| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2403002950428 |
| Дугаар | 2024/ДШМ/1303 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1303
2024 12 05 2024/ДШМ/1303
М.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Ж.Б,
шүүгдэгч М.Ц түүний өмгөөлөгч Б.Д,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1016 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
М.Ц нь ....... дүүргийн .... дугаар хороо ....... шатахуун түгээгүүрийн станцын баруун талын замд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 30 минутын орчимд ........ маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч С.Г-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: М.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-аас 980.340 төгрөгийг гаргуулж хохирогч С.Г-д олгуулж, хохирогч С.Г-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ц-аас гаргуулан хохирогч С.Г-д олгож, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Ц-аас 70.320 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжпэгч /Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн .................. дугаарын данс/-д олгож, хохирогч С.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учрах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Ц-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ц нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр С.Г-ийг мөргөж, гэмтэл учруулсан гэдэг нь хангалттай нотлогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Ц-г цагаатган шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч М.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “үнэхээр мөргөсөн гэж байгаа бол асуудал нь шийдэгдэх байх ямартай ч эмнэлэг орж зургийг нь зураг авхуулъя” гээд С.Г-ийг эмнэлэг рүү дагуулж орсон. Тэгээд гэмтлийн эмнэлэг орох гэтэл эдгээр хүмүүс хувийн эмнэлэгт зургаа авхуулахаар болсон. Тэр үедээ эдгээр хүмүүс цагдаа дуудаж, үзлэг хийлгэсэн. Тэгээд 5 цагийн үед цагдаагийн байгууллага дээр очсон...” гэв.
Хохирогч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний охин над дээр уйлаад ирсэн. Энэ хүн надад нэг ширхэг цитрамон ч авч өгөөгүй. Миний бие хөлийн өвдөлтөө дарах гээд цитрамон уусан...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч М.Ц-ийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг арилгаагүй ба тэрээр өөрийн гэм буруугийн асуудал дээр маргаж байна. Хохирогчийн зүгээс түүний энэ байдалд гомдолтой байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт өгч, үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Учир нь, анхан шатны шүүх шийдвэртээ эмчийн гаргасан дүгнэлтийн талаар тайлбарласан бөгөөд уг асуудалд үндэслэж дахин шинжээчийн бүрэлдэхүүнээр дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтэд “хохирогчид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хохирогчид учирсан хуучин гэмтлээс гадна шинэ гэмтэл учирсан байна. Тус гэмтэл нь осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэж тусгагдсан. Иймээс гэмтлийн зэргийн талаар маргах үндэслэлгүй. Ослын болсон болох нь хэргийн газрын үзлэг болон схем зургаар нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх тус ослыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч М.Ц-г .............. дүүргийн ...... дугаар хороо ......... шатахуун түгээгүүрийн станцын баруун талын замд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 30 минутын орчимд ................ маркийн ................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Г-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэмээн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс тухайн хэрэгт цугларсан зөрүүтэй нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй атлаа мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтүүд учир дутагдалтай байна гэж үзлээ.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, түүндээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага, мөн хохирсон гэх хүний хариу үйлдэл зэргээр хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход шаардагдах баримтат мэдээллийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан тогтоолгүйгээр анхан шатны шүүх хэт ерөнхий дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, хянах үүрэгтэй.
Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу хийх нь шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байх, үүнийгээ тайлбарлахгүйгээр шүүгдэгчид ял оногдуулж байгаа нь хэргийн оролцогчдын эрх хөндөгдөх эрсдэлтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосон журмыг баримталж гаргасан гэх хэдий ч 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэмтлийн зэрэг тогтоох журам нь Захиргааны хэмжээний актын улсын нэгдсэн бүргэлд 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6864 дүгаартай бүртгэгдэж, сэтгүүлд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай хэвлэгдсэн. Өөрөөр хэлбэл, Захиргааны Ерөнхий хуулийн 67.2 дахь хэсэгт “эмхтгэлд нийтлүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс дээрх журам хэрэгжиж эхэлсэн байна.
Дээрхээс дүгнэхэд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гарсан бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь хүчингүй болсон журмыг баримталсан гэж үзэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлын хүрээнд хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар гаргасан эсрэг агуулгатай хоёр удаагийн дүгнэлтийг дахин шинжээч томилох замаар нягтлан тодруулах шаардлагатай;
мөн ослын газрын ойролцоо хяналтын камерын бичлэг, хэрэгт ямар нэгэн ашиг сонирхолгүй хөндлөнгийн гэрч байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хийв.
Иймээс, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1016 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1016 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Б.Д-ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч М.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН