэшил, дулаан хангамжийн шугам сүлжээний ажилтай холбоотой мэргэжлийн агуулга, ажлын туршлага, хавсаргасан баримтыг бүрэн шалгалгүйгээр зөвхөн цахим системийн товч нэршлээр татгалзсан нь бүрэн, бодитой үнэлгээ хийгээгүйг харуулна.
“О” ХХК-ийн ижил төстэй ажлын туршлага ТШЗ 17.4-ийн шаардлагыг хангаагүй байхад гэрээ байгуулах эрх олгосон. Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.4-д ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг “шаардана” гэж заасан бөгөөд сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг тухайн онд хийж гүйцэтгэсэн гэрээт ажлуудын нийлбэрээр тооцохоор заасан байна. Мөн ижил төстэй ажилд ус хангамж, ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, дулаан хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг болон угсралт, засвар, тоног төхөөрөмжийн ажил хамаарахаар заасан. Иймээс зөвхөн “барилга угсралтын ажил” гэх ерөнхий нэршил бүхий гэрээг жагсаах нь ТШЗ 17.4-ийн шаардлагыг хангах хангалттай нотолгоо болохгүй.
“О” ХХК-ийн туршлагын баримтад дараах хоёр гэрээ дурдагдсан байна. Үүнд:
- “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь Онцгой байдлын эрэн хайх аврах ангийн барилга угсралтын ажил” төсөвт өртөг 1,790,977,122 төгрөг, хугацаа 2024.07.03-2025.12.30;
- “Дотоодын цэргийн 805 дугаар ангийн барилгын дулааны шугам сүлжээг шинэчлэх засварын ажил” - төсөвт өртөг 429,230,276 төгрөг, хугацаа 2024.07.03-2024.08.30.
Дээрх баримтаас үзвэл хоёр дахь ажил нь үнийн дүнгийн хувьд гэрээ байгуулах эрх олгосон 790,069,251 төгрөгийн дүн болон “батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй” байх шалгуурыг дангаараа хангахгүй. Харин эхний ажил нь нэршлийн хувьд барилга угсралтын ерөнхий ажил бөгөөд тухайн гэрээний дотор ТШЗ 17.4-д тодорхойлсон ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээний ажлыг хэдий хэмжээний үнийн дүнгээр, аль онд, бодитоор хийж гүйцэтгэсэн нь тодорхой харагдахгүй байна. ТШЗ 17.4-д “тухайн онд хийж гүйцэтгэсэн” гэж заасан тул зөвхөн гэрээний нийт үнэ, эхлэх, дуусах огноог жагсааснаар шаардлага хангагдахгүй. Ажил бодитоор гүйцэтгэгдсэн эсэх, гүйцэтгэлийн акт, ашиглалтад хүлээн авсан акт, захиалагчийн тодорхойлолт, тухайн онд гүйцэтгэсэн ажлын дүн, ажлын төрөл нь ТШЗ-д заасан ижил төстэй ажилтай тохирч байгаа эсэхийг заавал шалгах ёстой. Иймд “О” ХХК-ийн ижил төстэй ажлын туршлага ТШЗ 17.4-ийн шаардлагыг хангаж байгаа нь нотлогдоогүй байхад захиалагч гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус бөгөөд уг асуудлыг Сангийн яам мөн бүрэн шалгаж дүгнээгүй байна.
Оролцогчдын баримтыг тэгш, нэг мөр шалгаагүй нь шударга өрсөлдөөний зарчимд харшилсан. Захиалагч нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтыг лавлагааны хэлбэр, цахим системийн нэршил зэрэг формаль үндэслэлээр хэт явцуу тайлбарлан татгалзсан. Харин гэрээ байгуулах эрх авсан оролцогчийн ижил төстэй ажлын туршлага, тусгай зөвшөөрөл, ажлын гүйцэтгэл, үнийн дүнгийн шаардлага бодитоор хангагдсан эсэхэд адил түвшний нарийвчилсан шалгалт хийгээгүй. Төрийн худалдан авах ажиллагаанд захиалагч нь бүх оролцогчийн баримтыг ижил шалгуур, ижил аргачлалаар үнэлэх үүрэгтэй. Нэг оролцогчийн баримтын хэлбэрийг татгалзах үндэслэл болгож, нөгөө оролцогчийн эргэлзээтэй баримтыг хангалттай гэж үзсэн нь ил тод, тэгш, шударга өрсөлдөөний зарчимд нийцэхгүй.
Маргаан бүхий шийдвэрүүдийн улмаас “Ж*******” ХХК-ийн тендерээ хууль болон тендерийн баримт бичгийн шаардлагад нийцүүлэн бодитой, тэгш үнэлүүлэх эрх зөрчигдсөн. Нэхэмжлэгчийн тендерийг формаль үндэслэлээр татгалзсан атлаа гэрээ байгуулах эрх авсан оролцогчийн шаардлага хангах эсэхийг бүрэн шалгаагүй нь нэхэмжлэгчийн шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан. Хэрэв маргаан бүхий шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр үлдвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжгүй болж, төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажлын гэрээ хууль бус шийдвэрийн үндсэн дээр байгуулагдах эрсдэлтэй. Иймд шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендерийг хуульд нийцүүлэн дахин үнэлүүлэх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх зохистой арга юм…” гэжээ.
3.2.Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “…Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт Санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын шаардлага: “Шаардлагатай” 3. Банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй байна. Уг тодорхойлолтод төлөгдөж дуусаагүй зээлийн мэдээлэл нь “Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй” байгаа тохиолдолд татгалзах үндэслэл болно. (“Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг www.sainscore.mn, www.burenscore.mn хаягаар хандан авна. Харилцагч банкны тодорхойлолтыг тендерийг үнэлэхэд харгалзан үзэхгүй.) гэж заасны дагуу 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт” нь Д.О******* буюу “Ж*******” ХХК-ийн захирлын нэр дээрх лавлагаа ирүүлсэн байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-д “Оролцогч” гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг гэж заасан байдаг. Захирлын нэр дээрх (хувь хүний) лавлагаа нь “Ж*******” ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүйг нотолж чадахгүй. Иймд хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн чадавхын шаардлагын хангаагүй.
Тендерийн баримт бичигт ажил гүйцэтгэх хүний нөөцийг талбайн даамал нь дулааны инженер мэргэжилтэй гэж заасан ба цахим систем болон маягтын дагуу талбайн даамлаар Ш.Э*******ыг санал болгосон. Цахим системээс шалгаж үзэхэд Ш.Э******* нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийг сантехникийн инженер (халаалт, агаар сэлгэлт) мэргэжилтэй тул шаардлага хангахгүй байна гэж Үнэлгээний хороо үзсэн. Иймд хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу техникийн чадавх, туршлагын шаардлагыг тус тус хангаагүй тул “Ж*******” ХХК-иас татгалзсан.
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаартай “О” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн дагуу тус оролцогч нь 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны 02 дугаар хурлаар хууль, тендерийн баримт бичиг болон Захиалагчийн шалгуур үзүүлэлтийг хангасан тул “хамгийн сайн” оролцогч гэж үзэж гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг тухайн онд хийж гүйцэтгэсэн бүх гэрээт ажлуудын нийлбэрээр тооцно. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний талаар Ѵ бүлгийн маягт 4, 6-ын дагуу бэлтгэж ирүүлнэ, ажил гүйцэтгэсэн гэрээ, ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт; (2026 онд комисс хүлээн авсан дүгнэлт эсхүл актыг үнэлгээнд харгалзан үзнэ.), захиалагчийн тодорхойлолт; (Тендер нээх өдрөөс өмнөх 1 жилийн хугацаанд авсан байна.)” гэж тендерийн баримт бичигт заасны дагуу “О” ХХК-ийн ирүүлсэн материалд маягтын дагуу 2024 онд Сүхбаатар дүүрэг Онцгой байдлын ерөнхий газартай “Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум дахь Онцгой байдлын эрэн хайх аврах ангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, УТ*******” дугаартай 1,790,977, 122.00 (нэг тэрбум долоон зуун ерэн сая есөн зуун далан долоон мянга нэг зуун хорин хоёр) төгрөгийн гэрээний хуулбар, ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт болон 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10/1313 дугаартай захиалагчийн тодорхойлолт тус тус ирүүлсэн. Маягтын дагуу 2024 онд Хууль зүй, дотоод хэргийн яамтай “Дотоодын цэргийн 805 дугаар ангийн барилгын дулааны шугам сүлжээг шинэчлэх засварын /Х.4.2.1/ ажлын гэрээ, УТ*******” дугаартай 429,230,276.00 (дөрвөн зуун хорин есөн сая хоёр зуун гучин мянга хоёр зуун далан зургаа) төгрөгийн гэрээний хуулбар, ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт болон 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16/2220 дугаартай захиалагчийн тодорхойлолт тус тус ирүүлсэн. Мөн УТ******* дугаартай гэрээний гэрээ дүгнэх маягт хамт ирүүлсэн бөгөөд 2024 онд 900,000,000.00 (есөн зуун сая) төгрөгийн гүйцэтгэлтэй ба 2025 онд 891,000,000.00 (найман зуун ерэн нэгэн сая) төгрөгийн гүйцэтгэлтэй байсан. Иймд тухайн онд хийж гүйцэтгэсэн бүх гэрээт ажлуудын нийлбэрээр тооцно гэж заасны дагуу 2024, 2025 онуудад тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100 хувь болох 877,945,100.00 (найман зуун далан долоон сая есөн зуун дөчин таван мянга нэг зуу) төгрөг байх шаардлагыг тус тус хангасан.
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг гарч, үр дүн цахим системд нийтлэгдэж “Ж*******” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03/******* дугаартай Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичгийг хүлээн авч, холбогдох баримт бичгийг цахим тендерийн нээлтийн кодын хамт хүргүүлсний дагуу Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/******* дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт тендер шалгаруулалтыг хууль, журамд заасны дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирсэн тул Захиалагчид мэдэгдсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг), БЗДХААА/******* дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 19- ний өдрийн ******* дугаартай Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдаж, Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01 дүгээр хурал (тендерийн баримт бичиг боловсруулалт) хуралдаж, тендерийн баримт бичиг батлагдаж, 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тендерийг зарлаж, 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 05 минутад нээж, Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 02 дугаар хурал хуралдаж Захиалагчид зөвлөмж хүргүүлэн ажилласан. Монгол улсын Сангийн яам болон Захиалагчаас Үнэлгээний хороог дахин үнэлгээ хийх зөвлөмж, зааварчилгаа, чиглэл ирээгүй болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг), БЗДХААА/******* дугаартай тендер шалгаруулалтын гэрээ 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх бөгөөд гэрээний хэрэгжилт эхлээгүй байгаа болно. Иймээс Үнэлгээний хороо болон Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба (Захиалагч буюу зарим эрх шилжүүлсэн захирамжаар) нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, журам, заавар, тушаал зөрчөөгүй тендерийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтийн дагуу хянан үзэж, үнэлгээ хийж шийдвэр гаргасан бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаартай “О” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай”; Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тус тус албан бичиг нь хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө γγ…” гэжээ.
3.3.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “…Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаартай “О” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн дагуу тус оролцогч нь 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны 02 дугаар хурлаар хууль, тендерийн баримт бичиг болон Захиалагчийн шалгуур үзүүлэлтийг хангасан тул “хамгийн сайн” оролцогч гэж үзэж гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг тухайн онд хийж гүйцэтгэсэн бүх гэрээт ажлуудын нийлбэрээр тооцно. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний талаар V бүлгийн маягт 4, 6-ын дагуу бэлтгэж ирүүлнэ, ажил гүйцэтгэсэн гэрээ, ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт; (2026 онд комисс хүлээн авсан дүгнэлт эсхүл актыг үнэлгээнд харгалзан үзнэ.), захиалагчийн тодорхойлолт; (Тендер нээх өдрөөс өмнөх 1 жилийн хугацаанд авсан байна.)” гэж тендерийн баримт бичигт заасны дагуу “О” ХХК-ийн ирүүлсэн материалыг нягтлан үзвээс Маягтын дагуу 2024 онд Сүхбаатар дүүрэг Онцгой байдлын ерөнхий газартай “Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум дахь Онцгой байдлын эрэн хайх аврах ангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, УТ*******” дугаартай 1,790,977,122.00 (нэг тэрбум долоон зуун ерэн сая есөн зуун далан долоон мянга нэг зуун хорин хоёр) төгрөгийн гэрээний хуулбар, ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт болон 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10/1313 дугаартай захиалагчийн тодорхойлолт тус тус баримт ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн 2024 онд Хууль зүй, дотоод хэргийн яамтай “Дотоодын цэргийн 805 дугаар ангийн барилгын дулааны шугам сүлжээг шинэчлэх засварын /Х.4.2.1/ ажлын гэрээ, УТ*******” дугаартай 429,230,276.00 (дөрвөн зуун хорин есөн сая хоёр зуун гучин мянга хоёр зуун далан зургаа) төгрөгийн гэрээний хуулбар, ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт болон 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16/2220 дугаартай захиалагчийн тодорхойлолт тус тус ирүүлсэн. Түүнчлэн УТ******* дугаартай гэрээний гэрээ дүгнэх маягт хамт ирүүлсэн бөгөөд 2024 онд 900,000,000.00 (есөн зуун сая) төгрөгийн гүйцэтгэлтэй ба 2025 онд 891,000,000.00 (найман зуун ерэн нэгэн сая) төгрөгийн гүйцэтгэлтэй байсан. Иймд тухайн онд хийж гүйцэтгэсэн бүх гэрээт ажлуудын нийлбэрээр тооцно гэж заасны дагуу 2024, 2025 онуудад тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100 хувь болох 877,945,100.00 (найман зуун далан долоон сая есөн зуун дөчин таван мянга нэг зуу) төгрөг байх шаардлагыг тус тус хангасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг), БЗДХААA/******* дугаартай тендер шалгаруулалтын гэрээ 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх бөгөөд гэрээний хэрэгжилт эхлээгүй байгаа болно. Үнэлгээний хороо болон Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба (Захиалагч буюу зарим эрх шилжүүлсэн захирамжаар) нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, журам, заавар, тушаал зөрчөөгүй тендерийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтийн дагуу хянан үзэж, үнэлгээ хийж шийдвэр гаргасан бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаартай “О” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай”; Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тус тус албан бичиг нь хууль ёсны шийдвэр юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.
3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “…Тендерийн үнэлгээтэй холбоотой асуудал нь тендерийн Үнэлгээний хорооны ажил бөгөөд манай байгууллага нь тендерт оролцогч тул аливаа тайлбар өгөх боломжгүй юм. Манай компанийн зүгээс тендерийн баримт бичигт заасны дагуу холбогдох баримтуудаа шаардлага хангуулан бүрдүүлж, тендерт илгээсэн ба Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Тендерийн баримт бичгийн хүрээнд үнэн зөв үнэлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлд “О" ХХК-ийн ижил төстэй ажлын туршлага ТШЗ 17.4-ийн шаардлагыг хангаагүй байхад гэрээ байгуулах эрх олгосон гэж тайлбарласан бөгөөд тус тайлбарт Тендерийн баримт бичигт заагдсан заалтуудыг бүрэн бус хэсэгчилж дурдан утга агуулгыг илт өөрөөр тайлбарлаж үндэслэл болгосон байна. Үүнд:
3 дугаар хуудас сүүлийн хэсэгт “Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.4-д ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг “шаардана” гэж заасан бөгөөд сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг тухайн онд хийж гүйцэтгэсэн гэрээт ажлуудын нийлбэрээр тооцохоор заасан байна. Мөн ижил төстэй ажилд ус хангамж, ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг болон угсралт, засвар, тоног төхөөрөмжийн ажил хамаарахаар заасан.” гэж тайлбарласан байгаа нь ор үндэслэлгүй бөгөөд Тендерийн баримт бичгийн ижил төстэй ажлыг үнэлэх хэсэгт ийм шалгуур үзүүлэлт байхгүй байна. Тус нэхэмжлэгчийн дурдаж буй тайлбар нь Барилгын тусгай зөвшөөрөлд заасан өгүүлбэр бөгөөд заалтын нэршил нь ижил төстэй ажил гэдгийг тайлбарлах боломжгүй гэж үзэж байна. Тендерийн баримт бичигт “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний талаар Ѵ бүлгийн маягт 4, 6-ын дагуу бэлтгэж ирүүлнэ. Ажил гүйцэтгэсэн гэрээ, ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт (2026 онд комисс хүлээн авсан дүгнэлт эсхүл актыг үнэлгээнд харгалзан үзнэ.), захиалагчийн тодорхойлолт; (Тендер нээх өдрөөс өмнөх 1 жилийн хугацаанд авсан байна.)" гэж заасан байна. Үүний дагуу манай байгууллага нь холбогдох баримт бичгийг бүрдүүлэн илгээсэн болно.
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 219 тоот албан бичгээр манай байгууллагад гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд Үнэлгээний хорооны шийдвэрт нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянаад зөв үнэлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. …” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан тендер шалгаруулалттай холбоотой бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Ж*******” ХХК-ийн тендерээс татгалзсан 228 дугаар мэдэгдэл болон “О” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 219 дугаар мэдэгдлүүд нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд шууд эрх зүйн үр бий болгосон захиргааны актын шинжийг хангаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон дээрх мэдэгдлүүдийг захиргааны акт гэж үзэж хүлээн авч шийдвэрлэв.
2. Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг) БЗДХААА/******* дугаартай тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “Ж*******” ХХК болон гуравдагч этгээд “О” ХХК оролцож, Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар “Ж*******” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзаж, “О” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлснээр,
2.1. Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаар мэдэгдлээр “Ж*******” ХХК-ийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16-17 дугаар зүйл, тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.1-ийн 3, 4-т заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр татгалзсан. Тодруулбал,
2.1.1. Тендер шалгаруулалтын зааварчилгаа өгөгдлийн хүснэгт ТШЗ 17.1 санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын шаардлагын 3-т “Банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй байх” шаардлагыг хангаагүй, Зээлийн мэдээллийн сангийн 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт нь “Ж*******” ХХК-ийн захирал Д.О*******ийн нэрээр ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д заасан “тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг оролцогч гэж ойлгоно” гэж зааснаар хувь хүний лавлагаа нь “Ж*******” ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүйг нотолж чадахгүй, 16 дугаар зүйлд заасан санхүүгийн чадавхийн шаардлагын хангаагүй гэж үзсэн.
2.1.2. Тендер шалгаруулалтын зааварчилгаа өгөгдлийн хүснэгт ТШЗ 17.1-ийн 4-т ажил гүйцэтгэх хүний нөөцөд “талбайн даамал - дулааны инженер мэргэжилтэй байх” шаардлагыг талбайн даамлаар Ш.Э*******ыг санал болгосон нь цахим системээс шалгаж үзэхэд сантехникийн инженер мэргэжилтэй тул хангахгүй гэж үзсэн.
3. Ж******* ХХК захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сангийн яаманд тус оролцогчийн тендерээс татгалзсан 2 үндэслэлийг тухайлбал,
3.1. Тендер шалгаруулалтын зааварчилгаа ТШЗ 17.1-ийн 3-т “Банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл, зээлийн өргүй тодорхойлолт”-ыг захирлын нэрээр зээлийн мэдээллийн сангаас лавлагааг илгээснийг шаардлага хангаагүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж,
3.2. Тендер шалгаруулалтын зааварчилгаа ТШЗ 17.1-ийн 4-т “Ажил гүйцэтгэх хүний нөөцөд талбайн даамлаар санал болгосон Ш.Э******* нь халаалт, агаар сэлгэлт мэргэжлээр суралцан “Сантехникийн инженер” мэргэжил эзэмшсэн тул Үндэсний ажил мэргэжлийн лавлах, Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтоос нягтлахгүйгээр мэргэжил тохирохгүй гэсэн нь үндэслэлгүй гэж, мөн,
3.3. Шалгаруулсан “О” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-ийн 6-д “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага шаардана. Сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг тухайн онд хийж гүйцэтгэсэн бүх гэрээт ажлуудын нийлбэрээр тооцно.” гэж заасныг 2024 онд эрх авсан 1,790,977,122 төгрөгийн төсөвт өртөгтэй Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь Онцгой байдлын эрэн хайх аврах ангийн барилгын угсралтын ажлыг бүтэн дүнгээр гадна шугам сүлжээний ажилд тооцохгүй, мөн сүүлийн 2 жилийн ажлын төсөвт өртгийг тооцохдоо онуудын нийлбэрээр тооцохгүй тул дээрх шаардлагыг хангаагүй гэж,
3.4. “О” ХХК-ийн ирүүлсэн тендерт тус компанийн захирал Т.Шийлэгбат нь гүйцэтгэх захирал байтал өөрийгөө “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан”-аар томилсон нь Хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлүүдээр гомдол гаргасан.
4. Сангийн яам уг гомдлоор оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзээд 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/******* дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр шалгарсан “О” ХХК гомдолд дурдсан шаардлагуудыг хангасан гэж, “Ж*******” ХХК-ийг ТШЗ 17.1-д заасан зээлийн мэдээллийн лавлагаа ирүүлэх шаардлагыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-ийн 4-т заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд тендер шалгаруулалтыг хууль, журамд заасны дагуу цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл “Ж******* ХХК-ийн тендерээс татгалзсан 1 үндэслэлийн хувьд гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн ч, гомдлын бусад үндэслэлийн хувьд захиалагчийн “татгалзсан, шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон” шийдвэрийг үндэслэлтэй, гомдол үндэслэлгүй гэж үзэж, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан асуудлаар буюу Ж******* ХХК-ийн тендерээс татгалзсан 2 үндэслэл, шалгарсан “О” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэх нэхэмжлэгчийн гаргасан 2 үндэслэл тус бүрд дараах дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэв.
Тендерт оролцогчид гэрээгээр ажил гүйцэтгэхэд тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 16 дугаар зүйлээр санхүүгийн чадавхын шаардлагыг нотлох баримт бичгийн бүрдлийг, 17 дугаар зүйлээр техникийн чадавхын болон туршлагыг нотлох баримт бичгийн бүрдлийг зааж, эдгээрийн шаардлагыг хангаагүй тендерээс татгалзахаар 28 дугаар зүйлийн 28.1.3-т, санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын шаардлагыг хангасан тендерүүдээс бага үнийн саналаар шалгаруулахаар 28.1.1, 28.1.2-т заасан.
5.1. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-ийн 4-т “Ж*******” ХХК-иас талбайн даамал – дулааны инженерээр санал болгосон Ш.Э******* нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг 2004 онд “Халаалт, агаар сэлгэлт” /580602/ мэргэжлээр бакалаврын зэрэг, 2006 онд “Халаалт, агаар сэлгэлт” /580301/ мэргэжлээр магистрын зэрэг хамгаалан төгссөн болох нь дээд боловсролын сургалтын байгууллагын дипломоор нотлогдож байх тул энэ шаардлагыг хангаагүй гэх захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл “Ж*******” ХХК-ийн тендер хүний нөөцийн энэ шаардлагыг хангаж байна, энэ талаарх Сангийн яамны дүгнэлт үндэслэлтэй.
5.2. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-ийн 3 дахь Банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй байх шаардлагыг нотлохоор “Ж*******” ХХК-иас ирүүлсэн Зээлийн мэдээллийн сангийн 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт Д.О******* буюу “Ж*******” ХХК-ийн захирлын нэрээр байгааг тендерт оролцогчийнх гэж үзэх боломжгүй, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "оролцогч" гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг ойлгохоор хуульд тодорхойлсончлон хувь хүний лавлагаа нь тендерт оролцогч “Ж*******” ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүйг нотолж чадахгүй, энэ үндэслэлээр хуулийн 16 дугаар зүйлд заасан санхүүгийн чадавхын шаардлагыг хангаагүй гэж үзсэнийг буруутгахгүй.
Гэхдээ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж захиалагч, түүний үнэлгээний хороо оролцогчийн тендерийн баримт бичгээс тодорхойгүй, зөрчилдөөнтэй асуудлаар бусад оролцогчийн тэгш өрсөлдөх эрхэд нөлөөлөхгүйгээр тодруулга авах замаар тендерийн баримт бичгийг үнэлэх нь хуулийн илт тодорхой зохицуулалт.
Хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх шаардлагыг хангасан тухай лавлагаа нь хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т нэрлэн заасан оролцогчийн санхүүгийн чадавхыг нотлох 16.2.1 “харилцагч банкны мэдэгдэл”, 16.2.2 “сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан”, 16.2.3 “сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл” баримт бичгүүдийн бүрдүүлбэрийн нэг, тодруулбал “Ж*******” ХХК нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-ийн 1 “Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна”, ТШЗ 17.1-ийн 2 “Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна” гэснийг хангасан байх тул ТШЗ 17.1-ийн 3 дахь “Банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл, зээлийн өргүй байна.” гэснийг компанийн гүйцэтгэх удирдлагаар ажилладаг иргэний нэрээр ирүүлсэн нь хуулийн этгээдийн санхүүгийн чадавхыг нотлохгүй гэж үнэлэх шууд үндэслэл болохгүй.
Түүнчлэн уг оролцогч нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-ийн 3-ын “Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг www.sainscore.mn, www.burenscore.mn хаягаар хандан авах шаардлагыг хангасны дээр “...уг тодорхойлолтод төлөгдөж дуусаагүй зээлийн мэдээлэл нь “Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй” байгаа тохиолдолд татгалзах үндэслэл болно” хэмээх тендерээс татгалзах үндэслэл үүсээгүй, өөрөөр хэлбэл “Ж*******” ХХК-ийн захирал хугацаа хэтэрсэн зээлийн өргүй гэсэн зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт нь тус компанийг хугацаа хэтэрсэн зээлийн өртэй гэж татгалзах үндэслэлийг бий болгохгүй.
Түүнчлэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлахад оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээд, эцсийн өмчлөгч, эрх бүхий албан тушаалтны мэдээллийг үнэлдэг тул тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-ийн оролцогчийн санхүүгийн чадавхыг тодорхойлсон бусад буюу ТШЗ 17.1-ийн 1, 2 дахь шаардлагуудыг хангасныг нотолсон баримтуудтай 17.1-ийн 3 дахь “хугацаа хэтэрсэн зээлийн өргүй” гэсэн компанийн гүйцэтгэх удирдлагын нэрээрх тодорхойлолт тус оролцогч санхүүгийн чадавхын шаардлага хангасан эсэхийг үнэлэхэд тодорхойгүй, бусад баримтуудтай зөрчилдөөнтэй нөхцөл үүсгэж байгаа энэ тохиолдолд хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар тодруулга авах боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, “Ж*******” ХХК-иас санхүүгийн чадавхыг нотолсон 2024 он, 2025 оны санхүүгийн байдлын тайлан, харилцагч банкны тодорхойлолт зэрэг баримтыг ирүүлсэн байх бөгөөд зээлийн мэдээллийн сангийн лавлагааг хуулийн этгээдийн нэрээр ирүүлэх эсэхэд тодруулга авах замаар дахин үнэлэх боломжтой.
Ингэх нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан худалдан авах ажиллагааны “өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
6. Гуравдагч этгээд “О” ХХК-иас ирүүлсэн тендер хуулийн 16 дугаар зүйлд заасан санхүүгийн чадавхын шаардлага, 17 дугаар зүйлд заасан техникийн чадавхын болон туршлагын шаардлагыг буюу тендер шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж байж санал болгосон үнээр эрэмбэлэгдэж, 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар хамгийн сайн тендерээр шалгаруулах нь мөн худалдан авах ажиллагааны “өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчимд нийцнэ.
6.1. “О” ХХК-иас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар Т.Шийлэгбатыг санал болгосон нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 201*******3 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт”-д суралцан төгссөн сертификат авагдсан байх тул тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.1 -ийн 4-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан – Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээтэй байх” шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр, энэ талаарх Сангийн яамны дүгнэлт үндэслэлтэй байна.
6.2. Харин “О” ХХК-ийн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.1-ийн 6-д “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг тухайн онд хийж гүйцэтгэсэн бүх гэрээт ажлуудын нийлбэрээр тооцно.” гэснийг хангасан гэх захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.
Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажил" гэдгийг барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, буулгах, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, турших, тохируулах зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг болон түүнийг дагалдан нийлүүлэх барааг” ойлгохоор тодорхойлсон бөгөөд 17 дугаар зүйлийн 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно”, 17.2.1-т “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт” гэсэн нь тендерт оролцогчийн тендерээр ажил гүйцэтгэх чадавхын туршлагыг тендерээр гүйцэтгэх ажилтай ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагаар үнэлэхээр байна.
Тодруулбал хуулийн дээрх зохицуулалтуудаар тендерээр гүйцэтгүүлэх ажил нь барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, буулгах, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, турших, тохируулах зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх тодорхой ажил байхаар зохицуулснаас үзэхэд ижил төстэй ажил гэдэг ойлголтод тухайн “барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, буулгах, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, турших, тохируулах зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх” тодорхой ажлыг ойлгоно.
Тендерт оролцогчийн туршлагын чадавхыг үнэлэхэд гүйцэтгэсэн ажлын жагсаалтаас тендерээр гүйцэтгүүлэх ажилтай ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлагыг уг ажлын өртгөөр хэмжиж үнэлэх замаар туршлагыг хангасан эсэхийг тодорхойлно.
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг) БЗДХААА/******* дугаартай тендерийн батлагдсан төсөв болох 877,945,100 төгрөгөөс багагүй төсөвт өртөгтэй ижил төстэй буюу барилгын шугам сүлжээний ажлыг 2024, 2025 онуудад тус бүр хийж гүйцэтгэсэн байх туршлагын шаардлага тавигдсан.
Тус тендерт шалгарсан “О” ХХК-иас тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.1-ийн 6-д “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг тухай онд хийж гүйцэтгэсэн бүх гэрээт ажлуудын нийлбэрээр тооцно.” гэх шаардлагын дагуу 19.1-ийн 3-т заасан “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онуудад тус бүр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний талаар V бүлгийн маягт 4, 6-ын дагуу бэлтгэж ирүүлнэ” гэснээр 4, 6 дугаар маягтаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь Онцгой байдлын эрэн хайх аврах ангийн барилга угсралтын 1,790,977,122 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн барилгын дулааны шугам сүлжээг шинэчлэх засварын 429,230,276 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гэрээг тус тус ирүүлжээ.
О ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн барилгын дулааны шугам сүлжээг шинэчлэх засварын 429,230,276 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил нь дангаараа ижил төстэй ажлын төсөвт өртөгт хүрэхгүй бөгөөд, 2024, 2025 онд дамнуулан гүйцэтгэсэн эрэн хайх аврах ангийн барилга угсралтын 1,790,977,122 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын хувьд барилгын шугам сүлжээний ажил багтсан байж болох ч тус ажилд багтсан ижил төсөөтэй барилгын шугам сүлжээний ажлын өртөг тодорхойгүй, түүнчлэн 2024, 2025 онд санхүүжсэн дүн ажил хүлээж авсан актаас тодорхойгүй байна.
Иймд уг барилга угсралтын ажлын нийт төсөвт өртгөөр ижил төсөөтэй ажлын төсөвт өртгийг тооцсон нь, 2024, 2025 он тус бүрийн санхүүжүүлсэн дүнг агуулсан баримтгүйгээр ийнхүү он тус бүрд батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй дүнтэй ажил гүйцэтгэсэнд тооцсон захиалагчийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
Иймд захиалагчаас дээрх 1,790,977,122 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын тус тендерийн ажилтай ижил төсөөтэй ажлын үнэлгээ, 2024, 2025 он тус бүрийн санхүүжилтийн дүнг хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар тодруулга авсны үндсэн дээр дахин үнэлгээ хийх нь мөн худалдан авах ажиллагааны “өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчимд нийцнэ.
7. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2026 оны 152 дугаар захирамжаар тухайн жилд гүйцэтгүүлэх 8 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан, Үнэлгээний хорооны дарга, гишүүд худалдан авах ажиллагааны сертификаттай, ашиг сонирхлын зөрчилгүйг мэдүүлсэн байх бөгөөд Сангийн яаманд гаргасан гомдолд дурдаагүй энэ асуудлаар, тухайлсан 1 тендер шалгаруулалтын хувьд Үнэлгээний хорооны бүрэлдэхүүний асуудалд шүүх дүгнэлт хийхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.1, 25 дугаар зүйлийн 25.1, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 60.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 228 тоот “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг/ БЗДХААА/******* дугаартай тендерт “Ж*******” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдэл, мөн өдрийн 219 тоот “О” ХХК-ийн тендерийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “О” ХХК-тай 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан БЗДХААА/******* дугаартай Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна шугам сүлжээний ажил /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг/ БЗДХААА/******* дугаартай тендерт “Ж*******” ХХК болон “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт санхүүгийн чадавх, ижил төстэй ажлын туршлагыг ТШЗ 17.1, ТШЗ 17.4-т заасан шаардлагыг хууль болон тендерийн баримт бичигт нийцүүлэн дахин үнэлэхийг Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА