Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00023

 

 

 

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 сарын 18-ны өдрийн 182/ШШ20109/01555 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э- ХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулах, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, хохиролд 375 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Г-а,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ц, Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан бөгөөд Э- ХК-д сүүлийн 4 жил үйлдвэр хариуцсан захирлын албан тушаалд ажиллаж байсан. Ингээд эрүүл мэндийн шалтгааны улмаас ээлжийн амралтаа авсан хойгуур намайг үндэслэлгүйгээр ажлаас халсныг 3 шатны шүүхийн шийдвэрээр эгүүлж тогтоосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг би 50 хувийн үнэлгээтэй явагдсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн ажилгүй байсан хугацааны цалин олговор болоод өмнө нь эрхэлж байсан ажил маань одоо тэргүүн дэд захирал гэсэн нэртэй болсон байхад энэ ажлын байранд эгүүлэн томилуулах ажил хийгээгүй. Э- ХК-ийн зүгээс уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад саад учруулсан. Намайг өөр албан тушаалд томилохдоо надтай хуулийн хүрээнд ярилцаж, тохироогүй. Аливаа байгууллага нь өөр ажилд томилох гэж байгаа бол тухайн хүнтэй хуулийн хүрээнд ярилцаж, зөвшилцөж, ажлын байр санал болгож, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, цалинг тохирч, хөдөлмөрийн гэрээ байгуулж байж томилох ёстой байдаг. Гэтэл энэ процесс хуулийн хүрээнд юу ч хийгдээгүй. Хуучин бүтцээр авч үзвэл би геологи, уул уурхай, төлөвлөлт, газрыг, үйлдвэрлэлийг бүхэлд нь хариуцаж байсан. Гэвч одоо намайг 2 шатлал доор албан тушаал буюу уурхай эрхэлсэн дарга гэдэг бүтцэд байхгүй албан тушаалд 2018 оны 1 сарын 26-нд хууль зөрчиж, шинэ албан тушаалыг зохиогоод томилсон. Э- ХК-д уурхай эрхэлсэн дарга гэдэг албан тушаал байхгүй. Миний хариуцаж байсан ажлын байрны нэршил нь үйлдвэрлэл хариуцсан тэргүүн дэд захирал гэсэн нэртэй болж өөрчлөгдсөн болохоос биш албан тушаал, хариуцаж байсан ажлууд нь бүгд хэвээрээ байгаа. Бүтэн жилийн турш үйлдвэрлэл хариуцсан захирлынхаа ажлын байрны тодорхойлолтыг одоог хүртэл гаргаж өгөхгүй байна. Намайг ажиллаж байх хугацаанд янз бүрийн албан тушаал бий болж байсан. Би уурхайн ерөнхий захирал, үйлдвэрлэл хариуцсан захирлын ажил албан тушаалыг хамтад нь эрхэлж байсан. Үйлдвэрлэл хариуцсан захирлын удирдлагад уурхай харьяалагдаж байсан учраас уурхайг нь тусд нь гаргаж өгдөг. Мөн оффис дотор би мөн л 2 хэлтэс, газрыг хариуцдаг байсан. Одоо үйлдвэрлэл хариуцсан тэргүүн дэд захирлын албан тушаал нь өмнө нь миний эрхэлж байсан албан тушаалыг давхцуулан хийж байгаа. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй, Б/22 тоот тушаал үндэслэлгүй тул би ажилгүй байсан хугацааны цалингаа шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б/22 тоот тушаалыг хүчингүй болгож үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулах гэснийг нэхэмжлэлийн үндэслэл гэж тодруулж байна. Хохиролд 375 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 сарын 02-ны өдрийн 273 дугаар шийдвэрийг Э- ХК нь биелүүлж, Б.Г-ыг ажилд эгүүлэн томилсон. Нэхэмжлэгчийн тайлбарласан шиг шинээр албан тушаал зохиогоод, хууль зөрчсөн зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жилийн хугацаанд явагдаж байх хугацаанд байгууллага нь зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөд орсон бөгөөд 2016 оны 9 сарын 09-ний өдрийн 20 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ажлын байрны орон тоог шинэчлэн баталснаар ажлын байрны нэршлүүд өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс гүйцэтгэх захирлын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн А-252 дугаартай тушаалаар уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын албан тушаалыг бий болгосон хууль зүйн үндэслэл нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 48.3.1, компанийн дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 20, 27 тогтоолуудыг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл 2017 оны 1 сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/17 тоот тушаалын нэгдүгээр хавсралтад уурхайн дарга гэж байсныг уурхайн дарга 1, уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга 1 гэсэн байдлаар өөрчилсөн. Б.Г-ын тухайн үед эрхэлж байсан ажил албан тушаалтай ижил төстэй ажил үүрэг бүхий албан тушаалыг бий болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Энэхүү тушаал гарсны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Мөнхбатын и-мэйл хаягаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээний төслийг явуулж, танилцуулж байсан. Уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга гэдэг тушаалыг хууль бусаар гаргаагүй бөгөөд зохих дүрэм, журмын дагуу гаргасан. Уурхайн ерөнхий захирлын ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт өгсөн. Үүнээс өөр ажлын байрны тодорхойлолт байхгүй байна. Нэхэмжлэгчийн томилуулах гээд байгаа үйлдвэрлэл хариуцсан тэргүүн дэд захирлын албан тушаал бол Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогддог, гүйцэтгэх захирал томилдоггүй албан тушаал юм. Иймээс нэршлийн хувьд өөрчлөгдсөн гэдгийг нэхэмжлэгч тал сайн ойлгохгүй байна. Түүнтэй холбоотой баримтууд болох дэд захирлуудыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон тогтоолуудыг хэрэгт хавсаргасан. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаараа мэдэгдэлгүйгээр Э- ХК-ийн дансыг хаахдаа н.Азжаргал гэж төлбөр авагчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай хавсаргаад Т.Гантулгад олгогдох мөнгийг нийлүүлээд тогтоолоороо дансаар татаж авсан байдаг. Энэ талаар бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасны дагуу тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь алдаатай ажилласан байна гэдэг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн манай байгууллагад ирүүлсэн хариу албан бичиг болон түүнд сануулах арга хэмжээ авагдсан талаар баримтууд манай байгууллагад ирсэн. Нэхэмжлэгч гэм хорын хохирол гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал гээд 370 000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд энэ талаар баримт хэрэгт огт байхгүй. Гүйцэтгэх захирлын 2018 оны 1 сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажилд нэхэмжлэгчийг томилсон тул тушаал гарах өдрийг хүртэл хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх боломжтой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрээр үйлдвэрлэл хариуцсан захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж заасан болохоос үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын ажилд тогтоосон зүйл байхгүй. 2016 оны гүйцэтгэх захирлын А/50 дугаар тушаал, хоёрдугаар хавсралт, хавтаст хэргийн 95-97 дугаар хуудаст авагдсан байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч огт ярихгүй байна. Манай байгууллагын бүтэц орон тоог, төв оффисын бүтэц орон тоо, уурхайн зохион байгуулалтын бүтцээр гэсэн 2 байдлаар гаргаж баталдаг. Уг тушаалын нэгдүгээр хавсралтаар төв оффисынх батлагдсан. Хоёрдугаар хавсралтаар батлагдсан уурхайн бүтцэд үйлдвэрлэл хариуцсан захирлын албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон байгаа. Мөн Э- ХК-ийн ажилтан, албан тушаалтныг томилдог 2 субьект байдаг. ТУЗ-өөс томилдог албан тушаалтнууд нь компанийн дүрмийн 9.3.11, 10.11.8 дахь заалтуудад заасан. Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогддог албан тушаалууд байгаа. Т.Гантулга болон түүний өмгөөлөгчтэй бид 2-3 удаа уулзаад хөдөлмөрийн гэрээний төсөл, ажлын байрны тодорхойлолтоо үзүүлэхэд өмгөөлөгч нь наад баримтуудаа миний и-мэйлээр явуулчих, бид хариу өгье гэсэн. Эхлээд Т.Гантулга энэ ажил дээр ажиллахыг өөрөө хүлээн зөвшөөрч байгаад өмгөөлөгчтэйгөө хамт ирж уулзахдаа хүлээн зөвшөөрөхөө больсон. Нэхэмжлэгчийг ажиллаж байх 4 жилийн хугацаанд ажлын байрны нэршил 6 удаа өөрчлөгдсөн. Энэ талаарх баримтууд хавтас хэрэгт авагдсан. 2016 оны 2 сарын 01-нд нэхэмжлэгч уурхайн ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон. 2016 оны 7 сарын 25-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч өөрөө яагаад үйлдвэрлэл хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолтоо гаргуулах хүсэлтээ гаргаж байгаагүй юм бэ. Энэ албан тушаал дээр ажлын байрны тодорхойлолт гэж байгууллагад байхгүй байна. Б.Г-а нь уурхайн ерөнхий захирлын ажлын байрны тодорхойлолтоор ажил үүргээ гүйцэтгэж байсан. Манай талаас ажлын байр санал болгож, төв оффисоос мэдэгдлийг шуудангаар мэдэгдсэн. И-мэйлийн хувьд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өөрөө ирж ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг авсан талаараа өмнөх шүүх хуралд хэлж байсан. Тэр талаарх нотлох баримтыг хавтас хэрэгт өгсөн байхад над руу явуулаагүй гэж байгаа нь зүй бус. Тиймээс манай талаас тушаалын дагуу ажлаа хийхийг хүсч байна. Манай байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан ажлын байр буюу албан тушаалын нэр гэдэг бол нэг ойлголт. Албан тушаалын нэршил яаж ч өөрчлөгдөж болно. Нэхэмжлэгч Б.Г-а өмнө нь уурхайг хариуцан ажиллаж байсан. Одоо томилсон ажил нь мөн уурхайн ажил байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар албан тушаалтан томилох талаар компанийн дүрэмд заасан бөгөөд гэрчийн мэдүүлгээр батлагдаж байна. Компанийн төв оффист байдаг ажилтнуудын жагсаалтад Т.Гантулгын нэр байхгүй байгаа бөгөөд уурхайн ажилтнуудын жагсаалтад байгаа. 2016 онд үйлдвэрлэл эрхэлсэн захирлын албан тушаалд томилсон талаарх баримт байдаггүй, 2016 оны 2 сард уурхайн ерөнхий захирлын албан тушаалд томилсон тушаал байдаг, дараа нь нэршлийг нь өөрчилсөн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагчаас 280 036 526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс гүйцэтгэх захирлын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулах, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Б.Г-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хохиролд 375 000 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 610 950 төгрөгөөс 74 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 1 536 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 1 558 132 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй. Хариуцагч Э- ХК Б.Г-ыг ажилд томилохын өмнө түүнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын төслийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу түүнд цахим шуудангийн хаяг руу 2018 оны 2 сарын 08-ны өдөр хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу огт өгөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өмнө нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх үнэлэн хэргийг хянан шийдвэрлэж, 2018 оны 3 сарын 21-ний өдрийн 553 тоот шийдвэрээр ... хариуцагч Э- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар Б.Г-ыг уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажил албан тушаалд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр томилсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй ... гэж дүгнэж нотлох баримтыг зөв үнэлэн шийдвэрлэсэн. Энэхүү 2018 оны Б/22 тоот тушаалыг Э- ХК гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан агуулгыг баримталсан. Өөрөөр хэлбэл адил чанарын өөр биш ажил, албан тушаал бөгөөд түүний хөдөлмөрийн харилцааг цуцлахаас өмнө гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил түвшний ажлын байр, албан тушаалд томилсон нь шүүхийн өмнөх шийдвэрийг бүрэн биелүүлсэн болохыг нотолж байна. Мөн түүнчлэн Б.Г-ын халагдах үеийн ажиллаж байсан уурхайн ерөнхий захирлын албан тушаалын хүчин төгөлдөр ажлын байрны тодорхойлолттой /Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 273 тоот шийдвэрээр шийдсэн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдан, үнэлсэн ажлын байрны тодорхойлолт/ байсан бөгөөд гүйцэтгэх захирлын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар томилсон уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажлын байрны тодорхойлолтын төсөл нь агуулга адил, өөрчлөгдсөн зүйлгүй байгааг шүүх харгалзаж үзээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Харин Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 сарын 18-ны өдрийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 1421 тоот тогтоолд ... мөн нэхэмжлэгчийн зүгээс компанийн бүтэц, орон тоо, нэршил өөрчлөгдсөн талаар маргаагүй ... талуудын хооронд үүссэн маргаанд ач холбогдол бүхий нөхцөл бүрэн тогтоогдоогүй Б.Г-ын өмнө нь ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн эсэх, өмнөх албан тушаалд нь эсхүл уг албан тушаалтай адил чанарын албан тушаалд томилсон эсэхийг дүгнэх боломжгүй гэсэн нь үндэслэлтэй байна гэж магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч өмнөх ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргаж, шүүхийн архиваас авсан баримт нь уурхайн ерөнхий захирлын ажлын байрны тодорхойлолт байсан. Шүүх Б.Г-ын өмнөх ажлын байрыг уурхайг хариуцаж байсан ажил үүргийн агуулгыг үл тоож Б/22 тушаалаар томилсон уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын албан тушаалд харьяалагдах нэгжид мөн геологи хайгуул, уурхайн бодлого төлөвлөлт гэсэн нэгжүүд мөн адил байгааг анхаараагүй дүгнэлт хийж, компанийг 280 036 526 төгрөгийн төлбөрт оруулан хохироож байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж үзэхэд хүргэж байна. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 02 сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ажилд томилсон тушаал, ажлын байрыг санаатайгаар эсэргүүцэж, ажил олгогчийн тохиролцох, хэлэлцэх, ажил хийлгэх талаар гаргасан саналыг хүлээн авахгүйгээр хэт муйхарлан зүтгэж, өмнөх шүүхийн шийдвэрээр өндөр дүнтэй тогтоогдсон сарын дундаж цалин хөлс болох 8 877 239 төгрөгийг /хаана ч байхгүй өндөр цалин/ авахаар хууль бус аргаар хандаж, байгааг анхан шатны шүүх ойлгуулах талаар санаа тавилгүй, харин ч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох гүйцэтгэх захирлын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн Б/22 тушаалыг хүчингүй болгуулж, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах гэснийг шүүгч нар хуралдааны явцад удаа дараагийн хөтөлсөн асуулт хариултаар өөрчлүүлж нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл" болгуулж шударга бус хандсан нь хурлын тэмдэглэл болон дүрс бичлэгт байх тул давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн хариуцагч Э- ХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 280 036 526 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-ад олгож ... гэсэн хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г-а нь хариуцагч Э- ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урамшууллын зардлын 375 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урамшууллын зардлын 375 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзан, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, Б/22 тоот тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагаа нэхэмжлэлийн үндэслэл хэмээн тодруулсан байна.

 

Хариуцагч Э- ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Г-а нь 2016 оны 3 сарын 16-ны өдөр хариуцагч Э- ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2016 оны 7 сарын 25-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын Б/283 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаал зэргээр тогтоогдож байна. /1хх-ийн 129, 2хх-ийн 4-9-р тал/

 

Ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Г-а нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Г-ыг урьд эрхэлж байсан үйлдвэрлэл хариуцсан захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 53 263 433 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тус тус тогтоогджээ. /1хх-ийн 8-18-р тал/

 

Хариуцагч Э- ХК нь 2018 оны 1 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.Г-ыг уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажилд томилсон тушаал гаргасан боловч нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд ажиллахыг зөвшөөрөөгүй бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Г-ыг шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаалд томилоогүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Э- ХК-иас 280 036 526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-ад олгуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагч татгалзалдаа ажлын байрны орон тоог шинэчлэн баталснаар албан тушаалын нэршил өөрчлөгдсөн, шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Б.Г-ыг өмнө эрхэлж байсан албан тушаалд томилсон гэх боловч энэхүү тайлбар үндэслэлгүй болно. Учир нь: Нэхэмжлэгч Б.Г-а нь хариуцагч Э- ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг шүүхийн шийдвэрээр мөн албан тушаалд эгүүлэн тогтоосон. Гэвч хариуцагч байгууллага нь 2018 оны 1 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.Г-ыг уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажилд томилсныг шүүхийн шийдвэрийн дагуу томилгоо хийсэн гэх үндэслэлгүй болно.

 

Түүчлэн нэхэмжлэгч Б.Г-ын өмнө нь гүйцэтгэж байсан үйлдвэрлэл хариуцсан захирлын албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлд хамаарахгүй байна. /хх-ийн 132, 134-135-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 18-ны өдрийн 182/ШШ20109/01555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 588 132 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ