| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0789/Э |
| Дугаар | 0831 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 0831
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билгүүн
улсын яллагч: Г.Эрдэнэ
хохирогч: О.З
шүүгдэгч: Д.С, Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт С овогт Д С, Т овогт Ц Д нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806027340886 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Д С, Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Ц Д, 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, ах, эгч нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Д.С, Ц.Д нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайте караоке-д О.З зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 25-ны шөнө Сансарын тунелын Хаят нэртэй караокед энэ асуудал болсон. Тухайн үед О.З эхэлж муудсан хүн нь би байгаа юм. Тухайн караокед 3 найз маань сууж байсан би найз дээрээ хамгийн сүүлд нь очсон. Тэр үед О.З гэх энэ залуу нэг найзтайгаа хамт сууж байсан. Хэрүүл маргаан бол тэр шил хагарсанаас болоогүй, маргалдаж байх явцад тэр шил хагарсан байх, тэр шил хагарсаныг бол би мэдэхгүй байгаа. Маргааны хувьд нэг дуу илүү хийлээ, микрофоноо авчирч өгсөнгүй гэсэн зүйлээс болж маргалдсан. Хохирогч О.З бид хоёр хоорондоо барьцалдаж аваад нэгнийхээ хоолойг боосон. Би шууд О.З хавирч унгаагаад, Ц.Д ирээд шууд өшиглөсөн зүйл бол байхгүй. Нэгнийгээ боогоод би боолтонд ороод О.Зг хавираад унгасан. Хавирч унгахдаа би ч гэсэн унаад О.З доор нь орж унасан. Энэ үед Ц.Д ирж салгасан. Тухайн үед намайг гарч яваад буцаж олж ирсэн гэж байна. Би бор савхитай намхан залуу бол байгаагүй, би 177 см өндөртэй дундаж нуруутай хүн. Бид нар тооцоогоо хийгээд гарах гэж байсан болохоор би түрүүлж гараад гэр рүүгээ явсан. Би тэр шөнө нуугдаж, хүн намайг олж ирсэн зүйл бол байхгүй. Маргааш нь би босч чадахгүй миний хавирга өвчин орсон байсан. 7 хоногийн дараа намайг мөрдөн байцаагч дуудаад очсон. Хавирга 3 долоо хоногийн өмнө нь Завхан аймагт байхдаа үзүүлсэн чинь хугараад бороолсон байна гэж хэлж байсан. Хохирогчтой би аймар зодолдож, цохилцсон зүйл бол байхгүй гэв.
Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед бид нар гарах гэж байсныг Д.С хэллээ. О.З, Д.С нарыг яагаад муудсаныг бол би мэдэхгүй. Тухайн үед энэ хоёр муудаад газар унасан байсан. Тэгээд би О.З татаад босгосон. Энэ үед Д.С гараад явсан байсан. Тэгээд явах гэтэл караокений ажилтан цагдаа дуудсан байгаа байж бай гэж хэлсэн. Цагдаа ирээд би хэсэг рүү нь дагаад явсан гэв.
Хохирогч О.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр О гэдэг найзтайгаа явж байгаад караокед орсон. Тухайн үед эд нар 4-лээ сууж байсан. Намайг найзтайгаа хамт сууж байхад архины шил, пивоны шил шидсэн. Тэгээд манай найз иргэж хараад эд нартай маргасан. Караокенд дуу, микрофоноос болж маргасан зүйл бол байхгүй. Би найзтайгаа дуулах гэж тэр газар ороогүй, пиво уух гэж л орсон. Яагаад эд нартай маргасан юм бэ гэхээр эд нар залуу хүүхдүүд олон нийтийн газар биеэ зөв авч яваасай гэсэн үүднээс найзыгаа очиж салгасан. Би Д.С зууралдаж, дээр нь гараачгүй. Энэ 4-ийн нэг нь арай эрүүл байсан тэрэнтэй би ахынх дүү тайна найзууд чинь нэлээн согтсон байна. Чи найзуудыгаа аваад яваа, би найзыгаа аваад явъя гээд яриад зогсож байсан чинь намайг хажуунаас дэгээдээд унгаасан. Уначихаад босох гээд байж байтал нэг нь ирээд хөмсөг рүү өшиглөсөн. Эд нар тухайн үед 100 гр болоогүй байсан. Ширээн дээр нь Соёрхол гэсэн 0.75 литрийн архины шил байсан. Мэдээж 100 гр уусан хүн юу гэж агсам тавьж байхав. Бид нарыг маргалдаж байхад тухайн газрын хамгаалагч ирж салгасан. Тэгээд нээх удаагүй байж байтал архины шил авч шидсэн залуу нь гараад явсан. Би тухайн үед уугаагүй байсан. Манай найз нэлээн согтсон жавжраад илүү дутуу зүйл яриад эд нартай маргалдсан. Хамаранд учирсан гэмтлийг бол энэ хоёр учруулаагүй. Би өмнө нь хамарандаа гэмтэлтэй байсан. Томографийн зураг авахуулсан нааш, цаашаа явсан 128.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Мөн би тухайн үед Солонгосын визний зөвөлгөө өгдөг газар ажилд ороод удаагүй байсан. Тэгээд энэ гэмтлээс болж огт ажилдаа яваагүй. Нэг хүний материалыг бүрдүүлээд нэг хүнээс 50.000-60.000 төгрөг авдаг байсан. Тэгээд би 14 хоногийн цалин буюу 500.000 төгрөг нэмж нэхэмжилж байна. Энэ гэмтлийг авснаасаа хойш би ажлаа хийж чадаагүй, очоогүй байгаа гэв.
Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 24-ны шөнө 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хайт караокед найз Д, Ү, Х нарын хамт орсон. Бид нар тэнд архи ууж дуулж суусан. Тэгээд микрофоны асуудлаас болоод маргаан гарсан. Бид нарын ширээний ард сууж байсан нэг залуу ирээд микрофон авчирч өгсөнгүй гээд надтай маргалдаж байснаа намайг шууд боосон. Тэгэхээр нь би түүнийг зөрүүлж заамдаж аваад бид хоёр дээр доороо орж ноцолдсон. Бид хоёрыг Д, Ү нар ирж салгасан. Тухайн үед миний баруун талын хавирга гэмтсэн байсан гэжээ. /хх-ийн 25/
Шүүгдэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 24-ны шөнө 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хайт караокед найз С, Ү, Х нарын хамт орж үйлчлүүлсэн. Тухайн караоке нь нийтийн караоке байсан. Бид нар дуу дуулж архи ууцгаасан. Бид нар дуусаад тооцоогоо хийж байтал манай ширээний арын ширээн дээр сууж байсан үл таних нэг залуу ирээд С маргалдсан. Маргаан яг юунаас болсоныг би мэдээгүй. С болохоор микрофоноос болсон гэж надад хэлсэн. С тухайн залуутай барьцалдаж аваад ноцолдсон. Би тооцоогоо хийж байсан ба тэр хоёрыг ноцолдоод байхаар нь би очоод Сг салгаад гаргасан. Тэгтэл цагдаа нар ирсэн гэжээ. /хх-ийн 28/
Хохирогч О.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын Тунел дээр байдаг Хайт нийтийн караокед найз О хамт орж үйлчлүүлсэн. Тухайн караоке нь нийтийн караоке байсан ба О бид хоёр дөнгөж ороод сууж байтал бид хоёрын хажууханд пивоны шил хагарсан. О босож очоод яаж байгаа юм бэ та нар ингэж болохгүй гэсэн. Би араас нь очоод мөн адил болохгүй гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал үл таних С гэх залуу намайг дэгээдэж унагаасан. Би газар унчихаад өндийгөөд босоод байж байтал текний урдаас үл таних Д гэх залуу гүйж ирээд миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед намайг дэгээдэж газар унагаасан С гэх залуу гараад зугтчихсан байсан гэжээ. / хх-н 5-13/
Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: О босож очоод нэг залуутай маргалдаж байсан. Тухайн үед З бас араас нь очоод юм яриад зогсож байсан. Гэтэл З үл таних шар өнгийн савхитай намхан залуу хажуу талаас нь дэгээдэж унагаасан. Түүнийг С гэдэг юм байлаа. З босож байхад нь текен дээр тэдгээр залуустай хамт явж байсан нэг залуу тооцоогоо төлж байснаа түүнийг хараад гүйж очоод З нүүрэнд нэг удаа өшиглөсөн. Харин З газар унагаасан залуу гараад зугтчихсан гэжээ. / хх-н 14-19/
Гэрч Ө.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай хажуугийн ширээнд сууж байсан залуус хоорондоо маргалдаж шал руу архины шил шидэж танхайраад байсан. Тэгэхээр нь би эргэж хараад та нар болиочээ яагаад байгаа юм гэхэд тэнд байсан 2 залуу ирээд яасан хөгшөөн гэж жоохон юм ярьж байснаа ширээндээ очоод суусан. З нөгөө залуучуудтай юм яриад яваад байсан юм. Гэтэл гэнэт цохиулчихлаа гээд хүрээд ирсэн гэжээ. /хх-н 20-22/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 30/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 31/ 4204 тоот ДҮГНЭЛТ:
1.О.З биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 31/
О.З толгойн компьютер томографийн шинжилгээнд харуулсан баримт/ хх-н 34/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 35-37/
Ц.Д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 53-60/
Ц.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 40/
Ц.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжэээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 63-64/
Д.С эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-57/
Д.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 44/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 45/
Д.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжэээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 61-62/ зэрэг болно.
Д.С, Ц.Д нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайте караоке-д пивоны шил хагалсанаас болж та нар ингэж болохгүй гэсэн шаардлага тавьсан О.З зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
О.З биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4204 тоот дүгнэлт /хх-ийн 31/
Хохирогч О.З мөрдөн шалгах ажиллагааны өгсөн … бид хоёрын хажууханд пивоны шил хагарсан. О босож очоод яаж байгаа юм бэ та нар ингэж болохгүй гэсэн. Би араас нь очоод мөн адил болохгүй гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал үл таних С гэх залуу намайг дэгээдэж унагаасан. Би газар унчихаад өндийгөөд босоод байж байтал текний урдаас үл таних Д гэх залуу гүйж ирээд миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг / хх-н 5-13/
Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Зг үл таних шар өнгийн савхитай намхан залуу хажуу талаас нь дэгээдэж унагаасан. Түүнийг С гэдэг юм байлаа. З босож байхад нь текен дээр тэдгээр залуустай хамт явж байсан нэг залуу тооцоогоо төлж байснаа түүнийг хараад гүйж очоод З нүүрэнд нэг удаа өшиглөсөн. Харин З газар унагаасан залуу гараад зугтчихсан гэсэн мэдүүлэг / хх-н 14-19/ зэрэг болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Д.С, Ц.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон, зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирч байх тул Д.С, Ц.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-д заасан бүлэглэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч О.З эмчилгээний зардалд 128.000 төгрөг төлсөн баримт байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Д.С, Ц.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байгааг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Д С, Т овогт Ц Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Д.С, Ц.Д нарыг тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.С нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр, Ц.Д нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.С, Ц.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол эдлээгүй үлдсэн ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Д.С, Ц.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.С, Ц.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.С, Ц.Д нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Сэр-Од, Ц.Д нар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН