Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 0837

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, улсын яллагч Б.Чимгээ, шүүгдэгч  Ц.Ц   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт А овогт Ц Ц холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706014350939  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Ц Ц, 1972  оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 5,  эхнэр, хүүхдүүдийн  хамт,  улсаас авсан гавьяа шагналгүй, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Октябрийн районы шүүхийн 271 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 154 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж  нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 2, 267 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 124 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Багануур дахь хорих ангид эдлэж байгаад 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1 жил 06 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан

Холбогдсон хэргийн талаар:

          Ц.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр  согтуугаар хамтран амьдрагчийн охин Г.Ө-ийн толгой, нүүрэн тус газар нь гараараа  зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.  

     Шүүгдэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Ө миний эхнэрийн хүүхэд байгаа юм. Бид нар хоорондоо муудалцаж байсан удаа байхгүй. Харин 2017 оны 8 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх манай гэрт манай эхнэрийн найзууд ирээд надтай 1-2 шил архи уусан. Тэгээд эхнэр бид хоёр утаснаас болоод маргалдах үед хажуу талаас Ө орж ирээд над руу юм авч шидээд миний духыг хагалхаар нь би Ө шанаа руу 1 удаа гараараа цохисон. Миний толгойг аягаар хагалсан. Тэгэхээр нь уур хүрээд л нэг удаа алгадсан. Би өмнө нь Ө зодож байгаагүй гэжээ. /хх-ийн 38/ 

     Хохирогч Г.Ө мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт ээжийн ангийх нь хүүхэд нөхөр хүүхдүүдийн хамт ирсэн. Тэгээд Ц ахтай хамт архи уусан байсан. Ээж дүү хүүхэдтэйгээ бид нар гэртээ орой ирэхэд Ц ах нилээн согтуу байсан. Бид нар хоол ундаа хийгээд идэж уучихаад унтах гэж байхад манай ээж Ц ахад нэг шил архи авч өгсөн. Тэгээд тэд нар нөгөө шил архиа уугаад унтах гэж байтал манай ээжийг Ц ах утаснаас болоод цээж рүү нь нэг удаа цохихоор нь би уурлаад та яагаад миний ээжийг цохиж байгаа юм гэтэл намайг Ц ах шууд алгадсан ба мөн толгойн ар дагз, дух руу цохисон. Тэгэхээр нь би уурлаад цагдаад мэдэгдсэн юм. Миний хувьд гомдолтой байна. Ц бол манай ээжийн хамтран амьдрагч нь юм гэжээ.   / хх-н 25-31/    

   Гэрч Г.С мөдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Ц бол 2013 оноос хойш манай ээжтэй хамтран амьдарч байгаа юм. Ц архи маш их хэрэглэдэг. Архи хэрэглэсэн үедээ ширүүн зантай. Намайг Ц цохиж зодож байгаагүй. Би байнга цуг байдаггүй болохоор надтай энгийн харилцаатай байдаг юм. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр гэртээ унтаж байхад хүмүүс орилоод явчихаар нь сэртэл Ө  эгч Ц цохиулаад газар унаж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан гэжээ.  / хх-н  32-35/

   Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Ц бид хоёр хамтран амьдраад 7 жил болж байна. Ц зан байдал нь хүнд тусархуу, төлөв томоотой, нөхөрсөг, архи дарс хэрэглээд байдаггүй, хүний хувьд их сайн хүн байгаа юм гэжээ. / хх-н 80/

   Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Ц ах бид нар эцэг эхээс 10-уулаа. Ц ах дээрээсээ 4 дэх нь байгаа юм. Манай ах хүн чанар сайтай, сэтгэл сайхантай, цайлган, тусч зантай. Архи уусан үедээ догшин ширүүн зангүй гэжээ. / хх-н 81/

   Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 40/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 41/ 10804 тоот ДҮГНЭЛТ:

            1.Г.Ө биед тархи доргилт, дух, зовхи, хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-ийн 41/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 42-43/

          Ц.Ц  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 73-77/

         Ц.Ц хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 78-79/

           Ц.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 44 /,  оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 46/   таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 47-60/ зөрчлийн талаарх баримтууд /61-72/ зэрэг болно.  

          Ц.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр  согтуугаар хамтран амьдрагчийн охин Г.Ө толгой, нүүрэн тус газар нь гараараа зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:     

          Ц.Ц цохилтын улмаас Г.Ө биед тархи доргилт, дух, зовхи, хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний  10804 тоот дүгнэлт /хх-ийн 41/

      Хохирогч  Г.Ө  мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн …. манай ээжийг Ц ах утаснаас болоод цээж рүү нь нэг удаа цохихоор нь би уурлаад та яагаад миний ээжийг цохиж байгаа юм гэтэл намайг Ц ах шууд алгадсан ба мөн толгойн ар дагз, дух руу цохисон гэсэн мэдүүлэг/ хх-н 25-31/

    Гэрч Г.С  мөдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … гэртээ унтаж байхад хүмүүс орилоод явчихаар нь сэртэл Ө эгч Ц цохиулаад газар унаж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг   / хх-н  32-35/

   Шүүгдэгч Ц.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн …. эхнэр бид хоёр утаснаас болоод маргалдах үед хажуу талаас Ө орж ирээд над руу юм авч шидээд миний духыг хагалхаар нь би Ө шанаа руу 1 удаа гараараа цохисон. Миний толгойг аягаар хагалсан. Тэгэхээр нь уур хүрээд л нэг удаа алгадсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 38/  зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Ц.Ц нь Г.Ө өөрийнх нь  ээжийн цээж рүү цохиход нь миний ээжийг яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд  нь түүний толгойн тус газар нь гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

        Иймд Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үнэдслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогч Г.Ө нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбрөгүй гэж үзэв.

           Ц.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.А овог Ц Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар           Ц.  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар                                 Ц.Ц нь торгох ялыг  гурван  сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн  5-д  зааснаар                                 Ц.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Ц.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.                              

6 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН