| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0504/Э |
| Дугаар | 553 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Хохирогч Т.Мөнгөнчимэг,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706030980442 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг, 27-р хороо, 13-р гудамж, 303 тоотод оршин суудаг. Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, тоосго 1-р гудамж, 7 тоотод суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 231 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 155.2 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, 1990 оны 10 дугаар сарын 09-нд Төв аймгийн шүүхийн 08 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 211.1, 155.2, 239.3 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, 1997 оны 02 дугаар сарын 12 ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 70 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 173 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 131.2 дэх хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох ял, 2001 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 546 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 2002 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 146 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 113.1, 123.1.3 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял,
2006 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 02 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж ял эдлэж байсан, Найман овогт Н.Б, /регистрийн дугаар /
Үйлдсэн хэргийн талаар:
Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ зочид буудлын орчимд тос маслын ТҮЦ дотор иргэн Т.Мөнгөнчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706030980442 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Т.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 11 дүпээр сарын 02-ны өдөр найз Отгоны хамт түүний хадам дүү Серык нарын хамт караокед орчихоод Баянзүрх дүүргийн 4-р хорооны Тос масло зардаг түцэнд очсон. Караокед байхдаа 1 шил архи уусан. Гараад ТҮЦ дээр ирээд 1 шид архи аваад уусан. Караокед нэг шил архи уусан байсан болохоор нэлээн манаралттай байсан. Отгоны нөхөр Бек / Бейветхаан / орон дээр эвхэрэлдээд унтаж байгаад сэрээд тэгээд хамт суусан. Тэгээд би хөлнөөс нь татаад дуудахад босож ирэнгүүтээ хаалгаар аваад чулуудчихсан. Би унахдаа тэр түцний гадна газар луу шургаад унах шиг болсон. Босож ирээд нүүрээ дарахад нүүр хагарсан байсан. Хаалга татаад ороход Бек надтай зөрөөд ум хумгүй юу ч дуугаралгүй гарсан. Отгон энэ үед унтаж байсан ба татаж сэрээгээд Бек намайг ингэчихлээ гэхэд яанаа яанаа гээд байсан. Тэгээд би гэмтэл орсон. Ийм л зүйл болсон. Хоорондоо огт муудалцаагүй. Би юм асуух гээд хөлнөөс нь татахад нойроо харамлаад шидсэн юм уу, яагаад шидсэнийг би мэдэхгүй байна. Бек Отгонтойгоо тэр орон дээр хамт хэвтэж байсан ба би Бекийн хөлнөөс татаад босооч дээ гэхэд уурлаад ийм хэрэг болчихсон. Ийм л зүйл болсон. Гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 39-40/,
Гэрч Ц.Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 11 сарын 02-ны өдөр Бекийн дүү Серыкбол, найз Мөнгөөнөө нарын хамт караокед ороод дараа нь тэндээсээ гараад Баянзүрх дүүргийн 4-р хороо Тос масло зардаг ТҮЦ дээр Бек дээр очсон. Манай Бек эрүүл байсан. Мөнгөөнөө бид 2 нэлээн согтсон байсан. Серыкболоор 1 шил архи авахуулж уугаад би тасраад унтаад өгсөн байна лээ. Намайг сэрэхэд Мөнгөөнөө манай хүний хөлнөөс нь татаад толгой руу нь 2 гараараа ээлжлээд цохиод байхаар нь манай хүн босоод чи яагаад байгаа юм бэ, хүн амраахгүй гэж хэлээд татаж холдуулаад хаалгаар гаргаад хаячихсан. Унахдаа ТҮЦ-ний чиргүүлийн чирэгч мөргөөд "танай хүн зодсон" гээд толгойгоо бариад босоод ирсэн. Манай нөхөр түлхээд унагачихсан нь үнэн. Бекийн хөлнөөс татаад сэрээх гэтэл нөгөөх нь өөдөөс нь жийгээд, татаж босгоод , хаалгаар гаргаад шидчихсэн гэсэн. Унахдаа юм мөргөсөн гэсэн. Бекийг толгой руу нь гараараа хэд хэд цохиж аваад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
Шүүгдэгч Н.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 11 сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Тос Тосол зардаг ТҮЦ дотор байж байхад гаднаас манай эхнэр Отгон, түүний танил Мөнгөө гэх хүүхэн, мөн дүү Серыкбол нар орж ирсэн. Нэлээн уусан идсэн шинжтэй байсан. Тэгээд Серыкбол нэг шил архи авч ирээд уусан. Би амсаад унтаад өгсөн. Намайг унтах гэж байхад манай дүү Серыкбол явлаа гээд гарч байсан. Унтаж байхад Мөнгөө хөлнөөс татаад байхаар нь болиоч одоо яваач гэхэд ахин татаад амраахгүй байхаар нь босож ирээд хаалгаар түлхээд гаргасан. Хаалгаар надад түлхэгдээд унахдаа газар ойчоод баруун талдаа духны хэсэгтээ шалбараад цус гарсан байдалтай эргээд хаалга нүдээд хүн зодчихлоо, оруул гээд хашгараад байсан. Болохгүй болохоор нь үүдээ тайлж өгөөд оруулахад манай эхнэр Отгонд хэлээд байсан. Би ахин харьцаагүй, наад юм хумаа хямгадаарай гэж хэлчихээд гараад явсан. Ийм л зүйл болсон. Энэ хэргээ би хүлээн зөвшөөрч байна. Би түлхэснээс энэ хүн унаад гэмтсэн байсан. Тухайн өдөр хөлнөөс татаад амраахгүй, согтуурхаад байхаар нь чирээд гаргъя гэж бодоод түлхээд гаргахдаа түүнийг гэмтээсэн нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 38/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13849 дугаартай:
Т.Мөнгөнчимэгийн биед дух, баруун хацарт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, баруун бугуй, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 6-7/
-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/
-Н.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Быг иргэн Т.Мөнгөнчимэгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Т.Мөнгөнчимэг нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч хохиролын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт тусгуулсан баримт байхгүй байх учир шүүгдэгч Н.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хохирогч нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Найман овогт Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Бд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Мөнгөнчимэг нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ