| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0788/Э |
| Дугаар | 0830 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 0830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч Д.Уянга, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ж овогт О Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806038770897 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт О Б, Булган аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг эх, эгч нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
О.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө 04.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунел дээр Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 22.00 цагийн орчимд найз О, Э, Б нарын хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд орших Сансарын тунель дээрх караоке бааранд орсон. Тэнд архи, пиво уусан. Тэндээс гараад Э хамт тунель дээр ирээд Б, О хоёроос салаад бид хоёр цааш явж байтал хохирогч гэх согтууруулах ундаа хэрэглэсэн залуу манай найз охин Эг хоргоож газар түлхэж унагаахаар нь би өмөөрч гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход нөгөө залуу газар унасан. Тэгэхээр нь би хөлөөрөө нүүрэн тус газарт нь хоёр удаа өшиглөөд Э намайг боль гэхээр нь би Э хамт цааш явж байтал цагдаа ирээд намайг эрүүлжүүлсэн гэжээ. /хх-ийн 14/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 6-8/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 24.00 цагийн орчимд Төв цэнгэлдэх орчимд байрлах найз Д гэрт очиж хамт 0.45 литрийн пиво 2 ширхэгийг уугаад шөнө 04.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд орших Сансарын тунель дээр зүс таних цагдаа 3 залууг барьж зогсож харагдсан ба дөхөөд очтол 2 залуу нь зугтаасан. Тэгэхээр нь би нэгнийх нь араас гүйж байгаад эрэгтэй, эмэгтэй 2 залуутай таарсан. Тэгээд тэр хоёроос энүүгээр хэдэн залуучууд гүйсэн үү гэж асуутал эмэгтэй нь цаашаа зайл гэхээр нь би чамтай яриагүй байна гэтэл цаана нь байсан залуу хүүхнээ өмөөрөөд надтай маргалдсан. Тэгээд миний нүүрэн тус газар цохиод намайг газар унахад дээрээс өшиглөсөн. Миний ухаан балартаад нэг сэрэхэд цагдаа ирчихсэн байсан гэжээ. / хх-н 9-12, 40-42/
Гэрч Ц.Э мөдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 23.00 цагийн орчимд найз Б, Б нартай Сансарт уулзаад бид нар Сансарын тунель дээр байдаг караоке бааранд орсон. Тэнд архи, пиво ууцгаасан. 04.00 цагийн орчимд баар хаагаад бид нар гарсан. Би түрүүлээд миний араас Б явж байтал гудамжинд үл таних согтуу залуу таараад мөнгө байвал өгөөч гэсэн. Гэтэл араас Б ирээд юун мөнгө бэ байхгүй гэхэд нөгөө залуу хэл амаар доромжлоод байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад улмаар ноцолдсон би салгах гээд дийлээгүй. Тэгээд би Билгүүнийг татаад бид хоёр цааш явсан. Нөгөө залуу газар хэвтээд үлдсэн гэжээ. / хх-н 43-44/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 15/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 16/ 5620 тоот ДҮГНЭЛТ:
1.Б.Б биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархай, зулай, дагз, хамрын нуруу, цээж, баруун, зүүн гарын бугуй, зүүн шууны цус хуралт, зулай, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ. /хх-ийн 17/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 17-18/
О.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 28-35/
О.Б хувийн баталгаа гаргах таслан сэригийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 36-37
О.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20-21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 19/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 34/ хохирогч Б.Б эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 38-39/ Б.Б 900.000 төгрөг төлсөн баримт /хх-н 45/ зэрэг болно.
О.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө 04.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунел дээр Б.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Б.Б биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархай, зулай, дагз, хамрын нуруу, цээж, баруун, зүүн гарын бугуй, зүүн шууны цус хуралт, зулай, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 17/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … тэр хоёроос энүүгээр хэдэн залуучууд гүйсэн үү гэж асуутал эмэгтэй нь цаашаа зайл гэхээр нь би чамтай яриагүй байна гэтэл цаана нь байсан залуу хүүхнээ өмөөрөөд надтай маргалдсан. Тэгээд миний нүүрэн тус газар цохиод намайг газар унахад дээрээс өшиглөсөн. Миний ухаан балартаад нэг сэрэхэд цагдаа ирчихсэн байсан гэсэн мэдүүлэг / хх-н 11/
Гэрч Ц.Э мөдөн шалгах ажиллагааны үед өгсөн … гудамжинд үл таних согтуу залуу таараад мөнгө байвал өгөөч гэсэн. Гэтэл араас Б ирээд юун мөнгө бэ байхгүй гэхэд нөгөө залуу хэл амаар доромжлоод байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад улмаар ноцолдсон би салгах гээд дийлээгүй. Тэгээд би Б татаад бид хоёр цааш явсан. Нөгөө залуу газар хэвтээд үлдсэн гэсэн мэдүүлэг / хх-н 43-44/
Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … согтууруулах ундаа хэрэглэсэн залуу манай найз охин Э хоргоож газар түлхэж унагаахаар нь би өмөөрч гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход нөгөө залуу газар унасан. Тэгэхээр нь би хөлөөрөө нүүрэн тус газарт нь хоёр удаа өшиглөөд Э намайг боль гэхээр нь би Э хамт цааш явж байтал цагдаа ирээд намайг эрүүлжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
О.Б найз охин Э хамт явж байхад хохирогч Б.Б Э-ээс таксины мөнгө нэхээд байж байхад нь О.Билгүүн ирээд юун мөнгө вэ байхгүй гэж хэлсэнээс болж хоорондоо маргалдаж улмаар О.Б нь түүний нүүрэн тус газар нь гараара цохиж унаган толгойн тус газар 2-3 удаа өшиглөсөнөөс Б.Бын биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархай, зулай, дагз, хамрын нуруу, цээж, баруун, зүүн гарын бугуй, зүүн шууны цус хуралт, зулай, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Бд эмчилгээний зардалд 900.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Оногдуулсан торгох ялыг О.Б нэг сарын дотор төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ж овогт Оын Бйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Б нь торгох ялыг нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол эдлээгүй үлдсэн ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,О. нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж О.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН