Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 518

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,    

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Эд холбогдох эрүүгийн 1806016130548 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн 1977 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7-40 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар, Жалайр овогт М.Э,

 

     Үйлдсэн хэргийн талаар:

М.Э нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бөхийн өргөөний” замын гэрлэн дохиотой уулзварын хойд талд иргэн Б.Хүдэрчулууны толгой руу түлхүүр шидэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Эд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806016130548 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад М.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Хүдэрчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2018 оны 02 дугаар сарын 16-ны 20 цагийн орчим зүүн 4 замаас хөдөө аж ахуй орох чиглэлд өөрийн эзэмшлийн 80-31 УНЯ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Платз загварын тээврийн хэрэгсэл жолоодоод явж байхад бөхийн өргөөний наад талын уулзвар буюу БЗД-ийн 3 дугаар хороо Космос зочид буудлын харалдаа төв замын 1 дүгээр эгнээнд улаан өнгийн гэрлэн дохион дээр зогсож байгаад баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийж байхад гарцаар гарч байсан 56 настай эмэгтэйг мөргөсөн... эмч ирээд үзлэг хийгээд байж байхад мөргүүлсэн хүний дүү нь гэх 55-54 УБЧ улсын дугаартай цайван өнгийн жийптэй эрэгтэй, эмэгтэй 2 машинаас бууж ирээд юу болов яасан, хэн мөргөсөн гэхээр нь би мөргөсөн гэж хэлээд буруугаа хүлээж байна гэж хэлсэн чинь машин чинь хаана байна гэхээр нь машинаа зааж өгтөл машин дээр очоод машины түлхүүр сугалаад авахаар нь гэрийн түлхүүрээ авчихъя гэхэд чи согтуу байна шүү дээ, согтуу хүн машин барьж явж болдог юм уу гэхээр нь би эрүүл байна, сая цагдаагийн ажилтан шалгаад эрүүл гарсан гэж хэлсэн чинь чиний ясыг цайлгана гээд миний машины түлхүүрийг толгойн тус газар шидээд толгойноос цус гарахад тэр хүн машиндаа суугаад эгчийгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын   21-ний өдрийн 2629 дугаартай

“Б.Хүдэрчулууны духны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал түлхүүр шидэх үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2018.02.16-нд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 18/,

 

Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Б.Хүдэрчулуун машинаа зогсоолд тависан байхад түргэн тусламж ирээд Эрдэнэчимэгт үзлэг хийж байхад ар гэрийнхэн нь ирсэн, тухайн үед би 2 хүүхэдтэйгээ машиндаа сууж байхад Эрдэнэчимэгийн ар гэрийн гэх үл таних 175 см орчим өндөртэй, 40 орчим насны эрэгтэй хүн ирээд асаалттай байсан машины түлхүүр сугалж аваад манай нөхрийг чи согтуу байна, архи уусан байна гэж хэлэхээр нь манай нөхөр “сая замын цагдаа ирээд хэмжилт хийгээд, согтуурал шалгасан би эрүүл гарсан” гээд цаашаагаа явахад манай нөхрийн ардаас юм шидсэн чинь манай нөхөр толгойгоо бариад доош суусан... Тэгээд би нөхөр дээрээ яваад очиход толгой нь хагарсан, хувцас нь нил цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Шүүгдэгч М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2018 оны 02 дугаар сарын 16-ны орой эхнэрийн дугаар луу ах Эрдэнэцогт залгаад “Бөхийн өргөөний хойд уулзвар дээр Эрдэнэчимэг эгч машинд мөргүүлсэн гэж байна хурдан очоодох” гэсэн. Тэгээд 20 орчим минутын дараа Бөхийн өргөөний хойд талын уулзвар дээр ирсэн чинь Эрдэнэчимэг эгч яаралтай түргэн тусламжийн машины хойд талд суучихсан даралтаа үзүүлж байсан. Тэгээд мөргөсөн жолооч нь хаана байгаа талаар асуухад “Космос” зочид буудлын гадна байсан автомашиныг заахаар нь машин руу дөхөж очоод жолооч нь хаана байгаа талаар асуухад 30 орчим насны махлаг шар залуу бууж ирээд би юу ч харалгүй мөргөчихлөө гэж байсан бөгөөд тэр залуу би одоо явлаа. Хороолол орж эхнэр хүүхдээ хүргэж өгнө гэхээр нь машиныг нь хартал асаалттай байхаар нь түлхүүрийг нь сугалж аваад эгчийнхээ дэргэд ирсэн чинь араас би эхнэр хүүхэдтэйгээ явж байна, ядаж гэрийн түлхүүр өгчих гэхээр нь гэрийн түлхүүрийг нь салгаж шидчихээд түргэний машинаас эгчийгээ аваад гэмтэл явах гэж байхад тэр залуу чи миний толгойг хагалсан шүү гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

-хохирогч Б.Хүдэрчулууны Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 04/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

-М.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч М.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч М.Эгийн иргэн Б.Хүдэрчулууны бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

М.Э нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Б.Хүдэрчулуун нь хэргийн материалтай танилцахдаа гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн, тэрээр хохирол нэхэмжлээгүй ба энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа учир шүүгдэгч М.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Жалайр овогт М.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Шүүгдэгч М.Э нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ