Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 118/ШШ2026/0015

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч       Ч.Цэнд-Очир би тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн хүнсний чанар, стандартын улсын байцаагч Н.гийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Б. шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Хүнс, хөдөө аж ахуйн хүнсний чанар, стандартын улсын байцаагч Н. нь Завхан аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг "" хүнсний дэлгүүр хугацаа дууссан согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан..." гэх зөрчлийн ******* дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагaa явуулж, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зөрчилд холбогдогч “******* ******* ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ******* дугаартай шийтгэлийн хуудсаар таван мянган нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Эрх бүхий албан тушаалтан Н. нь зөрчлийн хэрэгт авагдсан цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдогч Г.*******ын мэдүүлэг, ******* дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн "******* ******* " ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Харин эрх бүхий албан тушаалтны уг шийтгэл оногдуулсан хуулийн зүйл, заалт нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар хуульчилсан байх бөгөөд уг хэрэгт зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох арга хэмжээ аваагүй, шийтгэл оногдуулсан шийдвэрт хохирол, нөхөн төлбөрийн талаар дурдаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-д заасан "Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно", мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2-т зааснаар "Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авна" гэсэн хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 03 дугаартай дүгнэлт бичиж хүргүүлж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийдвэрт “...хүнсний чанар, стандартын улсын байцаагч нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулж, шаардлагатай ажиллагааг хийсний үндсэн дээр уг зөрчил нь холбогдох хуулийн ямар зүйл, заалтыг хэрхэн зөрчсөн талаар хууль эрх зүйн дүгнэлт өгч, дахин шинэ акт гаргах хүртэл 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Н. нь ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудас гаргасан нь эрх бүхий албан тушаалтны өмнө гаргасан буюу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үр дагавар үүсэж байна. Иймд эрх бүхий албан тушаалтан Н.гийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон холбогдогч болох "******* ******* " ХХК-д шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* болон 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив. Зөрчлийн улмаас хураагдсан 9 нэр төрлийн 130 ширхэг согтууруулах ундааны зүйлийг устгуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн хүнсний чанар, стандартын улсын байцаагч Н. нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасныг үндэслэн “...хугацаа дууссан согтууруулах ундаа хадгалсан...” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар “******* ******* ” ХХК-д 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Уг актад Б. 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 03 дугаар дүгнэлт гаргаж тус шүүхийн 2026 оны 04 сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр Хүнс, хөдөө аж ахуйн хүнсний чанар, стандартын улсын байцаагч Н.гийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ захиргааны акт /шийтгэлийн хуудас/ гаргах хүртэл 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн хүнсний чанар, стандартын улсын байцаагч Н. нь 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан байх ба Завхан аймгийн Б.оос ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар дүгнэлтдээ “...эрх бүхий албан тушаалтан Н. нь ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан нь уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үр дагаврыг үүсгэж байна” хэмээн үндэслэлийг тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хүнсний чанар, стандартын улсын байцаагч Н. нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Хүнсний чанар, стандартын улсын байцаагчийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зөрчилд холбогдогчид ашигтай, эрхийг нь хамгаалсан шийдвэр бөгөөд хариуцагч нэгэнт дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх зөрчилд холбогдогч “******* ******* ” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь зөрчилд холбогдогчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн хүнсний чанар, стандартын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Завхан аймгийн *******ын Б.ийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар дүгнэлтийг хариуцагч хүнсний чанар, стандартын улсын байцаагч Н.гээс бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД-ОЧИР