Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2026/0530

 

 

 

 

 

   2026         05           25                                   128/ШШ2026/0530

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Волоож    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ц

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С

Гуравдагч этгээд: З.М

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ж.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1.Нэхэмжлэгч Ж.Волоож нь Сэлэнгэ аймгийн М******* суманд Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байжээ.

2.2.Нэхэмжлэгч нь дээрх албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй атлаа Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/ дүгээр тушаалаар Хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллажээ.

2.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.В албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/12 дугаар тушаалаар Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.В Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

2.4.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4, 57 дугаар зүйлийн 57.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэл болгосон байна.

2.5.Нэхэмжлэгч Ж.В дээрх байдлаар Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхад нь буюу Сэлэнгэ аймгийн М******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн М******* сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас нь чөлөөлжээ.

2.6.Тус шүүх Ж.Волоожийн гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие Жовогтой Волоож нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд 2003 оноос өнөөдрийг хүртэл байгаль орчны чиглэлээр тасралтгүй 22 жил ажиллаж байна.

Тухайлбал 2003 оноос 20 хүртэл Сэлэнгэ аймгийн М******* суманд байгаль хамгаалагч, 20 оноос тус газарт байгаль орчны улсын хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байгаад Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулагдахад хуулийн хэрэгжилтийн хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтнээр төрийн албаны мерит зарчмын хүрээнд шилжин ирсэн.

Миний бие Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилтийн хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтнээр 2024 оны 03 сарын 07 өдөр томилогдсоны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 сарын 11-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, албан үүргээ гүйцэтгэж байсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 сарын 11-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар миний бие Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хамгаалалтын захиргааны дарга томилогдох хүртэл хугацаагаар томилогдсон болно. Тушаалын үндэслэл болсон нөхцөл арилгаагүй байхад буюу хамгаалалтыг захиргааны дарга хууль ёсны дагуу томилогдоогүй байхад Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* дугаартай “Ж. В албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх” тухай тушаал гаргаж намайг үндэслэлгүйгээр Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргээс чөлөөлсөн болно. Тодруулбал,

Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тухай

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.1.3-т зааснаар төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, уг журмын дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс уг орон тоог нөхөхөөр хуульчилсан бөгөөд ийнхүү нөхөхдөө мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2- т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж зааснаар тусгай шалгалтын дагуу сул орон тоог сонгон шалгаруулалтаар нөхөхөөр хуульчилсан байдаг.

Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт явагдаагүй байхад түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлсөн, мөн түр орлон гүйцэтгэгчээр өөр этгээдийг томилсон ба шинээр томилогдсон шинэ орлон гүйцэтгэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, төрийн албаны шалгалт өгч төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдээгүй, мөн тухайн захиргаанд буюу Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаагүй хүн болно.

Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг гүйцэтгэгч томилогдоогүй, уг албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй байхад намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь миний уг төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж байна.

Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй тухай

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оны 03 сарын 18-ны өдөр сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл гаргаж, тайлбар, санал гаргах бол 2025 оны 03 сарын 19-ны өдрийн дотор ирүүлэхээр хугацаа заасан байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан байдаг.

Сонсох ажиллагаатай холбогдуулан тайлбар, санал гаргах 1 өдрийн хугацаа олгосон ба уг хугацаанд миний бие даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан тушаалаас чөлөөлөхтэй холбоотой өөрийн тайлбар, санал, шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлж амжихааргүй, хэт богино хугацаа байсан. Мөн сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлснээр 2 өдрийн дараа түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай тушаал гаргасан.

Төрийн албан хаагчийн баталгаа, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн тухай

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд 62.1-т “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” хэмээн тус тус заасан байдаг.

Миний бие Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа ажил албан үүргийн зөрчил гаргаж байгаагүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг, мөн хуулийн 47 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэлийг нэг бүрчлэн хуульчилсан байдаг. Сайд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* дугаар тушаалаа Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргасан бөгөөд эдгээр зохицуулалт нь төрийн албан хаагчийн ажлаас чөлөөлөх, халах харилцаанд хамааралгүй эрх зүйн зохицуулалт байгаа болно.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар чиг үүрэг бүхий байгууллагад хандсан тухай

Миний бие уг асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” хэмээн заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага болох Төрийн албаны зөвлөлд гомдол гарган шийдвэрлүүлсэн. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0******* тоотоор намайг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд төрийн албаны зөвлөл хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Миний бие анх 2003 оноос Сэлэнгэ аймгийн М******* суманд байгаль хамгаалагчаар төрийн албанд ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл байгаль орчны чиглэлээр тасралтгүй 22 жил төрийн албанд ажиллаж байгаа болно.

Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв. 

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгч Ж.Волоож нь 2003 оноос хойш Төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа. 20 оноос хойш Байгаль орчны улсын ахлах байцаагчаар Сэлэнгэ аймгийн М******* суманд ажиллаж байсан. Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулагдах үед төрийн албаны мерит зарчмын хүрээнд шилжиж ажилласан. Анх 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус хамгаалалтын захиргааны хуулийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилогдож 03 дугаар сарын 11-ний өдөр тухайн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Тухайн үед томилогдохдоо тухайн захиргааны албаны даргыг хуульд заасны дагуу томилох хүртэлх хугацаанд томилж байгаа. Даргыг журмын дагуу томилоогүй байхад түр орлон гүйцэтгэгчийг хууль бус үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байгаа. Тодруулбал төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Төрийн албан тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1,2,3-д сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас сонгоно, боломжгүй бол сонгон шалгаруулалт зарлана гэж заасан байдаг ч орлон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулдаг журмын дагуу сонгон шалгаруулаагүй байхад Ж.В албан үүргээс чөлөөлж өөр этгээдийг томилсон байгаа. Тухайн өөр этгээд буюу З.М нь 2024 оны 12 дугаар сард төрийн албаны шалгалт өгч тэнцсэн байгаа. Гэтэл даргын алба гэдэг нь ангилалд зааснаар ТЗ-5 буюу Төрийн ахлах түшмэл гэсэн ангилалд хамаарна. Төрийн ахлах түшмэл нь Төрийн албаны тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 3-т зааснаар төрийн албанд 6-аас доошгүй жил ажиллаж, ажилласан хугацаандаа дэс түшмэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой байгаа юм. Ийм тусгай шаардлагыг хангаагүй хүн буюу гуравдагч этгээдийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Төрийн албан хаагчийг хуульд заасан баталгаагаар хангаагүй байгаа. Төрийн албаны тухай хуулийн 46.2-д Төрийн албан хаагчийг чөлөөлөх үндэслэл, 45 дугаар зүйлд халах үндэслэлийг нарийвчлан заасан байдаг. Тэгэхэд ажлаас чөлөөлөхөд энэ хоёр үндэслэлийг алыг нь ч дурдахгүйгээр чөлөөлсөн үйлдэл нь Ж.В хуульд заасан үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байгаа. 03 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл өгөхдөө 03 дугаар сарын 19-ний өдөр хариу тайлбар өг гэсэн нь нэхэмжлэгчийг өөрийн тухайн шийдвэртээ холбоотой тайлбар, баримтуудыг гаргаж өгөх богино хугацаа тогтоосон боломжгүй байсан гэж үзэж байгаа. Дээрх үндэслэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах хүсэлтэй байна.” гэв.

         5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хамгаалагдах эрх ашиг нь төрийн албаны мерит зарчмын хүрээнд буюу Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байгаад энэ ажил чиг үүргийн хүрээнд орлон гүйцэтгэгчид томилсон. Гэтэл одоо чөлөөлсөн үйлдэл нь түр орлон гүйцэтгэгчээр чөлөөлсөнтэй холбоотой хууль эрх зүйн ахлах мэргэжилтнээр эгүүлэн томилуулах гэтэл тушаал ч байхгүй бүхэлд нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хөндсөн байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байна гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэл бүхий гэж үзэх үндэслэл бий болж байгаа.” гэв.      

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

              Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт мөн зүйлийн 2 дах хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дах хэсгийг тус тус үндэслэн гарсан.

Нэхэмжлэгч Ж.В анх Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/ дүгээр тушаалаар тус хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Дээрх маргаан бүхий акт болох 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* дүгээр тушаалыг гаргахаас өмнө буюу 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ж.В тус яамны Төрийн Захиргааны удирдлагын газарт дуудан ирүүлж сонсох ажиллагааны мэдэгдлийг хийсэн бөгөөд 03 дугаар сарын 19- ний өдрийн дотор хариу ирүүлэхээр байсан боловч хариуг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Волоожийн хувьд анх Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/ тушаалаар хуулийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдсон байдаг. Төрийн албаны тухай хуулийн түр орлон гүйцэтгэх журам гэж байгаа. Сонгон шалгаруулалт зарлаагүй бол ажил мэргэжлийн хувьд хамгийн ойр болох мэргэжилтнээр түр орлон гүйцэтгүүлэх нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заалтыг үндэслэж ахлах мэргэжилтэн Ж.В сайдын тушаалаар хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Ахлах мэргэжилтнээр томилох эрх Хамгаалалтын захиргааны даргад байдаг. Харин Хамгаалалтын захиргааны даргыг томилох эрх сайдад байдаг.  Тэгэхээр сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 42.1 дэх хэсгийг үндэслэж Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.В даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана гэж заасан. Харин 43 дугаар зүйлийн 43.4-т Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна гэж заасан байгаа. Үндсэндээ Төрийн албаны тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн үндсэн албан тушаалыг хэрэгжүүлээд сайдын тушаалаар даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө албан тушаалд өөрийнхөө тушаалаар өөр хүн томилсон байсан нь сайдын тушаал хууль бус буюу Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар  зүйл 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-т заасан шаардлагыг хангахгүй болсон тул сайд эрх хэмжээний хүрээнд бүрэн чөлөөлсөн. Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нэхэмжилж байгаа. Уг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч нь Байгаль орчин өөрчлөлтийн уур амьсгалын яамны сайд биш гэж үзэж байна. Яагаад гэхээр сайд зөвхөн Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль болон Засгийн газрын тухай хуульд зааснаар хамгаалалтын захиргааг халаад томилж чөлөөлөх эрх нь байгаа харин ахлах мэргэжилтнээр томилж чөлөөлөх эрх нь хамгаалалтын захиргааны даргад байгаа. Ахлах мэргэжилтнээр томилж чөлөөлөх тушаалыг сайд гаргаагүй. Ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хамгаалалтын захиргаа төлдөг. Тэгэхээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлттэй холбоотой шаардлагын тухайд хариуцагч нь сайд биш. Нийгмийн баталгааны асуудал яригддаг. Төрийн албаны хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгосон шийдвэрийг сайд гаргаагүй учраас сайдыг буруутгах үндэслэлгүй. Мөн шүүхээс анхаарах ёстой нэг зүйл нь Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэгч гомдол гаргахад нь 05 дугаар сарын 27-ны өдөр хариу өгсөн. Хариу өгөхдөө “Сэлэнгэ аймгийн М******* сумын Засаг даргын тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ж.В ажлаас чөлөөлсөн, чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 46.2 дугаар зүйлийн 46.2.4-т заасны дагуу өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдсөн байна тэгэхээр та нөөцөд бүртгэлгүй байна” гэдэг хариу өгсөн. Төрийн албаны зөвлөлийн хариутай холбоотойгоор материалуудыг харахад Ж.Волоож нь Төрийн албаны шилжин сэлгэнээр Хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаа гэж ярьж байгаа боловч шилжүүлэн, сэлгэн ажиллах нь удирдлагын хооронд албан хаагчийн зөвшөөрлөөр хийгддэг ажил. Гэтэл Ж.Волоож нь М******* сумын Засаг даргын тамгын газраас Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хооронд зөвшилцсөн, албан бичиг солилцсон асуудал байдаггүй. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн М******* сумын Засаг даргын тамгын газраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, нөөцөд бүртгэлгүй байгаа гэсэн хариу нь үндэслэлтэй байна. Төрийн албаны зөвлөлийн албан бичигт Ноён уулын дархан цаазат газар хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулах томилгоо хийх журмыг зөрчсөн, 34 дүгээр зүйлд заасан Тусгай шалгалт зарлуулах журмыг зөрчсөн, мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн хууль бус сайдын томилгоо байна гэж үндэслэл хэсэгт дурдсан байгаа. Эдгээр үндэслэлийн тухайд нэхэмжлэгч Ж.В Төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг сайд гаргаагүй. Энэ хүн өөрөө төрийн албаны нөөцөд байгаа эсэх нь эргэлзээтэй буюу төрийн албан хаагчийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхөд баталгаа хамаарахгүй гэж үзэж байна. Сонсох ажиллагаа зохион байгуулаад боломжит хугацаа олгоход хариу тайлбараа ирүүлээгүй учир сайдын тушаал гаргасан. Тэгэхээр сайдын тушаал хуульд нийцсэн Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын тухай хуульд заасан үндэслэлтэй тушаал тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгөөч.” гэв.

8.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж******* овогт З******* М миний бие нь 2024 оны 4 дүгээр улиралд төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын Б/22 дугаар тушаалаар 2025 оны 03 дугаар сарын *******-ний өдрөөс Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өмнөх дарга Ж.Волоожтой ажил хүлээлцэн томилогдсон.

Тус хамгаалалтын захиргааны хариуцан хамгаалж буй дархан цаазат газар Ноён уул нь алтны нөөцтэй ба ХАМО-чид (нинжа гэх) хууль бусаар нэвтрэх зарим 1 байгаль хамгаалагч, удирдах ажилтнууд хүртэл тэдэнтэй үгсэн тохирч нэвтрүүлдэг байсан гэх албан бус мэдээллүүд яаманд (сайдад) удаа дараа гомдлоор ирж байсан учир хамгаалалтын захиргааны даргыг сольсон гэж ойлгодог.

Тушаал гарах үед сайд байнга гардаг хэл ам, гомдол, алдаа дутагдлыг арилгаж ажиллах үүрэг өгсний дагуу ажил авмагцаа бүх нүхнүүдээр хяналт шалгалт хийж, булж, анхаарал татсан цэгүүд, амуудад хяналтын камер тавьснаар өнөөдрийг хүртэл зөрчил дутагдалгүй ажиллаж байгаа болно.

Миний хувьд өөрийгөө хөгжүүлэх үүднээс 22 онд 1 сарын хугацаатай Э******* р******* ХХК-ийн сайтын талбайд Байгаль орчны чиглэлээр 1 сарын хугацаанд практик онол хосолсон сургалтад хамрагдаж байсан ба 27 оноос В******* ХХК, И******* М******* ХХК зэрэг ойн мэргэжлийн компаниудад уулын бригад ахлан мод бэлтгэх, тарилт зэрэг ажлуудад томилогдон ажиллаж байсан Байгаль орчны чиглэлийн ажлын туршлагатай болно.” гэжээ.

9.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлтэй байна. Гуравдагч этгээд З.М нь Төрийн албаны шалгалтаа өгөөд нөөцөд орсон. Ажил мэргэжлийн хувьд шаардлага хангаж байгаа. Нөөцөд орсон баримтууд хэрэгт байгаа. Ямар нэгэн байдлаар эрхгүй этгээдийг томилсон биш, эрхтэй нөөцөд байгаа этгээдийг томилсон байгаа нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа. Өөрөө төрийн албаны шалгалтад тэнцсэн эсэх нь материалд авагдсан болон Төрийн албаны зөвлөлийн хариу бичгээр нотлогдож байгаа иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс “... Хариуцагч Байгаль орчин уур амьсгалын сайд нь Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт явагдаагүй байхад намайг уг албан тушаалын үүрэг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага хангаагүй хүнийг тус газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч Ж.Волоож нь  ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө албан тушаалд өөрийнхөө тушаалаар өөр хүн томилсон байсан нь сайдын тушаал хууль бус буюу Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар  зүйл 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-т заасан шаардлагыг хангахгүй болсон тул сайд эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий тушаалыг гаргасан тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.” гэж, гуравдагч этгээдээс “... Гуравдагч этгээд З.М нь төрийн албаны шалгалтыг өгөөд төрийн албаны нөөцөд орсон. Иймд түүнийг маргаан бүхий албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч Ж.Волоожоос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Нэхэмжлэгч Ж.Волоож нь Сэлэнгэ аймгийн М******* суманд Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байжээ.

5.Нэхэмжлэгч нь дээрх албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй атлаа Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/ дүгээр тушаалаар Хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллажээ.

6.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.В албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/12 дугаар тушаалаар Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.В Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

7.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4, 57 дугаар зүйлийн 57.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэл болгосон байна.

8.Нэхэмжлэгч Ж.В дээрх байдлаар Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхад нь буюу Сэлэнгэ аймгийн М******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн М******* сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас нь чөлөөлжээ.

9.Сумын Засаг даргын дээрх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг үндэслэл болгосон байна.

10.Маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ж.В Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн байх бөгөөд тус тушаал нь Монголын улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсгийг тус тус үндэслэл болгожээ.

11.Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч Ж.Волоож нь өмнө нь ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн М******* сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөлгүйгээр Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдож ажилласан мөн даргыг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ажилласан, сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөх тушаалыг дараа нь нөхөн гаргуулсан зэрэг зүйл баримтууд тогтоогдож байна гэж үзэхээр байна.

12.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйл.“Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх”, 46.2.“Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”, 46.2.4.“өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;” гэж заажээ.

13.Хуулийн дээрх заалтаас үзвэл, Төрийн жинхэнэ албан хаагч өөрийн санаачлаагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөхөөр байна.

14.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Ж.В Сэлэнгэ аймгийн М******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг үндэслэн төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхээргүй байна.

15.Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйл.“Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”, 43.3.“Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ:”, 43.3.1.“байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх;”,43.3.2.“дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх;”, 43.3.3.“энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх;”, 43.4.“Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна.” гэж тус тус заажээ.

16.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч нь өөрийн үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байна.

17.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Ж.Волоож нь Сэлэнгэ аймгийн М******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн байх тул  нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан тушаалтны албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах эрхтэй гэж маргах эрхгүй байна гэж үзлээ.

18.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Ж.Волоож нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалтны албан үүргийг түр орлон гүйцэтгэх болзол, шаардлагыг хангахгүй байх тул маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

19.Иймд дээрх үндэслэлүүдээр Нэхэмжлэгч Ж.Волоожоос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 46 дугаар зүйлийн 46.2.4-т заасныг тус тус баримтлан Ж.Волоожоос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ