| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0111/Э |
| Дугаар | 624 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 624
Ш.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ш.Г- болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлалтай, Ш.Г-эд холбогдох 1837000110022 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 06-ны Ховд аймгийн Булган суманд өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Ш-н Г-.
Ш.Г- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 19 цаг 45 минутын үед *** тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.М-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ш.Г-эд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж,
шүүгдэгч Ш.Г-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Г-эд холбогдох эрүүгийн хэргийг өмнөх шүүх бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хамтран гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг зөрчсөн.
Магадлалын тодорхойлох хэсэгт “...зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн ял шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн.
Энэ нь шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоолд “...тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг “Ховд аймаг дахь тээвэр зохицуулалтын албаны техникийн шинжээчээр тогтоолгох шаардлагатай байх тул шинжээч Ц.Лхагважавын мэдэлд хүргүүлсэн. Шинжээчээр томилогдоогүй Балт шинжээчийн дүгнэлт гаргасан.
Монгол улсын зөвлөх инженерийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт, хавсралтыг “Балт” гэх шинжээчээр томилогдоогүй хүн гаргасан бөгөөд мөрдөгчийн тогтоолд дурдсан нэг болон хоёр дахь асуултад хариулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 9.2 дугаар зүйлд заасныг зөрчиж дүгнэлт гаргасан байтал давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонд гомдолтой байна.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Гантогтох гаргасан дүгнэлтэнд “....Ш.Г- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Осол гарсан шалтгаан нь Ш.Г- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж дүгнэлт гаргав...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж хариуцлага хүлээнэ гэх хуулийн дагуу И.Гантогтохын ажил үүргийн хувиарт шинжээчээр оролцох эрх байгаа эсэхийг шалгахгүйгээр Ховд аймгийн Булган сумын Цагдаагийн газар шалгаж байгаа эрүүгийн хэрэгт Булган сумын цагдаагийн зохицуулагчаар дүгнэлт гаргуулсанд гомдолтой байна.
2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд Ш.Г-ийн биенээс авсан гэх хуруу шилэн саванд 4.2 мл цус шинжилгээнд ирүүлсэн гэж тэмдэглэгдсэн.
2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шинжээчийн мэдэлд ирүүлсэн зүйл....Ш.Г-ийн биенээс авсан гэх 4.2 мл цус гэж тэмдэглэсэн байна. Шинжээч эмч Тогтох нь шинжилгээнд ирүүлсэн цусны дээжийг 4.2 мл хэмжээтэй болохыг яаж тогтоосон тухайн цусны дээж ямар хэмжээтэй байсныг шинжилгээнд ирүүлсэн зүйл тогтоолд дурсантай тохирч байна гэж дүгнэлтдээ дурджээ. Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолын 1-д Цагдаагийн хэлтсийн бүртгэлийн .... дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хүний биеийн эрүүл мэндийн байдлыг тогтоох, шинжилгээ хийхийг Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчид даалгасугай. 5. Шинжээч .... мэдэлд 2 хувь тогтоолыг Ш.Г-ийн биенээс авсан .... грамм цусны хамт шилжүүлсүгэй гэжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэхээр шийдвэрээ шинжилгээний объектын хамт хүргүүлэх хуулийн шаардлагыг зөрчсөн, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ”, 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглох” заалтыг тус тус зөрчсөн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.
Хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлд биологийн дээж өгсөн гарын үсэг нь Ш.Г-ийн гарын үсэг биш юм. Шүүгдэгч Ш.Г- нь удаа дараагийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тогтоолд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш би гарын үсэг зурах чадваргүй өвчтэй байсан, надаас цус аваагүй” талаар мэдүүлсэн байхад хөндлөнгийн гэрчүүдийг мөрдөн шалгах ажиллагаа хийх боломжтой эсэхийг анхаарсангүй.
Дээрх хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тогтоолд прокурорын зөвшөөрлийг аваагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр шинжээч, эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулна” гэх хуулийн заалтыг зөрчсөн.
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тэмдэглэл гэх баримт бичгийн биологийн дээж өгсөн гэх хэсэгт зурагдсан гарын үсэг Ш.Г-ийн гарын үсэг биш байна.” гэж дурдсан.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боловч шүүгдэгч Ш.Г- нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.
Шүүгдэгч Ш.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэлийн лавлагаагаар нотлогддог, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 26,938,150 төгрөгийг хохирогчид төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ...ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 16.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах” зэргийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүх нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг хэлсэн саналдаа “Ш.Г-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд анхан шатны шүүхийн хуралдаанд оролцсон өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь эргэлзээтэй учраас дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх цусны шинжилгээний тухай тэмдэглэлийг хуурамч биш гэж дүгнэсэн. Хуурамч гэх асуудал яригдаагүй байтал давж заалдах шатны шүүх шинэ нөхцөл байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хууль зөрчиж цус авсан асуудал яригдах бөгөөд мөрдөн байцаагч биш замын зохицуулагч, сувилагчийн хамт, 2 гэрч байлцуулсан гэж тэмдэглэл үйлдсэн. Ш.Г- ямар нэгэн цус өгөөгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн прокурорын зөвшөөрөл байхгүй. Тэмдэглэлд зурсан гарын үсэг нь шинжилгээгээр Ш.Г-ийн гарын үсэг биш гэдэг нь тогтоогдсон байгаа. Тэмдэглэлд 5 грамм цус авсан гэж бичсэн байдаг боловч дүгнэлтэд 4.2 грамм цус хүлээж авсан гэдэг. Үнэхээр 5 грамм цус авсан юм бол 0.8 грамм цус байхгүй болсон асуудал тогтоогдоогүй.
Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд авсан гэж үзэхэд цусыг мөрдөн байцаагч авах ёстой. Мөн тэмдэглэлд цусыг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр авсан гэх боловч 3 хоногийн дараа шинжээч томилох тогтоол гарсан байдаг. Тэгэхээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд цус хаана байж байгаад ирсэн гэдэг нь мэдэгдэхгүй.
Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон. Хэрэгт авагдсан биологийн дээж авах тухай тэмдэглэлийг үндэслэн гаргасан цусны шинжилгээгээр 2.6 хувь буюу хүнд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсон.
Прокурорын эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхэд буцаасан магадлал үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн Ш.Г-эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Ш.Г-ийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 19 цаг 45 минутын үед Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэр “Буурлын хар” гэх газарт согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодож явсны улмаас зам тээврийн осол гарган хүний амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалган тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн талаарх оролцогчийн гомдол хүсэлтийг шалгаж шийдвэрлээгүй зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.
Хавтаст хэргийн материалыг хянаж үзэхэд шүүгдэгч Ш.Г-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор “Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах” ажиллагааны тэмдэглэлд зурагдсан гэх гарын үсэг шүүгдэгчийн гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд тэрээр дээрх ажиллагааг үгүйсгэсэн гомдол гаргаж байгааг шалгах, биологийн дээж авсан эсэх, хэрэв авсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан болон 27.10 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу явагдсан эсэх, мөн уг тэмдэглэлд шүүгдэгчийн гарын үсгийг хэн, ямар зорилгоор зурсан болох, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжтэй эсэх зэргийг шалгаж тогтоох шаардлагатай байна.
Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.
Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийг прокурорт буцаасан талаар өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг энэ удаа эцэслэн хийгээгүй болохыг үүгээр тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ш.Г-эд холбогдох хэргийг прокурорт буцаасугай” гэсэн өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН