| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2406011320666 |
| Дугаар | 2024/ДШМ/1269 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/1269
2024 11 28 2024/ДШМ/1269
А.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Мөнх-Оргил,
шүүгдэгч А.А,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/910 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-ын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн ................ дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
А.А нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж цахим орчинд “Автомашин түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ..... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа ..... банкны ...... дугаарын дансанд 275.000 төгрөгийг шилжүүлж, залилуулсан,
хохирогч О.Ц нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ........дүүрэг ....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... худалдааны төвд явж байхдаа ..... банкны ...... дугаарын дансанд 325.000 төгрөгийг шилжүүлж, залилуулсан,
хохирогч Б.У нь 2024 оны 02 дугаар сарын 06, 08-ны өдөр тус тус ......дүүрэг ...дугаар хороо ..... хотхонд байхдаа ..... банкны ...... дугаарын дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 370.000 төгрөгийг шилжүүлж, залилуулсан,
хохирогч А.Т нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ..... дүүрэг .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... зам дагуу ...... дэлгүүрийн орчимд байхдаа .... банкны ...... дугаарын дансанд 325.000 төгрөгийг шилжүүлж, залилуулсан,
хохирогч А.О нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны ......дүүрэг .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... сургуулийн дэргэд явж байхдаа ..... банкны ...... дугаарын дансанд 350.000 төгрөгийг шилжүүлж, залилуулсан,
хохирогч Л.Б-д нь ...... дүүргийн ....дугаар хороонд байрлах гэртээ байхдаа 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг шилжүүлж, залилуулсан,
хохирогч С.Т нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ......дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрээс ..... банкны ..... тоот дансанд 475.000 төгрөгийг шилжүүлж, залилуулсан,
хохирогч Ө.Д нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ...... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа ..... банкны ...... дугаартай дансанд 325.000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А-аас 2.945.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д 275.000 төгрөг, О.Ц-д 325.000 төгрөг, Б.У-д 370.000 төгрөг, А.Т-д 325.000 төгрөг, А.О-д 350.000 төгрөг, Л.Б-д 500.000 төгрөг, С.Т-д 475.000 төгрөг, Ө.П-д 325.000 төгрөгийг тус тус олгож,
шүүгдэгч А.А-ын ................ банкны .................тоот дансыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаартай тогтоолоор хязгаарласныг цуцалж, энэ хэрэгт шүүгдэгч А.А нь 16 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ хэргээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дахин байцаагдаж байгаа тул уг хэргийг нэгтгэж шийдүүлэх хүсэлтэй байна. ...Шийтгэх тогтоол гардан авч, давж заалдах гомдол гаргахаас өмнө Сүхбаатар дүүрэг болон Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас мөрдөгч ирж хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх санал тавьсан. Одоогоор надаас дахин мэдүүлэг авсан зүйл байхгүй. Би шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялаа эдлэх саналтай байна... ” гэв.
Прокурор Э.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Баянзүрх дүүрэг болон Сүхбаатар дүүргийн үйлдэл нь тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед байгаагүй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
хохирогч Г.Г-ын “...Та 50 хувь хийж захиалга баталгаажина гэхээр нь за гэж хэлээд дансыг нь аваад ...... банкны ....... тоот данс өгсөн тухайн данс руу би .... гэсэн утгатай 275.000 төгрөг шилжүүлсэн...” 1 хх 14-15,
хохирогч О.Ц-ийн “...3 хоног түрээслэхээр болж нийт 650.000 төгрөг болсон тэгээд надаас 325.000 төгрөг ........ банкны ............ тоот данс руу шилжүүлсэн...” 1 хх 48-49,
хохирогч Б.У-ын “...эхлээд өөрийн ................. тоот данснаас 245.000 төгрөг, дараа нь ..............банкны ................ тоот данснаас 08-ны өдөр 125.000 төгрөгийг ............ банкны ................... тоот данс руу шилжүүлсэн...” 1 хх 76-77,
хохирогч А.Т-ийн “...тухайн данс руу ............. тоот данснаас 325.000 төгрөг шилжүүлээд. Тэгээд машинаа авах гэтэл утас нь холбогдох боломжгүй фейсбүүк дээ орж ирэхгүй алга болчихсон...” 1 хх 98-99,
хохирогч А.О-ын “...банкны ............ гэсэн нэртэй............ тоот дансыг өгөхөөр нь тухайн данс руу найз Б.Д-аас мөнгө зээлж найзынхаа ............... тоот данснаас шилжүүлсэн. Тэгээд машинаа авах гэтэл утас нь холбогдох боломжгүй фейсбүүк дээ орж ирэхгүй алга болчихсон...” 1 хх 123-124,
хохирогч Л.Б-ийн “...2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ...... банкны .......... тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...” 1 хх 145,
хохирогч С.Т-ын “...би өөрийн ..... банкны ...... дугаартай данснаас .....банкны ......... дугаартай данс руу 475.000 төгрөгийг 13 цаг 11 минутад шилжүүлсэн юм...” 1 хх 193-194,
хохирогч Ө.П-ын “...Өнөөдөр урьдчилгаа 325,000 төгрөг хийчих гэхээр нь би зөвшөөрч данс асуутал ........ банкны ......... дугаартай данс өгч утга нь дээр нь ..... гэх дугаарыг бичээд уг данс руу урьдчилгаа 325.000 хийсэн...” гэх мэдүүлгүүд 1 хх 224-225,
А.А-ын яллагдагчаар өгсөн 1хх 28, 60, 88, 112, 131, 179, 209, 234 мэдүүлгүүд,
А.А-ын ....... банкны ......... тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл 1хх 30-37 зэргийг харьцуулан шинжлэн судлав.
Шүүгдэгч А.А нь цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк орчинд “автомашин түрээслүүлнэ” гэх утгатай зар байршуулсан нь бодитойгоор хэрэгжих үндэслэл тогтоогдоогүй, өөрийнх нь эзэмшил, өмчлөлд ямар нэгэн автомашин байхгүй атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.А-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс А.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.А-аас “...бусад залилан мэхлэх гэмт хэргээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... ” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан боловч шүүгдэгч А.А-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч А.А-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэсэн, түүний эдлэх ялыг хэзээнээс яаж тооцох эсэх талаар тусгалгүй орхигдуулсан байх тул энэ талаарх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Аын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 100 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/910 дугаар шийтгэх тогтоолын:
- Тогтоох хэсэгт:
“Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч А.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн, эдлэх ялыг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч А.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 100 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН