Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00051

 

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02438 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 24 840 045 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.О нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- ХХК нь зээлдэгч Б.Т-тэй 2015 оны 2 сарын 10-ны өдөр санхүүгийн түрээсийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10 600 000 төгрөгийн зээлийг, жилийн 37.2 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар олгосон. Дээрх зээлийн барьцаанд 18-90 УБГ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг барьцаалсан. Гэвч зээлдэгч Б.Т- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2015 оны 8 сараас эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийг зөрчсөөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9 703 516.53 төгрөг, зээлийн хүү 13 540 618.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 595 910.52 төгрөг, нийт 24 840 045 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь А- ХХК нь намайг 9 703 516 төгрөг зээлсэн гэсэн атлаа 3 дахин ихэсгээд 24 840 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Мөн А- ХХК зээлийн барьцаанд миний худалдаж авсан Приус маркийн автомашиныг өөрийн өмчлөлдөө авсан, одоо ч уг автомашины өмчлөх эрх банкинд байгаа, би уг автомашиныг эзэмших, өмчлөх боломжгүй. Иймээс уг автомашиныг авахын тулд банкнаас зээл авсан байхад автомашиныг банк өмчлөлдөө аваад дахин зээлсэн мөнгөө 3 дахин надаас нугалж нэхэж байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Иймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагчаас 24 840 045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282 151 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан. Би 2015 оны 2 сарын 10-ны өдөр А- ХХК-иас Приус маркийн автомашин авахын тулд 10 600 000 төгрөг зээлсэн, гэтэл А- ХХК миний автомашиныг өөрийн өмчлөлд авсан, би барьцааны гэрээг миний өмчлөлд автомашиныг аваад банк барьцаалах нь хуульд нийцнэ гэсэн боловч банк тэгвэл зээл өгөхгүй гэсэн. Миний автомашиныг банк авсан тул барьцааны гэрээ болон зээлийн гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус гэрээ болсон гэдгийг ойлгосон. Гэвч би нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 9 703 516 төгрөгийг зөвшөөрсөн, автомашин ашигласан хөлсөнд 10 600 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Ингээд би автомашины үнийг 2 дахин төлсөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байхад дахин надаас 4 536 000 төгрөг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна . Анхан шатны шүүх илт хууль бус зээлийн гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ гэж зөвшөөрсөн, гэвч барьцааны гэрээний талаар ямарч дүгнэлт хийгээгүй, энэ нь банк автомашиныг өмчлөлдөө аваад, дахин авсан зээлээ 2.5 дахин өсгөж авч байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 153, 154 дүгээр зүйлийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр хангасан 4 536 484 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Б.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 24 840 045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 2 сарын 10-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А- ХХК нь 10 600 000 төгрөгийг, жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хариуцагч Б.Т-д зээлдүүлэх, хариуцагч Б.Т- нь зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 18-90 УБГ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг барьцаалсан байх бөгөөд хариуцагч Б.Т- нь 2015 оны 3 сарын 10-ны өдрөөс 2015 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт

2 462 849 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, санхүүгийн түрээсийн болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогджээ. /хх-ийн 8-11, 18-р тал/

 

Талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийн үүргээ биелүүлээгүй байх тул хууль буюу гэрээнд зааснаар нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Б.Т-гээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй болно.

 

Иймд хариуцагч Б.Т-гээс үндсэн зээлийн үлдэгдэл 9 703 516 төгрөг, 2019 оны 4 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны хүү 13 540 618 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 595 910 төгрөг, нийт 24 840 045 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагч татгалзал болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо зээлийг гурав дахин ихээр нэхэмжилсэн, дахин 4 536 000 төгрөг үндэслэлгүйгээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч энэхүү тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал, талууд зээлийн гэрээний 1.1, 1.10-т зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. Түүчнлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 534 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ