| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2402002970207 |
| Дугаар | 2024/ДШМ/1304 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1304
2024 12 05 2024/ДШМ/1304
Ц.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Өнөрбаяр,
шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ч.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн ..................дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.М нь 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ......... дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... төвийн .............. байрны орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 8,3896 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ц.М-ийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний эрүүл мэнд болон ар гэрийн байдал болон хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж урьд оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч Ч.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тэрээр ам бүл 3, өөрийн төрсөн бага насны хүү, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай өндөр настай ганц бие эхтэйгээ хамт амьдардаг, тэдгээрийгээ тэжээн тэтгэдэг байх ба мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй, өөрийн болчимгүй үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн, бусдад учруулсан хохирол, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдал тогтоогддог. Иймд миний үйлчлүүлэгчийн эрүүл мэнд болон хувийн байдлыг нь харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөхийг хүсч байна...” гэв.
Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Ц.М-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа холбогдох хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн хувийн байдал, түүний урьд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.
Хоёрдугаарт, шүүгдэгчийн зүгээс өөрийн өвчний талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох бөгөөд энэ журмыг хуулиар тогтооно.” гэж заасан. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/152, А/366 дугаартай тушаалын хавсралтаар 19 төрлийн өвчний жагсаалтыг баталсан. Тухайн жагсаалтад заагдсан өвчнөөр өвчилсөн бол шүүгдэгчийг тэнсэн суллах боломжтой. Гэвч шүүгдэгчийн гаргаж өгсөн өөрийн болон өөрийн эхийн өвчнийг тодорхойлсон баримтаар давж заалдах шатны шүүх түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч Ц.М-ийг “2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ................дүүргийн ............. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... төвийн ............ байрны орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 8,3896 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан хэлэлцээд “...Шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэв.
1. Нотолбол зохих байдал бүрэн гүйцэд нотлогдоогүй, шалгавал зохих зарим зүйлсийн талаар:
Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд Ц.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхаарч үзээгүй орхигдуулсан нөхцөл байдлын талаар зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай ба энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зарчимд нийцнэ гэж үзэж, дараах дүгнэлтийг хийлээ.
1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлохоор заасан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар “2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ......дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ төвийн ....... байрны орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 8,3896 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан” гэх үйлдлийг шалгах явцад хавтаст хэрэгт Ц.М, Ц.М гэх овог, нэртэй хүмүүсийн талаарх баримт авагджээ.
Тухайлбал, хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “Ц.М” /хх-ийн 77/,
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол “Ц.М” /хх-ийн 119/,
иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа “Ц.М” /хх-ийн 78/ гэсэн баримтууд авагдсан байх тул энэ талаар дүгнэлт хийх.
1.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед Ц.М-д хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч байсан бөгөөд прокурор хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаанд энэхүү таслан сэргийлэх арга хэмжээнүүд хэвээр үргэлжилж байжээ.
Харин 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/2113 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар “Шүүгдэгч Ц.М-ийг баригдсан өдрөөс эхлэн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, ...” гэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн авах талаар шийдвэрлэсэн боловч хавтаст хэрэгт түүнийд хэзээнээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэгдсэн талаарх баримт үгүй байна.
Гэтэл анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ийн цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.
2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:
Шүүгдэгч Ц.М урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 2024/ХМШЗ/12 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, уг хугацааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дууссан талаарх баримт /хх-ийн 117-119/-ууд хэрэгт авагджээ.
Гэтэл энэ талаар прокурор шүүх хуралдаанд санал гаргаагүй, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж зааснаар ялыг нэмж нэгтэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилж өгсөн байх тул дээрх байдлыг зөвтгөн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН