| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0597/Э |
| Дугаар | 639 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Прокурор Б.Ганбулган,
Нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Хохирогч Б.Батсайхан,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ариунболорт холбогдох эрүүгийн 1706008940610 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхоны 66-б байрны 37 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, тоот регистрийн дугаартай, Бэсүд овогт Б.А,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Бэсүд овогт Б.А нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Да Хүрээ" захын 2 дугаар чингэлгийн урд иргэн Б.Батсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706008940610 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Батсайханы бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо "Да Хүрээ" захын сэлбэг зардаг №2 лангуун дээр очиж нэг эмэгтэйтэй уулзахад буцаахгүй гэж хэлсэн. Тэнд 3 залуу байсан. Нэг залуу нь өөр машинд тавьж үзье гэхэд худалдагч хүүхэн утсаар ярьж, миний араас нэг танихгүй залуу боож татан унагаагаад тогойруу өшиглөсөн би гараараа хаагаад босож ирээд 102-т дуудлага өгсөн. Намайг татан унагаасан залууд хандаж учир зүйгээ олж байхад яаж байгаа юм бэ гэхэд наад цаапаа аваад зайл гэж хэлсэн..., шинжээчийн дүгнэлтэд тусгаснаас өөр гэмтэл учраагүй. Тэр үед толгойн орой хэсэг хавдсан. Төмөр дээр унахад гарын алганы арьс зулгарсан байсан. 120,000 төгрөгөөр толгоин томографийн зураг авахуулсан. Тухай үед баримтууд байсан ба одоо алга болсон..., толгойн өвчин намдаах эм 60,000 төгрөгөөр авч уусан баримт байхгүй, 200,000 төгрөгийн зардал гарсан" гэх мэдүүлэг /хх-ийн 20/
Түүний шүүх хуралдаанд өгсөн:
Королло, приүс хоёрын цаапыг солиод өгсөн байсан. Хэлээд солиулах гэхэд хэзээ авсан бэ гэхээр нь үнэнээ л хэлсэн. 5 сард авсан гэж. Тэгээд тэр эмэгтэй солихгүй гээд ярилцаж байхад анх зарсан залуу нь байсан. Тэр залуу хажууд байгаа машинд тавьж үзээд өөр байвал сольж өгье гээд учир зүйгээ ярилцаад олж байхад араас боогоод татаж унагаад гэмтэл учруулсан. Өөрөө хүний зэвүү хүргэх юм их ярьсан. Цагдаагаа дуудаад ир, хамт зодоод явуулна, наад цаапаа аваад зайл гэх зэргээр. Надад хохирол гээд мөнгө авах сонирхол байхгүй. Энэ залуу өөрөө эвтэйхэн байсан бол би зүгээр өнгөрөөчих байсан. Их сунжруулсан. Олон байцаагч солигдсон. Энэ их чирэгдүүлж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хариуцалгыг нь хүлээлгэх саналтай гэх мэдүүлэг.
Гэрч Ч.Отгондоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"...бие биелүүгээ дайрч давшлаад байсан ба Насанжаргал гуай нөхрөө дуудсан чинь удалгүй ирээд нөгөө хүнтэй яриад хэрүүл болоод байсан. Тэр хүнийг Ариунболор ах цааш нь түлхсэн чинь овоолж тавьсан рүлийн аппарат дээр уначих шиг харагдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 9658 дугаартай:
Б.Батсайханы биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын эрхий хуруунд шарх, баруун хөлийн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/
Шүүгдэгч Б.Аын шүүх хуралдаанд өгсөн:
…би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 15 цагийн үед эхнэр надруу утсаар ярьж 3 сарын өмнө цаап авсан залуу буцаана гээд ирчихээд хэрүүл хийж, хэл амаар доромжлоод, дарамтлаад байна гэхээр нь чингэлэг дээр ирсэн чинь нэг залуу эхнэрийг үг хэл амаар доромжилж, гартаа цаад барьсан эхнэрийг цохих шинжтэй байхаар нь татаж холдуулахад автомашины гаргаж тавьсан сэлбэг дээр тээглэж унасан. Тэр залууг би зодож, цохисон зүйл байхгүй. Боль гэж хэлээд араас нь татаад сэлбэг дээр унагаасан. Эмчилгээний зардлыг бүрэн барагдуулна гэх мэдүүлэг /хх-ийн 50/,
-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 11-12/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37-39/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн51/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Аын иргэн Б.Батсайханы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь мөрдөн байцаалтын явцад нийт 200.000 төгрөг нэхэмжилсэн боловч түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч нотлох баримт гаргаж өгөөгүй, тэрээр шүүх хуралдаанд дээрх хохиролыг авахгүй, нэхэмжлэх зүйлгүй, надад учирсан хохиролын мөнгийг торгуульд нь оруулж шийдэж өгнө үү гэсэн байна.
Мөн шүүгдэгч Б.Аын зүгээс мөрдөн байцаалтын явцад хохиролд 200.000 төгрөгийг өгөх гэхэд хохирогч Б.Батсайхан нь хохирол барагдуулахыг зөвшөөрөхгүй, хариуцалга хүлээлгэх хүсэлтэй гэх үндэслэлээр аваагүй байна.
Иймд шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Батсайхан нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ