| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2405000001092 |
| Дугаар | 2024/ДШМ/1360 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1360
2024 12 17 2024/ДШМ/1360
А.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Т,
хохирогч В.М,
яллагдагч А.Г-ийн өмгөөлөгч С.Г,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/1820 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч В.М гаргасан давж заалдах гомдол, прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар эсэргүүцлээр А.Г-т холбогдох ................ дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч А.Г нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ............ дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ нэрийн барааны урд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхдаа хохирогч В.М-ын газарт унагасан байсан .......... загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч А.Г-т холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг яллагдагч А.Г, түүний өмгөөлөгч С.Г-ын хүсэлтээр хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэжээ. Үүнд яллагдагч А.Г-ийн 2024 оны 7 дугаар сарын 04, 26-ны өдрийн мэдүүлэг өгсөн байх ба тухайн мэдүүлгийг мухарлан шалгаж, үнэн зөв эсэхийг тогтоох, эд мөрийн баримт болох гар утсыг хэн, хэзээ авсан, одоо хаана байгааг шалган тогтоох зэргээр хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр энэ хэргийн бодит байдлыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцнэ. Хэдийгээр яллагдагч А.Г хэрэгт сиди хэлбэрээр бэхжүүлэгдсэн камерын бичлэгээр тухайн гар утсыг авсан гэх үйл баримт нотлогдон тогтоогддог гэж прокурор тайлбарлаж байх боловч яллагдагч А.Гийн 2 удаагийн мэдүүлгээр тухайн гар утсыг түүнээс гуравдагч этгээд авч явсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд тухайн хэрэг учрал болсон гэх газрын хяналтын камерын бичлэгт гуравдагч этгээд орсон эсэх, тухайн этгээд яллагдагч А.Г-ээс гар утсыг авч явсан эсэх нөхцөл байдлыг эргэлзээгүй шалган тогтоож энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаж, бэхжүүлэх, тухайн гар утас хаана, хэнд байгааг шалган тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргах нь зүйтэй. Мөн хохирогчийн мэдүүлэгт “...гар утас руу залгахад унтраасан байсан...” гэх боловч А.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт ”...Би гар утсыг авсан даруйдаа унтраагаагүй...” гэж 4 зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх ба тус мэдүүлгийн зөрүүг арилгах холбогдох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хийгээгүйгээс эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Шүүх хэрэгт цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлгийн алийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт үзэх нь ойлгомжгүй байх бөгөөд хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг хөтөлбөргүй, эргэлзээгүй тогтоох ажиллагааг хуульд заасан бүхий л арга хэрэгслээр хэрэгжүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хэрэгжих юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2-т “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”-ыг нотлох үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлж чадаагүй, үүнийг шүүхийн шатанд зөвтгөх, засах боломжгүй байна. Иймд эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч В.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж өгнө үү. Мөн миний бие нь утасны төлбөр болох 2.300.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдол саналгүй болно. ...” гэв.
Прокурор Г.Түвшинбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн, үндэслэлгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/1820 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч А.Г-ийн өмгөөлөгч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нотолбол зохих байдлуудыг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос А.Г-ийг “2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ............... дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...............нэрийн барааны урд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхдаа хохирогч В.М-ын газарт унагасан байсан .................. загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, тухайлбал яллагдагч А.Г-ийн 2 удаагийн мэдүүлгээр тухайн гар утсыг гуравдагч этгээдэд өгсөн эсэх, хяналтын камерын бичлэгт гуравдагч этгээд орсон эсэх, мөн хохирогч болон яллагдагчийн мэдүүлгийн зөрүүг арилгах холбогдох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хийгээгүйгээс эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Энэхүү гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байх ба тухайн гар утсыг олж авснаар гэмт хэрэг төгссөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д “...хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх...” үүрэг хүлээсэн этгээд болох хохирогч В.М-ын өгсөн “...гар утас руугаа залгахад унтраасан байсан...” гэх, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. ...” байх эрх эдэлдэг ба хохирогч болон яллагдагч нарын мэдүүлгийн аль нь үнэн болохыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гаргасан давж заалдах гомдол тус тус үндэслэлтэй болжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шалгавал зохих байдлуудыг хангалттай тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэнтэй холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, бодит үнэнийг тогтоох боломжтой.
Иймээс А.Г-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хохирогч В.М гаргасан давж заалдах гомдол, прокурор Г.Түвшинбаярын бичсэн эсэргүүцлийг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Яллагдагч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/1820 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН