Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2026/0676

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Б*******,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.*******,

Гуравдагч этгээд: Г******* ХХК /РД:*******/,

Маргааны төрөл: Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, төлөөгүй зөрчилд шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтээр захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хяналтын прокурор Д.*******, хариуцагч улсын байцаагч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ц.Эрдэнэсайхан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокурорын 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.*******гийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Г******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр “ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй” гэх зөрчилд 250,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг “10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр 500,000 төгрөгөөр торгох” гэсэн өөрчлөлт оруулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Г******* ХХК-иас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А-26/034 тоот албан бичгээр “...30 даатгуулагчийн 2026 оны 03 дугаар сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаа хоцроож орхигдуулсан тул нөхөн тайлан хүлээн авна уу” гэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасныг захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.******* хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,  

2.2. 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Г******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх заалтаар “ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй” гэх зөрчилд 250,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зөрчилд холбогдогч Г******* ХХК торгууль 250,000 төгрөгийг бүрэн төлжээ.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтэд: “тус дүүргийн Нийгмийн даатгалын газрын захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.******* зөрчлийн Г******* ХХК нь 2026 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хугацаа хоцроож орхигдуулсан гэх НД11/26-21 дугаартай гомдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч "Г*******" ХХК-нд 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн материалыг 2026 оны 05 дугаар сарын 29-ны өдөр шалгалтаар хянав.

Материалд Г******* ХХК-ийн хүсэлт, Г******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Сгаас холбогдогчоор авсан мэдүүлэг, Б.А, Б.А, Г.А, Ажил томилох тухай гүйцэтгэх захирлын тушаалууд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2026 оны 03 дугаар сарын тайлан,

Нийгмийн даатгалын шимтгэлийн оногдуулалт, төлөлтөд хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт, Г******* ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын 2026 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн оногдуулалт, нийгмийн даатгалын шимтгэлийн 3 сарын тайлан, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, татварын тайлан, депозит дансны хуулга зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд Г******* ХХК нь нэр бүхий 32 ажилтны 3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй үйл баримт тогтоогдсон байхад эрх бүхий албан тушаалтан Ц.******* Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсний дагуу шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан Ц.******* нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн 44.1.2 дахь хэсэгт “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна" гэснийг баримтлан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл 11,819,696.90 төгрөг, алданги 1,914,790.90 төгрөг, нийт 13,734,487.80 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр магадлагаа болон шийтгэлийн хуудсандаа тусгасан атлаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.", 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ." гэж заасан байхад хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр зүйлчилж, шалгалтын ажиллагааг хийсэн нь хүний эрхийг зөрчсөн.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь дахь хэсгийг тус тус удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Ц.*******гийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад "Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох", гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэв.

3.2. Хариуцагч хариу тайлбартаа: “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Б*******гийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай Прокурорын дүгнэлтийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрөн дараах хариу тайлбар гаргаж байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтогоо Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.*******гийн "Г*******" ХХК-ыг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг хянаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон "Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох" гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргажээ.

Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуй нэгж, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-7). даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-8) тайланг илгээх, түүнд тавигдах шаардлага, болон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газар (байцаагч, ажилтан) хүлээн авах, хянах баталгаажуулах, мэдээллийн санд бүртгэх, хугацаа хоцроосон тайлан хүлээн авах, шимтгэл нөхөн төлүүлэх, шимтгэлийн өр барагдуулах, тайланд залруулга хийх, даатгуулагчийн үндсэн мэдээллийг засах, хариуцлага тооцох зэрэг нарийвчилсан харилцааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ийн дагуу зохицуулж ажилдаг.

Дээрх журмын хугацаа хоцроосон тайлан хүлээн авах буюу 4.1 дэх хэсэгт Ажил олгогч нь энэ журмын 2.1-д заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэсний дараа хугацаа хоцроосон тайланг хүлээн авна гэж заасан байдаг. "Г*******" ХХК нь тайлангаа тус журмын 2.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн бэлтгэж ирүүлээгүй 30 ажилтныг хугацаа хоцроож тайлагнасан нь материалд авагдсан 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа болон холбогдох санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдож байна.

Мөн тус журмын 6 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл, алданги, торгуулийн өрийн хэмжээг Нийгмийн даатгалын ерөнхий хууль

/шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон бөгөөд үүнд улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийн хэмжээгээр буюу шимтгэлийн өр үүсгэсэн аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчил үүсгэж шийдвэрлүүлдэг болно.

Иймээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Б*******гийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие О.С нь 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* регистрийн дугаартай Г******* ХХК-ийн 2026 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг илгээсэн болно. Харин 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* регистрийн дугаартай Х******* ХХК-ийн тайланг илгээх явцад нийгмийн даатгалын "portal.ndaatgal.mn" вэбсайтыг нэг хөтөч дээр зэрэг нээж ажилласны улмаас Г******* ХХК-ийн тайланд давхар засвар хийгдэж, буруу мэдээлэл илгээгдэх алдаа гарсан ба уг алдааг мэдсэн даруйдаа шаардлагатай журмын дагуу материалыг бүрдүүлж, холбогдох байгууллагад хандан хүсэлт гаргасан болно.

Миний бие энэхүү алдааг өөрийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг зөрчилтэй холбогдуулан ногдуулах торгууль, алдангийг хууль тогтоомжид заасан журмын дагуу төлөхөд бэлэн байгаагаа энэхүү тайлбараар илэрхийлж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан баримтууд, талуудын тайлбар, прокурорын дүгнэлтийн үндэслэл тус бүрд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх зөрчлийн хэргийн хувьд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх, зөрчилд холбогдогчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхээр хангасан эсэх, зөрчлийг шалгаж тогтоосон эсэх, зөрчилд хариуцлага хүлээлгэсэн хуулийн заалтын зүйлчлэл зөв эсэх, өөрөөр хэлбэл зөрчил гэж үзсэн үйлдэлд тохирсон эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ. 

Г******* ХХК-иас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А-26/034 тоот албан бичгээр “...30 даатгуулагчийн 2026 оны 03 дугаар сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаа хоцроож орхигдуулсан тул нөхөн тайлан хүлээн авна уу” гэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасныг захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.******* хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар шийдвэрлэхдээ Г******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх заалтаар “ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй” гэх зөрчилд 250,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зорилго нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулахад орших бөгөөд мөн хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд ажил олгогчоос цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутган тооцож төлөх, нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг илгээх буюу тайлагнах хугацааг ялгамжтай байдлаар тодорхой зохицуулсан байна.

Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “Ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор цахим, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж, харьяалагдах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, эсхүл нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана” гэж ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь багтаан төлөхөөр, ийнхүү төлсөн тайланг дараа сарын 05-ны дотор төлөхөөр хугацааны хувьд ялгамжтай, тодорхой зохицуулжээ.

Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хэсгээр зүйлчилж, торгох шийтгэлээс гадна учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хугацаанд нь тайлагнаагүй зөрчлийг 10.17 дугаар зүйлийн 4 дэх “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хэсгээр зүйлчилж торгох шийтгэл ногдуулахаар байна.

2. Зөрчилд холбогдогч Г******* ХХК-ийн гаргасан зөрчлийн хувьд тус компанийн 39 ажилтнаас 9 ажилтны 2026 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлж, 3 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайланг 4 дүгээр сарын 06-ны өдөр нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хоцроон илгээсэн байна. Энэ зөрчилд энэ хэрэгт хамаарах шийтгэлийн хуудсаас тусад нь улсын байцаагчийн актаар нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг нөхөн төлүүлж, хугацаа хоцроосны алданги тогтоосон.  

Тодруулбал Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 26/00146 дугаар “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” актаар Г******* ХХК-ийн үндсэн 9 ажилтны 2026 оны 03 дугаар сард олгосон 10,098,701.29 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос даатгуулагчийн төрлөөр буруу тайлагнаж тооцооны алдаа гаргасан гэх зөрчилд 1,225,720.70 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс 380,915.18 төгрөгийг илүү тооцсоныг суутгаж, уг шимтгэлийн дүнд 66,188.92 төгрөгийн алдангийг тогтоосон нь тус компанийн 30 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, шимтгэл төлөлтийн тайланг хугацаанд нь тайлагнаагүй зөрчилтэй хамааралгүй байна.

3. Харин энэ шийтгэлийн хуудаст хамаарах зөрчлийн хувьд тус компанийн 30 ажилтны 2026 оны 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг 3 дугаар сард багтаан төлөөгүйн дээр шимтгэл төлөлтийн тайланг 4 дүгээр сарын 05-ны дотор  илгээгээгүй, хугацаа хоцроон 4 дүгээр сарын 20-ны өдөр нөхөн тайлагнахаар нийгмийн даатгалын байгууллагад хандсанаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр зүйлчилж 250,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулснаас гадна нийгмийн даатгалын шимтгэл 11,819,696.90 төгрөгийг нөхөн төлүүлж, 1,914,790.90 төгрөгийн алданги тооцсон.

Өөрөөр хэлбэл Г******* ХХК-ийн хувьд 30 ажилтны 2026 оны 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд буюу 3 дугаар сард багтаан төлөөгүй зөрчлөөс гадна нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд буюу 4 дүгээр сарын 05-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй зөрчлийг үйлдсэн, үүнээс нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээр нөхөн төлүүлэх,  хугацаанд нь төлөөгүйн алдангийг тооцон төлүүлэх албадлагын арга хэмжээг хуульчилсан байх тул буруу зүйлчилсэн гэж үзэж зүйлчлэлийг зөвтгүүлсэн өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт үндэслэлтэй, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.”, 2 “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.” гэж заасанд нийцэж байна.

4. Хэдий эрх бүхий албан тушаалтан 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Г******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил тус бүрд шийтгэл ногдуулах шударга ёсны зарчимд нийцэхгүй байх боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахгүй тул шүүхийн дүгнэх хүрээг прокурорын дүгнэлтээр хязгаарлах нь талуудын зарчимд нийцэхээр байна.

5. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр буюу шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөх замаар торгох шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх агуулгатай байх тул зөрчилд холбогдогчийг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Иймд шийтгэлийн хуудаст торгуулийн хэмжээг зөвтгүүлэхээр бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.*******гийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг” гэж, “250 нэгж буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах" гэснийг “500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.1, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 10.17 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтийг хангаж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.*******гийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг” гэж, “250 нэгж буюу 250,000 төгрөгөөр торгох" гэснийг “500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА