2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/06620

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 01 191/ШШ2025/06620

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:........... дүүрэг, ........ хороо, ........... оршин суух Б овогт Б.Б /РД:......../-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ...... дүүрэг, ...... хороо, ................ байрлах Г ХХК /РД:......./-д холбогдох

 

нэхэмжлэлийн шаардлага: 16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

1.1. ...миний бие 2018 онд ЗДИ ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ц.Д нь тус ХХК-ийн гэрчилгээн дээр үл хөдлөх хөрөнгийн зуучлалаар хамтран ажиллах санал тавьж, энэ саналын дагуу Н.Нэргүй, Г.Ц , Ц.Д бид Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 803 тоотод оффисын байр түрээсэлж хамтран ажиллаж эхэлсэн. Бидэнтэй хамт Р-д ажилладаг Э.Б, Г.А нар танай компани дээр байр зуучилж ажиллах тухай санал тавьж, саналын дагуу ажиллуулахаар болсон. ЗДИ ХХК нь Г ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтран ажилласан. Гэтэл Э.Б нь манай компанийн нэр барин иргэдээс бэлэн мөнгө авч, залилан хийж явааг би мэдээгүй явсаар энэ хэрэгт холбогдон шалгагдаж, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 1 жилийн хорих ял авч, эд хөрөнгө, бие сэтгэл санаагаар хохирч үлдсэн. Анхан шатны шүүхийн тогтоолоор намайг 83,111,019 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бүх төлбөрийг би төлж иргэдийг хохиролгүй болгосон. Г ХХК-ийн дансанд нийт 96,000,000 төгрөг орсон нь нотлогддог. Үүнээс 80,000,000 төгрөгийг айлуудад хувааж өгсөн, 16,000,000 төгрөг үлдсэн. Э.Б нь хохирогч Т.Б ийн урьдчилгаа 20,000,000 төгрөгийг авч, Г ХХК-ийн данс руу хийснийг би мэдээгүй бүх хохирлыг Т.Б д төлсөн. Т.Б нь Г ХХК-иас байр аваагүй, захиалаагүй, Эвт-44 хотхонд 1 өрөө байр захиалсан байдаг. Г ХХК-иас байр аваагүй хүний төлбөрийг шилжүүлсэн. Төлсөн баримт нь хавтаст хэрэгт болон Т.Б , Э.Б нарын мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүхийн тогтоолоор намайг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Г ХХК-ийн байр Шайн сити байр байдаг. Иймд миний бие Г ХХК-ийн дансанд илүү шилжүүлсэн өөрийн 16,000,000 төгрөг буюу 96,000,000 төгрөгийн үлдэгдлийг Г ХХК-иас буцаан гаргуулан авах хүсэлтэй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч намайг өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй байна гэж шийдвэрлэсэн тул би шүүхэд өөрийн нэрээр гаргаж байгаа болно. ... гэжээ.

 

1.2. ...2018 онд миний бие ЗДИ ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Г ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Манайх нийт 96,000,000 төгрөгийг Г ХХК-д төлсөн бөгөөд үүнээс 80,000,000 төгрөгийг айлуудад буцаан олгоод, тэр айлууд маань байрандаа орсон. Одоо үлдэгдэл 16,000,000 төгрөгийг хариуцагч өгөөгүй байгаа ба манайд ажиллаж байсан Э.Б нь Т.Б ийн мөнгийг Худалдаа, хөгжлийн банкны 499235960 тоот дансанд 2018 оны 3 сард тушаасан болох нь эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон. Гэтэл Т.Б нь Г ХХК-иас байр аваагүй, Эвт-44 хотхоноос байр авахаар гэрээ хийсэн байдаг. Ингээд би Т.Б ийн мөнгийг төлсөн. Тухайн үед би эрх чөлөөгөө хязгаарлуулж, өөрийн нэрийн дансаар гүйлгээ хийх боломжгүй байсан тул ээж Ц.Лын дансаар хохирлын мөнгийг шилжүүлж, гүйлгээний утга дээр Т.Б ийн хохирлыг төлөв гэж бичсэн. Би хохирлыг өөрөө барагдуулсан тул энэхүү нэхэмжлэлийг иргэнийхээ хувиар гаргаж байна. ... гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

2.1. ...нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлийн шаардлага болох 16,000,000 төгрөгийг ЗДИ ХХК-иар дамжуулан шаардах эрхээ хэрэгжүүлж холбогдох иргэний хэргийг өмнө хянан шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал ЗДИ ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан нийт 16,000,000 төгрөгийг нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1253 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Мөн тус шүүхийн шийдвэртэй холбогдуулан гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон байхад дахин гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

2.2. ...нэхэмжлэгч хувь хүнийхээ зүгээс манайд мөнгө төлсөн зүйл байхгүй. Э.Б гэж хүнийг мөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Т.Б гэж хүний мөнгийг яагаад Б.Б гэж хүн шаардаад байгаа юм бэ. Ээж Ц.Л гэж хүний дансаар хохирлын мөнгийг шилжүүлсэн гэх боловч төрөл, садангийн лавлагаа авагдаагүй. Үүнээс харахад нэхэмжлэгч шаардах эрхгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу шаардаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 17,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан хүн яагаад 16,000,000 төгрөгийг шаардаж байгаа вэ. Мөн 20,000,000 төгрөгийг компаниар шилжүүлсэн байхад яагаад Б.Б гэж хүн шаардлага гаргаж байгаа вэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1. нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Б , Ц.Л нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хаан банк дахь Ц.Лын эзэмшлийн .......... дугаартай харилцах дансны 2022 оны 7 дугаар сарын 20-ноос 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга /хуулбар/, ЗДИ ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар/, Худалдаа, хөгжлийн банкны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн орлогын ордер /хуулбар/, ЗДИ ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт /хуулбар/, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн кассын орлогын ордер /хуулбар/, ЗДИ ХХК болон Т.Б нарын хоорондох 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ /хуулбар/, ЗДИ ХХК болон Г ХХК нарын хоорондох 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, хавсралт №1-ийн хамт /хуулбар/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаар магадлал /хувилсан хувь/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар шийтгэх тогтоол /хувилсан хувь/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр /эх хувь/-ийг, (хх 4-59)

 

3.2. хариуцагч талаас: Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/, У.Т д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар шийтгэх тогтоол /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаар магадлал /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/-ыг (хх 62-63, 79-111) тус тус гаргаж өгсөн.

 

3.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г ХХК-иас 16,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ өөрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ЗДИ ХХК нь хариуцагчтай 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан багөөд тус гэрээний хүрээнд хариуцагчийн барьж гүйцэтгэсэн орон сууцны төлбөрийг шилжүүлэхдээ, тухайн орон сууцанд захиалга өгөөгүй иргэн Т.Б ийн төлсөн урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг оруулан шилжүүлсэн байсныг хожим мэдсэн ба Т.Б д учруулсан хохирлыг эрүүгийн журмаар надаас гаргуулсан тул илүү шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 16,000,000 төгрөгийг гаргуулна гэж үндэслэлээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ЗДИ ХХК-иас гэрээний дагуу орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч нь иргэнийхээ хувиар ийнхүү шаардах эрхгүй хэмээн татгалзсан.

4. Өмнө нь ЗДИ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г ХХК-д холбогдох 16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 181/ШШ2024/01253 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хх 54-59)

 

5. Уг шийдвэрт ...иргэн Т.Б д учирсан хохирлыг иргэн Б.Б төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь иргэн Б.Б ын Т.Б ийн хохиролд төлсөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй... гэж дүгнэсэн бөгөөд өөрөөр хэлбэл хуулийн этгээд нь тухайн мөнгийг өөртөө бус иргэний өмнөөс шаардах эрхгүй гэж үзсэн байна.

 

6. Харин нэхэмжлэгч Б.Б аас хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасанд харшлахгүй болно.

 

7. Нэхэмжлэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг ЗДИ ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа дангаар болон тус ХХК-ийн ажилтан Э.Бтай бүлэглэн 2018 оны 2 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн Э.Г, Ц.У, С.Х, Г.У, Т.Н, О.Б, Д.Ө , Т.Б , О.Лхагватөмөр нартай худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 6-10 жилийн хугацаанд сар бүр эргэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж, орон сууц худалдана гэж орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар төлбөрийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

8. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Б , Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, 1809040100392 дугаартай хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүсэн байх бөгөөд шүүх 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, 2022/ШЦТ/390 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б ыг дангаар болон бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцон, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд түүнээс нийт 83,111,009 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.У т 30,946,300 төгрөг, хохирогч Т.Нямтогоод 19,000,017 төгрөг, хохирогч О.Бд 15,911,650 төгрөг, хохирогч Т.Б д 17,253,042 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ. (хх 79-95)

 

9. Ингэхдээ уг шийтгэх тогтоолд ...шүүгдэгч Б.Б ын ЗДИ ХХК-иас иргэний хариуцагчаар тогтоогдсон ЦХК ХХК-д 87,902,000 төгрөг, Г ХХК-д 96,406,705 төгрөг, МГ ХХК-д 55,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байх ба хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэдийн мөнгө мөн эсэх, хэрхэн яаж шилжсэн зэргийг тогтоогоогүй, тогтоогдох боломжгүй гэж үзэхээр байна. Нөгөөтээгүүр Б.Б нь ЗДИ ХХК-ийг төлөөлж тухайн компаниудтай иргэний эрх зүйн харилцаа үүсгэж, хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх ба тэдгээр компаниуд түүний хууль бус үйлдлийг мэдэх бололцоогүй байсан гэж үзэх үндэслэлтэй тул тэдгээрээс хохирлын мөнгийг гаргуулах боломжгүй байна. Б.Б аас уг асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой болохыг тэмдэглэв. ... гэж тусгажээ.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч болон хохирогч Т.Нямтогоо нар эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 2022/ДШМ/793 дугаар магадлалаар хохирогч Ц.У , Т.Нямтогоо нарт холбогдох үйлдэлд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаагүй гэх үндэслэлээр хэргээс тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаасны гадна, шүүгдэгч Б.Б т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хохирогч О.Б, Т.Б нарт хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдах байдлаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх 96-111)

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

12. Зохигчид ЗДИ ХХК болон Г ХХК-ийн хооронд 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, Г ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Шайн сити /Shine city/ хотхоноос 6 айлын орон сууцыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, тус гэрээний хүрээнд хэсэгчлэн төлөгдөх орон сууцны төлбөрт ЗДИ ХХК-иас 96,406,705 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй, гагцхүү уг төлбөрийн үлдэгдэл гэх 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгч иргэнийхээ хувиар буцаан шаардах нөхцөл хангагдсан эсэхэд маргаантай байна.

 

13. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг гэрээний бус үүрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцаа гэж тодорхойлсон.

 

14. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргийн хүрээнд өөрийн шаардлагад холбогдох мөнгөн гүйлгээ, санхүүгийн баримт болон бичгээр байгуулсан гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйгээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахааргүй байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй болно. (хх 9-53)

 

15. Иргэний хуулийн гэрээний бус үүргийн харилцааг зохицуулсан IV хэсгийн I дэд хэсэгт хуульд зааснаар үүсэх үүрэг, Тавин нэгдүгээр бүлэгт хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа, түүний Гуравдугаар дэд бүлэгт үндэслэлгүй хөрөнгөжих харилцааг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж тус тус заасан.

16. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олдсон байх, эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан байх, эд хөрөнгө олсон явдал нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байхыг шаарддаг.

17. Аливаа хөрөнгийг бусдын зардлаар түүний шилжүүлгийн үндсэн дээр эсвэл бусад хэлбэрээр үндэслэлгүйгээр олж авсан этгээд үүнийгээ буцаан өгөх үүрэгтэй. Энэ үүрэг нь хөрөнгө олж авсан эрх зүйн үндэслэл хожим үгүй болсон эсвэл уг гүйцэтгэлээр зорьж байсан хэлцлийн зорилго хэрэгжихгүйд хүрсэн бол буцаан шилжүүлэх үүрэг нэгэн адил үүснэ.

18. Тухайн тохиолдолд ЗДИ ХХК нь Г ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд 6 айлын орон сууцны төлбөрөөс 96,406,705 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд уг төлбөр нь нэр бүхий хохирогч иргэдийн мөн эсэх, хэрхэн яаж шилжсэн байдал эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүйн сацуу нэхэмжлэгч Б.Б ын хувьд уг төлбөрөөс 16,000,000 төгрөгийг буцаан шаардах нөхцөл хангагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

19. Иймд хариуцагч Г ХХК-иас 16,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

20. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. (хх 4)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Г ХХК-иас 16,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН