Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 28

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын Цагаан булан 3 дугаар багт оршин суух Шийрэв овогт Санжаазавын Загдзүсэм /регистрийн дугаар: ЙВ66073105/,

 Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын Улсын бүртгэгчид холбогдох,

Миний охин Б.Дэлгэрцэцэг, хүү Б.Балдандорж нарын төрсний гэрчилгээн болон төрсний бүртгэлд төрсөн эх болох миний нэрийг Загдсүм, Загарзүсэм гэж андууран бичиж бүртгэгдсэн байгааг Загдзүсэм болгон зөвтгөн залруулахыг даалгаж өгөх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Загдзүсэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Загдзүсэм шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ[1] болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“С.Загдзүсэм миний төрсөн хүүхэд болох Балдандорж, Дэлгэрцэцэг нарын төрсний гэрчилгээ болон Улсын бүртгэлийн мэдээллийн санд эхийн овог нэрийн хэсэгт миний нэрийг Загдсүмийн Балдандорж, Загарзүсэмийн Дэлгэрцэцэг гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг Загдзүсэмийн Балдандорж, Дэлгэрцэцэг болгон залруулахыг даалган өгнө үү. Миний охин Дэлгэрцэцэг, хүү Балдандорж нар нь Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1989, 1992 онд төрсөн. Тухайн үеийн төрсний гэрчилгээн дээр бичилт хийж олгосон хүмүүсийн хариуцлагагүйн улмаас миний хүүхдүүдийн төрсний гэрчилгээн дээрх миний нэрийг Загдсүм, Загарзүсэм гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг Загдзүсэм болгон яаралтай залруулахыг даалгаж өгнө үү. Миний охин Б.Дэлгэрцэцэг, хүү Б.Балдандорж нарын төрсний гэрчилгээн болон төрсний бүртгэлд төрсөн эх болох миний нэрийг Загдсүм, Загарзүсэм гэж андууран бичиж бүртгэгдсэн байгааг Загдзүсэм болгон зөвтгөн залруулахыг даалгаж өгөхийг шүүхээс хүсье” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Баянгол сумын Улсын бүртгэгч Т.Ганхуяг шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[2]:

“Баянгол сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан Т.Ганхуяг миний бие нь танай байгууллагад 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол сумын 3 дугаар багийн иргэн Санжаазав овогтой Загдзүсэмийн нэхэмжлэлд хариу тайлбар хийж байна.  3 дугаар багийн иргэн С.Загдзүсэм нь манай сумын уугуул иргэн бөгөөд энэ жил 7 дугаар сард тэтгэвэрт орох гэтэл 2 хүүхдийн төрсний гэрчилгээнд эхийн овог Загарзүсэм, Загдсүм болж ташаарсан нь энэ хүний зохих хуулийн дагуу тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохирч буй нь үнэн болно. Зөрчилтэй гэх 2 хүүхдийн төрсний гэрчилгээнд эцэг болох Нацагдорж овогтой Бүрэнмэнд, эхийн овог болох Санжаазав, өөрийн регистрийн дугаарууд нь таарч буй тул дээрхи 2 хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэн С.Загдзүсэмийн эзэмшил мөн болохыг шүүхийн шийдвэр гаргуулан баталчих юм бол энэ асуудлыг шийдчих боломжтой харагдаж байна. Бүртгэлийн ажилтан болон байгууллага энэ мэт бичиг баримтын зөрчлийг арилгах эрх зүйн боломжгүй байна” гэжээ.   

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан “Миний охин Б.Дэлгэрцэцэг, хүү Б.Балдандорж нарын төрсний гэрчилгээн болон төрсний бүртгэлд төрсөн эх болох миний нэрийг Загдсүм, Загарзүсэм гэж андууран бичиж бүртгэгдсэн байгааг Загдзүсэм болгон зөвтгөн залруулахыг даалгаж өгөх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдааны ирцийн тухайд: Хариуцагч Өвөрхангай аймгийн Баянгол сумын Улсын бүртгэгч Т.Ганхуягт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо мэдэгдэж, өөрийг нь байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн[3] байх тул хариуцагчийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.  

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 –т “Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ”,

12 дугаар зүйлийн 12.9-д “Энэ хуулийн 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд төрснийг бүртгэж гэрчилгээ олгоно” гэж тус тус хуульчлан заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд хүүхэд төрснийг бүртгэх, төрсний гэрчилгээ олгох нь тухайн сумын улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан буюу иргэний бүртгэлийн ажилтны хуулиар хүлээсэн үүрэг байхаар хуульд зааж зохицуулсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болох иргэн С.Загдзүсэмийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбараас[4] үзэхэд Шийрэв овогт Санжаазавын Загдзүсэм нь ЙВ66073105 регистрийн дугаартай, 1966 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн болох нь нотлогдож байна.  

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 024/002998 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”-гаар[5] Бүрэнмэндийн Дэлгэрцэцэгийн эх нь ЙВ66073105 регистрийн дугаартай Шийрэв овогт Санжаазавын Загарзүсэм, мөн Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 024/002997 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”-гаар[6] Бүрэнмэндийн Балдандоржын эхийн нэрийг Шийрэв овогт Санжаазавын Загдсүм регистрийн дугаар нь ЙВ66073105 байна.  

Мөн хавтаст хэрэгт авагдсан Бүрэнмэндийн Дэлгэрцэцэг /регистрийн дугаар: ЙВ89061723/, Бүрэнмэндийн Балдандорж /регистрийн дугаар: ЙВ92080612/ нарын төрсний гэрчилгээн[7] дээр эхийн нэрийг Загарзүсэм, Загдсүм гэж бичжээ. 

Хэдийгээр дээрх лавлагаа болон төрсний гэрчилгээн дээр Бүрэнмэндийн Дэлгэрцэцэг, Бүрэнмэндийн Балдандорж нарын төрсөн эх Шийрэв овогт Санжаазавын Загдзүсэмийн нэрийг андууран ташаарч Загарзүсэм, Загдсүм нэрээр бүртгэсэн болох нь  Шийрэв овогт Санжаазавын Загдзүсэмийн ургын овог болон эцгийн нэр нь Шийрэв овогт Санжаазавын гэдгээр тус тус тогтоогдож байна.

Үүнээс гадна Бүрэнмэндийн Дэлгэрцэцэг, Бүрэнмэндийн Балдандорж нарын эхийн нэрээс бусад бүх мэдээлэл буюу эцгийн болон эхийн төрсөн он, сар, өдөр, ургийн овог, эцгийн нэр, регистрийн дугаар зэрэг бүх мэдээлэл таарч тохирч байгаагаар бүрнээ нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч иргэн С.Загдзүсэм нь Н.Бүрэнмэндтэй 1986 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсныг гэрлэлтийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ[8] олгосон байх төдийгүй Б.Дэлгэрцэцэг, Б.Балдандорж нарын эцгийн нэр нь Бүрэнмэнд болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ, гэрлэлийн гэрчилгээ болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээр батлагдаж байгаа болно.  

Харин хавтаст хэрэгт авагдсан Бүрэнмэндийн Пүрэвдорж, Бүрэнмэндийн Агваандорж нарын төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараас үзэхэд тэдний эцэг, эхийн мэдээлэл ямар нэгэн зөрчилгүй байна. Тухайбал Бүрэнмэндийн Пүрэвдорж, Бүрэнмэндийн Агваандорж нарын төрсөн эхийн овог Шийрэв, эцгийн нэр Санжаазав, нэр Загдзүсэм гэж зөв бичигджээ.

Шүүхээс Бүрэнмэндийн Дэлгэрцэцэг /регистрийн дугаар: ЙВ89061723/, Бүрэнмэндийн Балдандорж /регистрийн дугаар: ЙВ92080612/ нарын төрсний бүртгэлд эхийн нэрийг ташаарч буруу нэрээр бүртгэсний улмаас Монгол Улсын хууль тогтоомжид заасан иргэний эрхээ тэдний эх С.Загдзүсэм эдэлж, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, Монгол Улсын иргэнд хуулиар олгогдсон эрхээ эдэлж тодорхой төрлийн нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байдалд хүрч, Монгол Улсын өндөр настай, олон хүүхэдтэй ээж болох иргэн С.Загдзүсэмийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна гэж үзлээ.          

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заасан байна.

Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Иргэний бүртгэлийн ажилтан дор дурдсан үндэслэлээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна” гээд 31.1-31.5 дахь хэсэгт нэрлэн заасан 5 тохиолдолд л иргэний бүртгэлийн ажилтан иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох тухай хуульчлан зохицуулж өгчээ.

 Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.   

Мөн Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгсөн байна.   

Иймд шүүхээс нэхэмжлэгч С.Загдзүсэмийн Миний охин Б.Дэлгэрцэцэг, хүү Б.Балдандорж нарын төрсний гэрчилгээн болон төрсний бүртгэлд төрсөн эх болох миний нэрийг Загдсүм, Загарзүсэм гэж андууран бичиж бүртгэгдсэн байгааг Загдзүсэм болгон зөвтгөн залруулахыг даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Монгол Улсын иргэн С.Загдзүсэмийн хууль ёсны ашиг сонирхол, эрхийг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Загдзүсэмийн Миний охин Б.Дэлгэрцэцэг, хүү Б.Балдандорж нарын төрсний гэрчилгээн болон төрсний бүртгэлд төрсөн эх болох миний нэрийг Загдсүм, Загарзүсэм гэж андууран бичиж бүртгэгдсэн байгааг Загдзүсэм болгон зөвтгөн залруулахыг даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өвөрхангай аймгийн Баянгол сумын Улсын бүртгэгчид Бүрэнмэндийн Дэлгэрцэцэг /регистрийн дугаар: ЙВ89061723/, Бүрэнмэндийн Балдандорж /регистрийн дугаар: ЙВ92080612/ нарын төрсний бүртгэл болон төрсний гэрчилгээнд эхийн нэрийг “ЗАГДЗҮСЭМ” гэж зөвтгөн өөрчилж бүртгэхийг даалгасугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Б.СУГАР

 


[1] Хавтаст хэргийн 1 дэх тал.

[2] Хавтаст хэргийн 14 дэх тал.

[3] Хавтаст хэргийн 20 дахь тал.   

[4] Хавтаст хэргийн 5 дахь тал.

[5] Хавтаст хэргийн 3 дахь тал.

[6] Хавтаст хэргийн 4 дэх тал.

[7] Хавтаст хэргийн 6 дахь тал. 

[8] Хавтаст хэргийн 15 дахь тал.