| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2407000000183 |
| Дугаар | 2024/ДШМ/1356 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1356
2024 12 17 2024/ДШМ/1356
Б.Од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганзориг,
шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганзоригийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Б.Од холбогдох эрүүгийн 2407000000183 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.О
Шүүгдэгч Б.О нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Мтай маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Д.М нь сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрх нээлттэй, шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганзориг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийг тодорхойлон хуульчилсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа хуулийн дээрх заалтын 1.8-д заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэсэн зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийдвэрийг уншиж сонсгосон, гэтэл шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж шүүх хуралдаанд уншиж сонсгосон ялаас өндөр ял оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, прокурорын газраас шүүгдэгч Б.Ог 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Мтай маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ог хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээнд байх хэдий ч шүүх хуралдаанд уншиж сонсгосноос өөр байх тул энэ байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол; ...” гэж, мөн дээрх хуулийн зүйл, хэсгийн 1.9 дэх заалтад “...анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол; ...” ноцтой зөрчилд хамаарахаар хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны бичлэгийг татан авч судлан үзэхэд, Б.Ог 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж уншиж сонсгосон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байна.
Дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Ганзоригийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Ганзоригийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсугай.
2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ