| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2303003190401 |
| Дугаар | 2024/ДШМ/1302 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/1302
2024 12 04 2024/ДШМ/1302
Г.Д, Г.З нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч С.Ч,
шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Ш.Т,
шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Г.Г,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/629 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Ш.Т, шүүгдэгч Г.З-ийн өмгөөлөгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн ......................... дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.Д нь ................ дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэр Зуслангийн зам ............ зуслангийн ............. дэлгүүрийн баруун талын замд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 20 минутын орчимд ............... маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж хөдөлгөөнд оролцож явахдаа .............. маркийн ................. улсын дугаартай автомашинд шахагдан замаас гарч зогсоол дээр зогсож байсан явган зорчигч, 71 настай, эрэгтэй ......Н-г мөргөж түүний амь нас хохирсон,
Г.З нь .............. дүүргийн ............ дүгээр хорооны нутаг дэвсгэр Зуслангийн зам .............. зуслангийн ................ дэлгүүрийн баруун талын замд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 20 минутын орчимд ............. маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж ....................... маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй зэргэлдээ эгнээнд орсны улмаас уг автомашин шахагдан замаас гарч зогсоол дээр зогсож байсан явган зорчигч, 71 настай, эрэгтэй Н-г мөргөж түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Д, Д.З нарын үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Д, Г.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нэмэгдэл ялын хугацааг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
шүүгдэгч Г.Д, Г.З нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Г.Д-д Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг, шүүгдэгч Г.З-т Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-аас нэхэмжилсэн 12.633.083 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Д, Г.З нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-д 30.333.112 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг удирдлага болгон шүүгдэгч Г.Д, Г.З нараас 41.250.000 төгрөгийг тус тус гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-д олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Ш.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 41.250.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг холбогдох хуулийн дагуу үнэн зөв тооцож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүгдэгч Г.Д нь өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан эмчилгээний болон оршуулгын зардалтай холбоотой 30.333.112 төгрөгийн хохирлоос 16.666.250 төгрөгийг төлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж холбогдсон гэмт хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаа юм. Мөн шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч уг ялыг эдлэхээ илэрхийлж байгаа юм. Гэвч түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь оршин суух дүүргээсээ гарч болохгүй байгаа нь тухайн дүүрэгтээ ажил эрхэлж орлого олж шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 41.250.000 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй болоод байгаа болно.
Шүүгдэгч Г.Д, Г.З нарт холбогдох хэрэг Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ХШТ/34 тогтоолоор сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна гэсэн. Шүүх энэ тогтоолын заалтыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүхийн шийтгэх тогтоолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550.000 төгрөгөөр тооцсоныг буруу гэж үзэж байна. Учир нь тухайн гэмт хэрэг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 450.000 төгрөг байсан. Хохирогч маань өндөр настай хүн байхад ажил хөдөлмөр эрхэлдэг мэт үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 оны 01 дүгээр сард нэмэгдсэн 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82.500.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуулийн аргачлалаар хохирлыг тооцсоныг шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Мөн шүүгдэгч Г.Д нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг хаягийн бүртгэлтэй байхад шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг гэж ташаа бичсэнийг зөвтгүүлэх саналтай байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дээр дурьдсан хуулийн заалтыг буруу хэрэглэсэн алдааг засаж хохирогчид төлөх төлбөрийн асуудлыг холбогдох хуулийн дагуу үнэн зөв шударгаар шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Г.З-ийн өмгөөлөгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үйл явдал 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй учир “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаж хэрэглэхгүй” гэсэн зарчим юм. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг удирдлага болгон 41.250.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож хууль хэрэглээний зөрчлийг арилгаж өгнө үү.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь бүтцийн хувьд материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Материаллаг гэмт хэрэг нь гэмт этгээдийн гэмт санаа бодлоо хэрэгжүүлсэн гэмт үйлдлийн эцэст хуульд заасан хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаг. Хохирол хор уршгийг учруулснаар гэмт хэргийг төгс үйлдсэнд тооцдог. Г.З-ийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэсэн, миний үйлчлүүлэгч болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлдэг, камерын бичлэг хэрэгт авагдсан байдаг. Иргэн автомашинд мөргүүлж хүнд гэмтэл авсны улмаас эцсийн хор уршиг учирч амь хохирсон харамсалтай үйл явдал болсон. Г.З нь иргэнийг мөргөөгүй, гэмтээгээгүй, бусдын тээврийн хэрэгслийг мөргөж эд зүйлд хохирол учруулаагүй болох нь хэрэгт авагдсан камерын бичлэгээр нотлогддог. Камерын бичлэгт Г.З нь зорчих явцдаа дүрмийн дагуу дохио өгөөд эгнээ байраа эзэлж байгаа, эзэлсэн эгнээгээр нь зорчиж явсан машин иргэнийг мөргөж гэмтээж байгаа, бусдын тээврийн хэрэгслийг мөргөж эд зүйлд хохирол учруулж байгаа зэрэг үйл баримт бичигдсэн байдаг. Г.Д-ийг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан, тухайн нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй болохыг мэргэжлийн шинжээчид тогтоосон байдаг. Өмгөөлөгч миний бие өөрийн үйлчлүүлэгчийг эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт гэм буруугүй, түүнд эрүүгийн хариуцлага ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул гомдолтой байна.
Шүүгдэгч Г.З-ийн хувийн байдлын хувьд тэрээр урьд нь гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Хохирогч талын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч Г.З-ийн хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгөхийг шүүхээс хүсч уламжилсан. Шүүгдэгч Г.З-ийн 12 настай хүүхэд нь байнгын асаргаанд байдаг бөгөөд холбогдох нотлох баримтыг анхан шатны шүүхэд гарган өгч шинжлэн судлуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15.665.000 төгрөгийг амь хохирогчийн эмчилгээний болоод оршуулгын зардалд төлж барагдуулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү. Хууль зүйн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлэх бүрэн боломж байгаа гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч нэлээд тодорхой тайлбар хэлж, асуусныг ойлгосон байх гэж бодож байна. Учир нь, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг үндэслэж, давхар гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлбөр төлөх тул ял хөнгөрүүлэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг нь харгалзаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг үндэслэлээр шийдвэрээ гаргасан. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг байсан. Одоо 660.000 төгрөг болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ярьж маргаж байгаа бол ядаж хуулиа хар гэж хэлье. Тухайн үед шүүгчид амласан үгнүүд нь аргацаасан үг байсан юм байна гэдгийг одоо харж байна. Ийм зүйл яриад зогсож байдаг, ямар хүн чанаргүй хүмүүс вэ гэж бодож байна. Миний аавыг өндөр настай хүн байхад өндөр хохирол төлбөр гаргуулсан гэж маргаж байна. Хэрэв шүүгдэгч нар мөргөж дайрч, алаагүй байсан бол энэ хэрэг болохгүй. Оршуулгын зардал гээд байгаа зүйлийг тогтоосон шийдвэр ч гарахгүй. Тиймээс тавьж байгаа асуудалдаа зүй ёсны хандаач гэж хэлмээр байна. Ийм зүйл хэлж байгаад нь асар их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-ийн өмгөөлөгч С.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай санал нэг байна. Өмгөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр олгуулахтай холбоотой асуудлыг дурдсан байх ба үүнд нь ойлголтын том зөрүү байгааг хэлмээр байна. Тодруулбал, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсгүүдийг баримталж анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан. Гэтэл энэ заалтууд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг болсон цаг хугацаанаас 5, 6 сарын өмнө хүчин төгөлдөр болсон заалтууд тул Иргэний хуулийг буцаан хэрэглэх асуудал огт яригдахгүй. Шүүх шинжилгээний тухай хуулийн заалтаар Иргэний хуулийг тайлбарлах нь хууль зүйн хувьд боломжгүй. Тийм учраас шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан зүйлгүй, анхан шатны шүүхээс зөв зүйтэй дүгнэсэн. Өмгөөлөгч Ш.Т гомдолдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дурдаж байна. Шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэм хор учирсан хохирлоо нэхэмжилж байгаа талд аль ашигтай байдлаар шийдвэрлэх нь шүүхийн бүрэн эрх учир шүүх өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн тул сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон зүйл биш, хэм хэмжээг тогтоохдоо хуулийн заалтыг баримталсан явдал болно. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолыг дурдаж байгаа ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох асуудал бөгөөд Улсын Дээд шүүхээс үүнийг тогтоох шаардлагагүй, журмын хэрэгжилт тодорхой байна гэсэн. Бид үүнийг яриагүй, зөвхөн Иргэний хуульд заасан гэм хорын хохирол нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаж байгаа эсэх талаар шүүгч тодорхой асуусан. Г.Д-ийн хувьд гэм буруугийн талаар огт маргаагүй гэдэг бол Г.З гэм буруугийн талаар маргаж, гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ өнөөдрийн шүүх хуралдаанд хүртэл ярьж байна. Гэсэн хэрнээ гомдолдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа гэсэн байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь энэ гэмт хэргийн шууд шалтгаант холбоог бий болгосон. Тиймээс шүүх шүүгдэгч нарыг адилхан болгоомжгүй үйлдэл гаргасан боловч үйлдлээрээ хамтарч үйлдсэн гэж буруутгасан. Хэн аль нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан учраас хамтад нь гэм буруу, эрүүгийн хариуцлагыг хүлээх шаардлагатай гэж үзсэн. Өмгөөлөгч Г.Г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж байгаа боловч гэм буруугийн талаар маргаж байгаа хүнд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Өмгөөлөгч Ш.Т харьяаллын асуудлыг ярьж байна. Гэвч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад хязгаарлах бүсчлэлийн талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй учраас шүүх шийдвэрлэсэн. Тиймээс үүнтэй холбоотой асуудлаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад холбогдох баримт сэлтээ өгч засаж залруулах боломжтой. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд болсон явдалд маш их харамсаж, уучлаарай гэж хэлмээр байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа бөгөөд хүүхдийн минь эрүүл мэнд, биеийн байдлыг харгалзаж үзнэ үү...” гэв.
Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, уучлал хүсэж байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.З нь жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэсэн заалтыг зөрчиж Г.Д-ийн тээврийн хэрэгслийг шахсаны улмаас, шүүгдэгч Г.Д нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй зөрчил гаргаснаар явган зорчигч М.Н-г мөргөж түүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон. Замын хөдөлгөөнд зам тавьж өгөх ойлголт нь жолооч давуу эрхтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлд аюул учруулахааргүй нөхцөлд хөдөлгөөнд оролцох явдал юм. Улмаар Г.З нь зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй урдуур нь дарж орсны улмаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахааргүй нөхцөлд чиглэлийг өөрчилсөн. Шүүгдэгч Г.Д нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явснаар явган зорчигчийн амь насыг хохироосон. Дээрх хоёр жолоочийн буруутай үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн амь насыг хохироосон. Өмгөөлөгч Г.Г нь Г.З-ийг дохио өгөөд эгнээ шилжсэн гэж байгаа боловч дохио өгөх нь давуу эрхтэй тээврийн хэрэгслийн урдуур түрүүлж орох ойлголт биш. Тиймээс шүүгдэгч нарын буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон. Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийн тухайд, яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Г.До-ийн оршин суугаа хаяг нь Сонгинохайрхан дүүрэг байсан тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж болох юм. Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршигт тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан. Тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хувьд 3 жил хүртэлх хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, нэгээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай. Шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хангалттай хөнгөрүүлсэн гэж үзэхээр байна. Сэтгэцийн хор уршгийн асуудлыг шүүх бүр харилцан адилгүй тогтоож байгаа бөгөөд сэтгэл санааны хохирол гаргуулсан асуудлаар тусгайлан гаргах саналгүй. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ байх...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Б.Е-ы 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №39504644 дугаартай “..Хойд хоёр дугуйны тормосны хүчлүүр задарч шингэн гоожсон, ABS системийн анхааруулах гэрэл ассан байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт 1хх 122-129,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний шинжээч С.Д-ын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №2595 дугаартай “.............. маркын ............. улсын дугаартай автомашин нь 32.9 км/цагийн хурдтай явж байсан байна” гэх дүгнэлт 1хх 167-173,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын №1697 дугаартай шинжилгээний “..Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хоёр чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн суурийн хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн тархины эдийн няцрал, үхжил гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаас нь тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил, элэгний хатуурал өвчтэй гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...Талийгаачийн цогцост үзлэг хийсэн 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 10 минутын байдлаар нас бараад 1-3 цаг болсон байна. ...Талийгаач А(Н) булгийн цустай байна. ...Талийгаачийн цусанд спиртийн болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэх дүгнэлт 1хх 190-200,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Б-ын “............... маркийн ............... улсын дугаартай автомашины жолооч Г.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем ..ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...........маркийн ............... улсын дугаартай автомашины жолооч Г.З нь 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...Явган зорчигч М.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...Жолооч Г.З, Г.Д нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.” гэх мөрдөгчийн магадлагаа 1хх 204-205 зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
Г.Д нь ...............дүүргийн ............ дүгээр хорооны нутаг дэвсгэр Зуслангийн зам .......... зуслангийн ............... дэлгүүрийн баруун талын замд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 20 минутын орчимд ................. маркийн ................... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж хөдөлгөөнд оролцож явахдаа ................ маркийн ................. улсын дугаартай автомашинд шахагдан замаас гарч зогсоол дээр зогсож байсан явган зорчигч, 71 настай, эрэгтэй М.Н-г мөргөж түүний амь нас хохирсон,
Г.З нь ........................ дүүргийн ...............дүгээр хорооны нутаг дэвсгэр Зуслангийн зам ................ зуслангийн ................... дэлгүүрийн баруун талын замд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 20 минутын орчимд .................... маркийн .................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж .................... маркийн ................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй зэргэлдээ эгнээнд орсны улмаас уг автомашин шахагдан замаас гарч зогсоол дээр зогсож байсан явган зорчигч, 71 настай, эрэгтэй М.Н-г мөргөж түүний амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Ш.Т нь “...Сэтгэцэд учирсан хохирол болох 41.250.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...зорчих эрхийг хязгаарлах хязгаарлалтын бүсчлэлийг Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлж өгнө үү...” гэх, шүүгдэгч Г.З-ийн өмгөөлөгч Г.Г нь “...Сэтгэцэд учирсан хохирол болох 41.250.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдлуудыг гаргасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Д, Г.З нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулан шийтгэж шийдвэрлэсэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тиймээс, шүүгдэгч Г.З-ийн өмгөөлөгч Г.Г-ын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү..” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүхийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч тус бүрээс 41.250.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.
Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Д, Г.З нарт холбогдох хэрэг нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Т, Г.Г нарын “... сэтгэцэд учирсан хохирол гаргуулах ” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Мөн уг гэмт хэрэг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт орж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөхөөр тусгасан нь хүндэрсэн байх тул анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шийтгэх тогтоолын 1 дэх заалтдаа баримтлах байжээ.
Амь хохирогч нь хагалгаанд орсны дараагаас 4 сар бусдын асрамж, асаргаанд сувилуулсан, төрсөн охин болох Н.Д нь түүнийг асарсан, тэрээр байнгын цалинтай ажилгүй хэдий ч лангуу түрээслэн орлого олдог байснаа нотолж түрээсийн гэрээ, .......... банкнуудын дансны хуулгуудыг хэрэгт хавсаргажээ. Гэвч анхан шатны шүүхээс “байнгын тогтмол орлого олдог тухай баримт нэхэмжлэлд хавсарган ирүүлээгүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй боловч энэ талаар хангалттай баримт шүүхэд ирүүлээгүй байх тул хэмээн түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Ш.Т нь “...зорчих эрхийг хязгаарлах хязгаарлалтын бүсчлэлийг Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлж өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авч түүний зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрт өөрчлөлт оруулав.
Г.Д оршин суугаа хаягийн тодорхойлолт нь хэрэгт авагдсан баримтаар Сонгинохайрхан дүүрэг байх тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/629 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан...” гэж,
- 4 дэх заалтын “...шүүгдэгч Г.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс...” гэснийг “...шүүгдэгч Г.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс...” гэж тус тус өөрчлөлт оруулж,
- 6 дахь заалтын “...Н.Д-аас нэхэмжилсэн 12.633.083 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...”,
- 7 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Ш.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН