Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02058 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С- ХХК, Д.Б- нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт нийт 151 394 332 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д,

Хариуцагч С- ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч: Д.Б-,

Хариуцагч С- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- ХХК нь С- ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр /Пийс тауэр барилга/-ны 17 дугаар давхрын 312,19 м.кв үйлчилгээний талбайг зээлээр худалдан авахаар 2016 оны 11 сарын 11-ний өдөр ҮХГ-002/16 тоот үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2016 оны 12 сарын 14-ний өдөр 8 967 810 төгрөг, 2017 оны 01 сарын 13-ны өдөр 9 266 573 төгрөг, 2017 оны 02 сарын 13-ны өдөр 9 266 573 төгрөг, 2017 оны 3 сарын 16-ны өдөр 8 369 810 төгрөг, 2017 оны 10 сарын19-ний өдөр 8 967 650 төгрөг, 2017 оны 11 сарын 22-ны өдөр 9 266 575 төгрөг, 2017 оны 12 сарын 20-ны өдөр 8 967 650 төгрөгийг, нийт 63 072 641 төгрөгийг төлсөн. Талууд санхүү эдийн засгийн хямрал, Э- ХХК-ийн 2017 оны 4 сарын 11-ний өдрийн №026/17 албан тоот болон талуудын харилцан тохиролцоог үндэслэн, 2017 оны 4 сарын 12-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2017 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл нийт 6 сараар сунгасан. Талууд дахин харилцан тохиролцож, 2017 оны 9 сарын 18-ны өдөр №17/0918 тоот хэлцлийг байгуулж, 17 дугаар давхрын 312,19 м.кв үйлчилгээний талбайн тодорхой хэсэг болох агуулах, ажилчдын өрөө бүхий нийт 58,92 м.кв талбайг Э- ХХК нь худалдан авч, 17 дугаар давхрын үлдсэн 253,27 м.кв талбайг гуравдагч этгээдэд худалдан борлуулахаар харилцан тохиролцож, дээрх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн хэлцэл байгуулсан өдөр буюу 2017 оны 9 сарын 18-ны өдөр 58,92 м.кв талбайн төлбөрт нийт 55 001 692 төгрөгийг С- ХХК-д Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгээр төлж, Э- ХХК нь нийт 118 074 332 төгрөгийг С- ХХК-д төлсөн болно. Гэтэл С- ХХК нь дээрх хэлцэлд заасан үүргээ биелүүлэлгүй гуравдагч этгээд болох Дивацогт ХХК-д 17 давхрын 312,19 м.кв талбайг бүхэлд нь худалдан борлуулсан байна. С- ХХК нь гэрээний дагуу 17 давхрын 58,92 м.кв талбайг гуравдагч этгээдэд түрээслэхгүй, худалдахгүй, давхар түрээслэхгүй, батлан даалт болон баталгаа гаргахгүй байх үүрэгтэй болно. Мөн С- ХХК-ийн ерөнхий захирал Д.Б- нь баталгаа болгон 2017 оны 9 сарын18-ны өдрийн №17/0918 тоот тодорхойлолтдоо тус компанийн Э- ХХК-д зээлээр худалдахаар гэрээлсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж-54 байрны 17 дугаар давхар тоот хаягт байршилтай 312.19 м.кв үйлчилгээний талбайн тодорхой хэсэг болох 253.27 м.кв талбайг 2 тал гуравдагч этгээдэд худалдан борлуулж, С- ХХК-ийн 2014 оны 6 сарын 06-ны өдрийн ЗГ/118 тоот Худалдаа хөгжлийн банк дахь уг хөрөнгө барьцаанд байгаа зээлийг хаахаар тохиролцож, хэлцэл хийснийг тодорхойлов гэсэн үүрэг амлалт, харилцан тохиролцоогоо зөрчсөн болно. Э- ХХК нь 2017 оны 9 сарын 01-ний өдөр С- ХХК-д 17 давхрын 253.27 м.кв талбайг, 58,93 м.кв талбайн хамт суллан өгсөн болно. Талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6.7, 6.8-т заасны дагуу 2017 оны 12 сарын 20-нд сүүлийн төлбөр төлөгдсөн ба энэ өдрөөс хойш 2019 оны 5 сарын 20-ны өдөр хүртэл бүтэн 1 жил 5 сар буюу нийт 17 сар өнгөрсөн тул нийт төлсөн 118 074 333,7 төгрөгийн 1,66%-ийн хүү 2019 оны 5 сарын 17-ны өдрийн байдлаар Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны иргэдэд олгож байгаа зээлийн 1 сарын хүүгийн дундаж 1.66 хувь 1 сард 1 960 033.93 төгрөг буюу 17 сарын хугацаанд нийт 33 320 000 төгрөгийг хүүнд төлөх тооцоо гарч байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлсөн 118 074 332 төгрөг, хүүнд 33 320 000 төгрөг буюу нийт 151 394 332 төгрөгийг С- ХХК болон уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох иргэн Б.Бат-Өлзий нараас гаргуулан Э- ХХК-д олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С- ХХК төлбөрийн чадвартай болох нь тогтоогдсон тул хариуцагч Б.Бат-Өлзийгөөс төлбөр гаргуулахаас татгалзаж, зөвхөн С- ХХК-аас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь 2016 оны 11 сарын 11-ний өдөр Э- ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээгээр С- ХХК-ийн өмч болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж-54 тоот хаягт байрлах Пийс тауэр талбайг /уг талбай Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байсан худалдан авахаар тохирч урьдчилгаа төлбөр төлөхгүй банкны үүргийг хүлээж, талбайг ашиглаж байхаар хүлээн авсан бөгөөд 2017 оны 3 сарын 31-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Худалдаа хөгжлийн банкинд төлж, өмчлөх эрхээ шилжүүлэхээр тохиролцсон. Э- ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэдгээ хугацаанаасаа өмнө мэдэгдээгүй бөгөөд банкны хүүг төлөхгүй байсан тул бид үүргээ биелүүлэхийг шаардсан. Уг шаардлагын дагуу 2017 оны 4 сарын 11-ний өдрийн албан бичгээр хугацааг 6 сараар сунгасан. Гэвч уг гэрээний үүрэг дахин биелэгдээгүй. Энэ хугацаанд С- ХХК үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байсан тул Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээний үүргийн дагуу өөрийн өмчлөлийн талбайг Худалдаа хөгжлийн банкны санал тавьсан компанид худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болно. Иймд бид Э- ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагчаас 150 600 152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 794 180 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 914 921,66 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 910 951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчдын хооронд 2016 оны 11 сарын 11-ний өдөр С- ХХК-ийн өмч боловч Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байх Чингэлтэй дүүргийн 3-р хороо Пийс тауэр-ийн 317,46 мкв талбайг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч тал талбайг эзэмшилдээ шилжүүлэн авсан. Уг гэрээний хугацаа 6 сар байх бөгөөд 2017 оны 4 сарын 11 гэхэд 568 262 594.91 төгрөгийг уг эд хөрөнгө барьцаанд байгаа зээлийн үлдэгдэл төлбөрийг хугацаа хожимдуулахгүй Худалдаа хөгжлийн банкинд төлөх, хэрэв хугацаа хожимдуулснаас үүсэх нэмэгдүүлсэн хүүг төлбөрөөс хасч тооцохгүй байхаар талууд гэрээний 3.4-т зааснаар тохиролцсон байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргийг С- ХХК-ийн өмнөөс Худалдаа хөгжлийн банкны өмнө хүлээж, уг хариуцлагын зохицуулалт нь нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү төлөх бол тус гэрээний үнэд нөлөөлөхгүй байхаар тохиролцсон байна. Дээрх хугацаанд нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлал үүсч, эхэлсэн тул түүний хүсэлтээр хугацааг 2 удаа сунгасан бөгөөд худалдан авах талбайнхаа хэмжээг багасган авч, үлдэх хэсгийг 2 тал бусдад худалдахаар тохиролцож үүрэг хүлээжээ /хх-18, 19/. Гэвч гэрээний үргэлжлэх хугацаанд дахин үүргээ биелүүлээгүйгээс С- ХХК хөрөнгийг 2018 оны 5 сард бусдад худалдсан. Түүнчлэн нэхэмжлэгчээс төлсөн төлбөрийн баримтууд дахь огноо түүнийг гэрээний хугацаа хожимдуулан төлж байсан болохыг нотолдог. Шүүх Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Дээр дурьдсан үйл баримтаар худалдан авагчийн гэм буруугаас зохигчдын хооронд гэрээ цуцлагдах нөхцөлийг бүрдүүлсэн байхад худалдагчаас хохирол гаргуулан шийдвэрлэсэн нь буруу. Үүнээс гадна хариуцагчаас төлөөлөгчид олгосон гэх итгэмжлэлд түүнийг ямар хэрэгт болон түхайлан ямар эрх, үүргийг шилжүүлсэн нөхцөл тодорхойгүй байгаагаас хариуцагч төлөөлөгчөөр дамжуулан эрх үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна. Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч С- ХХК, Д.Б- нарт холбогдуулан гэрээний үүрэгт нийт 151 394 332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С- ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Э- ХХК нь 2016 оны 11 сарын 11-ний өдөр хариуцагч С- ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч С- ХХК нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, гудамж, 54 /Пийс тауэр барилга/ дүгээр байрны 17 давхарт байршилтай нийт 317.46 м.кв талбайтай оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Э- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Э- ХХК нь гэрээнд заасан үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд талууд 2017 оны 4 сарын 12-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2017 оны 4 сарын 11-ний өдөр хүртэл сунгасан байна. /хх-ийн 9-11,18-р тал/

 

Түүнчлэн, талууд 2017 оны 9 сарын 18-ны өдөр дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Э- ХХК нь гэрээний зүйл болох нийт 317.46 м.кв үйлчилгээний талбайн 58.92 м.кв талбайг худалдан авах, үлдэх 253.27 м.кв талбайг хариуцагч нь гуравдагч этгээдэд худалдан борлуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Э- ХХК нь 2016 оны 12 сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 сарын 22-ны өдөр хүртэл нийт 118 074 333 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, 2017 оны 9 сарын 18-ны өдрийн хэлцэл, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер зэргээр тогтоогджээ. /хх-ийн 19, 24-28-р тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Талуудын байгуулсан 2017 оны 9 сарын 18-ны өдрийн хэлцлийн дагуу хариуцагч С- ХХК нь нэхэмжлэгч Э- ХХК-ийн өмчлөлд 58.92 м.кв талбайг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч хариуцагч С- ХХК нь 17 давхрын 312.19 м.кв талбайг бүхэлд нь өөр этгээдэд худалдсан талаар зохигчид тайлбарлажээ. /хх-ийн 1-3, 61-р тал/

 

Иймд нэхэмжлэгч Э- ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн нийт 118 074 333 төгрөгийг, гэрээний 6.8-д заасны заасны дагуу хүүгийн хамт хариуцагч С- ХХК-аас шаардах эрхтэй байна.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч С- ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн 118 074 333 төгрөгийг, арилжааны банкны зээлийн дундаж хүүгээр тооцож 32 525 918 төгрөг, нийт 150 600 152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 794 180 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах худалдагчийн эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалт болох Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарт гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэдгээ хугацаанаасаа өмнө мэдэгдээгүй гэх боловч хариуцагчийн гаргасан дээрх татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хариуцагчаас төлөөлөгчид олгосон итгэмжлэлд түүнийг ямар хэрэгт болон тухайлан ямар эрх, үүргийг шилжүүлсэн нөхцөл тодорхойгүй байгаагаас хариуцагч төлөөлөгчөөрөө дамжуулан эрх үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй гэх боловч хавтаст хэргийн 59, 62 дугаар талуудад авагдсан итгэмжлэлд хариуцагч талын эдлэх бүхий л эрхийг эдэлж төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар бүх шатны шүүхэд хариуцагчийг төлөөлөх эрхийг Б.Гүнжээд олгосон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 15ы өдрийн 181/ШШ2019/02058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 264 дүгээр зүйлийн 264.1 ... гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 гэж,

2 дахь заалтын ... нэхэмжлэгч нарт ... гэснийг нэхэмжлэгчид гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 910 951 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ