Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00181

 

“Цанидноров” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 139/ШШ2016/00274 дүгээр шийдвэр,

 Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 218/МА2016/00013 дугаар магадлалтай,

         “Цанидноров” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Ө.Гэрэлтсүхэд холбогдох           

           Зээл, зээлийн хүү 5 310 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагч Ө.Гэрэлтсүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Ө.Гэрэлтсүх нь 2015 оны 01 сарын 22-нд “Цанидноров” ХХК-иас 11.000.000 төгрөг зээлж аваад 01 сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 6 сарын 12-ны өдөр 6.000.000 төгрөгийг “АТМ” машинаас тус тус шилжүүлсэн. Биеэрээ ирж уулзаагүй. 06 сарын 01-ний өдрөөс гэрээний хугацаа дуусч 12 хоног дээр нь алданги бодсон. Шилжүүлсэн 8.000.000 төгрөгөөс нь 540.000 төгрөгийг алдангид тооцож, үлдсэн мөнгийг 9.000.000 төгрөгөөс нь хасахад 3.540.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Одоо ийм мөнгөний үлдэгдэлтэй байна, тооцоогоо хийж дуусга гэж утсаар ярихад “н.Цэрэнцэцэг гэдэг найзад чинь 3.000.000 төгрөг өгсөн, түүнээс олж ав” гэсэн. Тэгэхээр нь “наадах чинь та нарын хоорондын гэр бүлийн асуудал. Би тэр хүнийг таньдаг байж болно. Гэхдээ надад тэр хүнээс мөнгө авах тооцоо байхгүй учраас та нар өөрсдөө ав. Та нар миний тооцоог дуусга” гэхэд “шүүхдээд олж ав, олж авахыг чинь харна аа” гэсэн учраас шүүхэд хандсан. Иймд 3.540.000 төгрөгийн үлдэгдэл дээрээ хуулийн дагуу 1.770.000 төгрөгийн алдангийг тооцоод нийт 5.310.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхбатын гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч нь Ө.Гэрэлтсүх надаас мөнгө зээлсэн, Б.Гантуяа өмнө нь зээлсэн мөнгөө дуусгасан гэж яриад байдаг. Ө.Гэрэлтсүх энэ хүнээс огт мөнгө зээлээгүй. Өмнө нь Б.Гантуяа 17.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр “Цанидноров” ХХК-ий захирал Д.Бат-Өлзийгөөс зээлсэн. Хүүгээс хүү тооцож шилжүүлсээр байгаад үлдэгдэл нь 11.000.000 төгрөг байдаг. “Цанидноров” ХХК-тай байгуулсан гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн. Дээрээ засвартай байдаг. 3.540.000 төгрөгийн үлдэгдэл дээр 1.770.000 төгрөгийн алданги тооцсон. Иргэний хуульд заасан байдаг. Хүү, хүүгээс хүү төлөөгүй тохиолдолд алданги тооцно гэж байгаа. Хүү тооцоогүй байж алданги тооцдог хачин заалт гаргаж ирчхээд үүнийгээ хуулийн дагуу гэж яриад байна. Энэ гэрээ бол зээлийн гэрээ биш. Барьцаат зээлийн гэрээ. Ер нь Ө.Гэрэлтсүхийн зээлсэн мөнгө биш гэдгийг өмнөх шүүх хуралдаан дээр хариуцлагатайгаар хэлж байсан. Өмнөх 34.000.000 төгрөгийн үлдэгдэл болох 11.000.000 төгрөгөн дээр хүү, алданги тооцоод яваад байдаг. Баримт гаргаад өг гэхээр өөр баримт гаргаад байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаат зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 139/ШШ2016/00274 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Ө.Гэрэлтсүхээс 4.500.000 төгрөгийг гаргуулан “Цанидноров” ХХК-ийн захирал Д.Бат-Өлзийд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.954 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Гэрэлтсүхээс 86.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Цанидноров” ХХК-ийн захирал Д.Бат-Өлзийд олгож шийдвэрлэжээ.

        Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 218/МА2016/00013 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 139/ШШ2016/00274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Хариуцагч Ө.Гэрэлтсүхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 139/ШШ2016/00274 дүгээр шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 218/МА2016/00013 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч талаас доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, эргэлзээтэй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... 11 000 000 төгрөгийг зээлж аваагүй, төлөх ёсгүй гэдгийг баримтаар нотлоогүй гэж" дүгнэсэн. Шүүх хуралдаанд иргэн Б.Гантуяа гэрчээр оролцсон бөгөөд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Урьд нь би 2 удаагийн үйлдлээр нийт 17 000 000 төгрөгийг зээлж авсан, үүнийгээ төлж дуусгасан гэж бодож байсан бөгөөд нэхэмжлэгч утсаар ярьж үлдэгдэл тооцоогоо дуусга гэж хэлсний дагуу очиж уулзахад 17 000 000 төгрөгийн үлдэгдэл хүү алданги нийт 14 000 000 төгрөг байна гэж хэлсэн. Харин хариуцагч буюу манай нөхөр Ө.Гэрэлтсүх нь нэхэмжлэгчээс 11 000 000 төгрөгийг хүлээж аваагүй гэсэн гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Мөн хариуцагч Ө.Гэрэлтсүх нь 11 000 000 төгрөгийг авсан, харилцан тохиролцож байгуулсан гэрээ нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Гэрчийн мэдүүлгээр 11 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэдэг нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 281.2-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч талаас 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 06 сарын 12-ны өдөр 6 000 000 төгрөгийг төлсөн нь нотлогдож байна гэж дүгнэсэн. Хэргийн 9 болон 100 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл дээрх хуудсанд авагдсан дансны хуулга нь эрх бүхий ажилтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 139/ШШ2016/00274 дүгээр шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 218/МА2016/00013 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

    Хариуцагч Ө.Гэрэлтсүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

          Нэхэмжлэгч “Цанидноров” ХХК нь хариуцагч Ө.Гэрэлтсүхэд холбогдуулан зээлийн гэрээний дагуу авсан 11.000.000 төгрөгөөс үлдсэн 3.540.000 төгрөг, алданги 1.770.000 төгрөг, нийт 5.310.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, миний нэрээр мөнгө зээлээгүй, Б.Гантуяа 17.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр “Цанидноров” ХХК-ийн захирал Д.Бат-Өлзийгөөс зээлсэн, хүүгээс хүү тооцож шилжүүлсээр байгаад үлдэгдэл нь 11.000.000 төгрөг байдаг, “Цанидноров” ХХК-тай байгуулсан гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн, гэрээ нь засвартай гэж маргажээ.

          Нэхэмжлэгч “Цанидноров” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Ө.Гэрэлтсүхтэй байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгожээ.

Хариуцагч дээрх зээлийн гэрээнд бус харин хавтаст хэргийн 101 дүгээр талд авагдсан “Цанидноров” ХХК-ийн иргэн Б.Гантуяатай байгуулсан зээлийн гэрээний үнэн эсэхийг шинжээч томилуулж шинжлүүлэх талаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “...Б.Гантуяа нь хэргийн оролцогч биш учир гэрээнд зурагдсан гарын үсгийг шинжлүүлэх нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй” гэж хангалгүй орхисон нь үндэслэл бүхий байна. 

         Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 11.000.000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгчийн Б.Гантуяатай урьд нь байгуулсан гэрээний үргэлжлэл гэж тайлбарладаг боловч дээрх 11.000.000 төгрөгийн гэрээнд Ө.Гэрэлтсүхийн хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй буюу гэрээнд зурагдсан гарын үсэг Ө.Гэрэлтсүхийнх биш гэж маргаагүй, тэрээр өөрийн тайлбараа нотлоогүй байна.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй “Цанидноров” ХХК-ийн хэргийн оролцогч биш этгээдтэй урьд байгуулсан зээлийн гэрээг тухайн хэрэгт хамааралгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

          2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Цанидноров” ХХК болон Ө.Гэрэлтсүх нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2015 оны 06 сарын 12-ны өдөр 6.000.000 төгрөгийг хариуцагч Ө.Гэрэлтсүх нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бат-Өлзийд шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан байна. Иймээс хариуцагч Ө.Гэрэлтсүхийн эхнэр Б.Гантуяад мөнгө зээлж байсан, тэр тооцоо дуусч түүний нөхөр Ө.Гэрэлтсүхэд 11.000.000 төгрөгийн зээл олгосон нь тусдаа зээл болох тухай нэхэмжлэгч тайлбарласан нь үндэслэлтэй, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. 

            Хариуцагчийн 2015 оны 06 сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн 6.000.000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсний 12 хоногийн алданги гэж 540 000 төгрөгийг суутгаж, үлдэх 5 460 000 төгрөгийг зээлийн үлдэгдлээс хассанаар 3 540 000 төгрөг үлдсэн ба энэ дүнд алданги 50 хувиар тооцож, 1 770 000 төгрөг, нийт 5.310.000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлсон байна.

            Анхан шатны шүүх үндсэн зээл 11 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 8 000 000 төгрөгийг хасч, үлдэх 3 000 000 төгрөгөөс алданги тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 500 000 төгрөгийг хангаж, үлдэх 810 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзнэ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэлийг “Цанидноров” ХХК гаргасан байхад нэхэмжлэгчээр компанийн захирал Д.Бат-Өлзий гэж буруу тодорхойлсныг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 218/МА2016/00013 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 139/ШШ2016/00274 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “Цанидноров” ХХК-ийн захирал Боржигон модун овгийн Дольжавын Бат-Өлзийд /ЗЮ59122664/ олгож, ...” гэснийг “ ... “Цанидноров” ХХК-д олгож, ...” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                            ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН