Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02450

 

 

Ш.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03242 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 9 487 401 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Н-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Инээд тус шүүхэд хандсанаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03530 тоот шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6 031 854 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд тус төвийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 тоот тушаалаар ажилд эгүүлэн авсан боловч ажилд авахгүй байсаар байгаад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар 2018 оны 7 дугаар сард албадан гүйцэтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өрөөндөө суух боломж олгож, харин ажлыг хүлээлгэж өгөөгүй. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны буюу 195 хоногийн цалинд 9 204 195 төгрөг, 2018 оны 8 сард ажилласан 6 хоногийн цалинд 283 206 төгрөг нийт 9 487 401 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Б-ийн захирлын 2018 оны Б23 тоот тушаалаар Ш.Н-ыг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөр нэхэмжлэгчийг үүрэгт ажилд эгүүлэн томилсон. Шүүхийн шийдвэрээр тогтоосон 6 031 854 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн олгосон. Ш.Н- нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 9 806 590 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилд эгүүлэн тогтоож, нөхөн олговор олгох шийдвэрийг 2017 оны 0350 дугаар шийдвэр нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарсан. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цалин тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ш.Н-ын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үүрэгт ажилд эгүүлэн томилсон. Нэхэмжлэлдээ 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг давхардуулан нэхэмжилж байна. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаагаар цалинг тооцох ёстой. Б- төрийн байгууллага бөгөөд албан хаагчид нь Засгийн газраас тогтоосон ангилал, зэрэг цалингийн сүлжээгээр тооцогддог. Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан цалингийн сүлжээний төрийн үйлчилгээний 8 дахь ангиллын 5 дахь шатлалын 633 221 төгрөгөөр цалинждаг бөгөөд хариуцагч талын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны цалинг тооцоход 5 885 451 төгрөг байгаа. Хариуцагчийн зүгээс 5 855 451 төгрөгийг олгож эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Б-өөс 9 015 391 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 791 110 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Н-ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Б-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Б-өөс 159 196 төгрөгийг гаргуулан Ш.Н-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03242 шийдвэрийг ... зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлын 201 хоногийн олгогдоогүй цалин хөлстэй тэнцэх олговорт 9 487 401 төгрөг нэхэмжилсэн. Шүүх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01 хүртэлх хугацааг 10 хоногоор дутуу тооцсон талаар шүүгч шүүх хурлын дараа олж мэдсэн боловч шүүхийн шийдвэр уншигдсан болохоор засвар хийгээгүй болно. Миний ажилгүй байсан 2017 оны 11 сараас 2018 оны 09 сар хүртэлх ажлын хоногийг эдийн засгийн календараар тооцоход нийт 201 хоног ажлын өдөр байсан нь тогтоогддог бөгөөд нийт 9 487 401 төгрөгийн нөхөн олговор авах нь батлагддаг юм. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03242 шийдвэрт өөрчлөлт оруулж ажлын 191 хоног дээр ажлын 10 хоног нэмж нөхөн олговорт 472 010 төгрөгийг нэмж гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг нийт 9 487 401 төгрөгөөр хангаж өгнө үү гэжээ.

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Н- нь хариуцагч Б-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 9 487 401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Н- нь 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд түүнийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03530 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 255 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/00703 дугаар тогтоолоор Ш.Н-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6 031 854 төгрөгийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргасан нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 7-25 дугаар тал/

 

Улмаар Б-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар, Ш.Н-тай 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ш.Н-ын эрх зөрчигдсөн гэх үндэслэлтэй бөгөөд тэрээр нийт 195 хоногийн цалин 9 204 195 төгрөгийг, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэхээр хариуцагчаас шаардах эрхтэй болно. /хх-ийн 37, 38-42 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ш.Н- нь нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдолдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 6 хоног ажилласан хугацааны дутуу бодогдсон цалин 283 206 төгрөгийг мөн гаргуулахаар шаардсан. Гэвч 6 хоног ажилласан цалин дутуу олгогдсон гэх байдлыг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Харин анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны 195 хоногийг 191 хоног гэж буруу тооцсон гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нэхэмжлэгч Ш.Н-ын 1 өдрийн цалин 47 201 төгрөгийг ажилгүй байсан 195 хоногийн хугацаагаар тооцвол /47 201 х 195хоногт тэнцэх олговор = 9 204 195/ 9 204 195 төгрөг байх тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 283 206 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03242 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 9 015 391 төгрөгийг гэснийг, 9 204 195 төгрөгийг гэж, ... 791 110 төгрөгт ... гэснийг 283 206 төгрөгт гэж,

3 дахь заалтын ... 159 196 төгрөгийг ... гэснийг 162 217 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ