| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/01349/И |
| Дугаар | 192/ШШ2025/08490 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/08490
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** дүүрэг, **** дугаар хороо, ******* тауэр, ******** тоот оршин байрлах хаягтай, Ж ХХК /РД:**********/,
Хариуцагч: ********** дүүрэг, ******** дугаар хороо, *********-ын *********, өөрийн байранд байрлах М О У ,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,250,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.Н,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Хулан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч У газарт холбогдуулан 5,250,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компани нь уул уурхайн нурмаг бүтээгдэхүүний экспортын тээвэр болон төмөр замын тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний зүгээс Оросын холбооны улсаас 100 ширхэг вагоныг гаальд өндөр татвар байршуулан түрээслэн оруулж ирсэн ба тус вагонуудаар үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар байна. Бидний зүгээс вагоноор тээвэрлэлт хийхэд нэг удаагийн тээврийн үнэ 350-450 сая төгрөгийн үнэлгээтэйгээр 1 цуваа вагон буюу 50 ширхэг вагоныг гэрээт компаниудын ачаа барааг тээвэрлэн явуулдаг байсан. Энэ вагонуудаар 10 хоногт нэг удаа тээвэр хийдэг байсан ба У газархувийн эзэмшлийн вагонтай компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцдоггүй байгуулсан гэрээний дагуу зөвхөн тээвэрлэлтийг зохион байгуулж үйлчилдэг байсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс Ковид 19 цар тахлын улмаас БНХАУ нь төмөр замын хилийн боомтоо хааж, экспортын тээвэр зогсоосон бөгөөд 2022 оны 8 дугаар сараас эхлэн төмөр замын экспортын тээвэр явж эхлэн хэвийн горимд шилжиж эхэлсэн. Энэ үеэс эхлэн У газар-ийн зүгээс ...Ковидоос шалтгаалан улс орны нөхцөл хүнд байдалд орсон тул энэхүү тулгамдсан бэрхшээлээс гарах хүртэл та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд вагоноо үнэ төлбөргүй ашиглуул гэх чиглэлийг өгч манай компанийн хувийн вагонуудыг үнэ төлбөргүйгээр ашиглахаар болсон. Бидний зүгээс их хэмжээний алдагдалд орохоор байсан боловч улс эх орны хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн үед У ХНН-ийн өгсөн чиглэлийн дагуу ажиллаж, У газарнь манай компанийн вагоныг үнэ төлбөргүй ашиглаж байсан болно. Тодруулбал, Эхлээд 3/2 зарчмын дагуу тээвэрлэлт хийгдэж байсан. Энэ нь нийт 5 удаагийн тээвэрлэлт хийхэд 3 удаагийн тээврийг У газар-ийн зүгээс ямар нэгэн вагон ашигласны төлбөр төлөхгүйгээр үнэ төлбөргүйгээр тээвэр хийнэ. Хоёр удаагийн тээврээр манай компани нь харилцагч компаниудын тээвэрлэлтийг хийж байсан. Энэ зарчмын дагуу У газарнь нийт 8 удаагийн тээвэрлэлт хийж, манай компанийн вагонуудыг үнэ төлбөргүйгээр ашигласан. Энэ нөхцөл байдал нь манай компанийг болон бусад хувийн вагон эзэмшигч байгууллагуулыг маш их алдагдалд оруулж байсан тул 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр У газарболон хувийн вагон эзэмшигч байгууллагуудын хооронд уулзалт, хурал болсон бөгөөд тухайн өдрөөс эхлэн 2/2 зарчмаар буюу нийт 4 удаагийн тээвэрлэлтээс хоёр удаагийн тээвэрлэлтийг У газарнь ямар нэгэн түрээс төлбөргүйгээр вагоныг ашиглах, үлдсэн хоёр удаагийн тээвэрлэлтээр вагон эзэмшигч байгууллага ачаагаа зөөх тухай тулгасан шийдвэрийг гаргаж байсан. Мөн тухайн уулзалтаар У газар-ийн зүгээс вагон түрээсийн төлбөргүйгээр тээвэрлэлт хийж буй үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс зогсож, цаашид хувийн вагон эзэмшигч байгууллагуудын вагон хуваарилалтанд хөндлөнгөөс оролцохгүй байх тухай шийдвэрийг гаргасан. Хариуцагч У газар-ийн зүгээс өөрсдийн гаргасан шийдвэрээ зөрчиж, манай компанийн вагоныг үнэ төлбөргүйгээр ашигласаар байсан бөгөөд 2023.11.15-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл мөн 7 удаагийн үнэгүй тээвэр хийсэн байна. Тухайн хугацаанд бидний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд буюу улс орны эдийн засагт эерэг нөлөөлөл үүсгэх үүднээс манай байгууллагын вагоныг ашиглаж байна гэж үзэж байсан тул бүх алдагдлыг компани өөртөө хүлээн ажиллаж байсан. Гэтэл энэ хугацаанд хийсэн тээвэрлэлтийг У газар, тээвэр зохион байгуулалтын орлогч дарга болох С.Б нь хувийн вагон эзэмшдэггүй компаниудтай үгсэн хуйвалдаж нийгмийн хариуцлагын хүрээнд хугацаатай хэрэгжүүлж байсан чиглэл, У газар-ийн нэрийг барьж итгүүлэн манай байгууллагын вагоныг хүчээр тээвэрт авч оруулсан байсан. Үүний улмаас манай байгууллагын зүгээс үндсэн гэрээт компаниуд болох Т ХХК, Т ХХК-иудын төлөвлөгөөт тээврийг явуулж чадаагүй тул хугацаа хэтэрч дээрх компаниуд нь манай компанийг Улсын мөрдөн байцаах газарт болон хуулийн байгууллагад хандан өргөдөл, гомдлоо гаргасаар байна. Хэрэв У газар-ийн зүгээс 2022.10.15-ны өдрийн уулзалтаар шийдвэрлэсний дагуу 2022.11.15-ны өдрөөс үнэ төлбөргүй тээвэрлэлт хийх үйл ажиллагаагаа зогсоож, манай байгууллага нь хэвийн горимын дагуу үйл ажиллагаа явуулсан бол дээр дурдсан байгууллагуудын тээвэрлэлтийг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн тээвэрлэлтийн алдагдал болон гэрээний алдагдлыг хүлээхгүй байсан. Цаашлаад У газарнь бидний вагоныг үнэгүй ашиглаж байсан хугацаанд манай компани нь Оросын холбооны улсад вагоны түрээсийн төлбөрийг төлсөөр байсан. Тодруулбал сул зогсолтын хугацаа болон У газар манай вагонуудыг үнэгүй ашиглаж байх хугацаанд Оросын холбооны улсад төлөх вагоны түрээсийн төлбөр нь өдөр өдрөөр бодогдож, бүх төлбөрийг манай байгууллага төлж, алдагдал хүлээж байсан болно. Манай байгууллагаас нэг удаагийн тээвэрлэлтийг дунджаар 350,000,000 төгрөгийн үнэ ханштайгаар хийж гүйцэтгэж байсан бөгөөд хамтран ажилладаг байгууллагуудын гэрээгээр нотлогдоно.
Иймд У газар нь хүчээр, хууль бусаар тулган шаардаж манай компанийн вагонуудыг ашиглан 15 удаагийн тээвэрлэлтийг үнэ төлбөргүйгээр гүйцэтгэн төлбөрийг өөртөө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Үүний улмаас манай компани нь их хэмжээний алдагдалд орсон байх тул 15 удаагийн тээвэрлэлтийн төлбөр болох 5,250,000,000 төгрөгийг хариуцагч У газар-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: У зам ковидоос шалтгаалсан улс орны нөхцөл байдалд хүндрэл учирсан учраас манай компанийн хувийн вагонуудыг үнэ төлбөргүйгээр ашиглахаар болсон, улс оронд болсон хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзаж үзээд 2022 оны 8 дугаар сараас энэ чиглэлийн дагуу ажиллаж байсан, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон хурал дээрээс 3/2-ын зарчмаа өөрчлөөд 2/2-ын зарчмаар манай вагонуудыг ашиглана гэж ярьсан боловч 15 удаа ашигласан гээд нэхэмжлэгчийн өөрийнх нь өгч байгаа тайлбараас харахад У зам бусдын эзэмшлийн ачааг Ж ХХК-ийн вагонуудаар зөөвөрлөхөд өөрсдөө хүлээн зөвшөөрч, улс орны эдийн засагт ковидоос шалтгаалаад үүссэн нөхцөл байдалд уялдуулан манай эзэмшлийн вагоноор бусдын ачааг тээвэрлэхэд татгалзах зүйлгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч нөгөө талдаа эсрэгээр тайлбар өгөөд байна.У зам ямар хугацаанд Ж ХХК-ийн вагонуудыг дур мэдээд ашиглачихсан гэдэг баримтгүй, Ж ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр эдний биш бусдын ачаа тээврийг өөрийнхөө У замын тээврийг хийсэн гэдэг баримт байхгүй. Ж ХХК-аас У зам тэдэн сарын, тэдний өдөр, манай эзэмшлийн ийм дугаартай, ийм вагонуудаар ачааг тээвэрлэсэн гэдэг тайлбараа үндэслэлтэй хэлэхгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.Төмөр зам манай вагоныг үндэслэлгүйгээр ашиглаад 1 удаагийн тээврийг 350,000,000 төгрөгөөр хийчихлээ гэдгийг баримтаар нотолж чадаагүй байх ба тооцоолол, дүн тооцоо нь нарийвчилсан судалгаа, эдийн засгийн тооцоолол, тээвэр явсан ирсэн гэж нарийн тооцоо судалгаа, төлбөр хүлээн авсан, төлбөр шилжүүлсэн баримтуудаар тогтоогддог зүйл болохоос зөвхөн яриад тогтоочихдог, аман хэлбэрээр тайлбарлачихдаг төмөр замын тээвэр Монгол Улсад байхгүй. Манайх нэхэмжлэгч компаниас аливаа хөрөнгийг шилжүүлж аваагүй, хууль бусаар олж аваагүй, нэхэмжлэгч компани манайд гэрээгээр хүлээсэн үүрэг, эсвэл манайхтай гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ямар нэг эд хөрөнгө солилцоогүй, хөрөнгө шилжүүлээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг иргэний хуулийн урьдчилсан нөхцөл болох хөрөнгө шилжүүлэх нөхцөл бүрдээгүй байна.Хэрэгт авагдсан баримтаар 5,250,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь тооцооллын алдаатай буюу Иргэний процессын хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн үнэ өөрөө алдаатай, түүнийгээ нэхэмжлэгч компани өөрөө баримтаа нотолж чадахгүй, зөвхөн аман хэлбэрээр тайлбарладаг, өгсөн, авсан, шилжүүлсэн, тээвэр хийсэн тооцоолол дүнгээр У зам 5,250,000,000 төгрөгийн хэмжээнд орлого олчихсон гэдэг нь нотлогдохгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1хх 1-2/, Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 3/, итгэмжлэл /1хх 4-5, 245, 2хх 21, 71/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/03312 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /1хх 9-12/, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /1хх 13/, Тээвэрлэгчид үл харъяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ, хавсралт /1хх 14-24/, Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ №21/28 /1хх 25-28/, Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ №21/27 /1хх 29-32/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2хх 2/, Итгэмжлэлээс татгалзах тухай /2хх 22, 37/, Ж ХХК-ийн 25/27 тоот албан бичиг /2хх 44-45/, Замын дарга Х.Х /2хх 46-48/, Ж ХХК-ийн 25/28 тоот Вагон дугаар хүргүүлэх нь албан бичиг, хавсралт /2хх 53-54/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /2хх 74-75/, Тайлан /Данс харилцагчаар/ Ж ХХК /2хх 76-84/, Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ №21/28 /2хх 106-112/, Давхар түрээслэсэн вагон №1/2022 ба нийлүүлэлтийн гэрээ /2хх 113-148/
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /1хх 34/, Тайлбар гаргах тухай /1хх 236/,
5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр У Замын Тээвэр зохион байгуулалтын албаны 03/424 тоот Баримт хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /2хх 57-58/, У замын Хууль зүйн албаны 40/463 тоот, 10/468 тоот Баримт гаргуулах тухай албан бичиг /2хх 72, 73/, У замын Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны 12/205 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /2хх 88-103/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 155/, Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулга /2хх 156/, Голомт банкны цахим гүйлгээний баримт /2хх 157/,
Хариуцагчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 635 тоот албан бичиг, хавсралт /1хх 45-224/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: У газарнь манай компанийн вагонуудыг ашиглан тээвэрлэлт хийж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул 15 удаагийн тээвэрлэлтийн төлбөрт 5,250,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ж ХХК-ийн вагонуудыг ашиглаж 1 удаагийн тээврийг 350,000,000 төгрөгөөр хийж, 5,250,000,000 төгрөгийн орлого олсон гэдэг нь нотлогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
У газар нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Ж ХХК-тай Тээвэрлэгчид үл харъяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах тухай гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, Ж ХХК-ийн эзэмшлийн 53 вагоныг төмөр замын тээвэрт оролцуулах үйл ажиллагааг У газар гүйцэтгэх, Ж ХХК нь холбогдох төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна.
У газар нь 3/2 зарчмын дагуу 8 удаагийн тээвэрлэлт хийж, манай вагоныг үнэ төлбөргүй ашигласан, мөн 2023 оны 11 сарын 15-ны өдрөөс 2023 оны 1 сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн үнэгүй тээвэр хийсэн гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй байна.
У газар болон хувийн вагон эзэмшигч байгууллагуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр уулзалт хийж, 2/2 зарчмаар ачаа зөөх тухай шийдвэр гаргаж, У газар нь вагон түрээсийн төлбөргүйгээр тээвэрлэлт хийж байгаа үйл ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс зогсоож, цаашид хувийн вагон эзэмшигч байгууллагуудын вагон хуваарилалтад оролцохгүй тухай шийдвэр гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
У газар нь Ж ХХК-ийн эзэмшлийн хэдэн вагоныг ашиглан, хэдий хугацаанд, 15 удаа, аль чиглэлд, ямар тээвэр хийсэн, У газар нь нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн вагоны ашиглан 1 удаагийн тээвэрлэлтийн үнийг 350,000,000 төгрөгөөр тооцож, 15 удаагийн тээвэрлэлт хийж, 5,250,000,000 төгрөгийн тээвэрлэлтийн орлого олсон тухай үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөн У газар нь 15 удаагийн тээвэрлэлт хийж, энэхүү тээвэрлэлтийн төлбөрт 5,250,000,000 төгрөгийн орлого олсон тухай санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй байхад нэхэмжлэгч Ж ХХК нэг удаагийн тээвэрлэлтийг дунджаар 350,000,000 төгрөгийн үнэ ханштайгаар хийж гүйцэтгэж байсан нь хамтран ажилладаг байгууллагуудын гэрээгээр нотлогдож байна гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
Иймд У газар нь Ж ХХК-ийн вагонуудыг ашиглан 15 удаагийн тээвэрлэлт хийж, тээвэрлэлтийн төлбөрийг өөртөө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 26,407,950 төгрөг төлөхөөс 5,000,000 төгрөг төлсөн тул улсын тэмдэгтийн хураамжид 21,407,950 төгрөг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч У газараас 5,250,000,000 төгрөг гаргуулах тухай Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 21,407,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.