Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 706

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,  

Хохирогч Г.Алтантовч, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох эрүүгийн 1803000010132 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 7-173 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, тоот регистрийн дугаартай, Тайж нар овогт Д.О,

 

     Үйлдсэн хэргийн талаар:

            Д.О нь 2018 оны 01 дүгээр сарвш 02-ны өдрийн 20 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Жаст Ойл ШТС-ийн урд замд Тоёота Приус маркийн 71-55 УБП улсын дугаатай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Алтантовчийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                    /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Д.О Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Алтантовчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Алтантовчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 01 сарын 02-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад би 13 дугаар хороололын Ийст төвийн зогсоол дээр машинаа тавьчихаад ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явган хүний замаар алхаад Жастын ШТС-ын замаар зүүн талаар алхаад явж байтал хойноос урагш чиглэлтэй нэг машин ирээд баруун талын хөл рүү дугуйгаараа хамж унагаасан. Газар унахад хойд дугуйгаараа зүүн хөлний өвдөгний үен дээгүүр дайрч гараад зогссон. ...ослоос болж би 18 сая төгрөгийн эмчилгээ, хагалгаа хийлгэсэн" /хх 14-15-р хуудас/

 

            Иргэний хариуцагч П.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тоёота Приус маркийн 71-55 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг машин юм. Надтай урьд нь цуг ажиллаж байсан хуурай дүү Отгонбаатар нь миний машиныг урьдчилгаа 1 сая төгрөг өгөөд үлдэгдэл 9 сая төгрөгийг 2018 оны зун хүртэл цувуулж өгөхөөр тохирч 2017 оны 12 сарын эхээр надаас авсан. Ингээд төлбөрөө дуусгахаараа нэр шилжүүлэхээр тохирсон байсан. ...энэ машиныг Отгонбаатар надаас авахаар амаар тохирсон. Бидний хооронд бичгээр гэрээ хийсэн зүйл байхгүй. Отгонбаатар өөрөө хохирлоо хариуцах ёстой" /хх 69-70-р хуудас/

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 1772 дугаартай:

     Г.Алтантовчийн биед баруун хөлийн шаант ясны дотно хавчаарын далд хугарал, зүүн хөлийн шаант ясны дээд булууны хэлтэрхий бүхий хугарал, зүүн дунд чөмөгт ясны доод булуунд ясны эдийн няцрал, зүүн өвдөгний ард, урд чагтан холбоосны тасрал, дотор хажуу холбоосны тасрал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 160 дугаартай:

Тоёота Приус маркийн 71-55 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Гарц нь ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир хэсгийг хэлнэ. Явган зорчигч Г.Алтантовч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43/

 

-зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гар зурагаар дүрсэлсэн бүдүүвч зураг, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5, 9-10/

-явган зорчигч болон жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 6-7/

 

Шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 1 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүрэг зүүн 4-н замаар гэрэл дохиогоор хойноос урагш чиглэлтэй нэвтэрч баруун гар тийш буюу ертөнцийн зүгээр баруун тийш эргэх үйлдэл хийж Жаст ойл ШТС-ын гарц руу нэвтэрсэн. Тэр үед хойноос урагш чиглэлтэй алхаж явсан модны цаагуур харагдалгүй хажуунаас буюу машины баруун талын баруун урд кирло, толь орчим хэсэгт нэг хүн халтираад мөргүүлээд газар унасан. Тэгээд би машинаас буугаад ирэхэд нөгөө эмэгтэй машины арын хаалганы харалдаа хойд дугуйнд зүүн хөл нь урд өлмий хэсгээрээ дарагдсан байсан. Тэгээд түргэн цагдаа би өөрийнхөө 88628986 дугаараас дуудаад цагдааирж хэмжилт хийсэн. Түргэн хохирогчийг үзээд зөөлөн эдийн гэмтэл гэж хэлээд явсан. Тэгээд л би хохирогчийг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд хэвтэх шаардлагатай байна гээд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Харагдах орчин модтой, гэрэлтүүлэг муутай, үзэгдэх орчин хязгаарлагдмал зам бага зэрэг халтиргаатай машин тэрэгний хөдөлгөөн дунд зэрэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 54/  зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэргээс: хохирол, иргэний нэхэмжлэлийн талаарх баримтууд /хх-ийн 17-29/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 15217 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 34-41/, Эм би жи гэмтэл согогийн эмнэлэгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 79-94/,

 шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Д.Оын иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-ийн 55-57/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Д.Оын бакалаврын дипломны хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 59-68/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, ШШҮХ-ийн шинжээчийн болон Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.О нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал,  ихохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөлүүдийг  харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу хохиролыг иргэний хариуцагч Батбаатараас нэхэмжлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар П.Батбаатар, Д.О нар нь эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлж хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй учир 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 71-55 УБП улсын дугаартай тоёота приүс загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Оын эзэмшил, өмчлөлд бүрэн шилжсэн, харин тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд өөрчлөлт хийгээгүй байжээ.

            Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан харилцаа нь тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тодорхой төрлийн гэрээний үндсэн дээр тээврийн хэрэгслийг бусдад ашиглуулаж өөрт ашиг олох үйл ажиллагаа явуулаж байх үед бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгийг хүлээдэгээрээ тухайн гэмт хэрэг болсон нөхцөлөөс өөр ойлголт юм.

Иймд хохиролыг шүүгдэгч Д.О бүрэн хариуцах нь хуульд нийцэнэ.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт үйлдэлд жолоодох эрхийг хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд ял байхаар хуульчлагдаж, мөн хуулийн тусгай ангийн холбогдох заалтад тусгагдажээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар, 7.3 дугаар зүйлд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтыг хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахыг нэмэгдэл ялын байдлаар хуульчилсан байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар хуульчлаагүй байхад тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох албадлагын арга хэмжээ авч шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан материалаас дүгнэхэд хохирогч Г.Алтантовч нь зам тээврийн осолд өртөж биедээ гэмтэл авсны улмаас ямар онош, шалтгаанаар хэзээнээс хэзээг хүртэл СИТИ их сургуулийн бизнесийн сургуулийн захиралын ажил үүргийг гүйцэтгээгүй талаарх ажил олгогчийн баримт хэрэгт авагдаагүй байна. Сарын цалин хөлсийг тодорхойлох бусад баримт хэрэгт авагдсан хэдий ч дээрхи баримт байхгүй байх учир хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцох боломжгүй байна.

Хохиролын талаарх эм тариа худалдаж авч хэргэлсэн гэх, эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд хэрэгт байх боловч нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11, 13 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангахгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлж хохирол тооцох боломжгүй учир эмчилгээний талаарх хохиролын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Иймд хохирогч Г.Алтантовчийн хохиролын талаархи нотлох баримтаа хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Оаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Оын жолоочийн үнэмлэх, 71-55 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт хураагдаж ирснийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Тайж нар овогт Д.Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.О нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Алтантовч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Оаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн Д.Оын В ангиллын 473171 тоот жолооны үнэмлэх, 7155 УБП улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгслийн 01294672 дугаартай гэрчилгээ зэргийг буцаан олгосугай

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ