| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2403002150451 |
| Дугаар | 2024/ДШМ/1348 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/1348
2024 12 12 2024/ДШМ/1348
Б.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/857 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2403002150451 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............ дүүргийн ....... дугаар хороо ............ рүү өгсөх замд 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд ................. маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ..................... маркийн ...................улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсжлийн жолооч Ж.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг холиглож, шүүгдэгчээс 412.150 төгрөгийн зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн
даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч Ж.Б, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэм буруугаа бүрэн хүлээж хохирлоо барагдуулсан. Одоогоор хохирогч талтай хэвийн харилцаатай гомдолгүй байгаа. Надад оногдуулсан ял болох 1 жилийн хугацаанд дүүргээс гарахыг хориглосон зорчих эрхийн хязгаарлалтыг Улаанбаатар хот болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон боловч тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Анхан шатны шүүх түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Түүнчлэн зам тээврийн осол болгоомжгүйгээр үйлдэгдсэн боловч шүүгдэгч Б.Г-ийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг санаатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .............. дүүргийн ..........дугаар хороо .............. рүү өгсөх замд 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд ............. маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас .............. маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсжлийн жолооч Ж.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
хохирогч Ж.Б-ын “…Би тэр үед ослын улмаас хөдөлж ч чадахгүй миний зүүн хөл машины кабинд хавчуулагдсан маш хүнд байдалтай байсан. ...манай эхнэр тэр хүний эхнэртэй холбогдож байгаад эмнэлэгт ашигладаг хэвтрийн ор 1.535.000 төгрөг, эм 150.000 төгрөг, нийт 1.685.000 төгрөг эд зүйл авахуулсан. Буруутай жолоочоос эрүүл мэнд эд хөрөнгө, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. ...” /хх 18-21/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Э-ын “...Миний бие өөрийн эзэмшлийн .......... загварын .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн зүс мэдэх танил Г-т 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Бүртгэлийн №1275 дугаартай зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулан түүнд ашиглуулан худалдахаар тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бөгөөд Г нь 2021 оны 7 дугаар сараас тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж эхэлсэн. Яг ослын талаар нарийн тодорхой зүйл хэлээгүй. ...осолтой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй, тээврийн учирсан хэрэгсэлд үнэлгээ хохирлоо хийлгэж гарсан дүнг нэхэмжилнэ. ...” /хх 28, 31/ гэсэн мэдүүлгүүд,
“…Ж.Б-ын биед цээжний баруун талд 6, 7, 8 дугаар хавирга хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, цээж баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, залгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 4827 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 39-40/,
“............. маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.605.000 төгрөгийн шууд, 5.880.000 төгрөгийн нийт хохирол учирсан. ...” гэсэн Тэнцвэр Эстимэйт үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 64/,
“............. загварын ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодпогын дадпага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол болох үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. .............. загварын .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэсэн Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 917 дугаартай магадпагаа /хх 82-83/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/ дуудлагын лавлагааны хуудас /хх 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 10/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл 3.97% /хх 14/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүх, шүүгдэгч Б.Г-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ................ маркийн ................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа... хэрэгсэлэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ........... маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсжлийн жолооч Ж.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Б.Г “...Зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүхээс, шүүгдэгч Б.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хил хязгаарыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар буюу ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хумьж тогтоосон нь Эрүүгийн хуулийн зорилго, зорилтод нийцжээ.
Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож байгаа ял шийтгэлийн төрөл төдийгүй шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй болно.
Харин шүүх, шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгдэгч Б.Г-ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг дүгнэж бичсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “согтуурсан үедээ” гэсэн гэмт хэргийн шинжийг орхигдуулсан алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Б.Г-ийн холбогдсон хэргийн талаар бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчиж байгааг анхааруулан магадлалд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1 дэх заалтын “...Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН