| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/10008/И |
| Дугаар | 191/ШШ2025/09015 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/09015
| 2025 10 22 | 191/ШШ2025/09015 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* *******, *******, *******од оршин суух бүртгэлтэй, *******-д түр оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , , , од оршин суух, овогт ын /рд:/-д холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээний зүйл болох , , , хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Н., гэрч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч А., Т. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие , «игт байрлах 31 м.кв 2 өрөө/Ү-/орон сууцыг 2013.09.17-ны өдөр иргэн П.аас худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлдэг юм.
Д. эгчийн хүүхэд Э. нь 2023 онд Канад улсын виз авах болон боловсролын зээлийн сангийн зээлээр Канад Улсын Торонтогийн Их сургуульд суралцахаар хөөцөлдөж эхэлсэн бөгөөд боловсролын зээлийн сангийн зээлийн хөтөлбөрт хамрагдахад хөрөнгийн баталгаа шаардлагатай болоод байна, та туслаач гэж миний төрсөн эгч Д. гуйсан юм. Өөрөөр хэлбэл, ******* надад хандаж миний өмчлөлийн , 64-р байры хаягт байрлах 31 м.кв 2 өрөө /Ү-/ орон сууцыг түр зуур хүү болох гийн нэр дээр шилжүүлээд өгөөч, боловсролын зээлийн сангийн хөтөлбөрт хамрагдсан даруйд буцаагаад Д.******* миний нэр дээр шилжүүлээд өгнө хэмээн хэлсэн.
Д.******* миний бие өөрийн өмчлөлийн , хаягт байрлах 31 м.кв 2 өрөө /Ү-/ орон сууцыг Э.д бэлэглэх тус орон сууцны өмчлөх эрхийг түүний өмчлөлд бүр мөсөн үлдээх хүсэл зориг байгаагүй ба зөвхөн эгч Д.ын гуйлтын дагуу түүний охин Э.йг боловсролын зээлийн сангийн зээлд хамрагдуулахын тулд дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Э. мэт харагдуулах зорилгоор / нь Э.-г батлан дааж буй мэтээр/ 2023.06.27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, Д.******* миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг Э.д бэлэглэх ямар ч шалтгаан, хүсэл зориг байгаагүй ба тус орон сууцыг бэлэглэж буй мэтээр дүр үзүүлж 2023.06.27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулсан ба тус сууцны өмчлөх эрхийг 1 жилийн дотор буюу Канад Улсын виз гарсан даруйд буцаан шилжүүлнэ хэмээн надад итгүүлсэн.
Улмаар Э. нь боловсролын зээлийн сангийн хөтөлбөрт хамрагдаж Канад Улсын Торонтогийн Их сургуульд суралцахаар явсан боловч Э. нь дүр үзүүлэн хийсэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан үл хөлдөх эд хөрөнгийг Д.******* надад буцаан шилжүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Э. нь өөрийн дүү Э.-г боловсролын зээлийн сангийн зээлийн хөтөлбөрт хамрагдахад үл хөдлөх хөрөнгөтэй мэт дүр үзүүлж, хөрөнгийн баталгаа гаргах зорилгоор ******* надтай бэлэглэлийн гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээс татгалзаж, хэл амаар доромжлох болсон. Монгол Улсын Иргэний хуулийн 56.1.2-т “дүр үзүүлж хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасан ба бидний хооронд байгуулагдсан 2023.06.27-ны Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь “бэлэглэж буй мэтээр” дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд тус хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэдгийг миний эгч Д., түүний охин Э., Э. нар нь бүгд сайтар мэдэж байсан юм.
Иймд 2023.06.27-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, , хаягт байрлах 31 м.кв 2 өрөө /Ү-/ орон сууцыг Д.******* надад шилжүүлэхийг Э.д даалгаж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь 2013.9.17-нд маргаж буй орон сууцыг бусдаас худалдаж авсан. Улмаар өмчлөх эрх шилжсэн. Бусдад түрээсэлдэг байсан. Улмаар 2023 онд бэлэглэлийн гэрээгээр хариуцагчид өмчлөх эрх шилжсэн. Зохигч садан төрлийн холбоотой юм. Хариуцагчийн дүү нь боловсролын сангийн зээлээр гадаадад сурах болсон. Ингээд зээлийн барьцааны хөрөнгө хэрэгтэй болсон. Улмаар болон нар хүсэлт тавьсан байдаг. Зээл бүтсэнээр удахгүй өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгнө гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь гэж хүнийг бодоод зөвшөөрсөн. Ингээд өмчлөх эрх шилжүүлсэн. Улмаар 1 жил өнгөрсөн боловч өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөөгүй. Буцаан шилжүүлэхийг шаардахад татгалзсан. Нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг бүр мөсөн өгөх хүсэл зориг байгаагүй. Гэтэл хариуцагч нь бүр мөсөн шилжүүлж авсан гэдэг. Үүнээс болж маргаан гарсан. Иймд бэлэглэлийн гэрээний Иргэний хуулийн 56-д заасан дүр үзүүлсэн хэлцэл юм. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, өмчлөх эрх буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй шилжүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчид ийм хүсэл зориг байгаагүй юм. Хариуцагчийн ээж нь барьцаанд тавих шаардлага байна гэсэн байдаг. Улмаар буцаан шилжүүлж өгнө гэсэн байдаг юм.
Энэ гэрээ нь хандивын гэрээний асуудал биш юм. Гомдлын хуралд хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг анх ******* уруу явахад хариуцагчийн аав тусалсан тул үүнийг бодолцоод бэлэглэсэн гэж хэлдэг. Гэтэл үүнийг нотолсон зүйл хэрэгт байхгүй. Эд хөрөнгөө хүнд бэлэглэх санаа зорилго байх ёстой. Гэтэл зорилгын талаар баримт хэрэгт байхгүй. Барьцаалах зорилго л байсан болохоос өмчлөх эрхээ бүр мөсөн шилжүүлэх хүсэл зориг байгаагүй юм. Одоо бол хуурч мэхэлсэн асуудал л гарч байгаа юм. Энэ талаар яриад садан төрөл тул эрүүгийн журмаар яваад хэрэггүй гэсэн байдаг.
Хэрэв бэлэглэх зорилго байсан юм бол яагаад түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч аваад байгаа юм. Үүнээс үзэхэд бодит байдалд өмчлөх эрх хэнд байгаа нь харагдаж байгаа юм. нартай бичсэн чат ярьдаг. Энд бусад хүмүүс бэлэглэх зорилго байгаагүй гэдгийг хэлээд байдаг. Дүүгийнхээ зээлийн барьцаанд барьцаална гэчхээд бүр мөсөн авчих юм уу.
Гомдлын хурлаар энэ хэрэг өмнө нь шийдэгдсэн гэж үзэхгүй гэсэн. Өмнөх хэрэгт бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийгээгүй байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгч уруу эцэг, эх, эх орноосоо урвасан гэж чат бичсэн тул анх ноцтой гомдоосон гэж нэхэмжлэл гаргаад шүүх шийдсэн юм. Энэ нь одоо гаргаж байгаа нэхэмжлэлийг гаргах эрхийг хязгаарлахгүй. Хоорондоо бичиж байсан чатаар санаа зорилго нотлогдоно. Нотариатын тухай хууль энэ хэрэгт хамааралгүй. Гэрээ байгуулагдаж гэрчлэгдсэн талаар яриагүй.
1.2. Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч тал нь халхавчлах гэдгээр яриад байна. Хариуцагч нь бэлэглэх хүсэл зоригтой байсан гэж тайлбарлаж байна. Чатаас үзэхэд байрыг хэзээ буцаж өгөх талаар бичиг хийж өгөх талаар хэлсэн байдаг. Хариуцагч тал нь буцааж өгнө гээд байсан байдаг. Түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч аваад байдаг. Эдгээрээс хүсэл зоригийн илэрхийлэл харагдаад байдаг. Үнэхээр бэлэглэх зорилго байсан эсэх нь харагддаг. Барьцааны хөрөнгө хэрэгтэй байна гэхээр нь туслах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан байдаг. Үүнээс үзэхэд бэлэглэх хүсэл зориг байгаагүй нь харагддаг. Дээд шүүхийн тайлбарыг тодорхой үр дүнд хүрэх зорилгогүйгээр гадаад илэрхийлэл бий болгох зорилгоор хэлцэл хийхийг дүр үзүүлэх гэсэн байдаг. Хариуцагчийн зүгээс тайлбараа хэрхэн нотлох вэ. Чатыг үгүйсгэсэн баримтгүй гэв.
2. Хариуцагч Э. нь шүүхэд, түүний төлөөлөгч Б., өмгөөлөгч Н. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай Д.*******ын 2024/11/27 өдөр Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Д.******* нь 2024 оны 02 дугаар сарын 06-д дээрх нэхэмжлэлтэй адил агуулга бүхий шаардлагыг тусгасан " , од байрлах З1 м.кв Ү- улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн 2023 оны 36 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү." гэх нэхэмжлэлийг миний бие буюу овогтой -г хариуцагчаар татан оролцуулж, Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд хаяглан гаргасан байдаг. Тухайн нэхэмжлэлийн дагуу Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шийдвэрийг тусгасан иргэний хэргийн тогтоолыг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т. 2024 оны 04 сарын 23-д гаргасан.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 120.2-т зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно" мөн 120.1.1-т дээрх хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох тухай тусгасан байдаг.
Нэхэмжлэгч Д.******* нь Э. надтай 2023 оны 06 дугаар сарын 27- өдөр дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг” байгуулан, , од байрлах З1 м.кв Ү- улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэн нотариатаар гэрчлүүлсэн ба энэхүү гэрээний зорилт, агуулгад бэлэглэж буй мэтээр дүр эсгэн гүйцэтгэсэн зүйл байхгүй. Мөн энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр тухайд Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхийн дугаарт шийдвэрт тусгагдсан байгаа учир хүчин төгөлдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 65.1.6-т тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах тухай заасан байдаг ба дээрх хуулийн 120.4-т "Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй" тухай зааж өгсөн учир 2024 оны 04 сарын 23-д Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхээс гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн тогтоолыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр миний бие овогтой -г хариуцагчаар оролцуулан Д.*******ын /РД: / гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.
2.1. Нэхэмжлэлийг 3 үндэслэлээр татгалзана. Дүр үзүүлсэн халхавчилсан хэлцэл гэж байна. Дүр үзүүлсэн, халхавчилсан хүсэл зориг байгаа юм уу гэдэг чухал юм. Харин бэлэглэлийн гэрээнд дээр энэ хүсэл зориг байхгүй. 2023.6.27-нд бэлэглэлийн гэрээ байгуулах үед нэхэмжлэлийн үндэслэл байсан гэдэг баримт хэрэгт байхгүй.
Нотариатын хуулийн 21.2.1-д үйлчлүүлэгчид эрх үүрэг үр дагаврыг тайлбарлах талаар заасан байдаг. 4.4.1-д энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ эрх бүхий этгээдийн өмнө бэлэглэх хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байгаа юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1-д хэргийн оролцогч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Энэ хэргийн үндэслэлийн талаар 2 удаа хэрэг шийдэгдсэн байдаг. Сүүлд гаргасан хурлын тэмдэглэлд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэсэн байдаг. Дараа нь шийдэгдэхдээ нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гээд намайг ноцтой гомдоолоо гэсэн байдаг. Аливаа маргааныг нэг л үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байдаг. Энэ нь хангагдахгүй болохоор өөр агуулгаар шүүхээр хянуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзнэ. Өмнө нь гэрээг хүчин төгөлдөр гэж шүүхээр хянуулаад одоо хүчин төгөлдөр бус гээд байгаа нь шүүхэд худал мэдүүлээд байна.
Өмнөх гомдсон гэсэн хэрэг дээр энэ хэрэгт байгаа чатад мөн адил үзлэг хийлгэсэн байдаг. Уг хэрэг дээр чатыг дүгнэсэн байдаг. Гэтэл энэ хэрэгт байгаа баримт нь өмнөх хэрэгт байгаа дүгнэгдсэн баримтууд байгаа юм.
Түрээслэгч нь төлбөрийг эхлээд хариуцагчид төлж байсан байдаг. Дараа нь нэхэмжлэгч хүч түрсэн тул нэхэмжлэгчид төлж эхэлсэн байдаг юм. Мөн өмнө нь эмээ нь авдаг байсан талаар маргаагүй байх. Түрээсийн төлбөр авч байгааг дүр үзүүлсэн гэж үзэх үндэслэл биш юм.
Хэн аль нь өөрийн шаардлага үндэслэлээ нотлох ёстой. Хэрэгт байгаа бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Үүнийг байгуулах хүсэл зориг нотлогдож байгаа юм. Зээлд зориулж гэрээ хийсэн бол яагаад тай гэрээ хийгээгүй юм бэ. Өөрийнх туслах гээд байгаа хүнээс өөр хүнтэй гэрээ хийгээд байгаа юм. Хэрэв түүний зээлд туслах зорилготой байсан бол энэ талаар гэрээнд тусгах эсхүл тусдаа гэрээ хийгдсэн байх ёстой. Гэтэл ийм нөхцөл тогтоогдохгүй байгаа юм. Нэг үйл баримтын талаар 2 өөр байр сууриар шүүхэд хянуулах боломжгүй. Ноцтой гомдоох гэдэг хүчин төгөлдөр гэрээн дээр л яригдана. Энэ талаар өмнөх хэрэг дээр асууж тодруулсан байдаг. Улмаар 280.1-г сонгож байгаа нь байр сууриа илэрхийлсэн. Ингэснээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн байдаг.
2.2. Бэлэглэлийн гэрээ нь 276.1-д зааснаар байгуулагдсан. Хуульд заасан шаардлага хангаж, нотариатаар гэрчлэгдсэн. Нэхэмжлэгч нь дүр үзүүлж, халхавчилж хийсэн гэж байна. Дүр үзүүлнэ гэдэг нь 56.1.2-т зааснаар үр дагавар үүсгэхийг хүсээгүй байдаг. Халхавчлагдаж байгаа хэлцэл нь юу вэ. Үүнийг тайлбарлаагүй тул нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байна. Ураг төрөл тул 1 жилийн хугацаатайгаар өмчлөх эрх шилжүүлсэн. Барьцаанд тавих эрх олгосон талаар тайлбарлаад байна. Иргэний хуульд тусгай журмаар бэлэглэж болно гэж хуульд заасан. Үүнийг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч байна. Иймд бэлэглэх хүсэл зориг байсан байна. Тодорхой зориулалтаар бэлэглэсэн бол энэ зориулалтаар ашиглахыг л шаардаж болдог. Гэтэл зориулалтын дагуу зээлийн барьцаанд тавигдсан. Одоо зээлээр сурч байгаа бөгөөд төгсөөд ирж ажиллаад зээлээ төлөхөөр барьцаанаас чөлөөлөгдөх юм. Эгчийнхээ хүүхдэд барьцаалах зориулалтаар бэлэглэсэн юм.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 56.1.2-р нэхэмжлэл гаргасан гэж байна. Бид бол шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээр л тайлбар гаргаж байгаа юм. Халхавчилж хийсэн гэрээ гэдэг нь 56.1.3 юм. Энэ талаар нэг өмгөөлөгч нь халхавчилж хийсэн талаар ярьсан юм. Түрээсийн мөнгөө аваагүй гэдэг нь өмчлөгч биш гэж үзэхгүй. Шүүхэд мэдүүлэх эрхтэй боловч тодорхой хязгаартай байх ёстой. Маргаж буй үйл баримтын талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Өмнөх хурал дээр энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүй гэж байна. Гэтэл нь өмнө шийдсэн шийдвэр 276.1-д заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байна гэдгийг дүгнэсэн. Энэ нь гэрээ байгуулагдсан гэдгийг шүүх дүгнэсэн байна гэсэн үг юм. Эд хөрөнгийг шилжүүлж өгсөн ба энэ талаар маргаагүй гэсэн байдаг. Иймд үүнийг шүүх шийдээгүй гэдэг нь үндэслэлгүй юм гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: Худалдах худалдан авах гэрээний хуулбар /1хх6/, бэлэглэлийн гэрээний хуулбар /1хх8/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх9/, Хаан банк дахь Я.ийн дансны хуулга /1хх10-25/, өөрийн дансны хуулга /1хх26/
3б. Хариуцагчаас: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар /1хх41-43/, шилжүүлгийн баримт /1хх232/, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар /1хх233-234/, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /2хх39-54/, төлбөрийн баримт 3 ширхэг /2хх55-57./, Хаан банкны шилжүүлгийн баримт 6 ширхэг /2хх58-67/, Б.ийн дансны хуулга /2хх68-72./, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /2хх73-77/
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлээс ирүүлсэн маргаж буй орон сууцтай холбогдох баримтууд /1хх61-182/, Боловсролын зээлийн сангаас ирүүлсэн Э.гийн зээлтэй холбогдох баримтууд /1хх184-191/, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх200-201/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээний зүйл болох , , , хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Э. нь бэлэглэлийн гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр, мөн энэхүү маргааныг шүүх өмнө нь хянан шийдвэрлэсэн гэж маргасан.
4. Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу маргаж буй орон сууцыг худалдан авч өөрийн өмчлөлд бүртгүүлжээ. /1хх6, 9, 154, 156/
Улмаар зохигч 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж маргаж буй орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. /1хх8, 163, 167/
Энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.
4.1. Зохигчийн маргааны зүйл нь бэлэглэлийн гэрээ байгуулах, улмаар өмчлөх эрх шилжүүлэх зорилго болж байна.
5. Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээ байгуулах зорилгыг хариуцагчийн дүү Э. нь боловсролын зээлийн сангаас авах зээлийн барьцаанд барьцаалуулах талаар хариуцагчийн эх гуйсны дагуу байгуулсан. Харин өмчлөх эрхийг бодит байдалд шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг анх ******* уруу явахад түүний эцэг Ш. тусалж байсантай холбоотойгоор бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрх шилжүүлсэн гэж маргаж байна.
5.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд гэрч Ш. нь нэхэмжлэгчийг ******* уруу явах үед мөнгөн хөрөнгөөр тусалсан талаар тайлбарласан байна. /2ХХ39-54, 50/
Гэвч хэрхэн тусалсан талаар тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл өмнө нь тусалсан гэх үйлдэлдээ хариу төлбөр шаардаж байсан талаар тайлбарлаагүй байна. Иймд энэхүү тусалсан гэх тайлбар нь бэлэглэлийн гэрээний үндэслэл болсон гэж үзэх боломжгүй.
6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрээс үзэхэд энэ хэрэгт маргаж буй бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар хүчингүй болгох тухай маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн байна. Энэ хэрэгт нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Иймд маргаж буй үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн дугаар тогтоолоор дүгнэгдсэн байх бөгөөд уг тогтоол нь эцсийн шийдвэр юм. /1хх41-43, 2хх17-22/
7. Зохигч маргаж буй бэлэглэлийн гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн үйл баримтын талаар маргаагүй. Хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан нотариатч нь гэрээ байгуулах, түүний үр дагаврын талаар тайлбарласан эсэх нь нэхэмжлэгч энэ хэргийн үндэслэлд хамаарах асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг хязгаарлахгүй. Учир нь бусдын зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулахаар бэлэглэлийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд үүнийг нотариатчид мэдэгдсэн байх шаардлага тавигдахгүй. Иймд нотариатч гэрчилсэн, ингэхдээ хууль зүйн үр дагаврыг тайлбарласан тул хүчин төгөлдөр гэх тайлбар үндэслэлгүй.
7.1. Шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд чатаар харилцсан зүйлийг нотлох баримтаар бэхжүүлсэн байна. Уг чатад харилцагчдын гэх нэр байх боловч энэхүү нэр нь төлбөргүйгээр үүсгэх боломжтой, өөрөөр хэлбэл харилцаж буй чат гэх программд дурын нэрээр бүртгүүлэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгт хамаарал бүхий этгээдүүд мөн гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй. Иймд уг харилцсан гэх чат буюу зурвас нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм. /1хх200-201/
8. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэгч нь эд хөрөнгийг бэлэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлдэг. Бэлэглэлийн гэрээ байгуулагдаж өмчлөх эрх шилжсэний дараа хариуцагч нь өөрийн дүү Э.гийн зээлийн гэрээний үүрэгт маргаж буй орон сууцыг итгэмжлэл олгох замаар барьцаалуулсан болох нь холбогдох гэрээгээ нотлогдож байна. /1хх177, 185-191/
Энд хариуцагч нь Э.йг түүний дүү гэх үйл баримтын талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Э.гийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулахыг зөвшөөрч, өмчлөх эрх шилжүүлсэн гэх тайлбар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулах хүсэл зориг байсан бөгөөд харин өмчлөх эрхийг бодит байдалд шилжүүлэх хүсэл зориг байсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Иймд бэлэглэлийн гэрээг дүр үзүүлж буюу өмчлөх эрх шилжүүлэх зорилгогүйгээр байгуулсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно.
8.1. Бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээний зүйлийг буцаан шилжүүлэх үүрэгтэй.
9. Харин Э. нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед маргаж буй орон сууц нь хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй байсан байх тул энэ шийдвэр нь уг барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийн дугаартай бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, , , , хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 378,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД