2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/08711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******** дугаар хороо, ******** гудамж, *****  ХХК байранд байрлах В ХХК /рд: **********/,

 

Хариуцагч: ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, Ш ХХК /рд: **************/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 16,190,460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан 16,190,460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч Ш хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр авсан барааны тооцоо нийлэхэд 16,120,260 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Үүнээс хойш 0 төгрөгийг төлсөн боловч одоог хүртэл үлдэгдэл 16,120,260 төгрөгийг төлөөгүй байгаа. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан ба 16,120,260 төгрөгийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба тэрээр одоогийн амьдарч байгаа хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүйн улмаас түүнийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхээс 192/ШШ2025/013522 дугаар шийдвэрээр манай хүсэлтийг шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 243.1-т зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 16,120,260 төгрөг, хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор шүүхийн онцгой ажиллагаа хийлгэж түүнд төлсөн тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөг, нийт 16,190,460 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Миний бие Р.У Ш ХХК-ийг 2023.05.01-2023.05.01 хүртэл 5 жилийн ажлын байрны гэрээг У С ХХК-ийн захирал Г.Г-тай хийж ***** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10-1 тоот байрлах Бадрах бөөний төвийг ажиллуулж эхэлсэн. Уг объектыг ажиллуулж байсан Анхбаяр нь ирж миний эгчийн бараа миний ч бараа байгаа гэж С гэдэг хүнээс үлдэгдэл барааг тоолж авч тооцоог дуусгаж хүлээлцэж авсан. Гэтэл 2024.09.27-ны өдөр уг хүмүүс эргэн ирж бид түрээслэх болсон суллаж өг гэсэн тул бидний хооронд маргаан үүссэн ч түрээслэгч ирж уулзаж дүүдээ өгч байна гэсэн тул суллаж өгөхдөө сарын дараа гэсэн гэрээний үндсэн дээр сулласан. Гэтэл бараа материалыг бэлэн мөнгөөр авах тул 5 хоногийн дотор суллахыг шаардсан. Сарын сүүлээр бүх компаниудын төлбөрийг барагдуулах тул зөвшөөрөн тохиролцож тооллого хийж хүлээлцсэн. Гэтэл мөнгө хүрэхгүй байна гэхэд нь бүх компаниуд руу залган бараануудаа буцаалт хийж авахыг хэлсэн, шаардсан. Тоолж өгсөн бараа 300,000,000 гаруй байсан тул буцаалт хийж компаниудад хэлсэн. Үүний дотор нэхэмжлэл гаргасан уг компани байсан ч ирж авч амжихгүй нь мөнгө дараагчийн хүнээс авчиж болох байх бид бараа байнга нийлүүлэх тул гэсэн. Би удаа дараа утасдаж хэлсэн, шаардсан. Зарим компаниуд бараагаа буцаалт хийсний дараа үлдэгдэл 238,163,300 төгрөг үлдсэнээс 100,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдлийг 5 хоногийн дотор өгөхөөр болсон тул би бүх компаниудыг төлж барагдуулах байсан ч өгөөгүйгээс гадна миний мөнгийг дур мэдэн гүйлгээ хурдан гардаг баримттай компаниудад дур мэдэн төлж гүйлгээ багатай бараатай компаниудад төлбөрийг барагдуулаагүй одоог хүртэл чирэгдэл үүсгээд байна. Талыг компаниудад төлж үлдэгдэл 35,252,900 төгрөг үлдсэн. Үүнийг тооцоотой компаниудад өгнө гэсэн боловч 3 сарын дараа тэр барааны хугацаа дууссан, тэр барааг хямдарсан гэх мэт шалтаг тоочиж одоог хүртэл үлдэгдэл мөнгө өгөөгүй. Барааг тоолж хүлээлцэж өгөхөд уг компанийн барааны үнэ 6,542,120 төгрөгтэй барааг хүлээлгэн өгсөн байна. Тиймээс уг нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх 5, 62/, В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 30Ш1-3/2474 тоот албан бичиг /хх 7/, В ХХК-ийн Зарлагын баримт /хх 9-10/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 11/, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх 12/, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх 13-15/, Р.У-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 16/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШШ2025/01352 дугаар шийдвэр /хх 17-18/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Ш ХХК-ийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 23-24/, Р.Уранчимэгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 25/, Хариу тайлбар гаргах нь /хх 31/, Гар бичвэрийн хуулбар /хх 32-49/, Ажлын байрны түрээсийн гэрээ /хх 56-57/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч В ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрт 16,120,260 төгрөг, мөн хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор шүүхийн онцгой ажиллагаа хийлгэж түүнд төлсөн тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөг, нийт 16,190,4600 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Барааг тоолж хүлээлцэж өгөхөд уг компанийн барааны үнэ 6,542,120 төгрөгтэй барааг хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч В ХХК болон хариуцагч Ш ХХК нар 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулжээ. Уг гэрээгээр худалдагч буюу В ХХК нь бүтээгдэхүүнийг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байдлаар зээлээр худалдах, худалдан авагч буюу Ш ХХК нь барааг хүлээн авч төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр барагдуулах, худалдан авагч нь төлбөр тооцоог сар бүрийн 03-ны өдрүүдэд худалдагч талд дансаар шилжүүлэх, зээлээр худалдан авагч гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний 4.2-т заалтанд заагдсан хөнгөлөлтийг олгохгүй ба хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр, 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байхаар тохиролцсон байна.

 

Хавтаст хэргийн 11 дүгээр талд Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх бичгийн нотлох баримт авагдсан. Уг баримтаас үзвэл, Тус хоёр байгууллагын хооронд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан бараа материалаа нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд Ш ХХК нь 16,120,260 төгрөг төлөх үлдэгдэлтэй гарсныг харилцан батлав гэжээ.

 

4.2. Талууд дээрх гэрээг Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч В ХХК, хариуцагч Ш ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

4.3. Хариуцагчийн төлөөлөгчөөс ...Барааг тоолж хүлээлцэж өгөхөд уг компанийн барааны үнэ 6,542,120 төгрөгтэй барааг хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Мөн нэхэмжлэгчийн ...Манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч Ш хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр авсан барааны тооцоо нийлэхэд 16,120,260 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан гэх тайлбар, Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үгүйсгээгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ш ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 16,120,260 төгрөгийг шаардах эрхтэй.

 

5. Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг эрэн сурвалжлахаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч Ш ХХКас нийт 16,190,460 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

7. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,902 төгрөгийг төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш ХХК-иас 16,190,460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 238,902 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-иас 238,902 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН