Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 917

 

 

 

 

 

 

 

 

 

                                       

 

                                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

          Улсын яллагч Н.Гэрэлмаа,

          Хохирогч Б.Мөнхнаран, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

          Шүүгдэгч Н.М , түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгйин хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.М т холбогдох эрүүгийн 1806 03878 0895 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай,  Н М.

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Н.М  нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны үүрээр 05.00-06.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зайсан-2" гэх нэртэй газарт 77-40 ӨМА улсын дугаартай цагаан өнгийк Хьюндай аванте маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Б.Мөнхнаранг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М  мэдүүлэхдээ: “…2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Би энэ хэрэгтээ гэмшиж байна. Би шил тулгаагүй. Тухайн үедээ байцаагч маань “за иймэрхүү, ингээд мэдүүлэг өгчих” гэж хэлж байсан. Энэ хэрэгтээ би их гэмшиж байна. Өөр хэлэх зүйлгүй байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхнаран мэдүүлэхдээ: “…2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө  Би “Өгөөж чихэр боов”-ын замын эсрэг талын байрны цэцэрлэгт сууж байсан. 2 залуу ирээд миний дугаарыг асуусан, би “юун дугаар” гээд эргээд харахад цаасны хутга хүзүүнд тулгаад, миний баруун гарт байсан цүнхийг дээрэмдээд аваад явсан. Би шоконд ороод эргээд хартал 2 залуу баруун урагшаа гүйж явсан. Түүний араас нэг залуу гүйж байснаа бүдэрсэн. Тэгээд би цагдаагийн газар орох хэрэгтэй байх гэж бодоод ертөнцийн зүгээр хүүхдийн 100 тал руугаа зүүн тийш зам дагаад алхаж зүүн тийш алхаж байхад цагаан өнгөтэй приүс машинтай залуучууд ирээд “чи зүгээр үү” гэж уусан. Хоёр залуу сууж байсан. Нэг нь жолоо барьсан, жолоочийн хажууд нэг залуу суусан байсан. Би “зүгээр биш байнаа, би цагдаагийн газар орох хэрэгтэй байх, би цүнхээ дээрэмдүүлчихлээ” гэж хэлэхэд тэр хоёр залуу “суучих, суучих чамайг цагдаагийн газар хүргэж өгье” гээд цагдаагийн газар орохоор болсон. Би тухайн үед надад туслаж байна гэж бодсон. Тэгээд машинд суусаны дараа “цүнхэнд чинь юу байсан бэ” гэж асуусан. “Миний цүнхэнд миний уншиж байсан ном, гоо сайхны хэрэгсэл байсан” гэж хэлсэн. “Тэгвэл нэг их олигтой зүйл байгаагүй юм бол чиний цүнхийг байрны дундуур хаясан байх” гэж хэлээд “байрны дундуур хайгаад үзэх үү” гэж хэлээд машинтайгаа байрны дундуур тойрсон. Цүнх байгаагүй, дээрэмдсэн 2 залуу мөн байгаагүй учир буцаад явсан. “Танай гэр хаана вэ” гэхэд нь “талбайн баруун талд байдаг” гэж хэлсэн. Талбайн баруун талд явж байгаад гурвуулаа харилцан тохиролцсоны үндсэн дээр ойрхон салхинд гарахаар болсон. Салхинд гарсан. 13-аас уруудаад чигээр “Жуков” руу явж байгаад баруун гар тийш харанхуй руу эргэж, дэлгүүрийн үүдэнд зогссон. Машин барьж байсан залуу дэлгүүр рүү орж 2 том Сэнгүр нэртэй, 2.5 литрийн хэмжээтэй пиво авчирсан. Надаас эхлээд “чи архи уух уу, пиво уух уу” гэж асуусан. Би “архи, пиво хэрэглэдэггүй, уучлаарай би уухгүй” гэж хэлсэн. Дэлгүүрээс 2 пиво аваад дэлгүүрээс хөдлөөд Улиастайн замаар салдаг Зайсангийн уулын зам руу жаахан эргээд голын эрэг байсан. Уг голын эрэг дээр зогсоод гурвуулаа машинаас буусан. Надад пиво хийж өгсөн. Би “уучлаарай би уудаггүй юмаа” гэж хэлэхэд “тэгвэл амсаад өгчих” гэж хэлэхээр нь би согтууруулах ундааны зүйл уудаггүй учир уруулдаа хүргэчихээд буцаагаад өгсөн. Түүний дараагаар машин барьж явсан найз нь “уухгүй” гээд уугаагүй. Энэ залуу 2 пивоны ихэнхийг нь уусан. 4 цаг өнгөрөөгөөд үүр цайж эхлэхэд, бороо орж эхэлсэн. Бүрхэг өглөө эхэлсэн гэсэн үг. Бороо жаахан орж эхлэхэд бид гурав голын эрэг дээрээс хөдөлсөн. Машин барьж явсан найз нь жолоо бариад явж байхад энэ залуу “жолоо баръя” гээд согтуугаар жолоо барьсан. Маш олон олон том том машины өмнүүр урсгал сөрж явсан. Би ард нь суугаад хамгаалалтын бүс зүүгээгүй байсан учир жаахан айсан. Машины урдуур мөргөлдчихвөл яанаа гэж айсан. Нилээн яваад “Чулуун-Овоо” дөхөөд жолоогоо буцаж аваад, “намайг хүргэж өгнө” гэж эрүүл найз нь хэлсэн. Яагаад гэвэл архи уугаагүй, архи уугаагүй, жолоо барих эрхтэй байсан. Миний санаж байгаагаар “Батлан хамгаалахын яам” харагдаж байсан. Тэгээд дээшээ эргээд гэр хорооллын зам руу ороод ягаан өнгөтэй гурван давхар байр руу ороод “чи буучихаарай” гэж хэлсэн. Би буучихаад дээшээ жаахан яваад бие засах газар хайгаад бие засаагүй буцаад ирэхэд цагаан өнгөтэй приүс алга болсон байсан. Байрны шат доош ордог шат байсан. Доош ороход энэ залуу гарч ирсэн. Намайг приүс биш, өөр нэг цагаан өнгөтэй, механик машинд суулгасан. Би нэрийг хэлж мэдэхгүй байна. “Намайг хүргэж өгөх үү” гэхэд “би согтуу байна, машин барьж болохгүй, чамайг хүргэж өгч чадахгүй” гэж хэлсэн. “Тэгвэл ядаж автобусны буудал руу дөхүүлээд өгч болох уу” гэж хэлэхэд өөр тийшээ явсан. “Зайсан 2” нэртэй газар руу явахад би тэгье ч гээгүй, үгүй ч гээгүй. Яагаад гэвэл би тухайн өдөр сэтгэл санаа маш их хямарсан байсан. Цүнхээ дээрэмдүүлсэн, хүзүүндээ хутга тулгуулсан, асар их шокын байдалтай байсан. Тэр залуу намайг “Зайсан 2” гэж нэртэй газар руу дагуулж аваачсан. Эндээс гэр хороолол бүхэлдээ харагддаг гэж хэлээд надад харуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би “за за хөдлөх үү” гэхэд “за за тэгье тэгье” гэж намайг суулгасан. Миний хажууд машины арын суудалд орж ирж суугаад над руу ойртсон. Тэгээд би “чи яагаад миний биед зөвшөөрөлгүй хүрч байгаа юм бэ” гэж хэлээд би буусан. Би машинаас жаахан холдоод цаашаа харж зогсож байгаад эргээд харахад нэг зүйл түүгээд байх шиг байсан. Тэгээд би цаашаа хараад байж байхад “за хөдлөе” гээд машиныхаа ар талын баруун хаалгыг онгойлгож өөгөөд “ийшээ суучих” гэж хаалга хаагаад машины ар талаар тойроод би урд талд жолоочийн суудалд очих гэж байна гэж бодсон чинь миний хажуу талд ирж суугаад урагшаа тонгойгоод түлхүүрээр машиныхаа бүх хаалгыг цоожилсон. Би өөрийнхөө сууж байсан хаалгыг хартал дотроосоо онгойхгүй хаалга байсан. Тэгээд над руу жижиг архины шил тулгаж, “чи яасан их зантай гичий вэ, чиний биед хүрэхэд яадаг юм бэ” гэж над руу дайрч эхэлсэн. Би “болиочээ” гээд чанга уйлж, орилж эхэлсэн. “Энэ шил багадаад байна уу, гичий минь, дуугүй бай, чимээгүй бай гичий минь” гэж элдэв янзаар маш их хараасан. Одоо хүртэл энэ дурсамжийг ярихаар надад хэцүү байна. “Чи намайг ингэж байхаар зүгээр алчихаж болох уу” гэхэд “би тийм хоёрын хооронд зүйл хийдэг хүн биш, би чамайг ханаталаа хүчиндэж байгаад энэ шилээр яргалж ална, энэ уул руу чамайг шидсэн байхад хэн ч мэдэж чадахгүй” гэж хэлсэн. Түүний дараагаар миний өмдийг өөрөө тайлж эхэлсэн. Би “уучлаарай би бэлгийн харьцаанд орж болохгүй, би хүсэхгүй байна, би бэлгийн харьцаа хүсэхгүй байна, битгий тэгэх үү, гуйя” гэж зөндөө олон удаа гуйсан. Тэгэхэд “цестит гэдэг чинь яадаг өвчин юм бэ, би ДОХ өвчтэй, би чамд ДОХ өвчин халдаана” гэж хэлсэн. Магадгүй энэ хүнийг би ДОХ-той байх гэж бодож байгаа. Би итгэж чадахгүй байна. Хэрвээ энэ хүн ДОХ-той байсан бол санаатайгаар надад ДОХ өгсөн гэсэн үг. Цагдаа, шүүх энэ хүнээс ДОХ-ын шинжилгээ аваагүй байсан. Машин дотор намайг хүчиндсэн. Миний санаж байгаагаар өөрийнхөө бугуйн цагийг харж “одоо 9 цаг болж байна, би чамайг 12 цаг хүртэл хүчиндэнэ, чи намайг 6 удаа дур тавиулах хэрэгтэй, алив цаашаа хар, араас чинь хийе, чи зүгээр байгаач, битгий орилоод бай, цамцаа дээш нь сөх, чи яасан их зантай гичий вэ” гэх зэргээр хараалын үг хэлсэн. “Алив чи миний бэлэг эрхтэнийг амандаа хийгээдэх, бөөлжих юм бол ална шүү гичий минь” гэж хэлсэн. Энэ үйл явдал бүхэлдээ 20 минутын хугацаанд үргэлжлээд, миний дотор дур тавьснаар Н.Мэргэнбаатар хувцсаа өмссөн. Тэгээд машинаа хөдөлгөөд доошоо явж байх замд нэг эмээг машиндаа суулгасан. Би тэр эмээг машины дотор талаас онгойдоггүй хаалгыг гадна талаас нь тэр эмээ онгойлгоод суусан. Суудлаа шилжүүлээд хаалга дотор талаас онгойлгодог хаалга руу шилжиж суусан гэсэн үг. Доошоо автобусны буудал руу явдаг машин зогсдог газар тэр эмээг буулгасан. Машин зогсонгуут би машины хаалгыг дотор талаас онгойлгож, машинаас буугаад маш хурдан доошоо гүйж цэнхэн өнгөтэй приүс машиныг такси бариад би явсан. Би дөнгөж залуу хүн, 20 настай, миний амьдралд маш их хар дурсамж үлдээсэн. Би маш хүсэл мөрөөдөлтөй, ажил мэргэжилтэй, би хүн ёсоор амьдарна гэж боддог. Гэтэл миний амьдралд ийм их хар дурсамж үлдээсэн хүнийг би хуулийн дагуу бүгдийг шийдүүлмээр байна. Би гомдолтой байна. Миний сэтгэл санаа маш их тогтворгүй байж би эмчид үзүүлсэн. Би цестит өвчтэй байсан учир бэлгийн харьцаанд орж болохгүй байсан. Бэлгийн харьцаанд орж болохгүй гэж хэлсээр байтал намайг хүчиндсэн. Түүний дараа эход үзүүлэхэд умайн дотор нэг шингэн зүйл байна, гадуур жирэмслэлт, эсвэл ямар нэг халдварт өвчний илрэл байж магадгүй гэж хэлсэн. Би халдварт өвчин авсан бол яанаа гэж бодож байна. Миний сэтгэл санаа маш их тогтворгүй, хар дараад унтаж чадахгүй байгаа учир би шинжилгээ өгөхөөс хүртэл айж байна. Яагаад гэвэл халдварт өвчтэй гээд гараад ирчих юм бол би яг яаж амьдрахаа мэдэхгүй байна. Сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг нэхэмжилнэ. Би гэрээ гараагүй, яагаад гэвэл би олон хүнтэй газар явахаас айж байна гэв.

 

   Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Мөнхнарангийн өгсөн мэдүүлэг /хх-13-14, 12-16/, гэрч А.Энххүслэнгийн өгсөн мэдүүлэг /хх-22-23/, гэрч О.Жавхлангийн өгсөн мэдүүлэг /хх-26/, шүүгдэгч Н.Мэргэнбаатарын гэрчээр мэдүүлэг /хх-20/, шүүгдэгч Н.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-64-65/, гэрч Наранчимэгийн мэдүүлэг /хх-24/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 5553 дугаартай дүгнэлт /хх-30/, мөн шинээр Б.Мөнхнарангийн амбулатороор эмчлүүлсэн эмчилгээний карт, эмчийн тодорхойлолт, эход харуулсан баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүгдэгч Н.М  нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны үүрээр 05.00-06.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зайсан-2" гэх нэртэй газарт 77-40 ӨМА улсын дугаартай цагаан өнгийк Хьюндай аванте маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Б.Мөнхнаранг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхнарангийн өгсөн: “…2018 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө “Зайсан-2” гэх нэртэй газар очсон ба уулан дээр машинтайгаа гарч зогсоод, бид 2 машинаас буугаад гадна орчноо харсан...Тэгээд гадаа байж байгаад машинд суухад миний хажууд орж ирж суусан, суухаасаа өмнө юм түүгээд байх шиг байсан. Хажууд орж ирж суучихаад над руу дөхөөд байхаар нь би “цаашаа бай миний биед яагаад зөвшөөрөлгүй хүрээд байгаа юм бэ” гэж хэлээд би машинаас буусан...”За за одоо хөдлөе” гэхээр нь би машин дээр очтол баруун хойд хаалга онгойлгож өгөөд би машин дотор суусан. Намайг суулгаад машиныхаа араар тойроод явахаар нь би жолооч талдаа очиж байна гэж бодсон чинь миний суусан талын хаалга дотор талаасаа онгойхгүй болсон байсан ба нөгөө талын арын

хаалгаар согтуу залуу орж ирээд урд талын хаалганд байдаг түгжээгээр машиныхаа бүх хаалгыг цоожлоод над руу ойртоод хаанаас нь мэдэгдэхгүй архины хагархай шил гаргаж ирсэнээ миний хоолойнд тулгаад "яасан их зантай гичий вэ чи, чиний биед хүрэхээр яадаг юм бэ гэхээр нь би “аа” гээд чанга орилсон чинь “дуу гарах юм бол ална шүү” гээд миний 2 гарыг нэг гараараа бариад, нөгөө гартаа хагархай шилээ барьсан байсан. Ингээд би гэмтэхгүйн тулд чимээгүй болсон ба бага зэрэг тайвшруулаад “хоёулаа буцаад явья, чи намайг хүргэж өгнө биз дээ” гэсэн чинь ахин том хагархай шил гаргаж ирээд “жижиг шил багадаад байна уу” гэсэн. Тэгээд би ямар ч дуу гаргаагүй, маш их айж сандарсан...Тэр залуу хаалганы хог хийдэг хавтас руу шилээ хийгээд шил барьж байсан гараараа миний өмдийг мөн дотуур хувцастай хамт тайлсан. ...Би тэр залууд “би хүсэхгүй байна, би бэлгийн харьцаанд ормооргүй байна” гэж хэлсэн чинь тэр залуу өөрийгөө “би ДОХ өвчинтэй, одоо чи ДОХ өвчин авна” гэж хэлээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд хурьцал үйлдэж эхэлсэн. Тэр залуу ойролцоогоор 20 минут орчим намайг хүчирхийлсэн, дотор дур тавьсан. Тэр үед би ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй...Би тэр залууд хандаж “чи ингэж байхаар намайг алчих” гэсэн чинь тэр залуу надад “би тийм хоёрын хооронд юм хийдэг хүн биш эхлээд чамайг ханатлаа хүчиндээд, дараа нь чамайг шилээрээ яргалаад алж болно” гэж хэлсэн.” /хх-12-16/ гэх мэдүүлэг,

           

Мөрдөн байцаалтад гэрч А.Энххүслэнгийн өгсөн: “…Ингээд маргааш өглөө нь би 10 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирсэн чинь Б.Мөнхнаран манай ажил дээр ирсэн ба царай нь цонхийчихсон өөдөөс уйлаад хүрээд ирэхээр нь би Б.Мөнхнаранг дагуулаад ажлаас гараад яасан талаар асуухад Б.Мөнхнаран “би өчигдөр шөнө Өгөөжийн ойролцоо явж байгаад үл таних хоёр залууд цүнхээ дээрэмдүүлээд явж байтал машинтай хоёр залуу гарч ирээд цүнхийг чинь олоод өгье машинд суучих гэж хэлээд намайг машинд суулгаад намайг дээрэмдсэн хоёр залууг хайж байгаад больсон. Тэгээд тэр хоёр залуу намайг дагуулж явж байгаад нэг залуу нь миний хоолойд шил тулгаж байгад намайг хүчиндсэн. Би цагдаад хандмаар байна” гэхээр нь би Б.Мөнхнаранд “чи ямар ч байсан тайвшраад эгчийгээ дуудчих, тэгээд эгчтэй чинь уулзаж байгаад шийдэлд хүрье гэж гээд Б.Мөнхнарангийн эгчийг дуудаад тэгээд Б.Мөнхнаран эгчтэйгээ яваад өгсөн.” /хх-22-23/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Жавхлангийн өгсөн: “…Тухайн Н.М унаж байсан 77-40 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Би 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Эх нялхас”-ын эмнэлэг дээр очиж 7 хоног хэвтсэн. Би эмнэлэгт хэвтэж байхдаа өөрийн машинаа дүүгийнхээ гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 805-ын хойно байх орон сууцны гадаа нь замын хажууд тавьсан байсан чинь тэр Н.Мэргэнбаатар гэгч залуу миний машиныг унаж гарсан байсан. Би тэр хэргийн талаар мэдсэн зүйл алга.” /хх-26/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Энхцогтын өгсөн: “…Би хэрэг гардаг өдрийн өмнөх орой 20 цагийн үед Н.Мэргэнбаатарт эхнэрийн “ХААН” банкны нэр дээр байдаг 97-82 УБД улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн автомашиныг халтуур хийж байгаад ир гэж өгсөн. Ингээд би 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн үед Н.Мэргэнбаатараас машинаа авахад манай эхнэрийн машин дотор Н.М найз Золбоо бас нэг танихгүй эмэгтэй нар сууж байсан. Ингээд би Н.Мэргэнбаатараас машинаа аваад яваад өгсөн. Тухайн үед тэр 3 машин дотор унтаж байгаад сэрж байгаа байдалтай байсан.” /хх-27-28/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн байцаалтад Н.М яллагдагчаар өгсөн: “…Ер нь миний өмнө нь өгсөн мэдүүлэг тэр чигээрээ үнэн зөв. Тухайн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл гэвэл би тэр эмэгтэйг хүчиндэж байхдаа өөрийгөө ДОХ-той гэж хэлээгүй. Мөн ална гэж огт заналхийлээгүй, би уг эмэгтэйд ямар нэгэн өвчин халдаана гэж хэлээгүй….Би Б.Мөнхнаранг хүчиндэхдээ бэлгэвч хэрэглээгүй ба дур тавихдаа Б.Мөнхнарангийн бэлэг эрхтэн дотор дур тавьсан.” /хх-64-65/ гэх мэдүүлэг, 

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 5553 дугаартай дүгнэлтэнд:

          1. Б.Мөнхнарангийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

          2. Б.Мөнхнарангийн үтрээнээс авсан арчдас наалдацанд биологийн шинжилгээгээр эр бэлгийн эс илэрсэн байна. Илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-н шинжилгээгээр тогтоолгож болно.

          3. Б.Мөнхнаран нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

          4. Б.Мөнхнаран нь А/2-р бүлгийн цустай байна.” /хх-30/ гэх дүгнэлт,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4997 дугаартай дүгнэлтэнд:

          1. Хохирогч Б.Мөнхнарангийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн дотоож, ариун цэврийн хэрэглэлд үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-н шинжилгээгээр тогтоолгож болно.

 

 Шүүгдэгч Н.М иргэний үнэмлэхний хуулбар /хх-40/,

           Шүүгдэгч Н.М ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг болно.

          

        Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

         Иймд шүүгдэгч Н.М ын 2018 оны 4 дүгээр сарын 28-ны үүрээр 05.00-06.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зайсан-2" гэх нэртэй газарт 77-40 ӨМА улсын дугаартай цагаан өнгийк Хьюндай аванте маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Б.Мөнхнаранг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүхээс шүүгдэгч Н.М т ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүхээс Н.М т оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Хохирогч Б.Мөнхнарангаас шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөгийн нэхэмжилж байна гэх боловч баримтаар гаргаж өгсөн зүйлгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч  Н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Н.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.М ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.М  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хохирогч Б.Мөнхнаран нь сэтгэл санааны хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.М т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

             

                                                ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                 Э.ЧИНГИС