Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00601

 

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00046 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-т холбогдох

 

Гэрээний үүрэгт 14 830 800 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.З,

Хариуцагч: Б.А-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- ХХК нь Б.А-тэй 2015 оны 5 сарын 13-ны өдөр хуулийн зөвлөхөөр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд үндсэн цалинг 1 230 000 төгрөгөөр, гэрээний 2.5 дахь хэсэгт ажилтанд 30 000 000 50 000 000 төгрөгийн өр авлагыг бодитой оруулсан тохиолдолд тус үнийн дүнгээс 7 хувиар, харин 50 000 000 төгрөгөөс дээш оруулсан бол үнийн дүнгийн 5 хувиар тооцож, урамшуулал олгохоор гэрээнд тусгасан. Манай компани олон компаниас авлагатай, авлага барагдуулна гэж эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Б.А- нь М- ХХК-иас 126 000 000 төгрөгийн авлага барагдуулна гэж 2 000 000 төгрөгийг бэлнээр, Тансаг жүрж ХХК-иас 60 000 000 төгрөгийн авлага барагдуулна гэж 1 600 000 төгрөгийг, Хас лизинг ХХК-ийн хэрэг маргаанд оролцоно гэж 2 500 000 төгрөгөөр тохирч 1 250 000 төгрөгийг тус тус авсан байна. Мөн М- ХХК-ийн захирал Н.Уранчимэгийн гэр бүлийн эд хөрөнгийн маргаантай 3 дугаар эмнэлгийн урд байрлах барилгын талаарх иргэний хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө гэж 2015 онд 2 000 000 төгрөг, М- ХХК-ийн охин компани болох хөдөө аж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монтрак фотон ХХК-иас 5 000 000 төгрөг, СУИС-ийн урд байрлалтай барилгын хэрэг маргаанд оролцоно гээд 2 500 000 төгрөг, нийт 14 350 000 төгрөгийг авсан байдаг. Б.А- нь гэрээнд зааснаар сар болгон 1 230 000 төгрөгийн цалингаас гадна 2015 оны 5 сараас 10 сар хүртэлх хугацаанд эдгээр мөнгийг авсан. Эдгээр ажиллагааг хийнэ гэж тэмдэгтийн хураамжийн 480 800 төгрөгийн тооцоо нь тооцоо нийлсэн актад тусгагдсан байгаа. Иймд 14 830 800 төгрөгийг Б.А-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А- болон М- ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үр дүнг тухай бүр дүгнэж, ажлын үр дүн гарсан учраас удирдлагууд нь хянаж дүгнээд тэдгээр мөнгийг шилжүүлж байсан. М- ХХК нь ашгийн төлөө компани болохоос ашгийн бус хандивын байгууллага биш, надад зүгээр мөнгө өгөх үндэслэл байхгүй. Ямар нэгэн үйлдэл хийсний төлөө цалин болон урамшуулал олгосон байдаг. Энэ цалин, урамшууллыг олгох нь дотоод журмаар зохицуулагдаж, үүнийг үндэслэн тухай үед энэ асуудлуудыг шийдвэрлэж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид хэргийг үнэн зөв шийдвэрлэх ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд үнэн мэдээлэлд тулгуурлаагүй, зөвхөн Б.А-ээс хууль бусаар үндэслэлгүйгээр мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр М- ХХК-иас авлага барагдуулах биш, харин М- ХХК нь манайхаас авлагатай байсан. М- ХХК нь Монтрак ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, энэ хэрэгт миний өмнө ажиллаж байсан хуульч Нарантуяа оролцож, хэрэг нь 2014 оны 9 сард шийдэгдсэн байсан, харин дараа нь би давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэж, гомдол гаргаж, нэхэмжлэл буцаад үр дүн гарсан учраас надад мөнгө олгосон. Тухайн үеийн Амарсанаа захирал, нягтлан бодогч Тамир нар шаардлагатай бүх бичиг баримтуудад дүгнэлт өгч шалгаад олгосон. Мөн Тансаг жүрж ХХК-иас 60 000 000 төгрөгийн авлагыг барагдуулах биш, Тансаг жүрж ХХК, Бичил глобус компанитай М- ХХК-ийн 2 дугаар байртай зэрэгцээ оршдог байсан. Энд гал гарсны улмаас манайд учирсан гэм хорын маргаан үүссэн. Манайх 9 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч галын болон шинжээчийн дүгнэлт гарсны дараа нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж 16 000 000 төгрөгийг Тансаг жүрж ХХК-иас нэхэмжлэл гаргаж байсан. М- ХХК нь шүүхэд үнэн зөв мэдүүлж, хуульд нийцсэн нотлох баримт гаргаж өгөх ёстой байтал худал, хууль бус үйлдэл хийж, үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан баримт нь Б.А-ийг мөнгө авсан гэдгийг нотлохоос биш ажил хийгээгүй, гэм буруутай гэдгийг нотолсон нэг ч баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр зүйлийн 400.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А-ээс 14 830 000 төгрөг гаргуулахыг хүссэн М- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М- ХХК болон Б.А- нарын хооронд 2015 оны 5 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, 2015 оны 10 сард дуусгавар болсон байдаг. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Б.А-ийн цалинг тухай бүрт нь олгодог байсныг Б.А- өөрөө хүлээн зөвшөөрөхөөс гадна нийгмийн даатгалын дэвтрээр нотлогддог. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх хуулийн заалттай нийцүүлэн ажилтны гүйцэтгэсэн ажилд нь шагнал, урамшуулал олгохоор гэрээгээр тохирсон байх ба ... гээд Б.А-т шилжүүлсэн 14 350 000 төгрөг нь ажилтны урамшуулал байна гэж дүгнэсэн. Урамшууллыг үндсэн цалингийн хамт цалингийн дансанд шилжүүлдэг ба гүйлгээний утга дээр мөн агуулгыг бичдэг. Б.А-т шилжүүлсэн мөнгөний баримтуудын гүйлгээний утга дээр урамшуулал гэсэн үг өгүүлбэр байхгүй бөгөөд мөн цалингийн данснаас өөр данс руу өмгөөллийн хөлс, гэрээний урьдчилгаа гэж шилжүүлсэн байдаг, эрх зүйн туслалцаа үзүүлэх хэд хэдэн гэрээ байгуулагдсан зэргээс харахад урамшуулал биш болох нь харагддаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.А- нь 2015 оны 5 сарын 13-ны өдөр Мөнх оюу сувд транс ХХК-ийн хэрэг маргааныг шийдвэрлэнэ гэж 2 000 000 төгрөг, 2015 оны 8 сарын 19-ний өдор 3 дугаар эмнэлгийн битүүмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэж 5 000 000 төгрөг, 3 дугаар эмнэлгийн хэрэг маргааныг шийдвэрлэнэ гэж 2 000 000 төгрөг, Тансаг жүрж ХХК-тай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэж 1 600 000 төгрөг, 2015 оны 10 сарын 13-ны одор СУИС-ын урд барилгын асуудлыг шийдвэрлэнэ гэж 2 500 000 төгрөг, Хас лизинг ХХК-ийн хэрэг маргаанд оролцоно гэж 1 250 000 төгрөгийг тус тус эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг төлбөрүүдийг шилжүүлж авсан байдаг. Эдгээр гэрээнүүдэд заасан ямар ч ажил үүргийг гүйцэтгээгүй, ажлаа хүлээлгэн өгөлгүй орхиод явсан байдаг. Гэтэл шүүх үндэслэх хэсэгтээ: түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан ... хөдөлмөрийн гэрээний үр дүнг тухай бүр дүгнэж ажлын үр дүн гарсан учраас тэр мөнгийг шилжүүлж байсан ... гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж байгаа нь ойлгомжгүй. Бүх баримтууд дээр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний урьдчилгаа, өмгөөллийн хөлс гэж шилжүүлсэн байхад ямар ч нотлох баримтгүй ажилтны гүйцэтгэсэн ажилд нь шагнал урамшуулал олгохоор тохирсон гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах зэрэг хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нөгөө талаас хэрэв ажлын үр дүн гарсан гэж үзвэл Мөнх оюу сувд транс ХХК-ийн нэхэмжлэлтэй, М- ХХК-д холбогдох 126 551 329 төгрөг гаргуулах хэрэгт талууд 2015 оны 5 сарын 15-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсныг даалгаврын гэрээ гэж тодорхойлсон нь буруу болжээ гэж үндэслэх хэсэгтээ дурдсанаас харахад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас 2 хоногийн дараа хийсэн байх ба эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үр дүн 2 хоногийн дотор гарах боломжгүй юм. Анхан шатны шүүх нөгөө талаас, иргэн Уранчимэгээс өмгөөллийн хөлсөнд шилжүүлсэн 2 500 000 төгрөг, Монтрак фотон ХХК-ийн шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг М- ХХК нь шаардах эрхгүй ... гэсэн ба уг төлбөрийн баримтууд нь М- ХХК-иас гарсан зардлууд байдаг. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, урьдчилгаа төлбөр шилжүүлсэн ба энэ нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг бүрэн агуулсан ба Б.А- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцаан өгөх үүрэгтэй байсан. Б.А- нь үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон буюу 2015 оны 10 сард ажлаа хүлээлгэн өгөлгүй, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлаас гарах хүсэлт гаргаагүй. Нийгмийн даатгалын дэвтэр, цахилгааны гэрээ зэрэг баримт бичгүүдээ орхин явсан байдгаас харагддаг. Үүнийг анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргасан Б.А-ийн 1049875 тоот нийгмийн даатгалын дэвтрийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагчид хүлээлгэн өгч, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээх нь зүйтэй гэж дурдсанаас харж болно. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд Б.А-тэй тооцоо нийлсэн нягтлан бодогч Т.Баярмагнай болон мөнгө хүлээн авсан Б.А- гэсэн баримт байгаа бөгөөд талууд гарын үсэг зурж, компанийн тамгыг дарж баталгаажуулсан. Мөн Б.А- нь шүүх хуралдаанд миний гарын үсэг мөн байна гэж тайлбарлаж байхад шүүх Б.А- 14 350 000 төгрөгийг хүлээн авсныг баримтжуулж гарын үсэг зурсан баримт гэж үзнэ гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Б.А-т холбогдуулан гэрээний үүрэгт 14 830 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлах ажиллагааг хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан хэрэг үүсгэсэн шүүгчийн хийвэл зохих ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулсан баримтгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох гэж заасныг зөрчжээ.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол 俿н иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00046 дугаа шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ د Н.БАТЗОРИГ

 

د Б.НАРМАНДАХ

 

.